NBA Улирлын өмнө: Цахиур хагалах ТАВАН баг

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 19

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн шинэ улирал хаяанд ирлээ. Ердөө гурав хүрэхгүй хоногийн дараа эхлэх шинэ улирлын өмнө багууд яг л хөзөр хольж буй мэт шилдэг тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн. Өнгөрсөн улирлын аварга, NBA-ын шинэ цагийн нүүр царай Кавай Леонард багаа сольж Лос Анжелес Клипперс багт, Энтони Дейвис “Хаан”-тай нэгдсэн нь, хуучин цагийн анд нөхөр Рассель, Харден нар хамтдаа болсон нь шинэ улирлын өмнөх онцлох үйл явдал байлаа. Магадгүй хүчний тэнцвэр нэг талдаа гарсан мэт харагдах ч Өрнө, Дорнын өрсөлдөөн тэнгэр газар мэт зөрүүтэй болсон нь зарим талаараа шүүмжлүүлж буй.

Шинэ улирал эхлэхээс өмнө алдарт ESPN агентлагийн зургаан сурвалжлагчийн гаргасан шилдэг таван багийг танилцуулъя.


Лос Анжелес Клипперс

Өмнөх улирлын амжилт: 48-34

Туслах дүр: Лэндри Шамет

Өмнө нь эзэлсэн байр: 3

Лос Анжелесийн гол дүр нь хэзээ ч Клипперс байхгүй гэж Снүүп Догг мэдэгдсэний дараах энэ багийн дүр төрхийг харвал яг эсрэгээрээ ч юм шиг. Өнгөрсөн жилийн аваргын титмийг Торонтод зүүлгэхэд хамгийн чухал нөлөө үзүүлсэн Кавай Леонард энэ багт ирсэн нь олон хүний анхаарлыг татсан. Үүн дээр нэмэгдээд Индианад байхдаа л үзэгчдийн хүлээлтэд байсаар ирсэн Пол Жорж бас нэмэгдсэн байгаа. Гэхдээ энэ хоёр гол дүрээс илүүтэй Лэндри Шамет энэ улирлын амжилтын нууц хөзөр байж магадгүй. Өнгөрсөн улиралд Шаметын шидэлтийн оновч 45 хувьтай гарсан нь нөөц багийн тоглогчдоос хувь илүү үзүүлэлт. Ур чадвараар гологдохгүй нүүр царай болсон тоглогчдод түүний тус дэм магадгүй маш хэрэгтэй байж болох юм. Тиймээс энэ улиралд плей-офф цаашлаад аваргын төлөө гараад ирвэл гайхах хүн ховор.


Милоуки Бакс

Өнгөрсөн улирлын амжилт: 60-22

Туслах дүр: Пэт Коннаутон

Өмнө нь эзэлсэн байр: 1

Баксын гарааны бүрэлдэхүүнийг харахад бүх анхаарал Яннис Антетокумпо дээр тусах нь гарцаагүй. “Хаан” Жеймс зодог тайлахад энэ лигийн ачаа яах арга байхгүй түүний нуруун дээр ирэх нь ойлгомжтой. Гэхдээ гол дүр нь тэр байж болох ч өнгөрсөн улирлын 60 хожлынх нь ял, гавьяаг сэлгээнийхэн л үүрсэн билээ. Сэлгээний тамирчдаас ялгарч байгаа нь Пэт Коннаутон. NBA-д тэр шинэ цэрэг биш. Драфтлагдсан эхний гурван жилээ Портлэнд хотод өнгөрөөхдөө их зүйлийг сурсан. Мэдээж тэр гараанд гараад гоцлоод байгаагүй ч бэлтгэлийн зааланд их зүйлийг сурсан нь атлетик шинж чанарыг нь улам нэмэгдүүлжээ. Өнгөрсөн улиралд тэрбээр 20.7 минутыг талбайд өнгөрөөж байсан нь замналынх нь оргил үзүүлэлт. Хаанаа өргөөд сэлгээгээрээ дэмнүүлээд явахад энэ баг плей-оффт шалгарах нь ойлгомжтой. Харин аваргын титмийг булаахад хэрхэх бол...


Филадельфи 76

Өнгөрсөн улирлын амжилт: 51-31

Туслах дүр: Жош Ричардсон

Өмнө нь эзэлсэн байр: 4

2010-аад оны дунд үед уналт руугаа орж яг л эсрэг талын баатар лугаа байсан энэ баг сүүлийн гурван жил багаа сэргээж, драфтын тактикаа ягштал баримталсныхаа ачаар лигийн шинэ нүүр царай болоод байна. Магадгүй аваргын төлөө тэрсэлдэж мэдэх потенциал энэ багт хангалттай бай. Яг одоо бол энэ багийн хамгийн том дайсан нь туршлага, тэвчээр болоод байна. Жоел Эмбийд, Ал Хорфордтой энэ баг өнгөрсөн жил 51 хожил авахад сэлгээнээс гол үүрэг гүйцэтгэсэн Жош Ричардсоныг дурдах хэрэгтэй 2015 оны драфт болсон энэ залуу Майамид байхдаа плей-оффын хоёрдугаар шат хүртэл явж байсан арвин туршлагатай. Бие бялдар, атлетик шинж чанараараа гологдоод байхааргүй энэ залуу Филадельфиг амжилттай байлгах хамгийн нууц түлхүүр байж болох юм.


Лос Анжелес Лейкэрс

Өнгөрсөн улирлын амжилт: 37-45

Туслах дүр: Алекс Карузо

Өмнө нь эзэлсэн байр: 6

Хар Мамба зодог тайлснаас хойш нэр сүрээ алдсан нуурын усчид Хаан Жеймсийг ирснээс хойш гол дүр рүүгээ зүтгэх болсон. Магадгүй түүнийг нуурчдыг нуруундаа үүрээд плей-офф руу орно гэж олон хүн итгэсэн байж ч болох юм. Гэхдээ бэртэл гэмтэл, багийн уур амьсгалаас шалтгаалан өнгөрсөн жил барагтай амжилт үзүүлж чадаагүй. Нуурчдын хувьд энэ улирал тэс өөр байх болно. Бэртэл, гэмтэлгүй, нүүр зүсээ огтоос өөрчилсөн энэ багийн хоёр дахь баатар нь Энтони Дейвис байх болно. Энэ багийн сэлгээ өнгөрсөн жил базаахгүй тоглосон. Харин яагаад Карузо юм бэ гэж үү? 2016 оны драфт 25 настай тэрээр чухал үед хийх гол шидэлт, бүх зүйлээрээ тусалж магадгүй юм. Өнгөрсөн хоёр жил хөгжлийн лигт тоглосон түүний ур чадвар одоо гол тоглогчдод нэмэр болохыг үгүйсгэхгүй.


Хьюстон Рокетс

Өнгөрсөн улирлын амжилт: 53-29

Туслах дүр: Дануэль Хаус Жр.

Өмнө нь эзэлсэн байр: 5

Ихэнх мэргэжилтнүүд яагаад заавал Лейкэрсийн доор юм бэ? гэж асууж байж болох л доо. Рассель Уестбрүүк хуучин андтайгаа нэгдсэн ч амжилт хэрхэн нийцэж тоглохоос энэ багийн ирээдүй шалтгаална. Сэлгээнийхэн заримдаа учраа олдоггүй ч нэг гар нийлэхээрээ ямар ч багийг сандаргах чадвартай. Гэхдээ энэ улирлын туслах дүр, нууц хөзөр нь Дануэль Хаус Жр гэж таамаглаж байна. Хэдийгээр 2018 оны пуужингуудтай нэгдсэн ч багийн гараанд гарахгүй байсаар хөгжлийн лигийн баг руу унасан. Өнгөрсөн жил хөгжлийн лигт амжилттай тоглосон энэ залуу шинжээчдийн ч анхаарлыг татаад байгаа билээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top