Х.Баттулга Ши Жиньпинтэй СВОП сунгах талаар ярилцсан уу?

2020 оны 03 сарын 03

Коронавирусний тархалтын ид үед БНХАУ-д айлчлаад нутагтаа ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулга дүрэм, журмын дагуу 14 хоног тусгаарлагдаж байгаа. Түүний айлчлалыг улс төрийн талаас "Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа дээд түвшиндээ хүрснийг нотолсон айлчлал боллоо" гэж талууд дүгнэж байгаа. Ерөнхийлөгч одоогоор хөл хорионд байгаа учраас илүү дэлгэрэнгүй байр суурийг илэрхийлээгүй байна.

Нөхцөл байдалд тулгуурлаж харвал Ерөнхийлөгчийн айлчлал эдийн засгийн талаасаа ойрын болон дунд хугацаанд бидэнд ашигтай мэдээллүүдийг дагуулж болох юм.

Тухайлбал, Монголбанкнаас Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацаа дуусахад гуравхан сар үлдсэн энэ үед Ерөнхийлөгчийн айлчлал боллоо.

Ирэх дөрвөн жил 14.4 тэрбум орчим ам.долларын гадаад өр төлөх хуваарьтай манай улс уг своп хэлцлийг дахин гурван жилээр сунгахаас өөр боломж хэцүү. Хэрэв сунгахгүй бол 2016 оноос хойш хурааж хадгалсан гадаад валютын нөөцөөрөө төлж барагдуулах эрсдэлд орох юм. Тиймээс сунгах ёстой.

Своп хэлцлийн хугацааг дахин гурван жилээр сунгах саналыг 2019 онд манай талаас тавиад, хэлэлцээ эхлээд өнөөдрийг хүрч буй.

Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2019 оны арванхоёрдугаар сард энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ Төв банкууд хоорондын хамтын ажиллагаанаас гадна төрийн өндөр түвшний айлчлалын хүрээнд энэ асуудлыг ярих нь үр дүнтэй гэж харж байна хэмээсэн.

Түүний хэлснийг эшлэвэл,

“Монголбанкны хувьд Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг дахин сунгахаар төлөвлөж байна. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2017 онд эхлүүлж, доноруудын санхүүжилт болох 5.5 тэрбум ам.доллар шийдвэрлэгдэхэд своп хэлцлийн хүрээнд авч ашигласан дүн нэг хэсэг болж дотор нь багтсан. Өөрөөр хэлбэл, своп хэлцлийн хугацааг 2017 онд гурван жилээр сунгасан нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн  хүрээнд давхар шийдвэрлэгдсэн гэж ойлгож болно. Энэ үүднээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх явдал нь тус хэлцлийн хугацааг сунгахад давхар нөлөөлнө. Төв банкууд хоорондын хамтын ажиллагаанаас гадна төрийн өндөр түвшний айлчлалын хүрээнд энэ асуудлыг ярих нь үр дүнтэй гэж харж байна" хэмээж байсан юм.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн айлчлалын тухайд своп  хэлцлийн хугацаа дуусахаас өмнө амжиж хийгдсэн ТӨРИЙН ӨНДӨР ТҮВШНИЙ АЙЛЧЛАЛ.

Тиймээс айлчлалын хүрээнд хэлцлийг сунгах асуудлаар санал солилцсон уу гэдэг асуудал анхаарал татаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top