ТОЙМ: Энэ долоо хоногт ДЭЛХИЙ ДАХИНАА

2019 оны 04 сарын 28

Энэ долоо хоногт дэлхий дахинд олон чухал үйл явдал боллоо. Хошин урлагийн жүжигчин Владимир Зеленский Украины Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар түүхэн дээд хэмжээний уулзалт хийв. Түүнчлэн Монголд гарсан түймэр хил давж, ОХУ-д багагүй хохирол учруулсан бол Ливид маршал Халифа Хафтарын тэргүүлсэн Ливийн үндэсний арми нийслэл Триполи хот руу чиглэсэн давшилтынхаа хоёр дахь үе шатыг эхлүүлэв.

Украины хошин урлагийн жүжигчин, “Ард түмний үйлчлэгч” намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Владимир Зеленский өнгөрсөн даваа гарагт сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтад иргэдийн 73.7 хувийн санал авсан. Украины одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенког ялсан 41 настай Владимир Зеленский ирэх тавдугаар сарын 31-нд тангараг өргөнө. Петр Порошенкод иргэдийн 24.5 хувь нь саналаа өгчээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд болсон эхний шатны санал хураалтаар Владимир Зеленский сонгогчдын 30 хувийн, Петр Порошенко 17.8 хувийн саналыг авч байсан юм.

Украин улсыг таван жил удирдах Владимир Зеленский “Та бүхнийхээ итгэлийг алдахгүй. Би хараахан албан ёсоор Ерөнхийлөгчийн ажлаа хүлээж аваагүй байна. Гэхдээ Украин улсын иргэн хүний хувьд Зөвлөлтийн дараах улсуудад хандаж хэлэхэд, биднийг хараарай, боломжгүй зүйл гэж байхгүй” гэжээ. Тэрбээр улс орноо авлигаас ангижруулах, Донбасст энх тайвныг тогтоох гэсэн гол уриатай.

Багадаа Монголд амьдарч байсан Владимир Зеленский нь эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Түүний аав Монголд ажилладаг байсан тул Владимир Зеленский бага насандаа Эрдэнэт хотод дөрвөн жил амьдарсан гэдэг.

Шри-Ланкад Улаан өндөгний баярын үеэр зочид буудал болон сүмүүдэд дэлбэрэлт болж, 300 гаруй хүн амиа алдан, 520 хүн шархадсан. Нийт найман удаагийн дэлбэрэлтийн гурав нь зочид буудалд болжээ. Амиа золиослогч этгээдүүд Христийн шашны хоёр сүм, тансаг зэрэглэлийн гурван зочид буудалд бөмбөг дэлбэлсэн байна. Амиа золиослогчид Христийн шашны сүмийг гол байгаа болгожээ. Христийн шашинтнуудын жил бүр тэмдэглэдэг Улаан өндөгний баяр буюу Есүс Христийн дахин мэндэлсэн өдрөөр ийнхүү эмгэнэлт халдлага болж, улс орнууд Шри-Ланкад эмгэнэл илэрхийлж, хүнд хэцүү цаг үед тусалж дэмжихээ мэдэгдсэн.

Халдлагыг “Исламын улс” хэт даврагч бүлэглэл үйлдсэнээ зарлажээ. Тус бүлэглэл халдлага үйлдэгчдийн нэрийг нийтэд зарлаад “Тэд “Исламын улс”-д үнэнчээ тангарагласан дайчид байлаа” гэсэн байна. Дэлбэрэлтэд гадаадын 35 хүн өртжээ. Тэд АНУ, Япон, Хятад, Их Британи, Германы иргэд аж. Халдлагатай холбоотойгоор 40 хүнийг баривчлаад байгаа аж.

ОХУ-ын Буриад, Өвөр Байгалийн хязгаарт өнгөрч буй долоо хоногт ой, хээрийн түймэр дэгдлээ. Түймэр замдаа таарсан тосгон, суурин газруудыг үгүй хийжээ. Салхины улмаас түймэр богино хугацаанд их талбайг хамарч, урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авсан байсан ч Монголоос хоёр түймэр, Хятадаас нэг түймэр  хил даван орж ирсэн байна. Албаныхны ярьж буйгаар Монголоос орж ирсэн түймэрт Өвөр Байгалийн хязгаарын Усть-Ималка тосгоны 63 байшин, барилгын 38 нь шатаж, ард иргэд нь орох оронгүй болжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин галыг хурдан шуурхай унтраах үүрэг өгсөн байна. Түймрээс болж Өвөр Байгалийн хязгаарын Байгалийн нөөц, экологийн сайд Анатолий Романовыг ажлаас нь халжээ.

Түймрийн хохирлын хэмжээг тогтооход нийт 17 тосгон, суурин галд өртөж, 109 барилга, байшин шатсаны 99 нь хувийн байшин байсан гэнэ. Гэр орон, өмч хөрөнгөө алдсан хүний тоо 400 гаруй болжээ. 30 хүн гэмтэж, дөрвөн хүн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Ливийн Үндэсний арми өнгөрч буй долоо хоногийн эхээр Триполид агаарын цохилт өгч болзошгүй байна гэх мэдээлэл гарсан билээ. Уг мэдээлэлтэй холбоотойгоор Триполи дахь “Митига” олон улсын нисэх онгоцны буудлыг түр хаасан. Тус улсын иргэний агаарын тээврийн газраас мэдээлснээр аюулгүй байдлын үүднээс олон улсын нисэх онгоцны буудлын агаарын орон зайд нислэг хийхийг түр зуур хориглоод үдээс хойш нь нислэгийг зөвшөөрчээ.

Ливи улсын засгийн эрх мэдэл хуваагдмал, байдал тогтворгүй байгаа юм. Фаиз Сараж тэргүүтэй Үндэсний зөвшилцлийн Засгийн газар нийслэл Триполи хотод байгаа бол Ливийн Үндэсний армийн дэмждэг, парламентаас сонгогдсон Абдалла Абдуррахман ат-Танигийн тэргүүлдэг сайд нарын түр танхим тус улсын зүүн нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Хафтарын арми Триполи руу чиглэсэн давшилтын хоёр дахь үе шатыг энэ сарын 23-нд эхлүүлэв. Маршал Халифа Хафтарын тэргүүлсэн Ливийн үндэсний арми давшилтын эхний үеийг дуусгасны дараа хоёр дахь үеийг явган цэрэг дайчлан эхлүүлжээ.

Ливийн үндэсний армийн командлагч маршал Халифа Хафтар энэ сарын 4-нд Триполи хотыг алан хядагчдаас чөлөөлөхөөр нийслэл Триполи хот руу давшилт хийхийг тушаасан билээ. Хафтарын армийн анги, нэгтгэлүүд Гарьян, Сурман хотуудад хяналтаа тогтоогоод байгаа бол Ливийн түр засгийн газрыг дэмжигч зэвсэгт бүлэглэлүүд Хафтарын хүчний эсрэг “Уур хилэнгийн галт уул” гэх ажиллагааг эхлүүлснээ зарлажээ.

2011 онд Ливийн удирдагч Муаммар Каддафийг унагаж, амийг нь хөнөөсний дараа тус улс нэгдмэл байдлаа алдаж, хоёр засгийн газар байгуулагдаад байна.  Ливийн зүүн хэсэгт ард түмний сонгосон парламент үйл ажиллагаа явуулж байгаа бол баруун хэсэг болон нийслэл Триполид НҮБ, Европын холбооны дэмжлэгтэйгээр байгуулагдсан Фрайз Сарраж тэргүүтэй үндэсний эв нэгдлийн засгийн газар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Зүүн хэсгийн эрх баригчид Ливийн үндэсний армитай хамтран ажиллаж байгаа аж.

Судан улсад эсэргүүцлийн жагсаал үргэлжилж буй. Олон мянган жагсагч Хартум хот дахь Суданы армийн төв штабын гадаа цугларч, иргэний зөвлөл байгуулан, төрийн эрх мэдлийг өгөхийг шаардаж байна. Тэд цэргийн зөвлөлийг Суданы Ерөнхийлөгч асан Омар аль-Баширын дэглэмийн “үлдэгдлүүд”-ээс бүрдсэн гэж эсэргүүцэж байгаа бол цэргийн зөвлөлийн зүгээс цэрэг-иргэний зөвлөл байгуулах асуудлыг судална гэжээ.

Жагсаалыг удирдагчид Судан улсыг шилжилтийн үед удирдах иргэний зөвлөлд өөрсдийн нэрийг дэвшүүлэхийг хүсч байсан нь талаар болж, сөрөг хүчнийхэн цэргийн зөвлөлтэй хийж буй яриа хэлэлцээг зогсоож, тэмцлээ эрчимжүүлнэ гэж мэдэгджээ. Тэд шилжилтийн Засгийн газар байгуулж, сонгууль хийх хүсэлтэй байгаа аж.

БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний 70 жилийн ойд зориулсан олон улсын тэнгисийн цэргийн жагсаал энэ сарын 23-нд Шаньдун мужийн Чиндао далайн боомт хотод боллоо. Арга хэмжээг БНХАУ-ын дарга бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга Си Жиньпин нээж, хүрэлцэн ирсэн гадаадын төлөөлөгч нартай уулзалт хийжээ. БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний ойд зориулсан сүрт жагсаалд оролцохоор 61 улс орны тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.

Жагсаалд 10 гаруй улсын 20 орчим цэргийн усан онгоц оролцжээ. Хятадын талаас жагсаалд 32 цэргийн хөлөг онгоц, 39 нисэх онгоц оролцохын сацуу шинэ үеийн цөмийн шумбагч онгоц, пуужин тээгч онгоцуудыг анх удаа олон нийтэд үзүүлсэн байна.

“Samsung”-ийн эвхэгддэг гар утаснуудыг зах зээлд жинхэнэ тэсрэлт хийнэ гэж үзэж байсан. Тэгвэл “Galaxy Fold” утас албан ёсоор худалдаанд гарах хугацааг тодорхойгүй хоногоор хойшлуулж буйгаа “Samsung” корпорац өнгөрсөн долоо хоногт зарлалаа. Зарим “Galaxy Fold”-ын дэлгэц гэмтэж, ажиллагаагүй болсон учир худалдаанд гарах хугацаа нь хойшилсон байна. Үүнийг “Samsung” төдийгүй гар утасны зэх зээл нэг алхмаар ухарч байгаа явдал гэж шинжээчид тайлбарлаж буй. “Galaxy Fold”-ыг технологийн хувьд шинэ эриний эхлэл гэж байсан юм. Эвхэгддэг утас нь 1980 ам.долларын үнэтэй. Гэвч хэд хэдэн хэрэглэгч “Galaxy Fold” утас нь нэг, хоёр хоног ашиглаад л эвдэрсэн талаар гомдол мэдүүлжээ. Хэрэглэгчид “Samsung” корпорацаас уг асуудлын талаар хариулт авахыг хүсч байгаа аж. “Samsung”-ийн зүгээс “Бид утасны үндсэн дэлгэц гэмтсэн гэсэн хэд хэдэн гомдол хүлээж авсан. Эвдэрсэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна” гэжээ.

Өмнөд Солонгосын Хууль зүйн яамны Гадаад иргэдийн асуудал эрхэлсэн газар энэ сарын 24-нд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн дөрвөн долоо хоног хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаад иргэдийг мөрдөн шалгасан шалгалтын дүнгээ танилцуулжээ. Шалгалтаар жуулчны визтэй хил нэвтрэн, хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаадын 498 иргэн, 44 ажилд зуучлагч, зөвшөөрөлгүй ажилд гадаадын иргэдийг авсан 93 солонгос ажил олгогч зэрэг нийт 635 хүнийг илрүүлсэн байна. Үүнээс зуучлагч гурван хүнд хэрэг үүсгэн шалгаж, ажил олгогч 74 хүнд торгуулийн арга хэмжээ авчээ. Харин хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн 494 гадаад иргэнийг албадан гаргасан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын анхны дээд хэмжээний уулзалт өнгөрсөн пүрэв гарагт Владивостокийн Русский аралд боллоо. Алс дорнодын Холбооны их сургуулийн байранд эхэлсэн уулзалт Владимир Путины нислэг хойшлогдсоноос болж төлөвлөсөн цагаасаа бага зэрэг хоцров. Гэхдээ тэд уулзалтдаа тун сэтгэл хангалуун байгаагаа хэвлэлийн бага хурлынхаа үеэр хэлж байсан юм. Путин уулзалтыг “төгс” боллоо гэж дүгнэсэн бол Ким Жон Ун ОХУ-ыг “нөхөрсөг агуу хөрш” гэсэн билээ. Тэдний хэлэлцээр 3 цаг 30 минут үргэлжилжээ. Ганцаарчилсан уулзалт л гэхэд хоёр цаг орчим үргэлжилсэн байна.

Олон улсын зүгээс энэхүү дээд хэмжээний уулзалтыг Солонгосын хойгийн нөхцөл байдлыг зөөлрүүлэхэд төдийлөн нөлөө үзүүлэхгүй, БНАСАУ ганцаардаагүй гэдгээ АНУ болон Хятадад харуулах гэсэн тактик, боломжит холбоотнуудтай яриа хэлэлцээ хийх болон пуужин турших бэлтгэлээ сэргээх нь Вашингтоныг хэлэлцээрийн ширээний ард эргэн авчрах арга гэх зэргээр дүгнэж байсан. Харин Ким Жон Ун “Бидний яриа хэлэлцээ хамтдаа нөхцөл байдлыг үнэлж, санал бодлоо солилцон, хамтдаа асуудлыг шийдэхэд чухал нөлөө үзүүлнэ” гэжээ. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг энх тайван замаар шийдэхээс өөр гарц байхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. ОХУ Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахад хамтарч ажиллахад бэлэн гэдгийг Путин хэлсэн юм. Тэрбээр хүчээ нэгтгэхийн чухлыг онцолсон бол Ким Жон Ун “Бидний яриа хэлэлцээ үр дүнтэй эхэлсэн шигээ цаашид ч сайхнаар үргэлжилнэ” гэв. Тэд нүүр тулан уулзахдаа хэлэлцсэн сэдвүүдийнхээ талаар “Бид сая хангалттай дэлгэрэнгүй яриа өрнүүллээ” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top