Дархан хотод гуравдугаар шатлалын эмнэлэг баригдана

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 26

Дархан-Уул аймагт гуравдугаар шатлалын нэгдсэн эмнэлэг барих шавыг Сангийн сайд Б.Жавхлан, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Дэд Ерөнхийлөгч Аннемари Страатхоф, Төв Азийн бүсийн захирал Сюзана Харгитай, Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач нар өнөөдөр /2024.04.26/ тавилаа.

Монгол Улсын Засгийн газраас баримталж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хот, хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангаж "Хөдөөгийн сэргэлт"-ийг бодитоор хэрэгжүүлэхэд орон нутагт эрүүл мэнд, боловсролын салбарын чанар, хүртээмжийг сайжруулахыг зорьж буй.

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан 2021 онд "Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк"-нд орон нутагт анх удаа гуравдугаар шатлалын эмнэлэгт барих хүсэлт тавьж захидал илгээж байжээ. Уг захидлын мөрөөр ийнхүү 250 ортой гуравдугаар шатлалын эмнэлэг Дархан хотод баригдахаар боллоо.

Уг эмнэлгийн санхүүжилт болох 43.2 сая еврог ЕСБХБ-ны зээлээр, хоёр сая еврогийн тус банкны буцалтгүй тусламжаар барьж, 2026 онд хүлээлгэн өгнө гэж албаныхан мэдэгдлээ. Уг эмнэлэг нь 7-8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, 150 метр куб усны нөөцийн савтай, нарны энергиэр ажиллах, цахилгаан тасарсан үед дизелиэр ажиллах, долоон хоног ус, цахилгаангүй ажиллах нөөцтэй аж. Мөн агаар сэлгэлтийн бие даасан системийг суурилуулах юм байна. Мөн 180-200 авто машины зогсоолтой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглох аж.

Эмнэлгийг нийт амбулаторийн 27 кабинеттай, хэвтэн эмчлүүлэх долоон тасагтай, тусгай тоноглол бүхий мэс заслын зургаан өрөөтэй байхаар төлөвлөжээ.

Тус эмнэлэг нь өдөрт амбулаториор 800 хүнд үйлчлэх хүчин чадалтай, сард 5000 хүнд оношилгоо хийх чадамжтай, дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчин зэрэг үндсэн долоон мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх аж. Түүнчлэн эмнэлгийн боловсон хүчнийг ЕСБХБ-ны санхүүжилтээр сургаж бэлтгэх юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.185.193) 2024 оны 04 сарын 27

төвлөрөл сааруулахад сайн. гэвч ор нэмэх тусам үргүй зардал ихсэнэ

0  |  0
Зангараг(139.5.217.162) 2024 оны 04 сарын 27

Эмнэлгийн 3-р шатлал гэж юу вэ? Эмчилгээний үр дүн 3 дахин буурна нэж ойлгох уу яахуу?

0  |  0
Top