“Эрдэнэ нуусан гар” киноны үзэсгэлэнт бүсгүй сураггүй АЛГА БОЛЖЭЭ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 26

Зөвлөлтийн “Эрдэнэ нуусан гар”, “Хаврын арван долоон учрал” зэрэг киноны үзэсгэлэнт бүсгүйн дүрээр олонд танигдсан жүжигчин Светлана Светличная Москвад сураггүй алга болжээ.

Түүний төрөл төрөгсөд жүжигчин хулгайлагдсан байж магадгүй гэж цагдаад мэдээлэл өгсөн байна. “Московский Комсомолец” сонинд мэдээлснээр 81 настай жүжигчний хүү ээж нь энэ сарын 21-нд алга болсон гэж мэдээлжээ. Жүжигчин сарын өмнө нүүж орсон байрандаа байхгүй, утсаа авахгүй байгаа аж.

Светлана Светличнаягийн гэрийг шалгах үеэрээ цагдаа нар сэжигтэй зүйл юу ч олоогүй гэнэ. Байранд нь цүнхтэй хувцас, бичиг баримт, их хэмжээний мөнгө байсан бөгөөд түүний эд зүйлсээс юу ч алга болоогүй байжээ.

Хэвлэлүүдэд мэдээлснээр Светлана зураг авалтын үеэр дээрээс нь унасан юманд цохиулж гэмтэл авсны дараа түүнд тэнэгрэх өвчний шинж тэмдэг илэрсэн байж магадгүй аж.

Хамгаалалтын ажилтны ярьснаар энэ сарын 20-нд жүжигчний гэрт зураг авалтын баг иржээ. Телевизийнхэн явсны дараа 17.00 цагийн орчимд Светлана хамаатныхаа эмэгтэй рүү танихгүй дугаараас залгаж, муудалцаад утсаа тасалсан байна. Сүүлд нь олж тогтоосноор уг өдөр хэн нэгэн түүний гэр рүү түргэн тусламж дууджээ. Гэвч жүжигчин эмнэлэг явахаас татгалзсан байна.

Энэ сарын 22-нд жүжигчний төрөл төрөгсөд түүний гэрт ирсэн ч хаалгаа тайлаагүй учир тэд өөрсдөд нь байсан түлхүүрээр байрыг онгойлгон оржээ. Светлана гэртээ байхгүй байсан учир түүний залгаж байсан танихгүй дугаар руу залгахад утсыг нэгэн эмэгтэй аваад жүжигчний алга болсныг сонсоод "Завгүй байна" гэж хэлжээ. Тэрбээр дараа нь дугаараа блоколсон байна. Иймээс жүжигчний гэр бүлийнхэн түүнийг хулгайлагдсан гэж үзэж, цагдаад мэдэгдсэн байна.

Хуулийн байгууллагаас ч түүний алга болсныг баталж “Москвагийн Богородское дүүргээс 81 настай эмэгтэй алга боллоо. Тэр жүжигчин Светлана Светличная байсан” гэж мэдээлжээ.

Тэгвэл жүжигчин эмэгтэйн найз, залуу жүжигчин Иван Николаев “Светлана Светличная алга болоогүй. Харин хамаатнуудтайгаа эвлэрч, тэдэнтэй ойрхон газарт нүүж очсон. Тэр хэвлэл мэдээллийнхэнтэй харилцахыг хүсэхгүй байгаа” гэж ярьсан байна.

Оросын нэрт найруулагч Леонид Гайдайгийн "Эрдэнэ нуусан гар" киногоор алдаршсан Светлана Светличная нөхөр, бага хүүгээ эрт алдаж, хүнд бэрхийг туулсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top