Япон улс Энэтхэг рүү эмнэлгийн хэрэгслийн тусламж илгээнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 30

Япон улс Энэтхэг рүү коронавирусний халдвартай тэмцэхэд зориулж хүчилтөрөгчийн баяжуулагч, хиймэл амьсгалын аппарат зэрэг эмнэлгийн хэрэгслийн тусламж илгээнэ гэжээ.

Коронавирусний халдварын нөхцөл байдал хүнд байгаа Энэтхэгийн Засгийн газрын хүсэлтийн хариуд Японы Засгийн газар тус улсад туслах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн талаар Японы Гадаад хэргийн яамнаас мэдээлээд, цаашид яаралтай тусламж үзүүлэх талаар хэлэлцэнэ гэжээ.

Энэтхэгт өнгөрсөн 24 цагийн хугацаанд 386452 хүн коронавирусний халдвараар өвчилсөн нь батлагдсан байна. Тус улсад нийт халдварын тоо 18.3 сая давжээ.

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр ковидын шалтгаант нийт нас баралтын тоо 208 мянга давсан байна. Тус улсад коронавирусний гурвалсан мутац бүртгэгдсэн.

Нөхцөл байдал маш хүндэрч, нас барсан хүмүүстэй ёс төртэйгөөр салах ёс хийж чадалгүй гадаа бөөнөөр нь чандарлаж байгаа тус улсад ОХУ, АНУ, Их Британи зэрэг хэд хэдэн улс тусламжийн гараа сунгасан юм. ОХУ хоёр тонн эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин болон бусад тусламжийг хүргэсэн бол АНУ 100 сая ам.долларын үнэ бүхий эмнэлгийн тусламж нийлүүлэхээ мэдэгдээд байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top