Энэтхэгт 412.2 мянган халдварын тохиолдол бүртгэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 06

Энэтхэгт өнгөрсөн нэг хоногт халдварын 412.2 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш тус улсад гарч буй хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Түүнчлэн, сүүлийн 24 цагт тус улсад 3980 хүн халдварын улмаас эндсэн нь мөн хамгийн өндөр үзүүлэлт болсон гэж Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Өдгөө тус улс халдварын тохиолдлын тоогоор дэлхийд хоёрт бичигдэж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад нийт 21 сая гаруй хүн халдвар авснаас 17.2 сая нь эдгэрчээ. Нийт нас барсан хүний тоо 230 мянгыг даваад байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын дунд үеэс тус улсад халдвар эрчимтэй тархаж эхэлсэн ба эмчлэгдэж буй хүмүүсийн тоо 3.5 саяыг даваад байна. Сүүлийн хоёр долоо хоногт 24 цагт халдварын шинэ тохиолдлын тоо 300 мянгаас давж байгаа нь дэлхийн аль ч улс оронд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт юм. Халдварын шинэ тохиолдлын тоо 400 мянгыг давсан тохиолдол хоёр удаа гарчээ.

Энэтхэгийн мужуудаас Махараштра халдварын тархалтаар тэргүүлж байна. Тус мужид өнгөрсөн нэг хоногт 57.6 мянган шинэ тохиолдол батлагдаж, нийт 643 мянгад хүрчээ. Үүний дараа Карнатака (50 112), Керала (41953), Уттар Прадеш (31111), Тамилнад (23310) мужууд орж байна.

Энэтхэгийн эрүүл мэндийн яамны мэдээллээр, одоогийн байдлаар тус улсад 162 сая гаруй хүнд вакцин хийлгэснээс сүүлийн нэг хоногт 1.9 саяар нэмэгджээ.

 

 

Top