Б.Хонгоршагай: Монгол хүн бүр үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжээсэй гэж хүсдэг

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

АРГА БИЛГЭЭР УРЛАСАН “АРГА ШАГАЙ”

-Монгол бүтээлүүд-

“Арга шагай” компанийг зорин очиход юу юуны өмнө “Монгол хүн Монголд үйлдвэрлэв” гэсэн уриа тодоос тод нүднээ тусан угтана. Ямартай ч монголчууд маань өөрсдөө монгол эд зүйлс үйлдвэрлэдэг газар байна хэмээх бодолтой босго давахын сацуу боловсруулсан арьсан бүтээгдэхүүн хураасан үйлдвэрийн хэсэгт хэдэн залуу зогсоо зайгүй ажиллаж байгаатай тааралдана. Энэ үеэр биднийг тосон уулзсан тус компанийн захирал Б.Хонгоршагай “Манайх бүтээгдэхүүнээ “Дархан нэхий”, “Мон-Ирээдүй” гэх мэт дотоодын үйлдвэрүүдээс авдаг. Үндэсний үйлдвэрлэл гэж ярьчихаад гадны орноос боловсруулсан материал авчирч эндээ бүтээгдэхүүн болгож, угсрах нь утгагүй” хэмээснээс үзвэл үүдэнд угтсан уриатай захирлын санаа яв цав нийцэж байгааг анзаарч болно. Анх 2009 онд арьсан эдлэлээр үйлдвэрлэлээ эхлүүлж, өдгөө нэр төрлөө аль болох олшруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа ч дуулгана билээ.

Эндээс эргээд эсрэг талын хаалгаар ороход царс модны үнэр ханх тавьж, тусгайлсан суурь машин дээр Төрийн сүлд, Соёмбо, Монгол Улсын газрын зургийг тус үйлдвэрийн дизайнерийн зохиож, компьютерээр бэлтгэсэн бүтээлийг сийлж байгаа харагдана. Үйлдвэрийн том зааланд том жижиг хээ хуар бүхий авдар, морины хусуур, Bottom of FormТөрийн сүлд, Газрын зураг юу эс байх вэ. Тиймээс бид шимтэн сонирхвол “наадах чинь дөнгөж эхний дамжлага, хэдүүлээ дээшээ гараад бэлэн бүтээгдэхүүн харъя” гэсэн дагуу дээд давхарт гарвал бидний нэг давхарт шохоорхоод байсан бүтээгдэхүүнүүд ёстой жинхэнэ утгаараа байна.

Урт нь нэг метр гаруй Монгол Улсын газрын зураг дээр цаг байрлуулсан нь өдгөө хэрэглэгч олны таашаалд нийцсэн зүйлийн нэг болоод байгаа аж. Зөвхөн газрын зураг бус Чингис хааны хөрөг, Төрийн сүлд, Соёмбо болон урт нь хоёр метр гаруй модон хээ угалз бүхий төрөл бүрийн цаг хананд байрлуулсан нь донжтой агаад сүрлэгээс гадна хэн ч гэсэн аваад ханандаа залмаар санагдана. Зарим бүтээл дээр уйгаржин бичгээр “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг”, “Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай” гэсэн бичиг бүхий үндэсний хэв шинжийг агуулсан бүтээл олон харагдах нь өнөөх л үзэл санаа цухалзана. Энэ зуурт даяаршиж буй өнөө цагт монгол хүн бүр ийм үндэсний үзэл санаан дор хийж бүтээж амьдардаг бол хэтдээ үндэстэн маань үндэстэн хэвээр үлдэх нэгэн шалтгаан юм даа гэж бодож амжлаа.

Б.Хонгоршагай захирал анх гурвуулаа зах дээрээс нэг оёдлын машин, нэг арьстай худалдаж аваад үйлдвэрлэлээ эхлүүлж байсан бол өдгөө нийтдээ 18 хүн ажиллаж, үйлчлүүлэгчдийн захиалгыг цаг алдалгүй хүргэж байгаа юм байна. Эдийн засгийн нөхцөл байдал таагүй, ажлын байр хомс энэ үед хориод хүнийг ажлын байраар хангахын зэрэгцээ улсдаа татвараа төлөөд явна гэдэг ёстой л эх оронч хүний үйл мөн байх. Энэ айлын нэг онцлог гэвэл ямар ч бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчийн захиалгын дагуу хүсэл сонирхолд нь нийцүүлэн хийдгээрээ давуу талтай. Тухайбал, Газрын зураг дээр болон бусад төрөл зүйл дээр захиалга өгөхдөө манай энэ өрөөнд тохируулаад, ийм бичигтэй, ийм хээтэй хийж өгөөч гэсэн хүсэлтийг ёсоор болгодог нь захиалагчийн хөлд дарагдах нэгэн шалтгаан болдог байна. Нийтдээ 30 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаад, үүнийхээ дагуу үйлдвэрлэл явуулж байгаа “Арга шагай”-д сүүлийн үед хурим найрын, шинэ байрны, хамтлаг продакшнуудын гээд захиалга дурдаж байсан. Өнөөдөр хүмүүс илүү натурал болон үндэсний хэв шинжийг агуулсан бүтээгдэхүүн сонирхох болсны нэг жишээ энэ байж таарна. Нөгөө жишээ гэвэл энэ айлын бүтээгдэхүүний чанар чансаа, өнгө үзэмж, агуулга гээд бүгд үйлчлүүлэгч олны таашаалд нийцэж чадаж байгааг харуулсан хэрэг биз ээ. Мэдээжийн хэрэг ажилчдын ур чадвар, хөдөлмөр хүч ч энд зүй ёсоор багтах агаад “Арга шагай”-н захирал “Манай ажилчид чадвар сайтай, Оёдлын цех дээр хүн хэрэгтэй бол эр эмгүй юм оёод суудаг. Арьсан эдлэл, модон эдлэл гээд бүхий л цехдээ аль аль нь ажиллаж чаддаг, хөрвөх чадвартай хүмүүс” хэмээн ажилчдаа магтаад авсан.

Сүүлийн үед хүмүүс гэр бүлийн зураг, хурдан мориныхоо зургийг сийлүүлээд цаг хийлгэе гэсэн санал хэлдэг болсон нь үйлчлүүлэгчдийн талархлыг нэгэнт хүлээсэн хамт олон гэдгийг гэрчилсэн хэрэг. Харин “энэхүү захиалгыг хийж болно, гэхдээ ажиллагаа ихтэй, нэг зурган дээр нэг сар ажиллана, хүний нүүрний үрчлээнээс эхлээд олон нарийн детальтай, өртөг ч өндөр гарна. Тиймээс энэ захиалгыг хэтдээ авах болно” хэмээн Б.Хонгоршагай захирал хэлнэ лээ.

Анх арьсан урлалынхаа хажуугаар юу хийх вэ гэж бодож байгаад манай улсад байнга урд хөршөөс эдэлгээ, чанар муутай ханын цаг орж ирдэг. Тиймээс монгол цаг үйлдвэрлээд үзвэл яадаг юм бэ гэсэн бодол орж иржээ. Ингээд чухам ямар вэ гэсэн асуулттай тулгарч, сайн чанарын модон дээр Монгол Улсын газрын зураг сийлээд төрөл бүрийн хэмжээгээр ханын цаг үйлдвэрлэе. Монгол айл бүрийн хойморт байг хэмээн бодоод анхны цагаа дөрвөн өдөр буюу 100 цаг хийгээд дуустал АНУ-аас анхны захиалга ирснээр урам сэргэж үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй айл гэнэ.

Цаг хэрхэн бүтдэгийг зураглан өгүүлвээс, “Тусгайлан бэлдсэн царс модон дээр дизайнерийн шийдэл, ур ухаанаар зургийг нь гараар зурж компьютерт оруулаад, суурь машин дээр бэлтгэнэ. Ингээд мөнхүү захиалагчийн хүсэлтийн дагуу дизайнерийн шийдлээр утга учир бүхий хээ хуараа хатгаж суурь машинд ахин бэлтгэнэ. Суурь машинаар сийлэх аргагүйг гараар сийлнэ. Суурь машинаас гарсан шинэхэн бүтээгдэхүүнээ хээ хуараас эхлээд бүхий л зүйлийг гар аргаар засварлан өнгөлнө. Үүний дараа давхар будаж лакдаад хамгийн сүүлд арьсан эдээр хүрээлж сүлжээд, цагаа угсрахад сая бэлэн болдог” байна. Үйлдвэрлэл дээр нь очиж харсан хүн л ийм олон нарийн чимхлүүр дамжлагаар орж байж сая бидний гар дээр ирдэг нөр их ажилтай юм байна гэдгийг мэднэ. Дашрамд дурдахад эдний цагнуудын ур хийц, хээ хуар бүгд утга учиртай, арга билгээр сүлж хийсэн. Монгол Улсын Төрийн сүлдтэй цаг гэхэд Төрийн сүлд рүү жаргалын найман морь давхин очиж байгаа дүрс бүхий байхаас гадна Монгол Улсын газрын зурагтай цаг бүхий бүтээгдэхүүний хүрээг хэн ч халдашгүйн билгэдэл болгож Монгол Улсын хилийг алхан хээгээр дархлан, төгсөшгүй түмэн наст хээгээр хүрээлсэн байх жишээтэй. Бүхий л бүтээгдэхүүн нь арга билгээр бүтсэн утга учиртай гэхэд болно. Үүнээс гадна жаргалын найман морь бусад чимэглэлийг өнгөт металлаар урласан нь бүтээгдэхүүнийг бүр ч чамин харагдуулна.

Үндэсний үзэл санаа нэвт ханхалсан энэ айлын бүтээгдэхүүн, хэтийн зорилтыг сонирхож явахад хэзээ нэгэн цагт “Арга шагай” компанийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр Монгол Улсын нэрийг өндөрт өргөх нь дамжиггүй гэж бодсоныг нуух юун. Ингээд “Арга шагай” компанийн захирал Б.Хонгоршагайтай цөөн хором хөөрөлдсөнөө хүргэж байна.


Б.ХОНГОРШАГАЙ: МОНГОЛ ХҮН БҮР ҮНДЭСНИЙХЭЭ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ

-Танай бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ дотоодын зах зээл дээр өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тэгэхээр Уралын нуруу, Цагаан хэрэм давахдаа бус түүнээс нааш асар том зах зээл бий. Үүнийг сонирхож байна уу?

-Бидэнд бодсон, хэтдээ хэрэгжүүлэх төлөвлөгөө бий. Яг одоогийн байдлаар гадаад зах зээл дээр гарах талаар судалж үзэх бодолтой байна. Юуны өмнө дотоодын зах зээл дээр хөлөө олох хэрэгтэй, ядахад санхүүгийн болон бараа 202 бүтээгдэхүүний хувьд бэхжих хэрэг бий. Одоогийн байдлаар бид Эрээнд нэрийн барааны лангуу ажиллуулж байгаа нь эрэлттэй байна. Тэнд гол төлөв арьсан эдлэл болон дээл хувцас борлуулдаг. Өвөрмонголчууд өдөр тутмын хэрэглээндээ ч дээл хувцсаа өмсөж заншсан болохоор тэнд борлуулалт сайн, өвөл зуны аль ч улиралд байнгын үйлчлүүлэгчидтэй байдаг. Манай улсын хувьд Улсын баяр наадам, Цагаан сарын үеэр боруулалт сайн, энэ үед манай үйлдвэрийн хувьд ч ачаалал ихтэй байдаг бол бусад үед сул зогсох нь элбэг.

-Тэгэхээр танайх дээл хувцаснаас гадна нэрийн хуудас болсон “Монгол цаг”-аа ядаж Эрээний зах зээлд гаргахад аажмаар цааш тэлэх биш үү?

-Хэтдээ бол гаргана.

Өнөөдөртөө нэг айдас бий. Хятадууд бидний бараа бүтээгдэхүүнийг хэдэн мянгаар, магадгүй саяар нь олшруулаад эргүүлээд бидэнд зарж чадах хүмүүс. Тэгэхээр бид үүнээс болгоомжилдог. Юуны өмнө бараа бүтээгдэхүүнээ найдвартай патентжуулаад Монголын зах зээлд нэртэй төртэй болгох шаардлага бий. Одоогоор Оюуны өмчийн газарт бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг өгөөд эхний ээлжийнх нь гарч ирж байна.

-Өөрөө энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн хүн байна уу?

-Би Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүн. Аав ээжээсээ өвлөж авсан зүйлээ, хоббигоо бизнес болгоод явж байгаа хүн дээ. Анхныхаа бүтээгдэхүүнийг борлуулаад ашиг гаргаж авах хамгийн сайхан байсан. Энэ цагаас л би ерөөсөө аливаа нэг зүйл үйлдвэрлээд цааш явж болох юм байна гэсэн бодолтой болж, эргэлт буцалтгүй зүтгэсний хүчинд өдий зэргийн үйлдвэртэй болчихсон явж байна. Одоо бол манай Оёдлын цех улирлын, баярын чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохоор ажиллахгүй амралтын байдалтай байна. Ерөнхийдөө манай хүчин чадал маш сайн болсон. Анх байгуулагдаж байхдаа ганцхан машинтай хэрэглэгчийнхээ захиалгыг удаашруулахаас эхлээд хүндрэл байсан ч өнөөдөр үйлчлүүлэгч захиалга өгөхөд бид хоёр хоногийн дотор үйлдвэрлээд өгчихдөг болсон.

-Танай бүтээгдэхүүнүүд бүгд л үндэсний хэв шинжийг агуулсан харагдана. Та үндэсний үзэлтэй хүн байх. Нөгөө талаар гол нэрийн бүтээгдэхүүн цагны үнэ хэд вэ?

-Үйлдвэрлэл эрхлээд, үндэсний хэв шинжийг агуулсан бүтээгдэхүүн гаргаад түүндээ хөглөгдөөд ирэхээр улам л үндэсний үзэлтэй болдог юм байна. Ерөөсөө Монгол хүн бүр үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжээсэй гэж хүсч явдаг. “Эх үрсийн баяр” болоход дэлгүүрт ороод Монголд үйлдвэрлэсэн ундаа хаана байна, чихэр нь хаана байна гээд явна. Баярын бэлгийг бүгдийг нь Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр дүүргээд хүүхдүүдэд өгөх жишээтэй. Ийм болчихдог юм байна. Үйлдвэрийн бүх түүхий эдийг ч дотоодын зах зээл дээрээс авдаг, харин цаг хийж байгаа царс модыг яах аргагүй ОХУ- аас сайтар хатаагдсан үйлдвэрийн мод оруулж ирдэг. Тэгэхгүй бол бүтээгдэхүүн болсон хойноо сэнсрэх, гажих, хатаж хагарах гээд сөрөг зүйл олон гарна. Манай гучаад төрлийн цаг нь 18 мянгаас 1.5 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй байна. Мөн үйлчлүүлэгч ямар хэмжээ болоод чимэглэлтэй, ямар хийцтэй захиалахаас шалтгаалж үнийн дүнд өөрчлөлт ордог тал бий.

Ярилцсан С.Ууганбаяр

“Зиндаа” сэтгүүлийн 2018 оны №10/510 дугаарт нийтлэгдэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top