[ТОЙРОГ 76] Увсаа цэнхэртүүлж, улсаа улайлгахгүй “ХӨРӨНГӨТНҮҮД”

2020 оны 05 сарын 13

"Өглөөний сонин”, Zindaa.mn сайт хамтран сонгогчдын боловсролд зориулан бэлтгэж буй "ТОЙРОГ 76" цуврал үргэлжилж байна. 

Увсчуудыг эртнээсээ сонголтдоо үнэнч, сонгоно гэсэн хүндээ л дахин, дахин итгэл үзүүлдэг гэдэг нь туйлын үнэн аж. Магадгүй Увс аймаг Ховдоос дутуугүй олон ястнаас бүрддэг бөгөөд овог, удмын зохион байгуулалтад орчихсон байдаг нь “үнэнч” гэх шалтгаан болдог болов уу. Энэ л овог удамтай ойлголцсон, тэдэнтэй хэл амаа олчихсон гишүүн бол унах, ялагдах тухай саналтгүй хэмээдэг. Гэхдээ ямар учиртайг ухсангүй, цагийн цагт “Коммунист” хэмээн хараалгаж ирсэн МАН-ыг 90 гаруй хувьд нь сонгож ирсэн түүхтэй. Яахав, АН-аас Н.Алтанхуяг гэх мэт ганц нэгэн хүнийг сонгож байсан удаа байдаг ч 2016 оны сонгуулиар өнгө алаглаад байхаар нь цэнхэр талын цор ганц дайчныг “хөөгөөд” явуулсан бололтой.

Өөр нэг гарсан өөрчлөлт гэвэл тус аймагт дархлагдан, буг болоод байсан Ц.Нямдорж  2016 оны сонгуулиар нийслэл рүү “туугдаж” ирсэн нь зүгээр ч нэг тохиолдол биш. Эх сурвалжийн хэлж байгаагаар өдгөөгийн сайд Н.Цэрэнбатад мандатаа өгсөн гэдэг. Энэ нь үнэн бол тойргийн наймаа, хоёр намын тохиролцоо байсан бололтой.

Тэгэхээр өдгөө Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэндээ дархан түшээгээр цоллуулж, удаад нь хөрөнгөлөг гишүүн Б.Чойжилсүрэн бэлээрээ гайхуулж, дараа нь шинэхэн гишүүн, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Шинэ баян цээж өвчтэй”-н дүр эсгэн, увсчуудаа парламентад төлөөлөн сууна. Гэхдээ энэ гурван нөхрийн аль аль нь таргийн таван ямаатай тарчиг нөхөд биш, хөрөнгөлөг гэдгийг хүмүүс мэднэ биз ээ.

Гучиннэгдүгээр тойрог: Б.Чойжилсүрэн

Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Давст, Сагилыг хамрах 31 дүгээр тойрогт ялалт байгуулсан нөхөр бол УИХ-д гурвантаа сонгогдоод байгаа, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн юм. Тэр өнгөрөгч сонгуулиар зүдүүхэн өрсөлдөгчидтэй байсан ч ялалтаа 51 хувиар байгуулсан нь түүний хувьд чамлалттай. Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр мандаж ахуй цагт буюу 2006 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт дэд даргаар ажиллан, улс төрийн карьераа эхлүүлж байсан энэ нөхөр үймээн дэгддэг 2008 оны сонгуулиар парламентад гэнэт ороод ирсэн.

Түүний хувьд Монголын баячуудын нэг учраас тойргоо мөнгөөр угждаг гэх үнэн худал нь үл мэдэгдэх яриа олон жилийн турш тасралтгүй явсан. Тиймээс “Мөнгөний бурхан” болсон Б.Чойжилсүрэнтэй өрсөлдөх нь ялагдах магадлалтай ч өнгөрөгч 2016 оноос хойш тойрогтоо дорвитой ажил хийгээгүй гэдэг нэрийг хэн нэгэн нь зүүгээд өгч. Нөгөө талаар тэр УИХ-д гурав дахь удаагаа увсчуудыг төлөөлсөн ч “академик” түвшинд ямар нэг ажил хийгээгүй, мөнгө тараадаг, бүхий л асуудлыг мөнгөөр шийддэг гэх хэл ам байнга дагадаг. Гэхдээ л тэр ялдаг. Тэгэхээр энэ нь буруу ташаа мэдээлэл байх. Эсвэл нутаг зондоо ихээхэн өглөгийн эзэн байх.

Үүнээс болон тал талын мэдээллээс харвал Увс аймгийн иргэд бодит ажил хийдэг гишүүнтэй болъё гэж үзсэн бол тэр унаж таарна. Эсвэл Увсын сонгогчдод хөрөнгө мөнгө харж сонгодог бол тэр УИХ-д дөрвөнтөө сонгогдох болж байна. Ямартай ч 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Сангийн сайдаар морилж ахуй цагт нь Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөр оруулж, хөрөнгө оруулалт танаж, төсөв хумих үүрэг авсан. Гэвч улсын мөнгөний авдарны түлхүүр атгаж суусан Б.Чойжилсүрэн Төсвийн тодотголоор тойрогтоо чамгүй хөрөнгө татсан гэдэг. Өдгөө ч тэр Төсвийн байнгын хорооны даргаар ажилладаг гэхээр тойрогтоо хөрөнгө татах эрмэлзэл байдаг байх. Хүнд хэцүү цагт тойрогтоо төсөв татаж байна гэдэг нутаг зоноосоо том үнэлгээ авч байгаагийн нэгэн жишээ. Нөгөө талаар Увс аймгаас гурвантаа сонгогдож, нутгийн зонтой учраа олоод сурчихсан гишүүнд боломж бий бөгөөд увсчууд сонголтондоо үнэнч ард түмэн.

Мөн нэг асуудал нь энэ тойрогт чухам ямар өрсөлдөгч байх вэ гэдгээс ихээхэн зүйл шалтгаалах ч АН-аас тийм ч хүчтэй өрсөлдөгч очихгүй л болов уу. Түүнд сөргөөр тусах нэг асуудал нь уул уурхай. Эрхэм гишүүний уул уурхайн гүйдэл нь ганц газраар тогтохгүй, аймаг хошуу дамжин яригдах ч Увс аймагтаа уул уурхай эзэмшдэггүй аж. Ялангуяа говийн аймгуудад лиценз эзэмшиж, нутгийн ард түмний эсэргүүцэлтэй тулгардаг. Зарим газарт компанийнхаа үйл ажиллагааг цуцлуулж явсан гээд өмнө зүгийн нутагт бол муу нэр зүүсэн. Сайн нэр нь гэвэл нутагтаа хөрөнгө оруулахаас эхлээд нутгийн иргэдийг ч ажлын байраар хангасан гэх. Тэгэхээр говийн аймагт авсан муу нэр хангайн аймгийн  сонгогчдын саналд юунд нөлөөлөх билээ гэж бодож болох.

Чухам тэр жинхэнэ амьдралын хөрсөн дээр буусан хууль санаачлаад, хэлэлцүүлээд батлуулаад байсныг мэдэх юм алга. Үүргийн дагуу ажлын хэсэгт орж ажилласан нь ойлгомжтой. Эрх биш Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа хүний хувьд тэр зүгийн хуульд манлайлан оролцдог биз. Ийм л нэг хөрөнгөлөг нөхөр удахгүй Увс аймагт дөрөвдөхөө өрсөлдөхөөр мордоно.

 

Гучинхоёрдугаар тойрог: Н.Цэрэнбат

Аймгийн төв Улаангом сум, Малчин, Хяргас, Наранбулаг, Завхан сумдыг хамаарах УИХ-ын сонгуулийн 32 дугаар тойрогт өдгөөгийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ялалт байгуулсан. Ялах ялахдаа тухайн үед хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор нэрлэгдэж байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг 58 хувийн саналаар унагааж гарч ирсэн шүү. Улс төрд одоогоор талбай бага ч бизнест өргөн хүрээг хамрах энэ залуу хөрөнгө мөнгөөр ямар ч өрсөлдөгчөөс дутахгүй.

Үүнээс гадна салбарын сайдаар ажиллаж байгаа гээд сонгогчдынхоо дунд чамгүй дэмжлэгтэй нэгэн. Гэхдээ саяхан УИХ-ын гишүүний туслахаас улс төрийн карьераа эхлүүлж байсан намтар нимгэн энэ залууд захын өрсөлдөгч хатуудаж болох сонгууль угтана. Улиран одож буй дөрвөн жилд тойрогтоо товойж овойх зүйл хийгээгүй байх. УИХ-ын гишүүний ажил бол хууль тогтоох учраас тойрогт бүтээн байгуулалт хийх биш хэмээн өршөөж болох ч сонгогчид ямар нэгэн гарт баригдаж, нүдэнд үзэгдэх зүйлд л саналаа өгдгийг мартаж болохгүй. Ямартай ч Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын хувиар улс орныг хамрах хүрээнд эрх биш овоглох бага ч атугай ажил үлдээгээ биз ээ. Наад зах нь түүнд Улаанбаатарын утааг бууруулах хүрээнд “Таван толгой түлш” үйлдвэр, утаагүй түлш гээд өөртөө олоод наачих зүйл олдоно. 

2005 онд “Увс хүнс” компанийн дэд захирлаар ажиллаж, бизнест амжилттай явж байсан нөхөр 2010 онд УИХ-ын гишүүний туслахаар ирсэн энэ залууд улс төр гэх цоо шинэ ертөнц байсан байж таарна. Эргээд бизнесийн салбартаа ирж, “Трансинконсулт” ХХК-д ажилласан гээд бизнестэй салшгүй холбоотой нөхөр. Хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал тоолж барахгүй олон компани байх аж. Уг нь тэр Н.Алтанхуягийг дагаж их улс төрд хөл тавьсан гэх нь бий. Гэтэл нэг тойрогт өрсөлдсөн нь цаанаа учиртай болов уу. МАН, АН дундын тохиролцооны тойрог дээр түүнийг Н.Алтанхуягийн аманд хаяж өгсөн нь ийнхүү ялалтаар өндөрлөсөн байхыг үгүйсгэхгүй. Энэ бол улс төрд байдаг л тохиролцоо, намууд дундаа өгдөг авдаг л зүйл. Салбарын сайдын хувьд байгаль орчны чиглэлд хийж амжуулсан зүйл олон бий. Туул голын эрэг дагуух газрыг цэгцлэхээс эхлээд нийслэлд амжуулсан ажлыг дурдахгүй өнгөрч болохгүй. Олон жил түмний анхааралд байсан Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авахад түүний үүрэг оролцоо байхаас өөр аргагүй. Нөгөө талаар ус нутгийн гишүүний компанийн үйл ажиллагааг зогсоон тусгай зөвшөөрлийг нь цуцлах гэдэг амаргүй. Гэвч тэр энэ бүхнийг гүйцэтгэхээс өөр арга байгаагүй. Тийм дээ ч тусгай хамгаалалттай газрын нутагт замбараагүй олгогдсон зөвшөөрлөөс болж Богдхан ууланд хороолол бий болсон байна хэмээн нэгэн цагт бизнест мэндтэй явсан нөхдөө хүртэл шүүмжлэхэд хүргэсэн. Хэвлэл мэдээллийнхний дунд хэргээр ийн хэлсэн ч байж болно. 

Тийм дээ ч урьд цагийн нөхөрлөлөө санадаг сан уу яасан, “Тусгай хамгаалалттай газар босгосон байгууламжуудыг шууд хууль зөрчсөн байна гэж нураагаад албадан цэвэрлэх гэхээр санхүүжилт гаргаж чадахгүй байснаар энэ асуудал хүндэрсэн” хэмээн булзаж, хугацаа хожиж байснаас харвал бас л нэг заль хэрэглэсэн арга байв уу. Улстөрчийн заль байв уу. Увс аймгийн хоёр дахь түшээ бол ийм нэг улс төрийн нимгэн намтартай нөхөр.

Гучингуравдугаар тойрог: Ч.Хүрэлбаатар

Улс төрд яах аргагүй хуучин кадруудын нэг болсон нөхөр бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Түүний тойрогт Өндөрхангай, Өмнөговь, Бөхмөрөн, Түргэн зэрэг сумыг хамарч байв. Увс аймагт дархлагдаад байгаа Ч.Хүрэлбаатарын хувьд 2000 оноос Ерөнхий сайдын  зөвлөхөөр улс төрийн карьераа эхлүүлж, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Түлш эрчим хүчний сайдаар томилогдон ажиллаж, улмаар 2008 онд парламентад сонгогдсон гээд улс төрийн карьер нь тасралтгүй өсөж өнөөдөрт хүрсэн хүн. Өдгөө Сангийн сайдаар “Давхар дээл”-тэй ажиллаж байгаа зэргээс харвал Увс аймагт яаран өвдөг шороодохгүй. Цар тахлын үед ч Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь Ч.Хүрэлбаатарын нэр хаяггүйгээр явахгүй учраас түүний рейтинг ч гайгүй байна. Цар тахлаас хойш цөөн тооны сайд л түмний өмнө байнга ил гарч ирж байгаа. Гарч ирэхдээ байнга ард түмэнд эерэг тусах мэдээлэл дуулгаж байгааг анзаараа биз. Тэр тусмаа Сангийн сайдгүйгээр эерэг мэдээлэл явах учиргүй гээд олон давуу тал байна, түүнд.

Мэдээж, буурь суурьтай гишүүний хувиар тэр хууль тогтоох, санаачлах, батлуулах ажилдаа бусдын өмнө биш ч хойно ордоггүй. Тухайлбал, Татварын багц хууль, Тендерийн хууль хоёрыг Засгийн газраас оруулж батлуулахад үүрэг гүйцэтгэсэн гол хүн нь Ч.Хүрэлбаатар. Тэр тусмаа Татварын хуулийг улам нарийн тодорхой болгох шаардлага байсан. Татварын хууль олон нөхөөстэй хуучин зам шиг байсныг шинэчлэх ажлыг хийсэн гэж тэр өөрөө хэлсэн. Тойрогтоо чамгүй хөрөнгө татсан нөхдийн тоонд зүй ёсоор орно.

Нэгэнтээ УИХ-ын зарим гишүүд “Сангийн сайд аймагтаа бусад аймгаас 5-10 дахин, тойрогтоо бусад гишүүнээс  4-5 дахин их мөнгө тавьсан. Би хувьдаа шударга бус хуваарилалт, эрх ашгийн зөрчил, албан тушаалаа хэтрүүлж хууль зөрчсөн үйлдэл гэж харж байгаа” хэмээж байснаас харвал тойрогтоо хөрөнгө татсан бололтой. Албан гэж болох нэг мэдээлэлд 2020 оны төсөвт Увс аймагт 60 гаруй төсөл хэрэгжүүлэхээр 41.1 тэрбум төгрөг суулгасан гэж байсан. Энэ нь бас л Ч.Хүрэлбаатарын дүрийг тойрогт нь тодруулна уу гэхээс бүдгэрүүлэхгүй. Тэр элдэв бараан зүйлд нэр холбогдоод байдаггүй ч “Хотгор шанага”-ын уурхайг солонгосчуудад зарсан гэх баримт бүхий мэдээллийг УИХ-ын танхимаас эхлээд бүхий л хэвлэл мэдээллээр цацсан. Ямартай ч баримт дэлгэсэн нөхөд гүтгэсэн гэж буруудсангүй. Баримтаа дэлгүүлсэн гэх Ч.Хүрэлбаатар уурхай зарж хууль бус зүйл хийсэн гэх шүүхийн тогтоол надад алга болохоор энэ тухайд хойш тавих нь зүйн хэрэг.

Гэхдээ түүнд нутагтаа үйл ажиллагаа явуулдаг Аж ахуйн нэгж бий гэх мэдээлэл бий.  Тодотговол Ч.Хүрэлбаатарын садангийн нөхдийн эзэмшил бүхий “Хотгор шанага”-ын уурхайг Ч.Ганболд гэх нөхөр орон нутагт хариуцан ажиллаж, ихээхэн хэмжээний хувь хүртсэн гэдэг. Энэ бол иргэдийн үг. Сонгогчдын дундаас гарч байгаа гэхээр бас л асуудал. Магадгүй түүнтэй айсуй сонгуульд өрсөлдөгчдийн зүгээс явуулдаг сөрөг мэдээлэл ч байж болох юм. Юуны өмнө түүнийг айсуй сонгуулиар тойрогтоо оруулсан хөрөнгө оруулалт нь түшнэ. Хоёрдугаарт хуучин буйр нь түшнэ. Гуравдугаарт, яг өдгөө өндөр авсан нэр хүнд нь түшнэ. Тэгэхээр өрсөлдөгчийн хүч, нарийн арга, тухайн цагийн байдал хоёр л хасах оноо авчирна. Хамгийн гол нь уул уурхайтай холбогдсон асуудлыг өрсөлдөгчдийн зүгээс сэвж таарна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.4) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Иргэн(192.82.73.26) 2020 оны 05 сарын 14

Чойжоог энэ удаа алгасвал яасан юм. Мөнгө өгч санал авсан, Тост ТосонБумбыг тоносон гээд дуугүйхэн сууж байгаад дуулиантайхан хэрэг тарьсан шүү.

0  |  1
Su sh(202.179.24.105) 2020 оны 05 сарын 13

МАНАН гийн новшнууд

0  |  0
Top