ТОЙМ: Шинэ ертөнц рүү хүргэх УЙТГАРТАЙ ХЭЛЭЛЦЭЭ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 11

АНУ, Их Британи хоёр чөлөөт худалдааны хэлэлцээний шинэ үе эхэлсэн тухай мэдээ зэрвэс харахад сонирхол тэр бүр татахгүй байх. Гэвч Нэгдсэн Вант Улсын олон улсын худалдааны сайд Элизабет Трасс, АНУ-ын Худалдааны сайд Роберт Лайтхайзер нарын ханцуйгаа шамлан ороод буй ажил зүгээр нэг уйтгартай үйл явц биш. Энэ нь барууны ертөнцийн хүчний төв хоорондын харилцааг шинэчлэх чухал мэдэгдэл төдийгүй магадгүй дэлхийн шинэ хэв журмыг тогтоох анхны алхам ч байж болох юм.

Аль өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хоёр утсаар хэлэлцсэн гол сэдэв нь тус хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Брекситийн дараах чөлөөт худалдааны асуудлаар хэлэлцээ эхлүүлэх асуудал байв. Борис Жонсон нэгэнтээ трансатлантын чөлөөт худалдааны шинэ хэлэлцээр нь заналхийлэл бус харин Британийн экспортын 17 хувийг эзэлдэг улстай хийдэг худалдаанд үлдээд буй саадыг нураах дуулиант боломж хэмээсэн байдаг. АНУ, Их Британийн худалдааны тарифын саад нь гурван хувь буюу өндөр бус. Гэхдээ үүнээс гадна тарифын бус, зохицуулалтын болон гаднын өрсөлдөөнөөс хамгаалсан саад тотгор бий. Эдгээр нь Британийн бараа бүтээгдэхүүнийг Америкийн ёроолгүй зах зээлд нийлүүлэхэд саад болж байна. 

Өнгөрсөн оны сүүлээр ээлжит бус парламентын сонгуульд байгуулсан Борис Жонсоны ялалт чөлөөт худалдааны тухай хэлэлцээр байгуулах замыг зассан гэж болох ч талуудыг урт удаан хэлэлцээнд бэлтгэж, биеэ халаах зуур коронавирусний цар тахал дэгдэв.

Ямартаа ч удаан хүлээсэн хэлэлцээ энэ сарын 5-нд эхэлсэн. Шинэ дүрмийн дагуу цахим хэлбэрээр болж буй хэлэлцээний эхний үе шат хоёр долоо хоног үргэжлэх төлөвлөгөөтэй ч талууд ойрын үед тохиролцоонд хүрч, КОВИД-19 цар тахлын хүнд цохилтод орсон эдийн засгаа эрүүлжүүлэхийн тулд эрчимтэй ажиллахаар зэхэж буй тухай мэдэгдсэн билээ. Хараат бус Төсвийн сахилгын товчооны үнэлгээгээр, хөл хорио 12 долоо хоног үргэлжилбэл Их Британи ДНБ-ий 35 хувьтай тэнцэх алдагдал хүлээх таамаг гараад байна. Энэ аюулыг сөрөхийн тулд Лондон Сити дүүргийн санхүүгийн компаниудад АНУ-ын санхүүгийн зах зээлд чөлөөтэй нэвтрэх боломж олгох шаардлагатай. Энэ нь Трасс, Лайтхайзер нарын тохиролцох учиртай хэлэлцээрийн хамгийн том зорилгын нэг.

Гэхдээ Вашингтон, Лондоны хоорондын хэлэлцээрийн төсөлд “дайснууд” бий. Америктай хийх ямар ч гэрээ хэлэлцээр Их Британийн хагас тэрбум хүн амтай дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Европын Холбооны зах зээлд саадгүй нэвтрэх боломжийг орлож чадахгүй гэж тэд үзэж байна. Европын Холбооноос гарснаар Их Британи зарим үнэлгээгээр ойрын арван жилд ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэх хүртэл хэмжээний алдагдал хүлээнэ гэсэн тооцоолол бий. Гэтэл АНУ-тай хийх трансатлантын худалдааны тарифыг тэглэснээр Трассын тэргүүлсэн яамны тооцоолж буйгаар, Их Британийн эдийн засгийн хэмжээг ирэх 15 жилд 0.16 хувиар нэмэгдүүлнэ. Үүнийг тэнцвэртэй солилцоо гэхэд бэрх. Нөхцөл байдлыг бүхэлд нь харвал нэгэн асуулт гарч ирнэ. Юуны учир Брюссель Нэгдсэн вант Улсыг Европын Холбооноос гарахын ингэж их эсэргүүцэв.

Яагаад гэвэл Их Британи Европын Холбооноос гарснаар Европын холбооны хүлээх алдагдал Лондоны хохирлоос харьцуулшгүй их. Мэдээж хэрэг Их Британи явсан ч Европын холбооны эгнээнд 27 гишүүн орон үлдэнэ. Гэхдээ ямар орнууд бэ. Герман, Францаас бусад нь бүгд өрнөөс салдаггүй, татаас авдаг улсууд. Өмнөд Европын Португал, Итали, Грек, Испанийг нэрний эхний үсгийг нийлүүлэн албан бусаар “PIGS” хэмээн нэрлэдэг. Польш, Унгар хоёр Брюсселийн толгойны өвчин. Болгар, Румыны талаар дурсах ч хэрэггүй. Их Британи гарснаар Европын холбоо хүн амынхаа аравны нэг, ДНБ-ний бүр 15 хувийг алдах юм. Хэдийгээр Брюссельд энэ тухай ярихгүй байхыг хичээдэг ч Брексит Европын холбоонд үхлийн биш юм гэхэд хүндхэн цохилт өгсөн. Үүний үр дагавар урт хугацаанд мэдрэгдэх болно. Харин өнөөгийн даяаршлагдсан ертөнцөд ариун газар хоосон байдаггүй тул хүч нь суларсан Европын холбоог өөр хүчтэй тоглогч орлохоор даруй гарч ирнэ. Харин энэ тоглогч нь хэн байх нь хамгийн сонирхолтой бөгөөд чухал асуулт.

Логикийн хувьд энэ нь АНУ л байх учиртай. Их Британитай хоёр талын хэлэлцээр байгуулснаар АНУ-д Европ дахь өөрийн нөлөөгөө “бага түншээрээ” дамжуулан бэхжүүлэх боломж бий болно. Трамп дэлхийн сүлжээгээ бэхжүүлэхдээ улсынхаа нөөц баялгийг үрэхийг хүсэхгүй. Тэрбээр асуудлыг шийдэх бүрэн эрхийнхээ зарим хэсгийг Америкийн жинхэнэ холбоотон гэж үздэг удирдагчдад төлөөлүүлэхэд бэлэн. Европт тийм удирдагч нэг л бий. Тэр нь Их Британийн Ерөнхий сайд Бори Жонсон. Тиймээс АНУ, Их Британи хоорондын чөлөөт худалдааны тухай хэлэлцээр байгуулагдахад Вашингтоны Европ дахь нөлөөг нэмэгдүүлэхээс илүү атлантын сонгодог загвараас ялгарах англи-саксоны хоёр тэргүүлэгч гүрний холбооны шинэ тогтолцоо бий болоход хүргэнэ. “Том түнш”-ийн хамт Их Британи илүү аюултай өрсөлдөгч болох нь тодорхой.

Европын холбооноос гарч, Вашингтонтой хоёр талын хэлэлцээр байгуулах нь Их Британийг тэргүүлэгч бус чухал Европын холбооны гишүүн улсаас “Лондон-Вашингтон” гэх англи-саксоны тэнхлэгийн хоёр дахь туйл болгон хүчирхэгжүүлэх юм. Гэхдээ “бага түншийн” байр суурин дээр. Гэсэн ч магадгүй энэ нөхцөл байдал мөнх үргэлжлэхгүй. Харилцааны шинэ тогтоолцоо дахь Их Британийн ирээдүй дэлхийн санхүүгийн тогтолцооны хувь заяанаас шууд хамаарна. Өнөөгийн олон улсын долларын валют-санхүүгийн систем гүнзгий хямралд орсон тухай олон жил яригдаж байгаа. Нэгдсэн Улс дэлхий дахин доллароос удахгүй татгалзахад хүргэх их хэмжээний өр хуримтлуулсан. 2010 онд ийм мэдэгдлийг дуулиан шуугиантай хүлээж авдаг байсан бол өдгөө байдаг л зүйл мэт болжээ гэж “Grant’s Interest Rate Observer” сэтгүүлийн санхүүгийн шинжээч Жим Грант 2014 онд ёжилж байв. Цар тахал дэлхийг нөмрөөд буй энэ үед Хятадад төлөх АНУ-ын өрийн дефолт зарлахыг шаардах болсон. Ингэснээр тус улсын 20 их наяд ам.долларын гадаад өрийн асуудал шийдэгдэх боломжтой хэдий ч энэ нь дэлхийн хэмжээний санхүүгийн сүйрэл үүсгэх аюултай. Холбооны нөөцийн сан хэдий л бол хэдий хэмжээний мөнгө хэвлэх боломжтой гэж үздэг ч бодит хэрэг асуудал бий. АНУ-ын Холбооны нөөцийн банк үнэхээр хэвлэлтийн машинаа ажиллуулж чадах ч үнэт цаас хөрөнгө оруулагчдын дунд эрэлттэй байгаа үед л боломжтой. Хэрэв Бээжин Америкийн дефолтод үнэхээр итгэх аваас АНУ-ын сангийн яамны үнэт цаасыг яаралтай худалдахаас өөр аргагүйд хүрнэ. Энэ тохиолдолд зах зээл дээрх үнэт цаасны үнэ огцом унаж, үнэгүй цаас болж хувирах аюултай. Энэ үед дэлхий дахин шинэ дэлхийн валютын эрэлд гарах ч АНУ, Европын холбооны дөнгөнөөс чөлөөлөгдсөн Их Британийн зүрхэн холбоо аминд орно. Учир нь Лондонд “фунт стерлингийн бүс” гэгддэг нэгэн нөөц төсөл бий. Энэ төслийг британичууд Дэлхийн хоёрдугаар дайны хэрэгжүүлэхээр зэхэж байсан ч тухайн үед нэг тэрбум хүн амыг нэгтгэж байсан “фунтын бүс” Лондон санхүүгийн өрсөлдөөнд АНУ-д ялагдсанаар нөөцийн статуст шилжсэн. Тэр үед Вашингтон Британид тусламж үзүүлэхдээ хатуу болзол тавьсан нь Британи АНУ-д бүх өрөө алтаар барагдуулах ёстой байлаа. Энэ нь Нэгдсэн Вант Улсын алтны нөөцийг огцом бууруулсан. Тиймээс “фунтын бүс”-ийг хөгжүүлэх бүтцийн боломж байсан ч Их Британид доллартой өрсөлдөх нөөц хүрээгүй. Харин цар тахал, улам бүр гүнзгийрч буй санхүүгийн хямралын улмаас АНУ өөрөө ашиггүй байдалд ороод буй өнөө цагт Британийн фунтад нөөц валютын статусыг эргэн олгох “хувьсгалын тохироо” бүрдээд байна. Үндэстнүүдийн хамтын нөхөрлөл дэлхийн хүн амын 30 хувь нь амьдардаг 53 улс орныг эгнээндээ нэгтгэдэг. “Фунтын бүс”-эд Нэгдсэн Вант Улс, Австрали, Канад байхад ч хангалттай. Үүн дээр АНУ, Шинэ Зеланд нэгдэн Хятадыг хянамгай ажиглах “Таван нүд” англи-саксоны тагнуулын албадын холбоог байгуулсныг тооцвол цар тахлын дараах шинэ дэлхийн хүрээ улам бүр тодорч эхэлнэ.

Тиймээс шинэ ертөнцөд хүрэх анхны алхам нь Вашингтон, Лондоны энэ уйтгартай яриа хэлэлцээ байх уу гэдэг асуудал анхаарал татаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top