С.Булган: Чихрийн шижингээр өвчилсөн хүмүүсийн 85-90 хувь нь таргалалтаас үүдэлтэй

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 21

УНТЭ-ийн Дотоод шүүрэл судлал, диабетийн төвийн эмч С.Булгантай чихрийн шижин өвчний талаар ярилцлаа.


-Чихрийн шижин өвчнийг анагаах ухааны үүднээс тайлбарлавал?

-Товчоор тодорхойлбол, их уух, шээх хам шинжээр илэрдэг бодисын солилцооны архаг өвчин гэж ойлгож болно. 

-Монголд чихрийн шижингээр өвчилсөн хичнээн хүн байгаа вэ?

-Одоогийн байдлаар дотоод шүүрлийн эмчийн бүртгэлд байгаагаар чихрийн шижин өвчтэй 20800 хүн байна. Гэхдээ далд хэлбэрийн болон мэдэгдээгүй байгаа олон мянган хүн байгаа гэж бодож байна. Гурван сая хүн амтай улсад 21 мянга орчим хүн бүртгэгдсэн байна гэдэг бол маш их тоо.

-Иргэн өөрийгөө чихрийн шижинтэй гэдгээ хэрхэн мэдэх вэ. Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Чихрийн шижин өвчний үед илэрдэг хэд хэдэн шинж тэмдэг байдаг. Ам цангах, ядрах, сульдах, бие дээр янз бүрийн идээтэй шарх гараад эдгэхгүй байх зэрэг. Ийм шинж тэмдэг илэрсэн, 35-аас дээш насны, нэгдүгээр үеийн хамаатнууд буюу ээж, аав, төрсөн ах дүү нараас нь чихрийн шижингээр өвдсөн хүн байдаг бол энэ нь эрсдэлт бүлэгт ордог. Энэ тохиолдолд өөрийгөө чихрийн шижинтэй гэж сэжиглэж байвал өрхийн эмнэлэгт  хандаж, сахарын гурван сарын дундаж шинжилгээ өгөх хэрэгтэй.

-Чихрийн шижин өвчин бүрэн эмчлэгддэг үү?

-Энэ  өвчин эмчлэгддэг өвчин биш. Бодисын солилцооны хүндрэл гаргадаг архаг өвчин. Гэхдээ бүрэн эдгэхгүй боловч иргэд өөрсдөө сайн хянаж чадвал хүндрэлээс сэргийлж, насан туршдаа сахаргүй хүний хэмжээнд цусны сахараа хянаад явах боломжтой.

-Чихрийн шижинтэй хүн юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Чихрийн шижингээр оношлогдсоноос хойш тухайн өвчтөн өөрийн хяналтаа сайжруулахын тулд цусны глюкозоо үзэх ёстой. Мөн хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийж, эмчийн хяналтад байх хэрэгтэй. Эмийн тунгаа тохируулж, тогтмол уух, инсулин тариа тарьдаг бол тарианы тунгаа тохируулж, таслахгүйгээр хийлгэх хэрэгтэй. Чихрийн шижинтэй хүн эм болон тариагаа зөв хэрэглэж чадвал хожуу үеийн судасны хүндрэл үүсэхээс сэргийлж чаддаг.

-Цагаан гурил, цагаан будаа идэж болохгүй гэдэг?

-Тийм ээ. Цагаан гурил, цагаан будаа зэрэг нь хурдан шимэгддэг нүүрс ус. Өөрөөр хэлбэл, идэнгүүт цусан дахь глюкозын хэмжээ ихэснэ гэсэн үг. Иймээс эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хязгаартай хэрэглэх хэрэгтэй. Харин удаан шимэгддэг нүүрс ус буюу эслэг ихтэй бүхэл үрийн хүнс хэрэглэвэл глюкозын хэмжээ огцом ихсэхгүй гэсэн үг.

-Тэгвэл чихрийн шижин оношлогдоогүй хүн энэ өвчнөөр өвдөхгүйн тулд юуг анхаарах вэ?

-Чихрийн шижин нь дотроо дөрвөн төрөл байдаг. Үүнд, чихрийн шижин хэв шинж-1, чихрийн шижин хэв шинж-2, жирэмсний чихрийн шижин, бусад хэлбэрийн чихрийн шижин гэх мэт. Эдгээрээс хамгийн тархалт өндөртэй нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин. Энэ нь биеийн жингийн илүүдэл буюу таргалалттай холбоотой, инсулины түгжрэлээс болж өвддөг. Тиймээс иргэд биеийн жиндээ анхаарах хэрэгтэй байна. Чихрийн шижингээр өвчилсөн хүмүүсийн 85-90 хувь нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингээр өвчилсөн байдаг. Олдмол буюу таргалалтаас болж үүссэн гэсэн үг.  Манай улсад дотоод шүүрлийн эмч нарт бүртгэлтэй, чихрийн шижингээр өвчилсөн 21 мянга орчим хүн байгаагаас 20 мянга гаруй нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн  шижинтэй байна. Чихрийн шижин тусах хамгийн түгээмэл шалтгаан нь таргалалт. Суугаа ажил хийх, хорт зуршил болоод хоолны хэрэглээгээ зохицуулж чадахгүйгээс үүдэн таргалалт үүсдэг. Замын түгжрэл гэж нэг асуудал бас байна. Бид түгжрэл ихтэй энэ үед зам дээр машиндаа нэлээд их хугацааг өнгөрүүлдэг. Энэ ч бас таргалах нэг шалтгаан болж байна. Тэгэхээр иргэд түгжирч зогсохын оронд ойрхон зайнд бол алхаж, өдөр тутмынхаа амьдралд дасгал, хөдөлгөөн хийж хэвших хэрэгтэй. Хоолоо зохицуулж идэх, өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийх зэргийг хэвшил болгосноор таргалалтаас төдийгүй чихрийн шижин өвчнөөс сэргийлэх боломжтой. 

-Хүйсийн тал дээр ялгаатай байдаг уу? Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль нь илүү өвчилж байна вэ?

-Хүйсийн хувьд тодорхойлох боломжгүй. Гэхдээ монголчуудын хувьд эрэгтэй хүмүүс чихрийн шижингээр өвчлөх магадлал өндөр. Эмэгтэй хүн гэрийн ажил хийхээс эхлээд эрэгтэй хүнээс илүү хөдөлгөөн хийдэг. Хандлагын хувьд эрэгтэй хүмүүс өвчлөх магадлал өндөр. Гэхдээ яг тийм судалгаа бол байдаггүй.

-Энэ өвчин удамшдаг болов уу?

-Удамшдаг. Ээж, аав нь чихрийн шижинтэй бол тухайн хүүхэд чихрийн шижингээр өвдөх эрсдэл нь нэмэгддэг. Гэхдээ тухайн хүний өөрийн амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм, биеийн жингээс шалтгаална.

-Саяхан Японд нэгэн сүмоч чихрийн шижин өвчтэй байж байгаад COVID-19 туссанаар нас барсан тохиолдол гарсан байна. Чихрийн шижин өвчтэй хүн коронавирусээр өвчилбөл эрсдэл өндөр байх уу?

-Чихрийн шижин бол бодисын солилцоонд архаг хүндрэл учруулдаг өвчин. Тиймээс дархлаа муудна. Төрөл бүрийн архаг өвчнүүдийн суурь болдог. Тиймээс чихрийн шижинтэй хүн КОВИД-ын халдвар авбал эрүүл хүнээс илүү хүнд тусна.

-Манай иргэд уламжлалт аргаар эмчлэх гээд байдаг. Энэ зөв болов уу?

-Уламжлалт арга, бусад янз бүрийн арга байна л даа. Тийм зүйл идэж уухаар чихрийн шижин гайгүй болж байна гэж хүмүүс ярьдаг. Онолын хувьд бол тийм зүйл байдаггүй. Хүмүүсийн амьдралын практик дээр үүссэн зүйл байдаг. Ийм аргаар эмчилж болохгүй гэж хэлж чадахгүй. Гэхдээ энэ нь түр хугацаанд сахар буулгах л арга байдаг. Түүнээс биш шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл бол биш.

-Чихрийн шижингийн өвчлөл дэлхийд ямар байдаг бол?

-Дэлхий дээр 435 сая хүн чихрийн шижингээр өвчилсөн байгаа. Дунд орлоготой болон ядуу буурай орнуудад чихрийн шижингийн тархалт 74,5 хувь байна.

Б.ХОНГОРЗУЛ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.167.48) 2020 оны 09 сарын 22

Хуцаа та нар юу мэддийн Худлаа шааж өвчтэй хүмүүсийг инсулинд оруулж дордуулахаас өөр юу чадхийн

0  |  1
Top