ТОЙМ: Энэ долоо хоногт ДЭЛХИЙ ДАХИНАА

2019 оны 03 сарын 30

Энэ долоо хоногт сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа “Boeing 737 MAX 8” загварын онгоцны ослуудтай холбоотой баримтууд болон дахин нэг онгоц АНУ-д ослын буулт хийсэн нь олны анхаарлыг татаж, түгшээлээ. Мөн Казахстанд болсон “Ми-8” нисдэг тэрэгний осол, Өвөр Монголд буутай этгээд гал нээж, таван хүний аминд хүрсэн зэрэг нь дэлхий нийтийн анхаарлын төвд байсан юм.

Даваа гарагт /2019.03.25/ Өвөр Монголын зүүн нутгийн Кайлу мужид буутай эрэгтэй гал нээж, таван хүнийг хөнөөсөн цочирдом хэрэг гарсан. Зэвсэгт халдлага гарах нь ховор, галт зэвсэг ашиглах хууль нь хатуу Хятад улсад ийм хэрэг гарсан нь олон улсын анхаарлыг татаж байгаа билээ. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд цагдаа нар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа аж.
Галт зэвсгийг хувь хүн ашиглахыг хатуу хориглодог Хятад улсад хүмүүс хар захаас болон онлайнаар буу худалдаж авах тохиолдол байдаг аж. Гудамжинд, дэлгүүрүүдийн хажууд болсон дээрх хэргийн санаа сэдэл нь одоогоор тодорхойгүй байна.

Түүнчлэн энэ долоо хоногийн эхээр Их Британийн угсаа залгамжлах хунтайж Чарльзын эхнэр Камиллагийн хамт Кубад хийсэн гурван өдрийн айлчлал мөн олны анхаарлын төвд байлаа. Энэ айлчлал нь Их Британийн хатан хааны гэр бүлээс коммунист дэглэмтэй улсад айлчилсан анхны тохиолдол болсон юм. Хунтайж Чарльз Карибын тэнгисийн бүс нутагт хийж байгаа айлчлалынхаа хүрээнд Кубад очсон нь их учиртай гэж шинжээч нар тайлбарлаж байна. Европын Холбооноос гарах гэж буй Их Британийн эрх баригчид Кариб дахь хуучин колонийн орнуудтай төдийгүй Кубатай харилцаа, худалдаагаа нэмэгдүүлж, улс төрийн нөлөөгөө өсгөхийг эрмэлзэж байна гэж ажиглагчид дүгнэв.

Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялахдаа ОХУ-тай хуйвалдсан эсэхийг тогтоох зорилготой шалгалтын тайланг Конгресст танилцуулсан. 674 хоног үргэлжилсэн шалгалтаар Доналд Трамп болон түүний багийнхан 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ОХУ-ын Засгийн газартай хуйвалдаагүй, ямар нэгэн байдлаар хамтран ажиллаагүйг тогтоожээ. Гэхдээ Оросын зүгээс Ардчилсан нам болон Хиллари Клинтоны мэйл хаягт хууль бусаар нэвтэрсэн нь үнэн гэж тайланд дурдсан байна. Шалгалтаар илэрсэн баримтуудыг харж байж цааш үргэлжлүүлэн мөрдөх эсэхийг АНУ-ын ерөнхий прокурорын мэдэлд үлдээжээ.

Тэгвэл Венесуэл улсыг өнгөрсөн даваа гарагт дахин харанхуй нөмөрсөн юм. Тус улсын газар нутгийн талаас илүү хэсэгт нь цахилгаан эрчим хүч тасалдаж, энэ сарын эхээр хэд хоног үргэлжилсэн харанхуй өдрүүд дахин тохиолдов. Венесуэлийн эрх баригчид энэ явдлын гол буруутнаар АНУ-ыг нэрлэжээ. Америкийн гар хөл болсон хүмүүс хорлон сүйтгэх ажиллагааны нэг хэсгийг гүйцэтгэж байна гэж Венесуэлийн эрх баригчид мэдэгдсэн байна.

Энэ сарын 26-нд АНУ-ын “Southwest Airlines” агаарын тээврийн компанийн “Boeing 737 MAX 8” онгоц ослын буулт хийсэн. Энэ загварын хоёр онгоц таван сарын зайтай осолдсоны дараа АНУ “Boeing 737 Max 8” онгоцуудаар нислэг  үйлдэхийг  хориглож,  онгоцуудаа Викторвелл хотод түр хугацаанд байршуулахаар зөөж байхад ослын буулт хийжээ. АНУ-ын Холбооны нисэхийн ерөнхий газар уг асуудлыг шалгах тусгай баг томилон ажиллуулж байгаа аж. Таван сарын зайтай хоёр удаа сүйрч, 300 гаруй хүний амь насыг авч одсон “Boeing 737 MAX 8”  загварын онгоцны асуудлаар шинжээчид онгоцны хяналтын системд нь өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр сүүлд осолдсон Индонезийн “Lion Air” агаарын тээврийн компанийн “Boeing 737 MAX 8” болон Этиопын “Ethiopian Airlines” компанийн онгоцонд аль алинд нь нисгэгч нарт анхааруулга өгөх  зориулалттай систем байгаагүй гэнэ. Улс орнууд “Boeing 737 MAX 8” онгоцыг нислэгт гаргахыг хориглоод байгаа билээ. Хэзээнээс энэ онгоцоор нислэг үйлдэж   болох нь тодорхойгүй байгаа юм. Агаарын тээврийн компаниуд  “Boeing 737 MAX 8”  онгоцондоо нэмэлт хяналтын систем суурилуулахад төлбөр төлөх шаардлагагүй аж.

Энэ долоо хоногт АНУ-ын Нью-Йорк мужид улаан бурхан өвчинтэй холбоотойгоор онц байдал зарласан юм. Вакцинд хамрагдаагүй хүүхдүүд олон арваараа улаан бурхан өвчнөөр маш хүнд өвджээ. АНУ-д сүүлийн жилүүдэд вакцинд хамрагдалтын тоо эрс буурсан нь энэ өвчлөлийн гол шалтгаан болсон байна. Улаан бурхан өвчний халдвар эрс нэмэгдэж байгаа учир Нью-Йоркт вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг олон нийтийн газруудаар явуулахгүй байх шийдвэрийг 30 хоног дагаж мөрдөхөөр болоод байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-д хандан Венесуэлээс цэргээ гаргахыг шаардсан. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ОХУ-ын армийн нисэх онгоцууд Венесуэлд газарджээ. Оросын 100 орчим цэргийн алба хаагч Венесуэлд очсон гэх мэдээлэл гарсан байна. Тэднийг тусгай хүчний цэргүүд болон кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд гэж АНУ-ын эрх баригчид сэрдэж байгаа аж. Түүнчлэн Канадын эрх баригчид өчигдөр /2019.03.29/ Оросын нисэх онгоцууд Венесуэлд очсонд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн. Тэд Венесуэлд бүс нутгийн аюулгүй байдалд аюул учруулах цэргийн хүчнийг байршуулахыг эсэргүүцсэн юм. Венесуэлд ардчиллыг сэргээхийн тулд асуудлыг энх тайван замаар зохицуулахыг Канадын эрх баригчид уриалж буй. Мөн Венесуэлийн Ерөнхийлөгч гэж өөрийгөө зарласан Үндэсний ассамблейн тэргүүн Хуан Гуайдог тус улсын төрийн албан тушаалд ажиллахыг 15 жилийн турш хориглосныг Канад улс шүүмжилсэн.

Казахстаны Батлан хамгаалах яамны “Ми-8” нисдэг тэрэг энэ сарын 27-нд сургуулилт хийж яваад сүйрлээ. Ослоор 13 цэргийн алба хаагч амиа алдсан юм. Сургуулилт, шалгалт хийхээр Актау хотоос Шымкент рүү нисч явсан дөрвөн нисдэг тэрэгний нэг нь сүйрсэн ослын шалтгааныг тогтоохыг Казахстаны шинэ Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Батлан хамгаалах яам болон Дотоод хэргийн яамандаа  даалгажээ.
“Ми-8” нисдэг тэрэг харанхуйд, цаг агаарын хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байсан гэдгээс өөр тодорхой мэдээлэл байхгүй юм.

Энэтхэг улс өнгөрсөн пүрэв гарагт анх удаа тойрог замын нам өндөрт яваа хиймэл дагуулыг пуужингаар устгаж чадсанаа зарласан. Ингэснээр Энэтхэг улс АНУ, ОХУ, Хятадын дараа ASAT (Anti-Satellite weapons) буюу хиймэл дагуул устгах зэвсэгтэй дэлхийн дөрөв дэх гүрэн болоод байна. Харин АНУ энэ туршилтаас болж дэлхийн тойрог замд сансрын хог хаягдал нэмэгдсэн гэж шүүмжилж, Энэтхэгт анхааруулга өгчээ. Тэгвэл Энэтхэг улс хиймэл дагуулаа устгаж туршихдаа ямар хог хаягдал үүсгээгүй, үүссэн хэлтэрхийнүүд бүгд агаар мандалд унаж устсан гэсэн тайлбар хийсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт Киргизистанд нэг өдрийн айлчлал хийлээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр Киргизстан дахь ОХУ-ын цэргийн баазын эзэмшил газрыг 0.6 км.кв талбайгаар нэмэх тохиролцоо хийжээ. Путин хариуд нь Киргизийн Кант хот дахь агаарын баазын газрын түрээсэнд жил бүр 4.5 сая доллар төлдөг байснаа 4.79 сая доллар болгож нэмсэн байна. Түүнчлэн айлчлалын үеэр нийт 12 тэрбум долларын дүнтэй хамтын ажиллагааны 65 гэрээ байгуулсан гэж Оросын хэвлэлүүд мэдээлсэн байв.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа баасан гарагт Хятадын төлөөлөгч нартай худалдааны зөвшилцлийн асуудлаарх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа мэдлэгдэв. Хэлэлцээ дахиад хэдэн долоо хоног, сар үргэлжилсэн ч хамаагүй гэж АНУ-ын Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Лоуренс Кадлоу мэдэгджээ. Америкчууд өөрсдөдөө ашигтай шинэ хэлэлцээр хийх хүсэлтэй байгаа аж. Тэд мөн Хятадын барааны татварын зарим хэсгийг цуцалж болно гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top