ХӨНДӨХ СЭДЭВ: Үерийн аюул эвдэрсэн замаа эмхэлж, цэгцлэхийг санууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 20

Энэ сард өдөр болгон шахуу бороо орж гол ус үерлэн орон нутгийн замууд эхнээсээ эвдэрч хэмхэрлээ. Увс аймгийн Улаангом суманд Гашууны голын гүүр эвдэрч, амарч зугаалж явсан олон мянган иргэн аймгаас гарч чадалгүй гацсан. Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сумын замуудад эвдрэл үүсч, үерийн ус замаас хальж давсан. Баян-Өлгий аймгийн Буратын гүүр нурж, ойролцоох ОХУ-ыг зорих хил рүү зорчигч явах боломжгүй болсон. Хөвсгөл аймгийн Мөрөн-Алаг-Эрдэнэ-Хатгал чиглэлийн замын зорчих хэсгүүд гурав, дөрвөн километрийн зайтай сэтэрч, үерийн ус замын даланг даван орж ирсэн. Энэ мэт байдлаар орон нутгийн буюу улсын чанартай авто зам, гүүр шил шилээ даран эвдэрч, 3.5 тэрбум төгрөгийн хохирлыг учруулжээ.

Наадмын өдрүүдэд авто тээврийн ослоор 20 гаруй хүн осолдож, мөн төдий тооны иргэд үерт осолдож, автомашинууд живсэн харамсалтай үйл явдал олон тохиолоо. Нийслэлийн хэмжээнд ч гэсэн авто замууд эвдэрч, замын хучилтын хэсэг хууларч зам дээр тогтсон усан дотроо хөвж байгаа бичлэг, зураг олны анхааралд өртсөн. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 150 сая төгрөгийн засвар, үйлчилгээг үерийн улмаас эвдэрч гэмтсэн авто замуудад хийгээд байгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэлж байна.

Үерийн улмаас зам дээр үүссэн нүхийг бөглөх, шавар шороог хусах, их хэмжээний тогтсон борооны усыг соруулах болон нийт замын арчлалт, урсгал, дунд, их засварыг хийхэд дор хаяж жилд 60 тэрбум төгрөг шаардлагатай болдог аж. Гэсэн хэдий ч 2019 онд замын засвар арчлалтад 30 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ бол хангалттай хэмжээнд зам засвар, арчлалт хийхэд хаанаа ч хүрэлцэхгүй төсөв. Тэгвэл 2020 онд 54 тэрбум төгрөгийг зам засвар, арчлалтад төсөвлөөд байгаа. Энэ хэвээрээ төсөвлөгдөж замын арчлалт, урсгал, дунд, их засварыг тогтмол хийж чадвал замын эдэлгээ сайжирна гэдэгт мэргэжилтнүүд эргэлзэхгүй байна. Жишээлбэл, Увс аймагт эвдэрсэн гүүр гэхэд 40-50 жилийн насжилттай байжээ. Зам, гүүрийг барихад талх хийдэг шиг тогтсон жор байхгүй гэнэ. Тооцооллоор тодорхойлж барьдаг. Тухайн байршлын уул, ус, хөрс шорооны судалгааг нарийн тооцох нь хамгийн чухал бөгөөд аргачлалын хувьд хамгийн сүүлийн үеийн стандартыг барин ажилладаг гэдгийг авто замын инженерүүд хэлж байгаа юм. Гэтэл судалгаа, тооцооллыг хийхдээ багахан алдаа, дутагдал гаргах, хөрөнгө мөнгөө сэмхэн хэмнэхэд л тухайн замын чанарт нөлөөлөх эрсдэлтэй. Замыг барьсны дараа яг ургамал шиг арчилж тордохгүй бол насжилт хурдасдаг. Харин замыг барих явцдаа хамгийн дээд талын хучилтын хэсгээс гадна далан барих, суурь буюу даацын хэсгийг ус, чийг нэвтрүүлэхгүй жинхэнэ чанартай барих хэрэгтэй гэнэ. Түүнчлэн ус зайлуулах хоолойг хийхдээ усны урсацыг тооцож, үерийн уснууд хаанаас урсаж хаанаа нийлээд аль хэсэгт очдог болохыг зөв тооцож барихгүй бол нэмэргүй аж.

Эцэст нь, орон нутаг болгонд байдаг замын арчлалт, хамгаалалт хариуцсан компаниуд ялангуяа үерийн гамшиг, ослын үед сонор сэрэмжтэй, шуурхай ажиллах ёстой. Зам, гүүрийн эвдрэл гэмтэл бол дан ганц хариуцсан яам, төрийн байгууллагуудын эсвэл арчлалтын компанийн, зам барьсан инженер, ажилчдын буруу биш. Уялдаа холбоотой үйл ажиллагааны үр дүнд зам, замын байгууламж босдог байна. Замын чанарт юу нөлөөлж байгааг Зам, тээврийн хөгжлийн төвийн захирал Р.Буд “Нэгдүгээрт, зам, замын байгууламжийн чанар  зураг төслийн чанараас ихээхэн шалтгаалдаг. Хоёрдугаарт, зам байгууламжийг барихад хэрэглэж буй материалын чанар чухал. Гуравдугаарт, гүйцэтгэгч компанийн мэргэжлийн хүмүүсийн чадвар, ажилд хандах хандлага, машин механизм, техник тоног төхөөрөмжийн хүчин чадал, технологийн мөрдөлт сайн байх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, хяналт тавих үүрэг бүхий  зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийн мэргэжлийн хүний нөөцийн чадавх болон захиалагчийн хяналтаас голлон шалтгаалдаг. Хариуцлагын тогтолцоог чангатгах шаардлагатай байгаа нь ч бас үнэн. Гэхдээ 2017 онд батлагдсан авто замын тухай хуульд тусгахдаа зураг төсөлд магадлан хийсэн эксперт  нь тухайн зураг төслийн алдааг харалгүй, техникийн зөрчил гаргавал экспертиз хийсэн байгууллага болон хүн нь хариуцах чухал заалт оруулсан” гэдгийг хэлсэн юм. Тэгэхээр наадмаар орсон борооны улмаас таван аймагт зам, гүүр эвдэрч, нийслэлийн замууд үерт урсаж байгаад зөвхөн замын чанар нөлөөлөөгүй байх нь. Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар байгалийн гамшиг зам, гүүр эвдрэхэд нөлөөлдөг голлох шалтгаан байдаг бол замын арчлалт, хамгаалалт, сайн зураг төслийн дагуу баригдсан эсэх нь дараагийн шалтгаан болдог байна. Монгол Улсад Авто замын тухай хууль 2017 онд батлагдаж, авто замын стандарт, норм, норматив, техникийн баримт бичгийн 50 гаруй хувь нь 2007 оноос өмнө, үлдсэн 40 гаруй хувь нь сүүлийн 10 жилд батлагдсан байдаг аж. Тиймээс дүрэм, журмаа шинэчилж, инженер, техникийн ажилчдаа сайтар бэлтгэх шаардлага авто замын салбарт үгүйлэгдсээр байна. Олон жилийн өмнөх стандартаар баригдсан болон борооны ус зайлуулах шугам, хоолой, далангүй зам, гүүрийг шинэчилж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх хэрэгтэйг наадмын өдрүүдээр орсон усархаг бороо хатуу санууллаа.

 

Д.Гэрэлням: Энэ сард замын ажилд 3.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан

Тэгвэл замын чанарыг хэрхэн сайжруулах тухайд ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, зөвлөх инженер Д.Гэрэлнямаас зарим зүйлийг тодрууллаа.


-Наадмын өдрүүдээр усархаг бороо орсны улмаас хэд хэдэн аймагт зам, гүүр эвдэрлээ. Үерээс гадна авто замууд юунаас болж эвдрээд байна вэ. Замын чанар ямар байгаа юм бэ?

-Зам, замын байгууламжийг ашиглалтад орсноос нь эхлээд арчилж хамгаалах ёстой. Үе шаттай засваруудыг технологийн дагуу хийдэг. Гэхдээ засварын ажлууд хөрөнгө мөнгөнөөс ихээхэн шалтгаалдаг. Мэдээж байгалийн гамшигт, аюулт үзэгдэл бидний тооцооллоос илүү хурдацтай явагдах болсон. Зуун жилд төдий хэмжээний ус хуримтлагдана гэж зам, гүүрийг барихдаа тооцдог бол энэ хэмжээ харьцангуй хувьсаж өөрчлөгдсөн. Наадмаар орсон хүчтэй борооны улмаас 3.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Зам, гүүр засах ажлуудыг шуурхай хийгээд явж байгаа. Замын салбарт нэн тулгамдаж буй асуудал бол замын барилгын ажлын чанар юм. Зам барилгын ажлын чанар зураг төслийн чанараас шууд хамаарна. Иймд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, өнөөгийн шаардлага хангахуйц авто замыг төлөвлөх шаардлагатай байна. Энэхүү шаардлагыг хангахын тулд байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд тэсвэртэй, бат бэх, түүнийгээ дагаад өндөр үнэтэй зам барих хэрэгтэй болно. Чанар дагаж мөнгө гэдэг. Иймээс чанартай зам барихын тулд үнэтэй хийц төлөвлөх шаардлагатай болно. Ийнхүү хоорондоо холбоотой эдгээр бүгд мөнгөнөөс хамааралтай болж байна.  “Гадаад орнуудын зам сайн байна, манайд замаа барьж чадахгүй байна, чанаргүй зам барьж байна” гээд ярьдаг. Гэтэл иж бүрэн тоноглолтой цогц байгууламж бүхий  нэг км замын өртөг гаднын оронд манайхаас даруй гурваас тав дахин үнэтэй байдаг.

-Тэгвэл үнэ өртөгтөө тааруулаад чанаргүй зам барьдаг гэж үү?

-Яг ч тийм биш. Сүүлийн үед хийгдэж байгаа замын чанар харьцангуй сайжирсан. Манай улсад зам барилгын ажлын өртөг зардлыг сонсоод нийгмийн хариуцлагатай компаниуд жилийн настай зам барихгүй гээд тендерт оролцохгүй. Зураг төслийг нь хараад чанаргүй хийц гээд шууд татгалзана. Таван см асфальт бетон үе зөвхөн тэгшилгээний үе юм. Өнгө асфальт, суурь асфальт гээд наад зах нь долоогоос найман см асфальт бетон үе байх ёстой. Байгаль цаг уурын нөхцөлд тэсвэртэй илүү зузаан, бат бэх сайтай хийц бүхий зам барих нь зүйтэй байна. Замын чанар нэг өвлийн дараа шууд харагдана. Нэг жилд тэсвэртэй замд гурваас таван жилд баталгаа өгөхөд компани алдагдалгүй байх боломжтой, эвдрэл багатай байна. Иймээс зам засвар арчлалтын хөрөнгө төдийлөн хүрэлцэхгүй байхад анхны хөрөнгө оруулалтаар чанартай ажил хиймээр байна.

-Авто замын чанарыг сайжруулахын тулд ямар ажлууд хийж байна вэ?

-Мэдээж үе шаттай урсгал болон их засваруудаа хийнэ. Үүнээс гадна замын салбарт байгуулж буй гэрээний нөхцөлүүдийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог бий болгох, замыг даатгалд хамруулах гэх мэт ажлууд хийж байгаа. Замын зураг төслийн ажлын чанарын онцгой анхаарч сайжруулан, зам барилгын ажлыг талбайн хяналтын чадварлаг инженерээр хангасан тохиолдолд барилгын ажлын чанар наад зах нь 50 хувь сайжирна гэж үзэж байна.

-Авто замын салбар хөгжиж байгаа хэдий ч олон улсын стандартад нийцэх тал дээр дутагдалтай байдаг хэмээн зөвлөх инженерүүд хэлж байна. Таны бодлоор техник технологийг өөрчлөх шаардлагатай юу?

-Зам барих ерөнхий арга ажиллагаа бол өөрчлөгдөхгүй. Хамгийн гол нь тухайн нөхцөлд ямар материал, техник хэрэглэж байгаагаас нарийн баримтлах технологийн горимын өөрчлөлтүүд ялгаатай болдог. Хүчин чадал сайтай техник хэрэглэж байгаа бол эсвэл хайрга чулуун материалаас өөр органик болон органик бус шинэлэг материал хэрэглэж байгаа бол гэх мэт ялгаатай технологийн горим баримтлах шаардлагатай. Манай орны хувьд зам барих хайрга чулуун материал элбэг орон нутгийн материал тухайн уур амьсгалдаа илүү зохицсон байдаг тул төдийлөн өөр төрлийн материал ашиглахгүй байна. Хэрэв үнэ өртгийн хувьд илүү хямд, манай орны байгаль цаг уурынхаа нөхцөлд тэсвэртэй, богино хугацаанд урт зам барих гэх мэт давуу талуудтайг харьцуулан судалж үзэн, сонгох нь зүйтэй. Стандартын хувьд авто замын салбарт АНУ-ын стандарт нэвтэрсэн. Энэ бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэвшилтэд стандарт. Гэхдээ зөвхөн лабораторийн нөхцөлд хэрэглэгдэх материал шинжилгээ туршилтын аргын стандартуудаар хязгаарлагдаж байна. Иймээс стандартыг хүрээг өргөтгөх замын хийц бүтээц, зам төлөвлөлтийн болон гүүр, хиймэл байгууламжийн гэх мэт стандартчиллын хүрээг олон чиглэлээр өргөтгөх шаардлагатай.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.27.87) 2020 оны 07 сарын 20

Энэ хүмүүсийн ярьж хэлж байгаагаас дүгнэж үзвэл замын стандарт байдаггүй юм байна. Зам гүүр тавьж ашиглалтанд оруулаа гээд байгаа замууд нь бүгд түр зам болотой. Жинхэнэ замаа стандарттай болсон цагт тавих юм байна гэж ойлголоо. Мянганы зам болон 1990 оноос хойш барьж байгуулсан бүх зам гүүр нь түр зам байсан вм байна. Даанч бороонд урслаа нурлаа хагарлаа хугарлаа гэхээр нь гайхаад байсан чинь түр зам байсан юм байна ш дээ зорчигчид жолооч нараа түр замаар болгоомжтой тавтай морилцгоо.

0  |  0
Бат(202.9.46.98) 2020 оны 07 сарын 20

Цаашдаа үер усны үзэгдэл дулааралтай холбоотой байнга нэмэгдэнэ тэгэхлээр гүүр данлангийн ажлаа шинэ тооцоололоор хийх хэрэгтэй

0  |  0
Top