ЗӨВЛӨМЖ: Саналаа өгөхдөө зайлшгүй МЭДЭХ ЁСТОЙ зүйлс

2020 оны 06 сарын 24

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг парламентын сонгуульд саналаа өгч, сонголтоо хийх нь иргэн таны эрх бас үүрэг юм. Сонголтоо зөв хийх, иргэний үүргээ биелүүлж, саналаа өгөхдөө зайлшгүй мэдсэн байх ёстой зүйлсийг зөвлөмж болгон хүргэж байна.


  • Таны санал өгөх эрхийг ямар нэг үндэслэлгүйгээр түдгэлзүүлсэн тохиолдол гарахаас сэргийлж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй байгаа эсэхээ заавал шалгаарай. Энэ тал дээр асуудал гарвал заавал сонгуулийн байгууллагад ханд.
     
  • Сонгуульд оролцох эсэхээ бие дааж шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд тань хэн ч албадан нөлөөлөх ёсгүй. Хэн ч танд саналаа өгөх эсвэл өгөхгүй байхыг хүчээр тулгах эрхгүй.
     
  • Та сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүй, өөрөө саналаа өгөх ёстой.
     
  • Сонгуулийн санал хураах өдөр бүх нийтээр амарна. Мөн автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Захууд ажиллахгүй.
     
  • Санал өгөх өдөр зайлшгүй шалтгаанаар ажлаа хийж байгаа бол танд байгууллагын захиргаа тань чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.


Сэтгэл судлаачдын зөвлөгөө
 

Энэ маш чухал. Орон орны хүмүүсийн сэтгэл зүйн онцлогоос хамаарч сонголт хийх шийдвэрээ гаргаж байгаа байдал нь өөр өөр байдаг аж. Монгол хүний шийдвэр гаргах үйл явц ямар байдаг бол? Танд сонголтоо зөв хийхэд тань эдгээр ойлголт тус болж болох юм.


  • Монгол хүн ихэвчлэн сэтгэлийн хөдөлгөөн дээрээ тулгуурлаж, шийдвэр гаргах талтай байдаг аж. Мөн тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч шийдвэр гаргадаг.
     
  • Бусдын нөлөөнд автаж, эргэн тойрны хүмүүсийн дүгнэлтэд үндэслэн саналаа өгөх нь түгээмэл. Өөрийн үзэл бодолдоо итгэлтэй байж, сонголтдоо эргэлзэхгүй байхын тулд өөрийн сонголт, дүгнэлтээ сайтар бодож гарга.
     
  • Сонгогчдын боловсрол гэдэг нь улс орнуудын хувьд их чухал зүйл байдаг. Сонгогч хэрхэн боловсрох вэ гэхээр, бид өөрсдөө уншиж судалж, мэдээлэл сайн авах хэрэгтэй. Сонгогчдын мэдлэг муу байх нь албан тушаалтнууд хялбар аргаар эрх мэдэл олж авахад нөлөөлдөг. Ард иргэд боловсорсон байхын хэрээр түшээд нь дагаж хөгжиж боловсордог.
     
  • Монгол хүн бусдыг өрөвдөж, хайрлаж, эсвэл үзэн ядахдаа бусдын нөлөөнд автах нь олонтаа. Эдгээр сэтгэлийн хөдөлгөөн нь сонголтыг оновчтой бус болгох тал бий.
     
  • Хүмүүсийн өрөвдөх, үзэн ядах сэтгэлгээг ашиглан нэр дэвшигчид нэгнээ харлуулах, гүтгэх, хуурамч мэдээлэл, баримт цацах зэрэг зүйл гардаг. Үүнд сонгогч дүгнэлт хийж, өөрөө зөв, бурууг ялгаж салгах мэдлэгтэй байх нь чухал юм.
     
  • Та өөрийгөө төлөөлөх, төрд, улс оронд бодлого шийдвэр гаргах хүнийг сонгох гэж байгаа учир нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг уншиж судлахдаа бүү залхуураарай. Бүгдийнхийг нь харьцуулж, дүгнэж толгойгоо гашилгаж суух бус богинохон хугацаанд гүйлгээд харахад ойлгох зүйлүүдийг тунгааж, боловсруулах хэрэгтэй.
Top