ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 11

Өнөөдөр 2020.07.11. Энэ оны 192 дахь өдөр бөгөөд он дуусахад 173 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 05 минутад мандлаа. 20 цаг 50 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 10 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Монгол Улс Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж байна. Энэ өдөр мөн НҮБ-ын Дэлхийн хүн амын өдөр бол Италид Гэгээн Розалигийн наадам, Польшид Волыний хядлагад амиа алдагсдыг дурсах өдөр юм.

Энэ өдөр Данийн теннисчин Каролина Возняцки, Японы манга зураач Кэнтаро Миүра, Америкийн поп дуучин Сьюзанн Вега, Италийн загвар зохион бүтээгч Жоржио Армани, Ираны найруулагч Жафар Панахи зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр Ардын хувьсгалыг тунхаглажээ.

1924 оны энэ өдөр Монгол Улсад Бүгд Найрамдах засаг тогтсоныг зарлан тунхаглаж, “Олноо өргөгдсөн” хэмээх оны цолыг халав.

1930 оны энэ өдөр Олон яамдын үйл ажиллагааны ерөнхий дүрмийг баталжээ.

1959 оны энэ өдөр Монголын залуучууд, оюутны анхдугаар их наадам болов.

2006 оны энэ өдөр Монгол Улсад Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэсэн юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1919 оны энэ өдөр Голландад 8 цагийн ажлын өдөртэй болжээ.

1984 оны энэ өдөр АНУ-д бүх машиныг хамгаалалтын бүстэй байх шийдвэр гаргав.

2010 оны энэ өдөр Испанийн шигшээ баг анх удаагаа хөл бөмбөгийн дэлхийн аварга болжээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ гэжээ.

Энэ өдөр хонь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, хулгана жилтнүүд аливаа үйлд анхаарал болгоомжтой хандаарай. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар хагалах, ус, булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад таагүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top