Монгол Руни, луйварчин, хариу цохилт

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 21

Английн алдарт хөлбөмбөгчин Уэйн Руни шиг хөлбөмбөгчин болох мөрөөдөлдөө хөтлөгдөн саад бэрхшээлийг даван, зүтгэж буй Монгол хүүг BBC агентлаг онцлон, сонирхолтой нийтлэл гаргасныг хөрвүүлэн уншигчдад бүрэн эхээр нь хүргэж байна.

Монголын нэгэн хүйтэн, гэгээ хараахан ороогүй харанхуй өглөө нэгэн хүү гэрээсээ гарч, өтгөн утаан дундуур сургуулиа зорино. Өглөөний 06.00 цаг, гадаа 20 хэмийн хүйтэн. Нийслэл Улаанбаатар хотын захын 107-р сургууль хоёр цагийн дараа үүдээ нээнэ. Гэхдээ Очироогийн Батболдод түлхүүр бий. 14 настай хүү сургуулийнхаа  биеийн тамирын зааланд ирж, гэрэл асаан ганцаараа бэлтгэлдээ ордог. Тэрбээр бөмбөг хана руу өшиглөж, бэлтгэлээ дахин дахин хийнэ. Гүйнэ, үсэрнэ, хөлс нь цутгана. Түүний чадвар бага багаар сайжирсаар.

Цагийн зүү 08.00 заахын алдад Батболд хувцсаа сольж, биеийн тамирын заалнаас гарч, хичээлдээ орно. Гэсэн ч хичээлийн танхимд хөлбөмбөгийн тухай мөрөөдсөөр. Тэр хөлбөмбөгчин болох чин хүсэлтэй. Хилийн чанад руу явахыг хүсдэг. Өөрийнхөө нэрээ гэрэлт самбарт, бүр үгүй юм гэхэд футболкныхоо ар талд бичүүлэхийг мөрөөддөг. Харин гайхалтай нь, мөрөөдсөнөөс нь ч хурдан түүнд нэгэн санал иржээ. Гэвч энэ санал түүний мөрөөдсөн шиг нь байсангүй.

Очироогийн Батболдыг таван настай байхад нь түүний гэр бүл Төв аймгаас Улаанбаатар хотод нүүн иржээ. Хөдөөний монголчууд нийслэлд илүү боломж хайн нүүж ирэх нь энгийн нэг зүйл. Хотод шинээр нүүж ирсэн ихэнх хүмүүсийн нэгэн адил Очироогийнх гэр хороололд суурьшжээ. Хүйтэн өвлийн улиралд зуухны яндангаас гарах утаа хоолой хорсгоно.  Монгол Улсад хөлбөмбөг нь спортын гол төрөл биш. Цаг агаарын онцлогоос үүдэн тэнд заалны спорт илүү хөгжсөн тул хөвгүүд ихэвчлэн бөх барилдаж, сагсан бөмбөг тоглодог. Харин Батболд PlayStation-нээр FIFA тоглодог байжээ. Түүний таньдаг ах нар “Manchester United” багийн тухай ярьж өгснөөс хойш энэ багийн үнэнч фэн нь болов. Тэр Уэйн Руни шиг болох мөрөөдөл өвөрлөн бөмбөг хөөх болсон аж. Өвөл эхэлмэгц хүү сургуулийнхаа манаачтай ярьж байгаад түлхүүр авч, өглөө бүр зааланд бэлтгэл хийх болжээ. Хоёр жилийн дараа Батболд нэгэн багт орлоо. Үүнтэй зэрэгцэн телевизийн шоуд ч оролцох болов.

Бизнесмен Б.Энхжинг хүүхэд байх үед сагсан бөмбөг гол спорт байжээ. “Бидний үед Майкл Жордан, “Chicago Bulls” л гэдэг байлаа” гэж 37 настай тэрбээр ярина. Гэхдээ түүний аав “Chelsea” багийн үнэнч фэн байсан тул тэрбээр хөлбөмбөгийн хорхойтон болжээ. Түүний үеийнхэнд Зөвлөлтийн соёлын нөлөө их. Энки Монголын хөлбөмбөгийг ихэд сонирхсон ч урам нь хугарчээ. Залуу тамирчинд боломж байхгүй мэт санагдсан тул тэрбээр Английн Премьер лигийг үзэхээс өөр сонголт байсангүй. “Хэн ч сонирхдоггүй байсан шүү” гэж тэрбээр ярив. Ингээд 2013 онд Энхжин “Баянгол” хөлбөмбөгийн клуб байгуулжээ. Түүнд тусламж хэрэгтэй байсан тул хөлбөмбөг сул хөгжсөн Микронез улсад дасгалжуулагч хийж байсан  тухай ном бичсэн Пол Уотсон гэгч англи эртэй холбоо тогтоожээ.

“Намайг ийм зүйл хийх хангалттай галзуу хүн гэдгийг тэр мэдэж байсан” гэж Пол дурсав. Ингээд тэрбээр 2013 оны аравдугаар сард Монгол Улсыг зорив. Үүнтэй зэрэгцэн “Мөрөөдлийн баг” телевизийн реалити шоу гарч, “Баянгол” клуб багтаа шинэ гишүүд элсүүлж байв. Мөрөөдлийн багт орохоор бүртгүүлсэн олон хөвгүүдийн нэг нь Батболд байв. Тэрбээр бусдаасаа илүү авьяастай байгаагүй ч Энки, Пол нарт түүний хандлага ихэд таалагджээ. Нэгэн өглөө тэд Батболдыг өглөөний 06.00 цагт үнэхээр ирж, бэлтгэл хийдэг эсэхийг үзэхээр 107-р сургууль руу зорьж очжээ. “Бид тэсгэм хүйтэн өглөө өтгөн утаан дундуур явж сургуульд нь ирсэн. Батболд үнэхээр биеийн тамирын зааланд ганцаараа бөмбөг хана руу өшиглөн, сандал руу үсэрч, бэлтгэл хийж байсан. Би үүнийг хэзээ ч мартахгүй” гэж Энки өгүүлэв. Ингээд тэд шийдвэрээ гаргалаа. 16 настай Батболдыг багтаа авч, шоунд оруулав.

“Баянгол” баг амжилтад хүрлээ. 2015 онд тэд сонирхогчдын лигийн тэмцээнд хоёрт орж, Премьер лиг рүү дэвшив. Баярын хүлээн авалтын үеэр хүн бүр баярлаж суусангүй. “Батболд гэнэт дуугаа хураачихсан байсан” гэж Пол дурсав. Тэр үед Батболд юу тохиосон тухай тэдэнд итгэж, ярив. АНУ-аас нэгэн этгээд Facebook-ээр нь дамжуулж түүнтэй холбогдож, АНУ-ын “Los Angeles Galaxy” багт туршилтын журмаар тоглох санал тавьжээ. Гэхдээ ингэхийн тулд зургаан мянган ам.долларын төлбөр эхлээд төлөх ёстой гэжээ. Батболд ч мөнгийг нь төлсөн байна. Харин үүний дараа нөгөө төлөөлөгчөөс сураг тасарчээ. Батболд яагаад гэдгийг нь ойлгоогүй ч бид учрыг нь сайн мэдэж байв гэж Пол өгүүлэв.

Батболд тэрхүү төлөөлөгч холбогдоход Полоос зөвлөгөө авахыг хүссэн ч төлөөлөгч хэнд ч, ялангуяа өөрийнхөө клубынханд битгий хэлээрэй гэсэн аж. “Хэрэв чиний клуб мэдвэл чамайг явуулахгүй” гэжээ. Ингэж Батболд мэхлүүлсэн байна. Хамгийн аймшигтай нь эцэг эх нь гэрээ барьцаанд тавьж, хүүдээ мөнгө зээлж, өгчээ. Энкигийн хэлснээр, ер нь бол тэд байгаа бүх зүйлээ л тавьсан байв. Таван жилийн дараа Батболд “цөхрөл” луйварчдын олз болоход хүргэсэн гэж учирлав. Тэрбээр хүн бүр түүнд тусална гэдэгт итгэхийг хүсжээ. Сэтгэлийн хөөрлөөр хийсэн шийдвэр байлаа гэж тэрбээр санан дурсана. Луйварчин мөнгө авсныхаа дараа Батболдод хариу бичихээ больж. Полтой ярилцсаны эцэст клубынх нь өөр нэг гишүүн “Los Angeles Galaxy” багт туршилтаар тоглож үзэхийн тулд мөнгө төлөхөд бэлэн байна гэж Батболд нөгөө этгээдэд мессеж бичсэний дараа мань эр хариу бичжээ. Пол түүнтэй утсаар ярихад мань эр сэжиглэнгүй хариу өгч байжээ. Пол Лос Анжелес дэх хаягийг нь авч, цагдаад мэдэгдсэн ч тусыг эс олов. Товчхондоо мөнгөө алдсан байлаа.  Батболд ийм хуурамч төлөөлөгчид хулхидуулж байгаа цорын ганц хүн биш аж. FIFPRO холбоо энэ тухай байнга сануулдаг байна.

Ингээд Пол Батболдод мөнгө олж өгөхөөр шийджээ. “Тэр хайрлахгүй байхын аргагүй хүүхдүүдийн нэг” гэж Пол өгүүлээд клубдээ хүүхдүүдийг элсүүлэхдээ тэдний төлөө маш их хариуцлага хүлээх болдог гэж онцлов. Тэрбээр монгол хүүгийн амьдралыг нь өөрчлөх асар их мөнгийг эргүүлэн олж өгөхийн тулд хөлбөмбөгийн клубүүдэд хандсан байна. Лондон хотын “Evening Standard” сонинд Батболдын талаар нийтлэл гарч, Пол “TalkSport's”, “Hawksbee and Jacobs” шоуд оролцсоны дараа Монголын “Manchester United” багийн дэмжигчдийг клубийн тусламжтай мөнгө "босгож" чаджээ. Ингэж Батболдын орон гэрийг аврав. Харин Батболд хөлбөмбөгөө орхихоор шийдсэн байна. Харин дараа нь...

“Луйвардуулсныхаа дараа миний итгэл, найдвар алга болсон ч мөнгө босгож, надад тусалсан хүмүүс урмын үг хайрласны дараа надад итгэл найдвар эргэн ирсэн” гэж Батболд даруухан өгүүлэв. Итгэл нь сэргэсэн Батболд 2016 оны Монголын Премьер лигт “Баянгол” багтайгаа эргэн ирсэн хэдий ч баг нь хасагджээ. 2017 онд хоёрдугаар үед “Баянгол” тавд орсны дараа Батболдын карьер уналтад оров. 2018 оны улирлын тоглолтын бэртлийн улмаас өнжсөн Батболд шинэ бөгөөд тоглогчдодоо цалин олгодог тав, зургааны клубын нэг болох “UB City” клубтэй гэрээ байгуулсан байна. 2019 онд тус баг улсын аварга болжээ. Хоёр долоо хоногийн өмнө Батболд Монголын супер цомын төлөө тогложээ. Хорио цээрийн дэглэм цуцлагдахад “UB City” Пан Азийн “AFC Cup” цомын төлөө тоглохоор бэлтгэж байна. Хэдийгээр энэ Английн Премьер лиг, “Manchester United” клуб биш ч Батболдын нэр аваргуудын футболкны ар талд бичигдсэн. Энэ тухай эргээд бодоход үнэхээр итгэмээргүй гэж Пол дурсана. Аль ч улсын шилдэг багт тоглоно гэдэг нь том хувь заяа. Тэсгэм хүйтэн биеийн тамирын зааланд ганцаараа хана руу бөмбөг өшиглөж байсан хүү ийм амжилтад хүрсэн нь төсөөлшгүй. Энэ бол луйврын золиос болсон хүүхдүүд төдийгүй боломж үгүй хүүхдүүдэд урам зориг өгөх сайхан түүх. “Disney, Manchester United биш ч гэсэн эх орныхоо шилдэг багт тоглоно гэдэг үнэхээр онцгой” гэж Пол бахархан онцлов. Уэйн Рунийгийн загалмайлсан “Wazza” нэрээр илүү танигдсан Батболд хилийн чанадад эх орноо төлөөлөн тоглох мөрөөдлөө орхиогүй. 107-р сургуульд ганцаарчилсан бэлтгэл хийж байсан тэр цагаас хойш олон зүйл өөрчлөгдсөн ч том мөрөөдөл нь хэвээр.  “Надад тусалж байсан хүн бүрд талархал илэрхийлье. Та нарын урмыг хугалахгүйн төлөө би эцсээ хүртэл хичээх болно” гэж Батболд амлаад дахин хэзээ ч луйварчинд ялагдахгүй мэргэжлийн хөлбөмбөгчин, аварга тэрбээр бэлтгэлээ үргэлжлүүлэхээр явлаа.

 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 08 сарын 09

olon niitiin syljeend yunch itgej boldoggui gedgiig heleed ogoh hyn baihgui baijdee, oorsdooch ene byhniig medeh estoi, ganzhan hol bombog geed niigmees tasraad baij bolohgui ee...

0  |  0
Со ах(202.179.27.87) 2020 оны 07 сарын 23

Ухаан муутай юмаа. Хулхи нийгэмд амьдарч байж хулхидуулахыг сайн мэддэг баймаар гэтэл бүр гадаадынханд хулхидуулсан бна.\nАргагүй дээ нийтээрээ МАН д 30 жил хулхидуулчаад дахиад сонгож байдаг мулгуучуудаас ялгаагүй эр байна. Ялгарах онцлог нь монголчууд хэзээ ч амжилт олохгүй хөл бөмбөгөөр алдарших бүтэхгүй мөрөөдөлтэй юм өрөвдөлтэй.

0  |  3
Цэцгээ(66.181.161.65) 2020 оны 07 сарын 21

Миний дүү үнэхээр мэрийлттэй, дайчин, сурлага сайтай сайн хүүхэд. Сайн инженер болох хүүхэд, даанч хөл бөмбөгийн спортоор хичээллэсэн. Дүүдээ амжилт хүсэн ерөөе.\n

0  |  0
batzolboo(202.9.46.62) 2020 оны 07 сарын 21

amjilt ahaa\n

0  |  0
Зочин(192.82.74.180) 2020 оны 07 сарын 22

Нэр нь Очирваань овог нь Батболд

1  |  0
Зочин(202.70.44.46) 2020 оны 07 сарын 21

Ухаантай, тэвчээртэй сайн хүү байна. Амжилт \n\n

0  |  0
Top