[ТОЙРОГ 76] Баян-Өлгийн “АМ ЧАНГА”-тай гурав

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17


"Өглөөний сонин”, Zindaa.mn сайт хамтран сонгогчдын боловсролд зориулан бэлтгэж буй "ТОЙРОГ 76" цуврал үргэлжилж байна. 
 

Баян-Өлгий аймгийн хувьд зөвхөн 2004 онд ганц удаа АН ялж байсан газар. Бусдад нь дандаа МАН-ынхан өнгөлж байлаа. Түүнийг тайлбарлахад амархан. Зөвхөн МАН-ын XXVIII Их хурал зохион байгуулагдаж 1261 төлөөлөгч чуулахад 117 нь Баян-Өлгий аймгийнх байх жишээтэй. МАН-ын гишүүдийнхээ тоогоор энэ аймаг бүхэл бүтэн Улаанбаатар хотын ард орж ирж байгаагаас нь үзэхэд “час улаан” гэж тодорхойлоход болно. Гэхдээ АН-ынхан цухуйдаггүй нутаг ч бас биш. Жишээ нь, А.Бакей хоёр удаа, А.Мурат, Д.Мурат нар нэг удаа ялалт байгуулж УИХ-д суусан. Алтайн сүрлэг уулс, ангийн сургуультай бүргэдээр төсөөлөгддөг тус аймгаас парламентад ирсэн түшээд ерөнхий дүнгээрээ үг дуу цөөтэй байдаг нийтлэг онцлогтой. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар Баян-Өлгий аймгаас МАН-аас Г.Солтан, Х.Баделхан АН-аас Д.Мурат нар УИХ-д сонгогдсон. Дөрвөн жилийн өмнө парламентад хөтлөлцөн ирсэн тэднийг одоо харахад нэг нь сайд болон мандаж, нөгөө нь Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд ороогдон замхарч, үлдсэн нь үйлдсэн хэргийнхээ гороор нийгмийн шүүлтэд хавчигдан явна.


Дөрөвдүгээр тойрог: Г.Солтан

УИХ-ын гишүүн Г.Солтан 2016 онд тухайн үеийн УИХ-ын гишүүн А.Бакейг өвдөг шороодуулж парламентад анх удаагаа сонгогдсон. А.Бакейг ялагдсанд АН-ынхан бараг тэр чигээрээ харамссан гэж байгаа. Нийтлэлч Баабар гэхэд л жинхэнэ төрийн хүн болох А.Бакей Баян-Өлгийд, П.Цагаан Хөвсгөлд ялагдсаныг гайхсан байдаг юм. Тус аймгаас хоёр сонгогдож, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга явсан хүнийг өвдөг шороодуулсан Г.Солтан гэж хэн бэ гэсэн хайлт гаралгүй л яах вэ. Түүний хувьд 2010 онд Ерөнхий сайд Сү.Батболдын Хөдөө аж ахуйн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан, 2012 онд “Монгол шаазан” ХХК-д гүйцэтгэх захирал, 2013 оноос Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга гэсэн товч намтартай. Аймагтаа нэлээд нэр хүндтэй, монгол эхнэртэй, хээгүй гүдэс, эрийн хувьд бол сайн нөхөр гэгддэг юм билээ. Москва хотын Хими технологийн дээд сургуулийг Шаазангийн инженер, технологич мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ тууштай ажиллаж амжилтад хүрсэн зам мөртэй.

Парламентад сонгогдсоноосоо хойш хууль санаачилж, ажлын хэсэгт орж явсан нь цөөн. Дээр нь ерөнхийдөө Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд дуу цөөтэй байдаг. Тэр жишгийн дагуу л явж байгаа хүн. Түүний хувьд бүр хэтэрхий дуугүй талдаа гэсэн яриа ч бий. Гэхдээ албан томилолттой л биш бол хурал, чуулган тасалж байсан удаагүй. Манайхан хэн олон удаа үг хэлж, хууль санаачилж байгааг нь сайн УИХ-ын гишүүн гэж харах гээд байдаг. Уг нь бол гишүүд хурлаа таслалгүй, орж ирсэн хуулиудыг судлаад саналаа өгөөд явчих нь парламентад хамгийн чухал юм шүү дээ. Чуулганы явцыг харж байхад тас эсэргүүцсэн үг хэлж байгаад санал хураалт дээр эсрэг товч дарчихдаг гишүүд байж л байдаг. Аль л болохгүй зүйл болж байгааг бүгдээрээ л харж байна. Харин Г.Солтан гишүүний хувьд энэ тал дээр асуудалгүй. Зарчмын хувьд хуулиудыг судлаад саналаа өгөөд чимээгүй байр сууриа хамгаалаад яваад байгаа. Энэ нь сөргөлдөж гүйснээс хамаагүй амар байх л даа. Мөн төсөв батлах явцад чимээгүй нөлөөлөх нь их гэдэг. Түүний тойрогт ашиглалтад орсон сургууль, цэцэрлэг, халуун усны газрын тоо нөгөө хоёроосоо хамаагүй олон гэх юм билээ. Хүний эвийг олоод, шаргуу хөөцөлдөөд явж чаддаг чанартай. МАН-ыг хоёр хуваагдан талцаж байхад У.Хүрэлсүхийн талд гуйвалтгүй зогссоных нь нөлөө ч бий биз.

Түүнд асар том хасах оноо авчирсан явдал бол Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой дуулиан. Өнөөдөр гэхэд ХХААХҮ-ийн сайд асан УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хүсэлтийг дагуу бүрэн эрхээс нь чөлөөлөх болчихоод байж байна. Яг ид дуулианы үедээ 49 гишүүн нэр холбогдсон энэ хэрэг явсаар сайд асаныг шүүхийн хаалга татуулах зам руу түлхлээ. Яригдаад байсан ихэнх гишүүд “Тойргоос ирсэн хүсэлтийг ХХААХҮЯ-нд цохож явуулснаас өөр гэмгүй” гээд хэргээс мултарсан. Гэхдээ олны мэдэж байгаагаар Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа нарын хэргийг хуулийн байгууллагынхан зарлаад байгаа. Г.Солтан гишүүний хувьд өөрийнх нь хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдагдсан компани болох “Монгол шаазан” компанид 950 сая төгрөгийн зээл гаргуулахад нөлөөлсөн гэдэг хэрэгт сэжиглэгдээд байгаа юм. Өөрөө бол “Би тус компанид удирдах ажил хийж байгаад 2013 оноос Баян-Өлгий аймагтаа амьдарч, улс төрийн ажил хийсэн.

2016 оноос УИХ-ын гишүүн болсон. Миний үүсгэн байгуулсан компани мөн боловч ажил төрөлд нь оролцолгүй удаж байна. Үйл ажиллагаа нь надад хамааралгүй шүү дээ. Зээл авсан гэдгийг нь хэвлэлээс л мэдлээ” гэж тайлбарласан удаатай. Мөн намынх нь зарим нөхөд “Энэ дуулианы учир зүйг олохоос илүү өндрийг нь авхуулах гэсэн юм явчихлаа. Г.Солтан гишүүн хөнгөн хөдлөхөөргүй тулхтай хүн” ярих юм билээ. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-гийн асуудалд нэр холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарласан. Өнгөрсөн УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээрээ ч байр сууриа давтаж хэлсэн байна лээ. Тэгэхээр Г.Солтан гишүүний хувьд ирэх сонгуульд оролцох эсэх нь асуултын тэмдэгтэй үлдэж байна.

Тавдугаар тойрог: Х.Баделхан

Х.Баделхан сайдын тухайд өмнө нь УИХ-д сонгогдож явснаараа нөгөө хоёроосоо ялгаатай. Мөн улс даяар хямрал болж түүний шуурганд Баян-Өлгий аймгийн албан хаагчид цалингаа хэдэн сараар аваагүй, тэтгэвэр тасалдаж, сургууль цэцэрлэг нь халаалтгүй байх 2000 онд Засаг даргаар томилогдож явсан намтартай. Өнгөрсөн дөрвөн жилийн тухайд нам нь дотроо хагаралдаж Ж.Эрдэнэбатын Засгийн газар унасны дараа тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газарт Барилга, хот байгуулалтын сайд болон “давхар дээл” өмссөн. Үүнийг МАН-ын нэрээр Баян-Өлгий аймгаас сонгогдсон хоёр гишүүн У.Хүрэлсүхийг тууштай дэмжиж байсны шан гэж ярих нь бий. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 онд Засгийн газрыг авсаныхаа дараа М.Энхболдоос намын даргын суудлыг шаардсан юм. Тэртээ 2007 онд С.Баяр МАХН-ын Онц Их хурлыг хуралдуулж намын дарга болоод “…Хариуцлага  үүрүүлж байгаа бол ярих мэдлийг өг” гэж тулгаад М.Энхболдоос Ерөнхий сайдын суудлыг нь авч байсан явдал арван жилийн дараа тийн давтагдав. Гэхдээ намын даргыг У.Хүрэлсүх өрсөлдөгчгүй аваагүй. М.Энхболдын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хүн хойно өрсөлдөхтэй манатай. Харин тухайн үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан Д.Хаянхярваа түүнтэй өрсөлдсөн. Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын XXVIII Их хурлын 1261 төлөөлөгчийн 63.1 хувийн санал авч МАН-ын 15 дахь даргаар сонгогдсон билээ. Долоон хувийн санал алдахад л асуудал эргэчих нөхцөл байж. Тэгвэл энэ хуралд ирсэн төлөөлөгчдийн 117 нь Баян-Өлгий аймгийн төлөөлөгч байсан юм. Хурлын арав орчим хувийг нэг аймаг бүрдүүлж байсан гэсэн үг. Тэр Их хурлын дараа “Баян-Өлгий аймгийнхан У.Хүрэлсүх рүү эргүүлчихлээ” гэсэн тунирхал гэх үү яриа гарч байлаа. Үүнийг л Х.Баделхан гишүүнийг сайд болгох зам байсан ч байж мэднэ гэсэндээ нуршаад байгаа хэрэг. Яг таг батлах аргагүй л зүйл.

Гэхдээ Х.Баделхан гишүүнийг Барилга, хот байгуулалтын сайд болгосон гээд алдсан юм байхгүй дээ. Хувийн хэвшилд амжилттай ажиллаж байсан, аймгийн Засаг даргаар ажиллахдаа тулгамдсан олон асуудалд гарц олсон гээд арвин туршлагатай хүн. Ер нь намын жирийн гишүүд нь Х.Баделханд талтай. 2008-2012 онд УИХ-д суугаад 2012-2016 онд өнжсөн. Тэр хугацаандаа УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, хамтарсан Засгийн газарт Аж үйлдвэрийн дэд сайд хийж байлаа. Олон таван үггүй. Бусдыг зэмлэх нь ховор гээд хамт ажиллаж байсан хүмүүс нь ам сайтай. Сайдын ажлаа авсан цагаасаа Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн. Нисэх, Сонсголон байтугай Улаанбаатар хотыг тэр чигт үмхий үнэрээрээ утаж эхэлсэн тус байгууламжийг Х.Баделхан сайдын өнгөн дээр БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх суурийг тавилаа. Мянганы сорилтын корпорацаас Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ гээд гэгээтэй мэдээнүүд бий.

Гэхдээ бас дандаа сайн нэртэй явсангүй. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулсан 100 хувь эзэмшдэг хэмээх “Жол” ХХК гэх компанитай хэрнээ Барилга, хот байгуулалтын сайд болсон нь ашиг сонирхлын зөрчил гэх хэл ам гарч байв. Дээр нь өнгөрсөн дөрвөн жилд гарсан хамгийн алдартай дуулиан болох ЖДҮХС-гийн зээлээс авсан асуудал ч түүнийг тойроогүй. Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлагч нэгдэл гэгчээс Х.Баделхан сайдыг ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг руу “ярьсаар” байгаад “Асена” ХХК, “Мон-лойс” ХХК, “Хаганат” ХХК зэрэг гурван компанид зээл, санхүүжилт олгуулсан гэсэн утгатай мэдээлэл цацаж байлаа. Түүнд бичсэнээр бол албан бичиг бичсэний дээр ХХААХҮ-ийн сайд руу байнга залгаж нэхэл дагал болсон гэх. Өнөөдөр хуулийн байгууллагууд чимээгүй байхыг бодвол тэр асуудал нотлогдсон эсвэл болсон явдал гэхэд эргэлзээтэй. Бас нэг удаа Дэд сайд Ш.Лхамсүрэн нь “Дүнжингарав” өвлийн морин уралдааны зохион байгуулалтад оролцож олон хүний дургүйцлийг хүргэсэн. Хөхөө өвлийн хүйтнээр хүний балчир үрсийг адгуусны нуруунд нааж зугаацлаа гээд балбаж өгсөн дөө. Тэрний нөлөө Х.Баделхан сайдын нэр хүндэд наалдаж байв. Үүнээс бусдаар бол төлөв түвшин, үлгэр жишээ УИХ-ын гишүүн гэсэн нэрийг хадгалсаар энэ хүрээд байна даа.

Зургаадугаар тойрог: Д.Мурат

2016 оны сонгууль АН-д хүнд туссан юм. Эрх баригчаас УИХ-д есөн суудалтай багашаархан сөрөг хүчин болж үлдсэн гэхээр ойлгомжтой. Тэр есийн нэг нь Д.Мурат. Түүнийг ялаад гараад ирнэ гэсэн тооцоолол байсан эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан УИХ-ын гишүүн алдраар сонгуульд орсон А.Тлейханыг давж чадсан. Ажлын туршлагын хувьд “Эрчим-Баян-Өлгий” ХК-ийн захирлаар ажиллаж байснаас өөр намтар багатай нь ч, Баян-Өлгий аймгийг улаан тойрог гэж үздэгээс ч, улс даяар МАН-ынхан үнэмлэхүй ялалт байгуулчихсан байснаас ч Д.Муратыг парламентад сонгогдсон нь олон хүний сонирхлыг татаж байлаа. Бүр “Баян-Өлгий аймгийн сонгуулийг омгийн ахлагч нар нь мэддэг” гэсэн мэдэмхийрэл ч гараад ирсэн. Ямар ч байсан АН ам бардам УИХ-д бүлэг байгуулах бололцоо түүний хүчээр нээгдсэн юмдаг. Дээр нь Баян-Өлгий аймгаас сонгогдсон АН-ын гаралтай УИХ-ын гишүүний хувьд үг хэл нь хурц байж, тодрох болов уу гэсэн хүлээлт байлаа. Гэвч улс төр угаас таамаглашгүй байдгийн үлгэрээр сөрөг хүчин эрх баригч намын дотоодын улс төрийн будлианд хутгалдаад өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөл гэдэг гуншинтай болчихоод байж байна. Д.Муратаас хүлээсэн хүлээлт ч замхарч, түүний нэр хүнд олны дунд унав. Энэ тухай доор дурдана.

Ерөөсөө УИХ-ын гишүүдийн өнгөрсөн дөрвөн жилийн үйлдлийг зураглах гэхээр Ж.Эрдэнэбат огцорч У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан явдлуудтай аанай холбогдчихоод байдаг. Нарийндаа МАН дотор өрнөсөн “шударга ёс”-ны тэмцэл энэ бүрэн эрхийн хугацааны хамгийн том үйл явдал байсан байж мэдэх юм. Эхнээс нь сануулахад, 2017 оны есдүгээр сард Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудлыг МАН-ын хуваагдлаас шалтгаалаад үндсэндээ АН-ынхан шийдсэн. Сөрөг хүчний хувьд эрх баригчид дотроо хэмлэлдэж Засгийн газраа огцруулж байхад тийм л үйлдэл гаргаж таарна. Хойтон жилийнх нь намар дахиад У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах үймээн гарав. Өмнөхийн адил Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн санал АН-ын удирдлагууд гаргалаа. Гэвч АН-ын бүлгээс Л.Болд, Ж.Батзандан нар намынхаа эсрэг зогсож, түүгээр үл барам намын дарга нарыгаа МАНАН бүлэглэлийн гишүүд гээд зарлачих нь тэр. Дээрх хоёр гишүүнээс гадна Д.Мурат гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрын талд зогссон. Нөгөө хоёроосоо ялгаатай нь учир шалтгаанаа тайлбарлаж ам нээсэн удаагүй. Засгийн газар огцролгүй үлдэж АН дотроо түнжин хагарлаа. АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж удаа дараа намын эсрэг үйлдэл гаргасан УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөж, харин Л.Болд, Д.Мурат нарын тус намаас сонгуульд нэр дэвших эрхийг дөрвөн жил хасах шийдвэр гаргав. Үүнд уурсаад Л.Болд нь яваад өгсөн бол Д.Мурат жинхэнэ гэмтэй хүний ёсоор биеэ авч яваа. Ж.Батзандан, Л.Болд нарын намаасаа “урвасан”-ыг хардах нэг нь ч бий, сайшаах хүн ч байдаг. Харин Д.Мурат гишүүнийг нөмөр нөөлөг хайсан гэсэн яриа дагадаг.

Тэрбээр бусдад бэлгийн дарамт үзүүлж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдож бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал өрнөж байсан болохоор олонхийн талд гарсан гэж ордноор жиг жуг хийх нь бий. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын хүсэлтийг “ангийнхан” нь хүлээж аваагүй. Гэхдээ төрийн эрх барих дээд байгууллага, хөнжил түрийтэй холбоотой асуудал хэлэлцэх хүртлээ дорд буусан онцгүй түүх үлдэж байна. Ядаж түүнтэй нэгэн цагт асуудал нь сөхөгдсөн УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд хуулийн хаалга татсан байтал Д.Мурат зориг дутсан нь нэр хүндээ чангаалгах гогцоо гаргасан хэрэг.  УИХ-ын гишүүн болсноосоо хойш хэвлэлд ганц, хоёроор тоологдох ярилцлага өгч, бусдад бэлгийн дарамт үзүүлсэн тухай дуулианаасаа жийрхэн сэтгүүлчдээс зайгаа барьсаар явж байгаа. Яг тэр цаг үедээ чуулганы хуралдаанд суухаас ч зайлсхийж байсан. Өөрийнх нь нэрээр авторлогдох хуулийн төсөл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гараагүй байх шүү. Намынхан нь “Уг хүн нь зөөлөн шүү дээ” гэж өмгөөлдөг боловч тэрбээр дараагийн сонгуульд орох эсэх нь тун эргэлзээтэйгээр бүрэн эрхээ дуусгах цаг нь дөхөж явна.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.191.141) 2020 оны 04 сарын 21

4 жилд нэг ч удаа удаа дуугараагүй хээгүй тийм хүнийг дэвшүүлнэ гэвэл тийм захаас аваад олдоноо

0  |  0
Ок(202.126.89.98) 2020 оны 04 сарын 19

Абкбакир, Мүпти, Бейсен, Бауыржан гэх мэт шинэ хүмүүсээ сонгоё. Бусад нь 4 жил гишүүн байхдаа яг юу хийсэн вэ?

0  |  1
Казах(202.55.188.93) 2020 оны 04 сарын 21

УИХ-ын гишүүн Г.Солтан хээгүй сайн хүн шүү дээ. Дэмжиж байна. Бусад 2 хэрэггүй.

0  |  2
Өлгийн иргэн (202.55.188.82) 2020 оны 04 сарын 21

Манай аймгийн сонголт Г.Солтан гишүүн. Сонгогдсон тойрогтоо түүхэн бүтээн байгуулалт хийж чадсан хүн. Ард иргэд дэмжиж байгаа.

0  |  2
Иргэн(66.181.161.68) 2020 оны 04 сарын 18

Монголоор нэг бүтэн өгүүлбэр хэлж чаддагүй банзалдаж явдаг Мурат шиг гишүүнийг сонгох нь БӨ чүүдийг доромжидсон хэрэг бсн. яхав тэрний сонгуулийн баг нь мундаг бж болно. Дахиж ингэж болохгүй. Султан ч гсн Казак түмнийг төлөөлж төр түшилцдэг хүн биш. Баделхан сайн бизнесмен хүн. Казакчуудын эрх ашгийг хамгаалж зоригтой 1ч дугарч чадахгүй. Бакей гуай гайгүй ч тэр хүнээс олигтой юм хүлээгээд хэрэггүй. Залуусаа дэмжих хэрэгтэй. МАХН-д 2 шазруун боловсролтой залуу бн лээ. тэр 2 - т Аубакир гдг залууг нэмээд төрд явуулхя

1  |  0
Songogch(43.228.129.249) 2020 оны 04 сарын 19

Bayan-Ulgiinhniig Bakei turd tuluulj suuh bolomjtoi hun

0  |  1
ЗОЧИН(202.126.89.100) 2020 оны 04 сарын 19

2020 ОНЫ СОНГУУЛИАР ЭНЭ ГУРВАН ТУШЭЭГ СОНГОХГУЙ АРД ТУМЭН АЛЬ ЭРТ ШИЙДСЭН СУРАГТАЙ.

0  |  1
Зочин(202.126.89.100) 2020 оны 04 сарын 19

ЕР НЬ УИХ-ЫН ГИШУУД ТОЙРОГТОО БУТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА ГЭДЭГ ЯРИАГАА БОЛИООРОЙ.АРД ТУМНИЙ ТАТВАРЫН МОНГООР БАРИГДАЖ БУЙ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ ОГТ ХАМААГУЙ ХУМУУС РУУ НААГААД БАС Л НОГОО УИХ-ИЙГ ГОЁ ХАРАГДУУЛАХ ГЭСЭН ЦУНХ БАРИГЧ НАРЫН ДОЛИГНУУР ЗАН МОН УИХ-Д СОНГОГДСОН БУТЭЛ МУУТАЙ ГИШУУДИЙН ХИЙЖ БУЙ АЖИЛ.БАЯН-ОЛГИЙН ТОЙРОГООС СОНГОГДСОН Х.БАДЕЛХАН ГИШУУН ОНГОРСОН 4 ЖИЛД АЙМАГТ БАРИГДСАН ЗАМЫН АЖЛУУДЫН ТЕНДЕРИЙГ ЗД ГЫЛЫМХАНТАЙ НИЙЛЖ ЖОЛ КОМПАНД ДАВУУ ЭРХ ОЛГОЖ ХАМАГ МОНГИЙГ ХУССАН.МОН ЖДУ САНГААС ООР КОМПАНИ АШИГЛАН МОНГО ХУССАН.ЗД ГЫЛЫМХАН ЭНЭ 2 -ЫГ УДАХГУЙ АТГ ШАЛГАХ БАЙХОО.СОЛТАН

1  |  0
Зочин(64.119.26.234) 2020 оны 04 сарын 18

Эднээс уг нь хамгийн нуруутай нь Солтан юмшүү дээ. Даанч шал дэмий юманд нэр холбогдчихлоо. Төрд хэрэгтэй туйлширдаггүй сайн улс төрч гэвэл Солтаныг хэлэх байх.

0  |  0
Жан(202.55.188.86) 2020 оны 04 сарын 17

Баянөлгийгээс Болат,Сандалхан,Телейхан,Баделхан нар бол ард түмнийхээ нэр төрийг сайнаар дуурсгаж монголын төрд үнүүлсэн улс. Мурат,Жекей нар бол нэр баастсан улс даа.

0  |  0
Onerbek(202.126.89.114) 2020 оны 04 сарын 17

Soltan gishuun shig toirogtoo buteen baiguulalt hiisen gishuun baihgui. Demjinee!

0  |  0
Зочин(139.5.219.19) 2020 оны 04 сарын 17

Баян-Өлгий аймгаас Тлейхан Баделхан хоёр тун сайн улс төрчид юм шиг санагддаг шүү.

0  |  0
зочин (66.181.188.52) 2020 оны 04 сарын 17

Энэ муу 3 юу хийсийм вэ зайлцгаа төрийн мөнгийг өөрийн хөө компанид өгч зам бариулдаг, өөр компаний нэрээр барилга бариулж ашиг олж байгаа ш дээ . бүгд нэр холбогдсон .УИХ”д намдаа суудал авч өгье гээд очиж байгаа хэн ч байхгүй мөнгөө өсгөж авах гээд очиж байгаа шдээ

0  |  0
Irgen(202.126.88.140) 2020 оны 04 сарын 17

Soltan bol jinhene JDY-chin gedgee l notolson. Uur yumgui dee

1  |  0
Зочин(66.181.161.125) 2020 оны 04 сарын 18

Солтан гишүүн бол гишүүн шиг гишүүн шүү тойрогтоо шударга. Бүтээн байгуулалт эрчимтэй хийгдсэн шүү. Гишүүнээ дэмжинээээээээ.

0  |  3
Top