ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 21

Өнөөдөр 2021.10.21. Билгийн тооллын 16. Монгол эх оронд маань нар 07 цаг 20 минутад мандлаа, 17 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 10 хэм, шөнөдөө -5 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Гондураст Зэвсэгт хүчний өдөр бол Египетэд Тэнгисийн цэргийн, Тайландад Үндэсний сувилагч нарын өдөр.

Энэ өдөр Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Германы физикч, Нобелийн шагналт Вольфганг Кеттерле, Нидерландын физикч, Нобелийн шагналт Андрей Гейм, Испанийн кино найруулагч, жүжигчин Хулио Медем, Америкийн жүжигчин Мелора Уолтерс, реалити шоуны од Ким Кардашьян, Ирландын жүжигчин Эндрю Скотт зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1992.10.21: Улаанбаатар хотод Хятад, Монгол, Орос гурван улсын хил тогтоох хэлэлцээр эхлэв. Талууд гурван улсын хил тогтоох хэлэлцээрийг үзэглэжээ.

2013.10.21: Польшийн Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1992: Мадоннагийн бичсэн “Секс” ном худалдаанд гарчээ.

1993: Бурунди улсад төрийн эргэлтээр Ерөнхийлөгч нь болон зургаан сайд алагджээ.

1997: Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Акмола хотыг улсынхаа шинэ нийслэлээр зарлав. Акмола хотын нэр хожим нь Астана болж, 2019 онд Нур-Султан болж өөрчлөгдсөн юм.

Өнөөдөр үс засуулвал өвчин ирнэ.

Энэ өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь хангинавал буян арвижих, хэрээ гуаглавал эд агуурс олдох сайн.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top