Криштиану Роналду 5 дахь ДАШТ-дээ оролцоно

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Өчигдөр шөнө Катар-2022 хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатны сүүлийн тоглолтууд явагдаж, ДАШТ-д оролцох багууд тодорлоо. Португалын шигшээ баг талбай дээрээ Хойд Македоныг хөнгөхөн ялснаар Катарыг зорих эрхээ авлаа. Ийнхүү Криштиану Роналду тав дахь дэлхийн аваргадаа оролцох болж байгаа юм. Хөлбөмбөгийн түүхэнд гурван тоглогч л таван удаа дэлхийн аваргад оролцсон байдаг.

Энэ тоглолтод Криштиану Роналду Бруну Фернандешт гоолын дамжуулалт өгсөн бөгөөд тоглолтын дараа “Зорилго биеллээ. Бид Катарын ДАШТ-д оролцоно. Бүх португалчуудад байнга дэмжиж байдагт баярлалаа. Португал, урагшаа” гэж баяраа хуваалцсан байна.

Португал – Хойд Македон 2:0 (1:0, 1:0)

Драгау

Гоол: 1:0 – 32 Бруну Фернандеш, 2:0 – 65 Бруну Фернандеш.

Португал – Диогу Кошта, Жоау Канселу, Пепе, Данилу Перейра, Мендеш, Моутинью (Витинья, 90), Бруну Фернандеш (Матеуш Нунеш, 88), Бернарду Силва (Жоау Феликс, 88), Отавио (Вильям Карвалью, 77), Роналду, Диогу Жота (Рафаэл Леау, 77).

Хойд Македон – Димитриевски, Ристовски, Велкоски, Муслиу, Алиоски, Адеми, Барди, Костадинов (Ашковски, 75), Элмаз (Николов, 87), Трайковски (Чурлинов, 59), Ристовски (Миовски, 46).

Шар хуудас: Жоау Канселу (68), Муслиу (68), Алиоски (74).

Ингээд Роналдугийн оролцсон ДАШТ-үүдийг дурсан санацгаая.

Герман ДАШТ-2006

Анхны ДАШТ нь Роналдугийн хувьд хамгийн амжилттай нь болсон билээ. Португалчууд Германд хагас шигшээ хүртэл явсан. Гэвч Францад 0:1 ялагдаж, хүрэл медалийн төлөө тоглолтод Германы багт 1:3 ялагдсан юм.

Роналду хэсгийн тоглолтод Иранд гоол хийсэн ч Англитай хийсэн тулаанд МЮ багийн анд Уэйн Рунитэй муудалцаж, шуугиан тарьсан билээ. Криштиану Руниг алдаа гаргасан гэж шүүгчид хэлсээр байгаад Руниг улаан хуудсаар торгуулсан. Дараа нь сэлгээнд сууж байсан багийнхандаа нүд ирмэсэн нь телевизээр гарч, англичуудын уурыг хүргэсэн. Гэхдээ тоглолтын дараа Роналду Английн Рио Фердинандад “Уэйнийг дуудаад өгөөч. Би түүнтэй ярилцмаар байна. Надад ямар нэг хорон санаа байгаагүй шүү. Бид нэг багийн найзууд” гэж хэлсэн байдаг. Роналду хожлын пенальти оруулсан ч амжилт нь ингээд зогссон юм. Шилдэг залуу тоглогчийн шагналыг Германы Лукас Подольскид алдсан.

ӨАБНУ ДАШТ-2010

Хойд Солонгосыг 7:0 бут ниргэхэд ганц гоол хийсэн ч 1/8 финалд Испанийн багт ялагдаад гэртээ харьсан.

Бразил ДАШТ-2014

Эхний тоглолтод Германд 0:4 ялагдаад хэсгээсээ гарч чадаагүй. Роналду Ганад ганц гоол хийсэн юм.

ОХУ ДАШТ-2018

Испанид хет-трик хийсэн ч хасагдах шатны эхний тоглолтдоо Уругвайд ялагдсан.Гэхдээ түүний Испанид хийсэн гурван гоол түүхэнд үлдсэн. Мөн Уругвайтай тоглохдоо гэмтсэн өрсөлдөгч Каваниг талбайгаас гарахад нь тусласан нь фэнүүдийнх нь тоог эрс нэмсэн юм.

Таван ДАШТ-д тоглосон 3 хөлбөмбөгч

Антонио Карбахаль, Мексик, хаалгач (1950, 1954, 1958, 1962, 1966).

Лотар Маттеус, Герман, хагас хамгаалагч/хамгаалагч (1982, 1986, 1990, 1994, 1998). Маттеус 1990 оны дэлхийн аварга, хоёр удаа мөнгөн медаль хүртсэн.

Рафаэль Маркес, Мексик, хамгаалагч (2002, 2006, 2010, 2014, 2018).

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.80.139) 2022 оны 03 сарын 30

Энэ MU-г чанаж байгаа би-гийн евчтен аягуй бол ДАШТ дээр португалыг хееднее

0  |  0
Top