Ш.Өнөрбаясгалан: Ваакум цонхны чанар эхний хоёр жилдээ л танигддаг

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 01

Ваакум цонхны засвар, үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулж буй “Сайн өрнөх” ХХК-ийг "Зиндаа" сэтгүүлийн №14/514 дугаарын “Үндэсний үйлдвэрлэгч” буланд онцолж, тус компанийн захирал Ш.Өнөрбаясгаланг зочноор урьж ярилцсан юм. Түүний хувьд автын инженер мэргэжилтэй боловч өөрийн хуримтлуулсан туршлага дээр үндэслэн ваакум цонх үйлдвэрлэлийн салбарт эргэлт буцалтгүй орж, өдгөө арав гаруй жилийн нүүрийг үзэж байна.


-Хэзээнээс энэ чиглэлээр ажиллаж эхлэв. Ваакум цонх үйлдвэрлэлээр дагнан үйл ажиллагаагаа явуулж байна уу?

-Анх 1997 онд “Дуня” гэдэг компанид ажиллаж байх үеэсээ энэ салбарыг мэдэж эхэлсэн гэж болно. Энэ компани Монголд ваакум цонх оруулж ирсэн анхны байгууллага шүү дээ. Тухайн үед би тус компанид мэргэжилтнээр ажилладаг байсан. Тэгээд 2008 оноос “Монгол хаан сервис” гэдэг компанид ажиллаж байгаад 2013 онд “Сайн өрнөх” компаниа байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байна. Үйл ажиллагааны хувьд ваакум цонхны засвар үйлчилгээг хавсран гүйцэтгэдэг.

-Түүхий эдээ хаанаас авч байна. Дотооддоо үйлдвэрлэж байна уу?

-Хятад, Герман, Турк, БНСУ-аас бүтээгдэхүүний бэлдцээ оруулж ирээд Монголдоо угсарч байна. Манай барилгын салбарт БНХАУ-аас оруулж ирсэн “Shide” гэх материалаар хийсэн цонхыг голчлон хэрэглэдэг. Үнийн хувьд хямдавтар байгаа учраас л үүнийг ашиглаад байгаа болохоос Монголын цаг уурын нөхцөл байдалд зохицолтой юу гэвэл үгүй. Ваакум цонхны материалууд хөнгөн цагаан, хуванцар, мод гэсэн гурван төрөлтэй байдаг. Харин “Shide”-ийн хувьд хар тугалганы орцтой хуванцараар хийгддэг. Бусадтай харьцуулаад харахад л ялгаа нь шууд харагдана.

Тодруулбал, цагаан өнгөтэй гэх атлаа хөх туяатай байвал тухайн цонхонд хар тугалга их хэмжээгээр агуулагдаж байна гэсэн үг. Хар тугалга дулаан үед буюу зуны цагт ууршиж, агаарт тархдаг. Үүнээсээ шалтгаалаад асуудал ихтэй. Яагаад энэ төрөл нь хямд байгаа вэ гэхээр хар тугалга бэхжүүлэгч материалууд дундаас хамгийн хямд байдаг учраас үүнийг хуванцарт илүүтэй ашиглаад байгаа хэрэг. Харин өөр төрлийн бэхжүүлэгч бодис ашиглах юм бол материалын үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Жишээ нь Туркийн “Pakpen” гээд материал байна. Хар тугалга агуулаагүй эко материал. Тийм утгаараа “Pakpen” арай үнэтэй. Мөн Германы KBE, Knipping гээд материалууд байна. Knipping гэдэг материалаар манай компани Эрдэнэтэд томоохон төслийн ажил гүйцэтгэсэн.

-Үнэ хямдыг нь бодоод манайхан “Shide”-ийг нь л илүү сонгодог уу?

-Тийм ээ “Shide” материалын зузаан нь 66 мм, 72 мм гэх хоёр төрөлтэй. Барилгын компаниудын хувьд “Shide” материалын 72 мм-тэйг илүү ашиглаж байна. Харин хөдөө орон нутагт хувьдаа байшин барьж байгаа иргэд маань 66 мм-ын цонхыг 100 айлын үйлдвэрүүдээр их хийлгэж авдаг.

-Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс үнэтэй ч гэсэн чанартай зүйлийг ашигласан нь дээр биш үү?

-Тиймээс л бид үнэтэй материалыг зах зээлийн үнээс хямдаар харилцагчдадаа хүргэхийг зорьж байна. Эрдэнэт хотод хийсэн бүтээн байгуулалт маань түүний жишээ л дээ. Энэ бүтээн байгуулалтаар чанартай материалаар, боломжийн өртөгтэй цонх үйлдвэрлэх боломж байгааг бид харуулж чадсан болов уу.

-Танайх бүтээгдэхүүндээ хэчнээн жилийн баталгаа өгдөг вэ?

-2-3 жилийн баталгааг олгодог. Цонхны чанар эхний хоёр жилдээ танигддаг. Ер нь анхнаасаа л стандартаа мөрдөж хийгээгүйгээс болоод эвдрэл, гэмтэл гарч, “цонх хаагдахгүй байна”, “чирэгдээд байна” гэх асуудлууд үүсдэг. Аливаа зүйл стандартыг баримтлахгүй л бол хэчнээн үнэтэй сайн материал байгаад ч нэмэргүй. Манай компанийн хувьд зөвхөн баталгаа олгоод зогсохгүй хоёр жилийн дотор цонхныхоо засвар үйлчилгээг мөн хариуцдаг.

Аливаа зүйл стандартыг баримтлахгүй л бол хэчнээн үнэтэй сайн материал байгаад ч нэмэргүй.

-Хэдийгээр танай компаниар цонхоо хийлгээгүй ч засвар үйлчилгээ хийлгэх боломж байх уу?

-Нэгэнт хятад материалаар цонхоо бүрэн хийлгэчихсэн хойно бид “Заавал манайхаар цонхоо дахин хийлгэ” гэх шаардлагыг мэдээж тавихгүй. Бид үйлчлүүлэгчдэдээ уян хатан нөхцлийг санал болгодог. Стандарт мөрдөөгүй, муу материалаар хийсэн цонх өвөлдөө сийгэх, хаагдахгүй гажих, резин нь амархан муудах зэрэг сөрөг талуудтай. Тиймээс манай компани иргэдэд тулгараад байгаа энэ асуудлыг хямд төсрөөр шийдэж өгөхийн тулд нэгэнт суурилуулагдсан хятад материал дээр Герман, Туркийн резин, тоноглол хийж өгдөг.

-Гэхдээ хятад материал дээр герман резин суулгана гэхээр таарч тохирох асуудал нь ямар байдаг юм бол?

-Ваакум цонхны стандарт дэлхий нийтээрээ нэг ижил байдаг. Гэхдээ хамгийн гол нь стандартаа барьж хийсэн бол шүү дээ.

-Манайхан тагт руугаа цахилгааны утас гаргах гээд ваакум хаалт, цонхоо өрөмдөж цоолоод байдаг. Энэ чанар стандартад нь нөлөөлдөг үү?

-Хуванцарын хувьд дээр хэлсэнчлэн тусгай мөрдөгддөг стандарттай. Энэ стандартад цонхны бүтэц ямар байхыг ч зааж өгсөн байдаг. Тухайлбал, дор хаяж таван камертай /дотор талд байх хөндлөн огтлолын нүхний тоо/ байх ёстой. Хамгийн гадна талд нь усны камер /цорго, нүх/ байна. Энэ нь цонх хаалттай тохиолдолд усыг цоргоороо оруулаад гадагшаа гаргах ёстой. Монголд цонхны үйлдвэрүүд ихэнхдээ үүнийг хийдэггүй зарим нь цоргогүй хийдэг. Эсвэл стандартыг мөрддөггүй /цорго ижил түвшинд бус эсрэг түвшинд байх ёстой/. Мөн цонхны дулааны камерын хувьд ч өөрийн гэсэн стандарттай. Гэтэл манайхан өрөмдөөд нүх гаргачихдаг. Ингэхээр чинь ваакум чанар нь алдагдаж, агаар нэвтэрнэ гэсэн үг.

-Шилний хувьд 2 ба 3 давхар байдаг. Үүний ач холбогдол юу юм бэ?

-Гурван давхар шил мэдээж дулааныг сайн хадгалж, дуу чимээг багасгадаг. Хоёр давхар байснаас гурван давхар байх нь илүү ач холбогдолтой гэсэн үг.

-Шилний завсар байх энэ зүйл / заав/ юу вэ?

-Силикачер. Чийг сордог. Хүмүүс ваакум цонх гэхээр шилийг сордог юм шиг яриад байдаг. Гэтэл чийгийг энэ зүйл сордог байхгүй юу. Манайхны сайн мэддэгээр шинэ хувцсанд байдаг даа. Силикачер халснаар агаарын чийгийг сорж авдаг. Тэгэхгүйгээр агаарыг нь сорчих юм бол тухайн шил хагарах аюултай. Тэгэхээр агаарын 30 хувийг аваад 30 хувь аргон хий шахаж хийдэг. Энэ нь хүнд агаар гэсэн үг. Тэгэхээр хүйтэн агаар нэвтрэх нь багасна. Шил цантах, хөлрөх, дундуур нь ус гоожих зэрэг нь зай гараад агаар орсны улмаас ваакум орчин нь алдагдсан гэж ойлгож болно. Энэ нь шилний цавуу (герметик), төмөр гуурс болон гуурсны бүтэн наалт зэргийн аль нэг нь, эсвэл бүгд стандартын дагуу хийгдээгүй гэсэн үг. Зарим газрууд төмөр гуурсыг наадаг пролоноор орлуулдаг. Тэгэхээр тэр нь удахгүй зай гараад, агаар орсны улмаас хөлөрч эхэлдэг. Мөн шилний дэр (Такус) зайлшгүй хийгддэг байх ёстой. Энэ нь салхивч, хаалга зэрэг байнга нээгдэж хаагдаж байдаг шилийг түгжиж өгснөөр цонх, хаалга суулт өгч, тавцан шал зурагдахаас сэргийлдэг.

-Танайх өдөрт хэчнээн цонх үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

-Загвар хийцээсээ хамаарч өдөрт 150-250 мкв цонх үйлдвэрлэх хүчин чадалтай.

-Ажиллах боловсон хүчнийхээ талаар...?

-Бид өнөөг хүртэл багагүй туршлага хуримтлуулсан. Тиймээс манай үйлдвэрт энэ салбарт удаан ажилласан хоёр мэргэжилтэн 5 мэргэшсэн ажилтан ажилладаг. Барилгын ажил маань улирлын чанартай учраас үүнтэй холбоотойгоор бид тээвэрлэлт, суурилуулалтандаа туслах ажилчдыг авч ажиллуулдаг.

-Нэг цонхыг хэдий хэр хугацаанд угсрах боломжтой вэ?

-Янз бүр л дээ. Хүмүүс хугацаа их асуудаг. Хуучин цонхоо авчихсан бол 25-30 минутад суулгаад явчихаж болно. Харин өөрсдөө очиж хуучин цонхыг нь аваад шинэ цонхыг суулгах юм бол нэлээд цаг авна. Манай хуучны тоосгон барилгуудаас цонхыг нь салгаж авахад цаг их ордог. Угсармал барилгаас авахад амархан.

-Цонхны засвар хийхэд ямар хүндрэл тулгарах вэ?

-Манайх засвар үйлчилгээг үзүүлэхдээ эхлээд заавал оношилдог. Тэгэхгүй бол олон янзын хүмүүс өмнө нь хашраачихсан байдаг байхгүй юу. Резин шилний дэрэн дээр асуудал их гарна. Тухайлбал, резин солино гэхээрээ зузаан резин гээд очиж чихээд байдаг. Гэтэл тэр нь тухайн цонхондоо тохирох уу үгүй юу гээд л өнөө стандарт яригдана шүү дээ.

-Үйл ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна?

-Чанартай, хүний эрүүл мэнд болон байгальд ээлтэй материалыг зах зээлд хэрхэн нэвтрүүлэх вэ гэдгийг л санаж, бодож явна даа. Эрдэнэт хотод баригдаж буй ”Евро Эко” төслийн барилгад зориулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн маань энэ чиг рүү нэлээд ойртсон гэж бодож байна.

-Цаг үеэ дагаад ваакум цонх хэрэглээ болчихлоо. Тэгвэл яаж энэ салбарыг илүү хөгжингүй болгох вэ?

-Бид хуванцар болон металл хийцээ алдаа багатай хийж байна. Харин ваакум шилэн пакетаа бүрэн автоматаар сайн хийдэг болчихмоор байгаа юм. Монголд тийм үйлдвэрлэл хийдэг хэдэн компани бий. Гэхдээ гаднаас хамааралтай буюу түүхий эдээ Орос, Хятадаас оруулж ирдэг. Уг нь цонхны шилээ монголчууд бид өөрсдөө хийгээд эхэлчих хэрэгтэй байгаа юм. Хаанаас ч хараат бус. Бидний баримтлаад байгаа хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад саад болоод байдаг асуудлын нэг нь энэ л дээ.

-Ярилцсанд баярлалаа.

"Зиндаа" сэтгүүл №14/514 дугаарт нийтлэгдэв

Ярилцсан О.Шинэтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top