Ардчиллыг ардчилсан дүр эсгэгчид өөрсдөө л дэвсэлдэг

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 07

Эрх чөлөө гэгчийг ямар ч хариуцлагагүйгээр хэрэгжүүлэх гэсэн ташаа ойлголт өдрөөс өдөрт хүрээ хаяагаа хумьж, “Хувьсгалчид” хэмээн цээжээ дэлдэгчид жилээс жилд ардчиллын үнэ цэнийг мэдэрч байгаа нь бидний ололт амжилт юм. Энэ хэрээр Монгол Улсад ардчилал одоо л нэг хөлд орж, сайн цаг дөхөж байна уу гэсэн судлаачдын горьдлого бий. Үүнийг бичиглэж ахуй цаг дор Монгол Улсад олон намын систем нэгэнт бууриа засаж, АН анхдугаар Их хурлаа зохион байгуулж, албан ёсоор туурга тусгаар нам байгуулснаа зарласан өдөр тохиож байна. Алдаа, онооны дэнсэн дээр явж ирсэн 30 жилд юу эс өрнөхсөн билээ. Энд тэдний алдаа, оноог шүүн тунгаах гэсэнгүй. Гагцхүү бодит зүйлийг дурдах шалтгаан, ардчилсан Монгол Улсын иргэний хувиар хүргэх үг байна. 

Эрх чөлөө нэрийн дор өндийж ядан буй нялх ардчиллыг давтан дэвсэгчдийн бүлэг амь бөхтэй удсанаас ардчилал дэндүү удаан “угж”-тай байлаа. Өдгөө ч нам бүлэглэлээр талцаж, үр шимийг нь хангалттай хүртсэн хэрнээ “угж”-тай байлгах хүсэлтэй нөхөд олон байгааг дурдах хэрэгтэй. Хүн төрөлхтөн үүнээс сайхан нийгмийг нээж олоогүй учраас бид ардчиллаа хөлд оруулан, хэлд оруулж, боловсрол эзэмшүүлэх замаар урагшлах шаардлага шил шилээ даран хүлээж байна.  

АН-ын лидерүүд гэх нөхөд “ардчиллаа аварна”, “намаа аварна” гэх уриа лоозон дор намын дарга болж, Ерөнхий сайд болж, эрх мэдэлд хүрэх биш сонгодог зарчмаар нь явуулахад удахгүй хэлд орж, боловсрол эзэмшиж таарна. Тэр тусмаа жагсаал цуглаан, өлсгөлөн, хувьсгал ярьж, өөрсдийгөө партизан хэмээх саармаг нөхөд ард түмний дунд ч тэр, олон улсын түвшинд ч ардчиллын нэр хүндийг гутааж байгааг дуулгах хэрэгтэй. Тодотгож хэлбэл, ардчиллын нэрээр хоосон хийрхэгчид олон болсон. 

Ардчилал, эрх чөлөө хэмээх зүйлийг өмчилсөн мэт аашлах нь нийгмийн зарчим бус нам удирдаж ирсэн цөөн хүний л араншин байсан гэдгийг дуулгах ёстой. Тиймээс эрх чөлөөний нэгэн илэрхийлэл болсон АН-тай ардчилал “угж”-тайгаа байх уу, хөлд орох уу гэдэг нь салшгүй холбоотой. Түүнээс бус АН-ыг итгэл үнэмшлээрээ сонгон ирсэн мянга мянган гишүүдийн буруу үүнд огтхон ч байхгүй. Ардчиллыг боомилох хандлага өөрөө ардчиллаар овоглосон намаас цухалзаж байгаа нь өнөөх л эрх ашгийн зөрчилтэй нөхөд байгаад оршино. Бид ардчиллыг хөгжүүлнэ гэхээр тэс өөр зүйл хийдэг. Овгоо авсан нам нь төрийн эрх барихаараа төв талбайнхаа нэрийг өөрчилнө. Тэр нэг талбайн нэр өөрчилснөөр ардчилал хэлд орчихгүй. Сэлүүхэн, цэвэрхэн тохижилттой л байвал тэр ямар нэртэй байх нь иргэн бидэнд юуны хамаа. Нийслэл дүүргийн хэмжээнд засаглах эрх авахаараа хөшөө буулгаад эхэлнэ. Яагаад гэхээр ардчилсан улсад ийм хөшөө байж болохгүй, булай юм гэнэ. Хэнд ч гай, гавьяа болох нь өнгөрсөн В.И.Ленины хөшөөг буулгахаар ардчилал хөлд орчихгүй. Цагийн эрхээр салхи шороонд гэмтээ л алга болно биз. Хэн нэгэн алдартнаар түүх зохиолгож, гуйвуулаад ч ардчилал хөгжихгүй. Монголчууд өөрсдөө олон зууны өмнө бичиж үлдээсэн үнэт сурвалж бичиг нь байгаа хойно, эрх биш ирээдүйн монголчууд ялгаж салгаад ойлгоно.

Гагцхүү ардчилал хэмээх зүйлийнхээ үзэл баримтлал, зарчмын дагуу явж байж хөгжил өөрөө ирнэ. Эрх чөлөөт нийгэм байгуулаад 300 гаруй жилийн нүүр үзсэн Америктай барьцах хэрэг юун. Тэдэнд ч алдаа оноо байсаар ирсэн. УИХ-д сууж, парламент толгойлж, Ерөнхий сайд болох гэж яарсан нөхдийн л эрх ашиг ардчиллыг ийм урт хугацаанд “угж”-тай нь байлгасан юм шүү. Ардчилал гэдэг чинь дарга сайд болж, төрийн эрх барих биш гэдгийг л ойлгочих. Түүнд үхэлдээд байхаар бидний сонгосон нийгэм маань чөдөртэй морь шиг дороо дэвхцээд байгаа хэрэг. Түүнээс ард түмэн биш, ардчиллыг зүрх сэтгэлээрээ сонгосон хүмүүс биш. Өрсөлдөж сөргөлдөөд байдаг бусад улс төрийн хүчин ч биш. Гагцхүү хэдхэн эрх мэдлийн төлөөх “тулам”-нуудын л гай ардчилалд ийн хүнд туссан хэрэг.

Мэдээжийн хэрэг комму­нистаараа хараалгасан улс төрийн ууган хүчин, угшил нэг МАХН болон бусад улс төрийн хүчнүүд сонгуульд өрсөлддөг. Өнгөрөгч гучаад жилийн түүхээс харахад тэд хэзээ ч, хаана ч ардчилсан нийгмийг хараан зүхээгүй. Тэд хэзээ ч ардчилалтай өрсөлдөөгүй, ардчиллыг ялахын төлөө сонгууль хийгээгүй, ардчилсан дүр эсгэгчидтэй л өрсөлдсөн гэж ойлгодог. Улс төрийн хоёр жигүүрийг дангаараа эзэгнэж байгаа хоёр том намд нэгнээ коммунист хэмээн ад шоо үзэх шаардлага ч алга. Цагаа тулахаар аль нь ч адилхан. Зүүн төвийн үзэл баримтлалтай МАН барууны араншин гаргаж л байдаг. Тэр тусмаа баруун төвийн үзэл баримтлалтай АН зүүний араншинг байнга гаргаж, олон улсын хэмжээнд ч анхаарал татахаар төөрөгдөлд оруулдаг. Бүр цагаа тулахаар үзэл баримтлалаа уландаа гишгэж, эрх ашгийн төлөө тэс өөр номтонтой өвөр түрийдээ орно. Түүнийг Монгол Улсын эрх ашиг, ард түмнийхээ төлөө гэх мэтээр цайруулна. Хамгийн энгийн жишээ гэхэд баруун төвийн үзэлтэй АН-д мөнгө төгрөг өгөөд, халамж түгээгээд явах шаардлага байхгүй. Өөрийгөө үгүйсгэж байгаа л нэг хэлбэр.   

Тэр ч бүү хэл нэгэнтээ ардчилал, эрх чөлөө нэрийн дор монголчууд зэрлэгдүү капиталист нийгэмд амьдарч байна хэмээн гадна дотнын судлаачид олонтаа дурдаж бичсэнтэй би л хувьдаа санал нийлдэг. Бидний багад капитализмыг алгасаж, социалист нийгмийг бүтээн байгуулсан хэмээн сурталдаж байсан. Гэтэл монголчууд бид XX зуунд алгасаж харайсан дэвшлээ XXI зуунд нөхөж эдэлсэн хэрэг болж байна.

Монгол Улсад ардчилсан нийгмийг бий болгоход гар бие оролцсон залуус өдгөө нэгэн жарны босгоор алхсан буурал өвгөд болжээ. Анхдагчдаас С.Зоригоос бусад нь бараг энх тунх амьдарч буй. Уг нь тэд 30 жилийн өмнө ямар нийгэм байгуулахаар зорьж байснаа, үүнийг цааш хэрхэн зөв авч явах талаар залуу хойч үедээ дурсаж, зөвлөж явах ёстой. Гэтэл нэг их хувьсгалчдын дүр эсгэж, чухам өлсөж, цангаж явснаа хэтрүүлэн ярихаас цаашгүй. Үүнээс гадна өөрийнхөө өндөр дээд албанд хэрхэн заларсан туршлагаа өмнөө бариад байхаар яах вэ. Анхдагчид гэх өвгөд ийн “халаад” байхаар хэрхэн хаашаа яаж хөгжих билээ. Нөгөө талаар ардчиллаа, намаа аварна хэмээн сүүлийн 20 гаруй жил дундаа зодолдлоо. Эцэст нь дарга сайдын алба аваад өнөөх аврал нь дуусах замаар явж ирлээ. Ямартай ч 30 жилийн өмнө Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх нэгэн том үйл явдал болсон нь өдгөөгийн АН албан ёсоор байгуулагдсан явдал юм. Хүний насаар жиших юм бол 30 жил гэдэг чамгүй урт хугацаа. “Биеэ засаад, гэрээ засчихсан, төрөө засалцаж” байх нас санж. Даанч эрх мэдэлд шунасан жилүүд ийнхүү ардчиллаа чөдөрлөж орхиж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 13

ardchilal mash olon toroltei …baruuniihnii ardchilal geed baigaa ni ynen chanartaa yag ardchilal bish shyydee, manaihan buruugaar oilgoh hereggui, ardchilliig ihenhdee gemt heregtengyyd ashiglasan mongold bol….jiriin saihan heden myangan hynii hysel moroodol baihgui Mongol oron yaduursan !!¨

0  |  0
unshigch(66.181.161.4) 2020 оны 04 сарын 07

ardchilaliin buynaar setertei mal shig baih gesen nohduud olshirchdee..

0  |  0
АРД(202.9.46.222) 2020 оны 04 сарын 13

Ардчилал гэдэг чинь баруунаас ирсэн хуучин соц нийгэмтэй улсуудыг өөрсдийн капиталист замаар оруулах гэсэн балчир арга шүү дээ, Капиталист нийгэм бол цэвэр мөнгө бас дахин бөөн бөөн мөнгө, хэн их мөнгөтэй нь хөгжим ээ захиалдаг уламжилтай, ЭНЭ ТЭГЭЭД БИДНИЙ ҮНДСЭН ХУУЛИАНДАА ТУСГАСАН ЭРХИМ ЗОРИЛГО МӨН БИЛҮҮ, НЭГ САЙН БОДДОО, ЯАГААД БИД ӨӨРСДИЙН УЛАМЖИЛ, ОРЧИН ЦАГИЙН ИРЭЭДҮЙН ХӨГЖЛИЙГ ХАМТДАН АШИГЛАЖ БОЛОХГҮЙ ГЭЖ, ЭНЭ ОЛОН ЗАЛУУЧУУДЫН ОЮУН УХААНЫ УРАЛДУУЛЖ АХМАД НАСТАНГУУДЫН СУРГААЛИЙГ АНХААРЧ, ГАЗАР ШОРОО ИРГЭДЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛСАН ТИЙМ Л БОДЛОГО ХЭРЭГТЭЙ

1  |  0
Irgen(70.181.123.238) 2020 оны 04 сарын 13

Ardchilal iig elbegdoerj. Erdeneee nar ulsaa luivardsan zevseg bolgoson .ed nariig uls turuus zailuulj shyyhed hurdan hyrgej heregtei

1  |  0
Зочин(122.201.24.102) 2020 оны 04 сарын 13

Монгол хүн байгалиас заяасан ардчилсан үзэлтэй хүмүүс байдгийм. Үүнийг өөрсдийгөө ардчилагчид гэж дүрдээ итгэсэн хүмүүс л замд нь завхруулсан.Сүүлийн 30 жилд намчирхал, хуваагдал, хувийн шунахай сэдэл, боловсролгүй, харанхуй бүдүүлэг, бас дээр нь залхуу хойрго, хялбар аргаар мөнгө олох гэсэн явуургүй арга, албан тушаалын хэнээ зэрэг нь эх орны хөгжилд маш их саад тотгор болсон. Одоо ч энэ үзэгдэл амь бөхтэй оршсоор байна. Гэхдээ энэ бол заавал дайрах зүй тогтол огт биш засч залруулах учиртай нийгмийн гажуудал.

1  |  0
МОНГОЛ ХҮН(202.9.46.226) 2020 оны 04 сарын 07

Хамгийн сүүлчийн өгүүлбэрийг ингэж ойлгох- хувийн шуналдаа автсан хүмүүсийн агуу их заль

1  |  0
Top