Ч.Мөнхтөр: Дотоодын үйлдвэрүүд улсдаа эзэн нь байж чадвал импортоос хараат бус орон болж чадна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

“Зиндаа” сэтгүүл “Гурван Марал” группийг “Үндэсний үйлдвэрлэгч” буландаа онцолж амжилт ололт, явж ирсэн замнал, цаашдын зорилт болон аж үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар тус группийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Ч.Мөнхтөртэй ярилцлаа.

 


 

-Өдгөө барилгын материалын зах зээлд томоохон байр суурь эзэлдэг группийг та үндэслэн байгуулж, удирдаж явна. Анх бизнесийн гараагаа хэрхэн эхлүүлж байсан бэ?

-Хориод жилийн өмнө анх бие даан бизнесээ эхлүүлж байлаа. Хэрэв хийж чадвал босно, чадахгүй бол унана гэсэн хоёр л зам надад байсан. Хичээж зүтгэсний үр дүнд бизнес маань амжилттай өргөжиж, 2011 онд барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр компаниа байгуулсан. 2013 оноос эхлэн барилгын материалын хуурай хольцын материал буюу бидний мэддэг гадна, дотор хар замаск, плита, чулууны цавууг үйлдвэрлэж эхэлсэн юм. Түүнээс хойш барилгын дулаалгын хөөсөнцөр полистирол хавтангийн үйлдвэрээ нээж, мөн хөнгөн бетон, блокны үйлдвэр, өнгөлгөөний цагаан замаскны үйлдвэр зэрэг дөрвөн чиглэлийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, барилгын салбарт бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

-Танай үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн барилгын материалын зах зээлийн хэдэн хувийг хангадаг вэ?

-Нийт үйлдвэрлэлээрээ барилгын материалын зах зээлийн 25 хувийг хангадаг. Манайх барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй компани, хувь хүнтэй хамтран ажиллаж бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тухайлбал, “Номин стандарт”, “Hermes” төв, “Big” худалдааны төв, “100 айл” зэрэг барилгын материалын төвүүд дэх үндсэн болон гэрээт борлуулагчдаар дамжуулан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэдэг.

-Танай үйлдвэрүүдийн хүчин чадал болон шинэлэг үйлчилгээний талаар сонирхъё. Танай бүтээгдэхүүн, үйлчилгээг авснаар хэрэглэгчдэд ямар давуу тал бий болдог вэ?

-Тухайлбал, манайх өдөрт 90-100 тонн барилгын хуурай хольцын цавуу, мөн нэг куб метрт 10-45 киллограммын нягтаршилтай барилгын дулаалгын хөөсөнцрийг хоногт 180-200 метр куб үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна. Гал дэмждэггүй, нягтаршил сайтай барилгын дулаалгын хөөсөнцрийн үйлдвэрээ ашиглалтад оруулснаас хойш хэрэглэгчиддээ захиалгын дагуу зүсэж өөрсдийн тээврээр барилгын талбайд нь хүргэж өгч үйлчилдэг давуу талыг бий болгож чадлаа. Бид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ цаг тухайд нь мэргэжлийн байгууллагаар шинжлүүлэн баталгаажуулж бүтээгдэхүүнийхээ чанар, стандартад онцгой анхаарч ирлээ.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР АЛХАМ АЛХМААР УРАГШИЛЖ БАЙНА

-Үйлдвэрлэлийн салбарыг төрийн бодлогоор хэр сайн дэмжсэн гэж та боддог вэ?

-Барилгын салбарт 2012 онд Гэр хорооллын дахин төлөвлөлт эхэлж, Монгол Улсын Засгийн газраас барилгын салбарыг маш их дэмжсэн. Гэхдээ тухайн үед барилга угсралтын чиглэлийн компаниудыг дэмжиж байснаас, барилгын материал үйлдвэрлэгчдийг төдийлөн сайн дэмжээгүй. Тэглээ гээд ямар нэгэн гомдол тавьж асуудалд хандаагүй. Учир нь үйлдвэрийн угсралтын компани сайн үйл ажиллагаагаа явуулна гэдэг нь барилгын материал үйлдвэрлэж буй бидний хувьд их дэмжлэг болж байгаа юм. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчиддээ зах зээлийнх нь үнээр санал болгоод л импортын барааны урсгалыг зогсоож байвал бидний зорилго биелнэ.

БИД ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛДЭЭ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛДЭГ ТӨДИЙГҮЙ ОХУ-Д ПЛИТАНЫ ЦАВУУ ЭКСПОРТОЛЖ БАЙНА

-Анх бизнесээ эхлүүлж байх үеийг тань одоо үетэй харьцуулбал юу өөрчлөгдсөн байна вэ?

-Өнөөдөр бизнесийн орчин, чиг хандлага олон талаасаа өөрчлөгдсөн байна. Монгол Улсын хүн ам ч өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, хэрэглэгч олон болсон. Анх дөнгөж зах зээлийн нийгэмд шилжээд хүн бүр л ганзагын наймаа эрхэлж байлаа. Энэ үед хөл толгойгоо олохгүй, бохир бизнес хийдэг байсан гэхэд хилсдэхгүй. Бизнесийн ёс зүй гэдгийг хэн ч мэддэггүй байлаа. Тухайлбал, арав нугардаггүй бизнесийг ашигтай бизнес биш гэж хэлдэг байсан юм. Эрээнээс бараагаа татаж хэд дахин нугалж дамлан зардаг байсан үе. Харин одоо бизнесийн зарчмаа илүүтэй баримтлан хөгжиж байна. Олон жил бизнесийн салбарт “чанагдсан” хүмүүс бизнесийн ёс зүй гэдгийг ойлгож, ёс зүйтэй бизнес хийхийг эрмэлзэх болсон. Бизнесийн ёс зүйг маш сайн баримталдаг улс бол манай урд хөрш юм. БНХАУ-д бизнесийг хэрхэн ёс зүйтэй хийхийг хууль, эрх зүй, журмаар зохицуулсан тогтолцоо бий. Манай улс ч гэсэн энэ чиг хандлага руу явж байна.

-Үйлдвэрлэл эрхлэх нь таны багын мөрөөдөл үү?

-Би 11 хүүхэдтэй айлын дээрээсээ гурав дахь хүүхэд. Олон дүүтэй болохоор энэ нь намайг хөдөлмөрч болоход нөлөөлсөн байх. Багаасаа ямар нэгэн зүйлийг урвалд оруулах буюу өөр нэг хэлбэрт оруулах нь миний сонирхол байсан. Анх 15 настайдаа талх хийгээд зарж байлаа. Зарах талхаа шөнөжингөө хийдэг байсан сан. Ядрахыг ч мэддэггүй байж дээ. Энэ мэт олон зүйл хийж үзсэн.

-Амжилттай яваа хүн бүхний ард сайн хань байдаг. Гэр бүлээ танилцуулж болох уу?

-Эрэгтэй хүн гэр бүлтэй болж төлөвшсөний үндсэн дээр амжилт гаргадаг. Хэрэв би ханьтайгаа учраагүй байсан бол ямар байдалтай байх байсан бол гэж бодогддог. Миний хувьд их ажилтай болохоор гэртээ орой очоод л өглөө гардаг. Очиход гэргий минь халуун хоолтой, өглөө ажилдаа явахад индүүдсэн хувцастай байдаг. Надад тавих энэ анхаарал нь миний амжилтад нөлөөлдөг. Манайх хүү, охин хоёртой.

-Таны хувьд үлгэр дууриалал болгодог бизнесмен гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Би бизнесийн тухай ном унших их дуртай. Тухайлбал, Дейл Карнегийн “Маркетингийн хөдөлшгүй 22 хууль”, Алибаба-г үүсгэн байгуулагч Жэк Магийн бизнесийн түүх гэх мэт номыг уншиж үлгэр дууриалал авдаг Монголын бизнесмэн гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, “Стимо” ХХК-ийн захирал Н.Базаррагчаа, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан, Монголын сэтгүүлч, зохиолч, бизнесмэн Ц.Балдорж агсан гэх мэт хүмүүс бий.

-Бизнес эрхлэхэд хамгийн гол тооцож үзэх зүйл нь юу вэ?

-Монголын зах зээл нь бусад улс орны зах зээлтэй адилгүй. Монгол Улс хүн ам цөөн болохоор бизнес эрхлэхэд хэрэглэгчийн тоог тооцож үзэх шаардлага гардаг. Тухайлбал, тавилга үйлдвэрлэлээ гэхэд зах зээлийн хэдэн хувь нь хэрэглэх вэ гэдгийг тооцож үзэх хэрэгтэй. Тухайлбал, манай компанийн үйлдвэрлэж байгаа нэгж бүтээгдэхүүний зах зээлд эзлэх хувь таван хувиас хэтэрч болохгүй гэсэн зарчимтай. Хэрэв зургаан хувь болбол буцаагаад таван хувь болгоно. Энэ чинь бизнес шүү дээ.

-Барилгын салбарын хөгжилд ямар саад бэрхшээл тулгарч байна вэ?

-Барилгын салбарт гарч байгаа томоохон алдаа гэвэл “зах зээлийг зуун хувь буюу ихэнх хувийг эзэлнэ” гэсэн үзэл бодолтойгоор хөрөнгө оруулж, үйлдвэр босгож байгаа хэсэг бүлэг хүмүүс юм. Энэ нь маш их сөрөг талтай. Манай “Гурван марал” группийн үндсэн бодлого бол жижиг зах зээл дээр ажиллах. Учир нь олон жижиг бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр багцын худалдан авалтыг бий болгоно. Хэрэглэгчдэд нэг дороос өөрт хэрэгтэй бүх зүйлийг авах нөхцөлийг бүрдүүлж өгнө. Яагаад жижиг зах зээлд олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг вэ гэхээр нэгдүгээрт эрсдэл бага. Хоёрдугаарт, хэрэглэгчдэд өргөн сонголтыг өгнө. Дэлхийн зах зээлд ч Монголын зах зээлд ч тэр, зах зээлийг 100 хувь эзэмшинэ гэсэн ойлголт байдаггүй, байх ч үгүй. Гэвч бусад үйлдвэр, зах зээлийг эзэлж монополь болох гэсэн хөрөнгө оруулагч мэр сэр байдаг.

-Энэ тал дээр анхаарвал зохих зүйл гэвэл?

-Гаднын эзэдтэй Монгол гэсэн нэр зүүсэн компаниуд олон бий. Сүүлийн үед манайх дотоодынхоо цементийг хангаж чаддаг болсон, жилд хоёр сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй гэж ярьж байна. Гэтэл үүний ард гаднын эзэн байх магадлалтай. Энэ нь мөнгө нэг халаасаар орж ирээд нөгөөгөөр урсаж байгаатай адил. Валютын ханш буурахгүй байгаа нь ч үүнтэй холбоотой. Мэдээж хэрэг, үйлдвэрлэлийн салбар алхам алхмаар урагшилж байна. Цаашдаа ч гэсэн хөгжих ирээдүй харагдаж байгаа.

-Манай улсын хувьд үйлдвэрлэл төдийлөн сайн хөгжөөгүйн улмаас импортоос хараат улс гэгддэг. Энэ байдлыг хэрхэн өөрчлөх ёстой юм бол?

-Манайд хүнд үйлдвэрүүд хөгжөөгүйн улмаас дутагдал олон бий. Үйлдвэрлэлийн бизнес хийе гэхээр бүх зүйл гаднаас хараат байдаг. 100 хувь дотоодын түүхий эдээ, түгээмэл тархацтай газрын баялгийг ашиглаж, бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр нэн ховор. Гэхдээ ганц нэг бий.

-Өмнөх нийгмийн үед манай улсад хүнд үйлдвэр цөөнгүй байсан. Гэтэл өнөөдөр эдгээр үйлдвэрүүдээ бүгдийг нь ажиллуулж чадахгүй байгаа нь юутай холбоотой вэ?

-Сүүлийн 20 гаруй жил Монгол Улсыг хэрэглэгч улс болгосонд Засгийн газар буруутай. Уг нь хуучин социализмын нийгмийн өгөөж нь Монголыг үйлдвэрлэгч байх их үндсийг тавьсан. Тухайн үед Чех, Польш, ХБНГУ, ОХУ–д зохион байгуулалттайгаар боловсон хүчнээ бэлтгэдэг байсан. Харин ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш үйлдвэрлэлийн салбарыг орхигдуулсан. Том том үйлдвэрүүдийг өмч хувьчлал гэдэг нэрээр хуйвалдан, залилан мэхлэх замаар хувь хүмүүс шамшигдуулсан. Улмаар боловсон хүчин, залгамж халаа үгүй болж, томоохон үйлдвэрүүд балгас болон хувирсан гэхэд хилсдэхгүй. Мөн боловсон хүчний залгамж халаа үгүй болсноор Монгол Улс хэрэглэгч орон байхаас өөр сонголтгүй боллоо. Ингээд зөвхөн газрын баялгаа экспортолж, ашиг олдог болсон. Харин 2000-аад оноос эхлэн үйлдвэрлэл хөгжүүлэх нь чухал гэдгийг ойлгож эхэлж байна. Үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэх гэж “Аж үйлдвэрийн яам” хүртэл байгуулж байлаа. Гэвч өөр засаг гарч ирээд, өмнөх Засгийн газрын эхлүүлсэн ажлыг унаган улс төрийн тоглоом болгосон. Энэ мэт үйлдлүүд нь үйлдвэрийн салбарын хөгжилд сөргөөр нөлөөлдөг.

-Монголын бизнесийн орчин ямар байгаа гэж та дүгнэх вэ?

-Манайд бизнес эрхлэхэд их хэцүү. Улс төрөөс хамаараад бүх зүйл дөрвөн жилийн мөчлөгтэй байдаг. Учир нь дөрвөн жил болоод л засаг солигдчихдог. Ганц жишээ дурдахад 2012 онд “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр” гэж тухайн үеийн засгийн газраас гаргасан. Хөтөлбөрийн хүрээнд бидний үйл ажиллагаа бодлогоор дэмжигдэж чадсан. Энэ их чухал байсан. Гэтэл шинэ Засгийн газар гарч ирээд хөтөлбөрийг зогсоосон. Улмаар бизнес эрхлэх орчин нөхцөл ч дагаад нурсан гэхэд болно. Засгийн газрын бодлого, зах зээлийн зарчим нь буруу байгаа учраас үйлдвэрлэлийн салбарт томоохон бизнес хийхэд хэцүү байдаг. Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд 100 гаруй зуурмагны үйлдвэр бий. Гэтэл нэг сая гаруйхан хүн амтай хотод ийм олон зуурмагны үйлдвэр ашигтай ажиллах боломжгүй. Мөн эрс тэс уур амьсгал болон байршил нөлөөлдөг. Хоёр том гүрний дунд оршдог учраас гуравдагч зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад хараат байдалтай байдаг

-Монголын хууль, эрх зүйн орчин бизнес эрхлэхэд зөрчил үүсгэх тохиолдол бий юу?

-Байлгүй яахав. Бизнесийн итгэлцэл дээр тулгуурлаад барилгын материалаа тухайн компанид хүлээлгэж өгөөд буцаагаад хөлсөө авч чадахгүй тохиолдол бий. Тэгээд шүүхийн байгууллагад хандахаар буцаагдах тохиолдол олон. Мөн хуулийн цоорхойг ашиглан зарим үед хохирогчийн талд биш, хохироосон талд нь шийдвэр гарах үе бий. Шүүхийн байгууллагад энэ мэт хэдэн жил хэлэлцэж байгаа хэргүүд олон байдаг. Энэ бол хуулийн зохицуулалттай холбоотой. Энэ нь дотоодын бизнес эрхлэгчдийг хамгаалсан хууль эрх зүйн зохицуулалт нь дутсан гэдгийг харуулж байгаа юм.

-Барилгын салбарт үндэсний үйлдвэрлэгч компаниуд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байна уу?

-Үндэсний үйлдвэрлэгчид импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байж гадагшаа урсаж байгаа валютын урсгалыг багасгана. Манай барилгын материалын хуурай хольцын салбарт импортын бүтээгдэхүүн 100 хувь зогссон гэж хэлж болно. Яагаад ийнхүү бардам хэлж байна вэ гэхээр, бид улирал тутам Гаалийн ерөнхий газраас энэ тухай мэдээллийг авдаг. Манай группийн үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байхад манай улс 100 хувь импортын бүтээгдэхүүн авдаг байлаа. Монголчууд маань бас гаднын бүтээгдэхүүн л сайн гэсэн ойлголттой байсан. Тэгвэл бидний хувьд энэ ойлголтыг эвдэж, хэрэглэгчдийнхээ гарт баригдаж, нүдэнд харагдтал ажиллахаар зорьж, хичээсэн. “Монгол Базальт” ХХК түүхий эдээ дотоодоосоо олборлож дулаалгын чулуун хөвөн үйлдвэрлэдэг. Ирээдүйд хүнд болон химийн үйлдвэр хөгжиж, дотоодын үйлдвэрүүд улсдаа эзэн нь байж чадвал импортоос хараат бус болж болно. Импортоос хараат бус болсноор үйлдвэрлэгч орон болж чадах юм.

-Танай группийн хувьд, өнгөрсөн хугацаанд ямар томоохон төслүүдтэй хамтран ажиллаж ирэв?

-Бид барилгын салбарт нэлээд томоохон хэмжээний төслүүдтэй хамтарч ажилладаг. Заримаас нь дурдвал ”Пи Ай Эм Эм” компанийн “Ханбогд резиденс” хороололтой хамтарч ажиллаж байсан. Одоогоор “Гангар инвест” компанийн “Шинэ Амгалан” хорооллын төсөл дээр хамтран ажиллаж байна. Бас “М-Си- Эс Проперти” компанитай хамтран ажиллаж байна. Хамгийн сүүлд Японы хөрөнгө оруулалттай “Шинэ монгол” сургуулийн удирдлагуудтай хамтран Яармагт баригдаж буй “Шинэ монгол Харумафүжи” бага сургуулийн төсөл дээр хамтран ажиллаж байгаа. Энэ мэт 200 гаруй компани, хувь хүнтэй хамтран ажиллаж, бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Мөн Хөшигтийн хөндийд баригдаж буй Улаанбаатар хотын нисэх онгоцны буудлын ажилд манайх хамтран ажиллаж байгаа. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Японы Мицибүши-Чиёода түншлэл, Ерөнхий туслан гүйцэтгэгч БНСУ- ын “Самсунг Си энд Ти” компани ажиллаж байгаа юм. Тус барилгын ажилд оролцох хүсэлтэй хуурай хольцын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд олон улсын лабораторид бүтээгдэхүүнээ шинжлүүлсэн. Харин ганцхан манай хуурай хольцын бүтээгдэхүүн шаардлага хангаж тэнцсэн. Бас НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн газрын загас үржүүлгийн төсөл дээр хамтран ажилласан. Бид Оросын Холбооны Улс руу плитаны цавуу экспортолж байна. Энэ нь импортлогч орон байсан бол одоо экспортлогч болоод байгааг харуулж байгаа юм.

-Орон сууцны үнэ өсөх буурахад барилгын материалын үнэ голлох нөлөөтэй. Танай компани үнийн хувьд ямар бодлого баримталдаг вэ?

-Бүтээгдэхүүний үнэ, чанар салшгүй холбоотой байдаг. Гэхдээ барилгын материалын салбарт чанартай байлаа гээд өндөр үнэтэй байвал бас хэцүү. Барилгын материалын үнэ өсвөл баригдаж буй орон сууцны үнэд шууд нөлөөлнө. Тийм учраас бид барилга угсралтын компаниудын өмнө хүлээсэн үүрэг, нийгмийн хариуцлагын үүднээс 2015 оноос эхлэн нэг үнийн бодлого барьж байгаа. Өөрөөр хэлбэл, “Энэ төслийг чинь дуустал бид энэ үнээрээ л нийлүүлнэ” гэж хэлдэг. Алдагдалтай байх нь хамаагүй. Энэ бол бидний хариуцлага. Хэрэв бид тогтвортой үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлэхгүй бол барилгын компаниуд хэрэглэгчдэд тогтвортой үнийг санал болгож чадахгүй шүү дээ. Манай улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралтай байна. Энэ үед хамгийн аюултай зүйл бол үнэ савлах үзэгдэл. Үүнийг л дагаж савлаад байхгүй бол компани оршин тогтнож, хэрэглэгчиддээ хүлээн зөвшөөрөгдөж, бүтээгдэхүүн нь танигдаж чадна.

-Ажиллах хүчний хувьд ямар асуудал хамгийн их тулгамддаг вэ?

-Сүүлийн үед залуус гадагшаа ажиллах хүч болж олноор гарч байна. Энэ нь нэг талаар зөв үзэгдэл. Тухайн залуус гадаадад ажиллаж, туршлага хуримтлуулан, Монголдоо буцаж ирэхдээ шинэ, шинэ технологийг олж ирдэг. Олон жил хүний дор ажиллаж томоохон үйлдвэрлэлд суралцаж, хийж бүтээх, сэтгэх чадамж, сэтгэлзүйтэй болоод ирдэг. Гэвч тэдэнд дэмжлэг дутагддаг. Хэрэв засгийн газрын нөөц бололцоо байдаг бол тодорхой хэмжээний нөөц сан гаргаад, үнэхээр сайн үйлдвэрлэл хийж чадах залууст барьцаагүйгээр зээл олгож дэмжмээр санагддаг. 10 хүн энэ маягаар бизнес эхлүүллээ гэхэд 8 нь дампуурч болно. Харин үлдсэн хоёр нь амжилттай үйлдвэрлэл эрхэлж чадвал хэчнээн хэмжээний ажлын байр үүсч, хэдэн төгрөгийн татвар төлж, импортоор орж ирж буй бүтээгдэхүүнд хэр их хаалт болж чадах бол гэдгийг тооцох цаг болсон. Улс төр, эдийн засгийн байдал тогтвортой хэвийн байх юм бол үйлдвэрлэлийн салбар хөгжих үүд хаалга нээгдэнэ. Бидэнд дэлхийн зах зээлтэй хөл нийлүүлээд алхах боломж бий.

МАНАЙХ БОЛ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ, БИ ҮҮНИЙГ БАРДАМ ХЭЛЖ ЧАДНА

-Өвөл барилгын ажил зогсонги байдалд ордог талтай. Үүнийг хэрхэн шийддэг вэ?

-Барилгын салбар улирлын чанартай. Өвөл бүтээн байгуулалтын идэвх буурдаг. Гэхдээ манай компани жилийн дөрвөн улиралд ажилласаар ирсэн. Ажил олгогчийн үндсэн хоёр хариуцлага байдаг. Нэгдүгээрт тухайн хүнийг тасралтгүй ажлаар хангах үүрэгтэй. Хоёрдугаарт ажилтныхаа цалинг цаг тухайд нь тавьдаг байх үүрэгтэй. Тэгэхээр бидний үйл ажиллагаа зогсох ёсгүй. Өвөл яаж барилгын материал худалдаалах вэ гэсэн асуудал гарч ирнэ. Манай компанийн хувьд дараагийн хавар баригдах барилгын материалыг өвөл нийлүүлдэг. Дулааны улиралд барилгын идэвхжилтийн үед гаднаас түр ажиллах хүчийг татдаг. Ажилтан байгаа болохоор баялаг бий болж байгаа. Компани ашиг олж байгаа нь ажилчдын үр дүн. Би өөрийгөө хүмүүсийг ажиллуулдаг биш, хамтарч ажиллаж байгаа гэж ойлгодог. Хуулийн хүрээнд олж байгаа ашгаа би ганцаараа захиран зарцуулж болно. Харин бизнесийн ёс зүйн хувьд хамтын хүчээр бүтээсэн баялгийг захирал ганцаар дур мэдэн зарцуулж болохгүй.

-Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна. Мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?

-Одоо хийж буй ажлаа үргэлжлүүлээд нэр төрлийг нь олшруулна. Импортоор орж ирж буй бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болохыг л хичээж байна. Бүгдийг нь хийж чаддаггүй юмаа гэхэд, тодорхой төрлийн бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэхийг хүсч байна. Энэ тал дээр ч хүмүүсийг дэмжиж, бизнесээ хэрхэн амжилтад хүргэсэн тухайгаа бусадтай хуваалцаж, зөвлөдөг. Ингэснээр Монголд олон үйлдвэр бий болно. Улмаар гаднын үйлдвэрүүд алга болж, мөнгө Монголдоо үлдэх цаг ирнэ. “Зиндаа” сэтгүүлд ярилцлага өгч буй завшаанаа ашиглаад нэгэн зүйлийг хэлье. Хэрэв үнэхээр үйлдвэрлэл эрхлэх чин хүсэл эрмэлзэлтэй хүн байвал би өөрийн үйлдвэрлэл эрхэлж байгаа бүхий л арга барилаа хэлж, үнэ төлбөргүй зөвлөгөө өгч болно. Тиймээс надтай ирж уулзаарай.

-Та бусдад бизнесийн нууцаа задалж болно гэж үү. Мөн танд өрсөлдөгч нэмэгдсэнээр зах зээлээ хувааж, таны олох ашиг багасах юм биш үү?

-Шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүст энэ талын мэдлэг дутагддаг. Хэрэв Монгол залууст зааж зөвлөж өгч чадвал олон барилгын материалын үйлдвэрүүд бий болох юм. Хамгийн гол нь, эхлээд Монголд үйлдвэрлэл хөгжих хэрэгтэй.

-Танай компанийн хамгийн гол давуу тал нь юу вэ?

-Манайх бол үндэсний үйлдвэрлэгч. Би үүнийг бардам хэлж чадна. Танд баярлалаа. Монголдоо үйлдвэрлэх бүтээн байгуулалтын үйлсэд тань улам их амжилтыг хүсэн ерөөе.

Ярилцсан: Б.Янжиндулам

2017 он 10,11 сар "Зиндаа" сэтгүүл №07/507

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(66.181.165.246) 2018 оны 04 сарын 24

дотоодын үйлдвэрүүд улсдаа ЭЗЭН болно гэж яахыг хэлэх вэ?

0  |  0
bodliin huch(103.212.117.136) 2018 оны 04 сарын 23

odoriin 11 tsagt 5-1 ees urt tsagaan ruu yavj baisan zuud goe zuud baisan

0  |  0
Top