[ТОЙРОГ 76] Дуутайгаас даруухан руу шилжсэн Говь-Алтайн Ш.Раднаасэд

2020 оны 04 сарын 22

"Өглөөний сонин”, Zindaa.mn сайт хамтран сонгогчдын боловсролд зориулан бэлтгэж буй "ТОЙРОГ 76" цуврал үргэлжилж байна. 

Улаан, улаан гэхэд Баян-Өлгий аймаг хааяа АН-ын гишүүн сонгочихдог. Харин аймгуудаас хамгийн “улаан”-ыг нь шалгаруулах болбол яалт ч үгүй Говь-Алтай тэргүүнд нь явна. 1992 оноос хойш ганц ч АН-ын гишүүн энэ тойргоос парламентад цухуйгаагүй юм. Тэгэхээр “Засагт ханы хөх харчууд” улаан талд элэгтэй байдаг байх нь. Тухайлбал, 1992 онд В.Алзахгүй, А.Базархүү нар, 1996 онд П.Жасрай, А.Базархүү, 2000 онд П.Жасрай, Р.Цогтбаатар, 2004 онд Т.Очирхүү, А.Цанжид, 2008, 2012 онд Ц.Дашдорж, 2016 онд Ш.Раднаасэд гэх мэт. 2020 оны сонгуулиар тус аймаг хоёр мандаттай болж байгаа. Ерөнхийдөө үеийн үед сонгосон гишүүдээ тойрогтоо хөрөнгө оруулалт татдаггүй гэсэн гомдол хэлдэг газар л даа. Хамгийн сүүлд сонгогдсон Ш.Раднаасэд гишүүний талаар ч ийм хэл үг хааяа гардаг гэлцдэг. Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд Говь-Алтай аймаг дандаа сүүл мушгисаар ирсэн нь үнэн. Тийм болохоор бусад аймгаас сонгогдсон гишүүдтэй харьцуулан чамладаг байх. Сонгосон гишүүнээс нь гадна аймгийнх нь удирдлагууд өнгөрсөн дөрвөн жилд багагүй барцадтай байгаа. Засаг дарга С.Гансэлэм нь нутагтаа биш хотоос ажилладаг, захиргааныхаа байранд караоке оруулсан гэж хэвлэлээр цоллуулсаар албан тушаалаа өгсөн. Ард нь улс төрийн хуваагдалтай холбоотой хэл ам ч явсан болов уу. Дараагийнх нь Засаг даргын үүрэг орлон гүйцэтгэгч ажиллаж байтал захиргааных нь байранд архидан согтуурсны улмаас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрынх нь дарга харамсалтайгаар амиа алдсан. Ингээд Ш.Раднаасэд гишүүний асуудал руугаа эргээд оръё


Арваннэгдүгээр тойрог: Шатарбалын Раднаасэд

Энэ аймаг хэдийгээр УИХ-д МАН-ын гишүүдийг илгээдэг ч орон нутгийн сонгуульдаа тийм биш. Үүний нотолгоо нь өнгөрсөн 2016 оны сонгуулиар АН-аас Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нэр дэвшсэн явдал юм. Тухайн үед улаан гэгддэг тойрог цэнхэртэж мэдэх юм гэсэн таамаг ч хөвөрч байлаа. Үүнийг өмнө нь тус аймгийг хоёр удаа УИХ-д төлөөлсөн Ц.Дашдорж агсан олон нийтэд төдийлөн танил биш Ш.Раднаасэдэд тойргоо өгсөнтэй холбон тайлбарлах ёстой. Гэвч 2016 оныг бүгдээрээ санаж байгаа байх. Бараг л улс даяараа МАН руу ханарчихсан даа. Ганц тойрогтой аймгийн хувьд эхэндээ Ш.Раднаасэдийг сонгосон нь зөв мэт байлаа. Учир нь тэр УИХ-д сонгогдож ирсэн даруйдаа бусад “шинэков”-уудынхаа адил алмай зан гаргасангүй. Хууль зүйн байнгын хорооны дарга болоод авлаа, үргэлжлээд нийгэмд дуулиан тарьсан томоохон асуудлууд руу ханцуй шамлаад орчихов. Тодруулбал, Ардын намынхан төрийн эрх авсныхаа дараа Ажлын хэсэг гаргаж Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь гэх мэт томоохон хэргүүдийг уудалсан. Тэгэхэд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ш.Раднаасэд "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг "Монголын зэс корпораци" ХХК худалдан авсантай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм. Мөнхүү Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд тухайн үеийн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж асуудал танилцуулах байтал Байнгын хорооны даргын микрофоноо ашиглаад энэ асуудлаар хамгийн түрүүнд дуугарч олны анхааралд орсон ч гэдэг. Ямар ч байсан тэр асуудал явсаар Эрдэнэт үйлдвэрт онц байдал тогтоосон өнөөгийн нөхцөлөөр төгссөн юм. Тэрбээр тухайн үед “Эрдэнэт үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойны үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг компаниуд нэгдмэл сонирхол бүхий этгээдүүдийн гарт орчихлоо. Үүний улмаас төрд ирэх ногдол ашиг багасах гээд байна. Жилд 330 тэрбумаас бага татвар төлж байгаагүй Эрдэнэт үйлдвэр энэ жил 100 тэрбум төгрөгийн татвар төлөхөөр байгаа. Иймээс Эрдэнэтийг 100 хувь төрийн эзэмшилд шилжүүлэх нь зүйтэй” гэсэн нь хэвлэлийн хуудаснаа үлджээ.

УИХ-ын гишүүн байхад боловсрол, туршлагын хувьд ч Ш.Раднаасэд гологдоод байх хүн биш. УИХ-ыг сургууль, сургалт гэж хараад “Их юм сураад авлаа, одоо дахиад дөрвөн жил улирчихвал яг сайхан ажиллах юм байна” гэж ил, далд ярьдаг бусад шинэ гишүүдээсээ өөр. Магадгүй Ерөнхийлөгчийн зөвлөх, МАН-ын ЕНБД-ын хуулийн бодлогын зөвлөх, МАН-ын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга гэх мэт ажлаар дамжсанаас үлдсэн юм ч бий биз. Мөн “шийдлийн” хэмээх Засгийн газарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар түр ажиллаж байсан намтартай. Ерөнхийдөө албан тушаалд нэг, хоёр жилээс хэтрэлгүй дандаа өгсөж явсан байдаг. Намынхан нь бол махруу, “ажлын хүн” гэдэг тодотгол өгдөг. Гаднаас нь харахад хэлэх ярихдаа эмээдэггүй түс тас зантай. Бага зэрэг хэдэр ч гэмээр хүн л дээ.

Гэхдээ түүний гялалзсан эхлэл эрчээрээ явсангүй. МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын хүмүүс бусдаас их хэмжээний авлига авсан асуудал өнгөрсөн жилийн хавар сөхөгдсөн. Ш.Раднаасэдтэй нэг ангид суралцаж байсан гэх оймсондоо мөнгөө нуусан, үсээ голоор нь хагалж самнасан эрийн бичлэгийг АТГ-аас задалсан тухай яривал бүгдээрээ санах байх. Үргэлжлээд гэхээсээ давхцаад шахам Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийхдээ хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох, мөн хохирол учирсан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан асуудал гарч ирлээ. Учир нь дээр дурдсан “цагаан захтан”-ы хэрэгт холбогдсон нөхөд чухам уг заалтын буянд өршөөгдсөн аж. Асуудлын үзүүр явсаар Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн саналаар хөөн хэлэлцэхэд өөрчлөлт оруулсан тухай яриа, мэдээлэл гарсан юм. Түүнчлэн Н.Баярсайхан гэгч нь тэмдэглэлийн дэвтэртээ авлигаас авсан мөнгөнөөсөө тэдэн хувийг Ааяад өгөв гэх зэргээр бичсэн байсан тухай ч мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдав. Ингээд Байнгын хорооны даргаасаа ч буулаа, бүр МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос түүнд таван жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэр ч гаргалаа. Зөрүүлээд Ш.Раднаасэд гишүүн улс төрийн зорилгоор хэлмэгдүүлсэн хэмээн үзэж намаас гарах өргөдөл ч өгөв. УИХ-ын гишүүн нь гаргасан санал, хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээх ёсгүй, миний тойрогт санаархсан хүмүүсийн явуулга гэсэн тайлбар ч хийж байв. Гэхдээ өнөөгийн байдлаар Ш.Раднаасэд намдаа байж л байна. Манай улсад өдөр болгон нэг шинэ дуулиан дэгдэж байдгийн жишгээр түүнтэй холбоотой дуулианууд одоо бараг мартагдаж дээ. Дуулиан мартагдах хэрээр Ш.Раднаасэд гишүүн ч олны анхаарал таталгүй явах боллоо. Говь-Алтай аймаг ирэх сонгуульд хоёр тойрогтой болох шийдвэр гарсан явдалтай ч холбоотой байж мэдэх л юм.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(223.24.144.186) 2020 оны 04 сарын 23

Төрд хэрэгтэй залуу

0  |  0
zochin(192.82.65.76) 2020 оны 04 сарын 23

Энэ авилгачин баагий Монгол улсад хэрэгтэй зүйл хийлээ юу? Тарыг нь таньсан бол шууд л сонгохгүй байх хэрэгтэй. Дараа нь нутаг усныхаа уул усыг хараалаар буллуулах ямар л олиг байх билээ. Нутаг усныхаа нэр хүндийг өндөрт өргөөд явж чадах нэр цэвэр Улс орноо нутаг усаа өөрийнхөө хар толгойноос илүүд үздэг эрдэм чадалтай залуучуудаа сонгох нь хамаагүй дээр шүү. Яахав оймсондоо нуусан мөнгөө наадуул чинь цацвал цацна л биз Говь- Алтайчууд ухаантай байж шинэ үнэхээр чадварлаг залуусыг намчирхалгүй гаргаж ирээрэй.\n

0  |  0
Монгол(64.119.22.99) 2020 оны 04 сарын 22

Муухай залуу

0  |  0
Иргэн(182.160.34.83) 2020 оны 04 сарын 22

Нөгөө оймсондоо авилга хийдэг нөхрийн дарга залуу бна. Ээ дээ гүймээ мөн сайн зааж өгсөн байгаа юм шүү. Бөгс долоогч нараараа аж ахуйн нэгжүүдээс хяхаж хавчиж авсан мөнгийг нь аваад л их хурал дээр цод цод гээд дуугардаг байсан нөхөр бна даа.

0  |  0
Зочин(150.129.140.73) 2020 оны 04 сарын 22

Луйварчин даа хөөрхий. Алтайхан өөр сонголт хийж үзээсэй. Ганцхан улаан өнгө мэднэ.

0  |  0
G(202.126.88.146) 2020 оны 04 сарын 22

Hoon heleltseh hugatsaa ulsad mash ih hohirol uchruulsan daa

0  |  0
zochin(183.177.99.226) 2020 оны 04 сарын 22

tord heregtei hun shuu,

0  |  0
Зочин(66.181.187.93) 2020 оны 04 сарын 22

Аяатай даан ч атигар дутуухар Амгаланбаатар өрсөлдсөн. Даан ч үүнээс өөр сонгол үгүй байсан.

0  |  0
Top