ВИДЕО: ЯЛАЛТЫН БАЯРЫН жагсаал эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24

Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ой энэ жил тохиож байна.

Уламжлал ёсоор тавдугаар сарын 9-нд болдог Ялалтын баярын сүрт жагсаал энэ жил коронавирусний халдварын тархалтын улмаас хойшилсон билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярын жагсаалыг зургаадугаар сарын 24-ний өдөр болгож хойшлуулахдаа 1945 онд анх Улаан талбайд Зөвлөлтийн цэргүүд жагссан өдрийг сонгожээ.

Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн жагсаалыг илүү өргөн хүрээнд хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хойшлуулж, нөхцөл байдалтай уялдуулан ийн тэмдэглэж байна.

Цэргийн сүрт жагсаалд 19 орны цэргийн анги, нэгтгэл оролцож байгаа юм. Монгол Улсаас Ялалтын жагсаалд 100 орчим цэрэг нэгдсэн билээ.

ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд 13 мянга гаруй цэрэг жагсана. Тэд хэдэн сарын турш бэлтгэл хийсэн юм. Мөн Ялалтын баярын жагсаалаар шинэ зэвсгүүдийг анх удаагаа танилцуулна. Найман нисэх онгоцны буудлаас 75 онгоц, нисдэг тэрэг тэнгэрт хөөрөх юм.

Оросын “Тосочка” галаар шүршигч, “T-90M” болон “T-34” танкууд, “БУК-М3” газар-агаар ангиллын пуужингийн систем гэх мэт 20 гаруй зэвсэг, техник жагсаалд оролцож байна.

Ялалтын баярын жагсаалын үеэр коронавирусний халдвараас сэргийлэх бүх арга хэмжээг авчээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top