Монголын спортынхон цахим уулзалт хийлээ

Админ | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

Э.Гуамарал, “Таван цагариг”

Дэлхий дахиныг хамраад буй “Ковид-19” цар тахлын улмаас хамгийн ихээр хохирол амсаад буй салбаруудын нэг нь спортын салбар билээ. Монголын спортын салбарынхан энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан нэгдсэн ойлголттой болох, спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд ,спорт холбоод ямар арга хэмжээ авч байгаа болон цаашдаа хэрхэн хамтарч ажиллах тухай хэлэлцсэн цахим уулзалтыг 4-р сарын 8-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтын үеэр 19 спорт холбооны төлөөлөл, БСШУСЯ, БТСГ, МҮОХ, хэвлэл мэдээлэл, спорт судлаач нийт 46 хүн оролцож, санал бодлоо солилцсон юм.
 

БСШУСЯ-ын Биеийн спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг энэ оны эхний хагаст зохион байгуулагдах байсан олон улсын спортын тэмцээн уралдаануудаас нөхцөл байдалтай уялдуулан заримыг нь оны 4-р хагаст багтаах тухай, шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын цалинг тодорхой хувиар нэмсэн тухай зэрэг мэдээллүүдийг өгснөөс гадна энэ цаг үеийг ашиглан спорт холбоодыг менежмент, засаглалдаа анхаарч ажиллахыг уриаллаа.

МҮОХ-ны хувьд ОУОХ-ноос гаргаж буй шийдвэр, заавар, зөвлөмжүүдийг хүндэтгэн дагаж, тамирчид, дасгалжуулагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавихаа болон цаг үеийн асуудлаар ОУОХ, Токио 2020 Олимпын наадам зохион байгуулах комисстой хамтран ажиллаж, мэдээллүүдийг өөрсдийн сошиал болон албан ёсны вэб хуудсуудаараа дамжуулж байхаа мэдэгдлээ. Мөн ОУОХ-ны тамирчдад зориулсан Athlete-365 цахим порталыг хэрхэн ашиглах зөвлөмжийг бэлтгэн хүргэхээр ажиллаж байна. Түүнчлэн Токио 2020 Олимпын наадамд оролцох тамирчдын 57 хувь эрхээ аваад буй бөгөөд эдгээр эрх хэвээр үлдэх талаар, Олимпын эрхийн тэмцээнүүдийг 2021 оны 6-р сарын 29-ны өдрөөр тасалбар болгохоор шийдсэн, мөн чансаа харгалзан эрх авдаг спортуудад тамирчдын 2021 оны амжилтыг харгалзах зэрэг мэдээллүүдийг өгөв.

Спорт холбоодын төлөөлөл хямралын үеийг хэрхэн боломж болгож буй жишээнүүдээ мөн уулзалтын үеэр танилцуулснаас онцолбол, Монголын Жюү Жицүгийн Холбоо нийгмийн хариуцлагыг дэмжих үүднээс тус спортын 20 цуврал хичээлийг бэлтгэж спортын SPS cувгаар гаргахад бэлэн болоод буйгаа, уг спортоор хичээллэгсдийнхээ дунд олон нийтийн хуудсаар дамжуулан уралдаан явуулж байгаа явдал байсан юм. Харин Монголдоо хамгийн олон хичээллэгсэдтэй гэгдэх болсон Монголын Электроник Спортын Холбооны хувьд тун удахгүй Монголын Хөл Бөмбөгийн холбоотойгоор хамтарч цахим тэмцээн явуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа төдийгүй бусад спорт холбоодтой ч энэ байдлаар хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top