MNB SPORT сувгаар хөлбөмбөгийн теле хичээл дамжуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизтэй хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр /2020.05.20/ байгууллаа.

Гэрээ ёсоор МХБХ, МҮОНРТ хамтран цар тахлын үед хүүхэд багачууддаа зориулан хөлбөмбөгийн теле хичээл явуулах юм. Хичээлийг ОУХМ Б.Гарьдмагнай, П.Алтантулга, Х.Цэнд-Аюуш нар ирэх зургаадугаар сарын 1-ээс наймдугаар сарын 31-нийг хүртэл удирдан явуулна.

Хөлбөмбөгийн теле хичээл MNB Sport сувгаар долоо хоногийн Мягмар, Пүрэв, Бямба гарагуудад 10:00 цагт гарах ба тухайн өдрийн дугаар нь оройн 18:00 цагт давталтаар гарах юм.

МХБХ-ны грассрүүтс хөтөлбөрийн хүрээнд явуулж буй теле хичээлээс гадна МХБХ-ны тэмцээн уралдаануудыг гэрээ байгуулан шууд дамжуулах, олон улсын томоохон тэмцээнүүдийн эрхийг авах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо гэж Монголын Хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top