МҮОХ-ны төлөөлөгчид Японы Элчин сайд Кобаяаши Хироюүкитэй уулзав

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюүкигийн урилгаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тэргүүтэй төлөөлөгчид тус улсын ЭСЯ-нд бараалхан, "Токио - 2020" олимпийн наадмын бэлтгэл ажил, Монголын багийн хөгжөөн дэмжигчдийн визний асуудал, олон жуулчдын сэтгэлийг татдаг Токио цамхагийн гаднаx талбайд байгуулах "Mongolian House" төсөл, их спортын карьер нь өндөрлөсөн тамирчдыг Япон улсад суралцуулах боломж , өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо нухацтай солилцов гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Уулзалтад ОУОХ-ны гишүүн,"Токио-2020" Монголын багийн ахлагч ( Шеф-де-миссион ) Б.Баттүшиг, МҮОХ-ны Дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Хаяаши Шиничиро, Соёлын хэлтсийн дарга Ичиока Акира нар оролцлоо.

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюүки "Бээжин 2008" олимпийн наадмаас Монголын баг анхны алтан медаль хүртсэн үеийг эргэн дурсахад таатай буйгаа илэрхийлээд "Олон улсын тавцанд амжилт үзүүлсэн тамирчин нь спортын замналаа дуусгасны дараа нийгмийн амьдралд шилжих асуудал маш чухал сэдэв бөгөөд цаашид бид энэ чиглэлээр тухайн тамирчныг хэрхэн дэмжих арга замыг тууштай судалж, мэдээлэл хүргүүлэх болно.Токиогийн Олимпийн наадмын үеэр дэлхийн олон орноос спортын жуулчид , хөгжөөн дэмжигчид Япон улсад очно. Тэдгээр жуулчдыг Монгол улсад мөн аялуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Монголын баг тамирчдад олимпийн өндөр амжилт хүсье " хэмээн ерөөлөө.

Элчин сайд Кобаяаши Хироюүки нь монгол хэл судлалын мэргэжлээр АНУ-ын Индианагийн их сургууль, МУИС-ийг тус тус дүүргэж , 1986 онд Монгол дахь Японы ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга, 2005 онд мөн ЭСЯ-ны зөвлөх бөгөөд Дипломат байгууллагын дэд тэргүүнээр ажиллаж байсан ба 2019 оны 11 дүгээр сараас Япон улсаас Монгол улсад сууx Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top