БҮС БА ЗАМ: Супер нэгдлийн супер төлөвлөгөө

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 05 сарын 01

“Бүс ба зам”.  Дэлхийн “цагдаа” гэгдэх  АНУ-ын тодорхойлсноор шинэ цагийн колоничлол. Шинээр сэргэн мандаж буй социалист гэгдэх ОХУ-ын харж байгаагаар дэлхийн хөгжлийн шинэ гарц. Хөгжиж буй орнуудын харж байгаагаар олдож буй боломж. Судлаачдын үзэж буйгаар АНУ-ын эдийн засгийн давамгайллыг сөрөн гарах том нэгдэл. Чухамдаа аль нь ч бай XXI зуун азиудын, тэр дундаа Хятадын эрин зуун байхыг илтгэх мэт энэ нэгдэл аль хэдийнээ үр ашгаа өгөөд эхэлсэн. Өгч  эхэлсэн, улс орнууд ач холбогдол тавьж байгаа гэдгийг өнгөрсөн долоо хоногт болсон “Бүс ба Зам”-ын хоёрдугаар уулзалт бэлхнээ харууллаа. Энэ удаагийн уулзалтад Казахстан, Япон, Өмнөд Солонгос, ОХУ тэргүүтэй дэлхийн 40 гаруй улсын төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож, 100 гаруйн улсын төлөөлөл “Бүс ба Зам”-ын ирээдүйг хэлэлцсэн юм. Ази тивийг Африктай холбох том зорилготой “Бүс ба Зам” санаачилга Африк тивийн Кени, Этиопоос эхлээд Европ  тивийн Герман, Беларусь, Англи, Ази тивийн Индонези, Малайз, Монгол хүртэл дэлхийн 55 улс, цаашлаад дэлхийн 100 гаруй улсад шууд бус байдлаар хөрөнгө оруулаад байна. Дэлхийн банкны судалгаагаар “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн улс орнуудын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь 0.1-0.5 хувьтай байгаа бол дэлхийн эдийн засагт шууд бус байдлаар 0.1 хувиар нөлөөлж байгаа гэх судалгаа гарчээ.

БНХАУ-тай бид хаяа нийлдэг ч ганзага нийлэхгүй байсаар өдийг хүрсэн. Чухамдаа бидний хэрэглээний бараг 60-аас илүү хувийг хангаж байгаа “БНХАУ”-ыг шүүмжилсээр ирсэн нь нүцгэн үнэн. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл  Хятадыг үзэн яддаг байсан нь хувь заяаны шоглоом гэлтэй. “Бүс ба Зам” санаачилга дэлхийн эдийн засаг, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах хамгийн том нэгдэл гэдгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутереш форумын индэр дээрээс мэдэгдэв. “Бүс ба Зам”-ын хоёр дахь удаагийн хуралдаанаар НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилттой нэгтгэхээр болж албан ёсоор гарын үсэг зурлаа. Түүнчлэн “АСЕАН” буюу Зүүн өмнөд Азйин холбооны ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулахаар болж Африкийн лигтэй 2060 он хүртэл харилцаагаа улам хөгжүүлэх гэрээг батлав. Үүнээс онцлон тэмдэглүүштэй нэг зүйл гэвэл эдийн засгийн зургаан коридорыг гараанаас гарган, хэрэгжилтэд хяналт тавих шийдвэр байлаа. “Бүс ба зам” санаачилгын хоёр дэд хэсгийн нэг нь Торгоны замын эдийн засгийн бүс юм. Евразийг бүхэлд нь эдийн засгийн коридороор холбох асар том амбицтай энэ төслийн хүрээнд зургаан том коридор хэрэгжүүлэхээр зэхээд байна.

ЕВРАЗИЙН ШИНЭ ГҮҮР

Хятад болон ОХУ-ын баруун хэсгээс Казахстан, БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах муж, Польш, Германыг авто болон төмөр замаар холбон агаарын замын тарифыг хөнгөлөхөөр зэхэж байна.

МОНГОЛ-ОРОС-ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР

Хятадын хөрөнгө оруулалтын корпорац, ОХУ-ын хөрөнгө оруулалтын сан хамтран гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах боломжтойг анх 2012 онд сануулж байв. Үүнээс хойш дөрвөн жилийн дараа буюу 2016 оны зургаадугаар сард Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон гурван улсын төрийн тэргүүн нарын гурав дахь уулзалтаар энэ хөтөлбөрийг баталжээ. Эдийн засгийн коридор байгуулахтай холбоотойгоор  зам тээврийн салбарын 13, аж үйлдвэрийн сал­барын төсөл хоёр, хил гааль, хорио цээрийн салбарын тав, байгаль орчны салбар, шинжлэх ухаан, боловсрол, технологи, хүмүүнлэгийн тус бүр гурав, эрчим хүч, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн тус тус нэг хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Одоогоор  гурван талын шинжээчдийн гурван удаагийн уулзалт болоод байна.

ХЯТАД-ПАКИСТАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР

БНХАУ үүнийг “Бүс ба зам” санаачилгын томоохон төслүүдийн нэг гэж мэдэгдээд байна. БНХАУ-Пакистаны дэд бүтцийн салбарыг төмөр зам, авто зам, агаарын зам, далайн тээврийн замаар бүсчлэн хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүч, эдийн засгийн чадварыг дээшлүүлэх хэд, хэдэн дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр санаачилжээ. 2016 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Гвадар боомтоор дамжуулан баруун Азиас, африк тив хүртэл анхны далайн тээврийг эхлүүлсэн байдаг. Хятад-Пакистаны эдийн засгийн коридор байгуулах төсөлд нийт 62 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

 

Үүнээс гадна Бангладеш-Хятад-Энэтхэг-Мьянмарыг холбосон эдийн засгийн коридор, Хятад-Сингапур, Хятад-Сингапур гэсэн хэд, хэдэн дэд бүсийг байгуулахаар хамтын ажиллагааны санамж бичиг үйлдсэн юм.Харин энэ удаагийн уулзалт Бангладеш-Хятад-Энэтхэг-Мьянмарыг холбосон эдийн засгийн коридорыг гараанаас гаргахаар болов. Энэ нь “Бүс ба Зам” санаачилгаас энэ онд хэрэгжүүлэх хамгийн том төсөл байна гэдгийг БНХАУ-ын дарга Си Жиньпин мэдэгдсэн юм. Зарим хэвлэлийн тодотгож байгаагаар Х.Баттулга ердөө аргал түүх гэж Хятадыг зорьсон уу гэвэл хэтэрхий өрөөсгөл ойлголт. “Бүс ба Зам” санаачилгын 10-аад дэд хөтөлбөрт шууд болон шууд бусаар оролцож буй Монгол Улс хоёр дахь удаагийн уулзалтад оролцож, өмнө нь хэлэлцсэн гэрээнүүдийг эцэслэх ёстой байсан. Энэ ч үүргээ гүйцэтгэж 700 сая юанийн зээл авахаар боллоо. Үүнээс гадна онцлон тэмдэглүүштэй зүйл нь “Монгол-Орос-Хятад”-ыг холбосон эдийн засгийн коридорын дэд хөтөлбөрүүдийн төслийг нэн даруй хэрэгжүүлэхээр аман тохироонд хүрсэн явдал байв. Ингэснээр тус бүрийн салбарын 30 гаруй дэд хөтөлбөр гараанаас гарах боломж бүрдлээ гэсэн үг. Азийн сэргээн босголт хөгжлийн банкны мэдээллээр “Бүс ба Зам” санаачилгад хэрэгжүүлэх бүх төслүүд нэг их наяд юань буюу 160 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж дүгнэжээ. БНХАУ-ын Худалдааны яамны мэдээллээр Хятадын компаниуд “Бүс ба зам”-д холбогдох 55 оронд 7.68 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн байна. Түүнчлэн “Бүс ба зам”-ын 61 улстай 1922 удаа шинэ гэрээ үйлдэж, гэрээний мөнгөн дүн 47.79 тэрбум ам.долларт хүрчээ. Нийт эргэлт нь 38.95 тэрбум ам.доллар болно гэж тооцоолжээ. Цаашид энэ тоо улам өсөх нь дамжиггүй. Эдийн засгийн хүртээмж талаас нь Олон улсын валютын сан сайн гэж дүгнэсэн ч эцэстээ үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэж буй. Ялангуяа хэтэрхий ядуу буурай африк тивийн улс орнууд болгоомжтой хандах ёстой гэж дүгнээд байна. Харвардын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн судлаачид ч пост коммунист орнуудад сөргөөр нөлөөлөх талтай гэж дүгнэжээ. Гэвч “Бүс ба Зам”-ын автор БНХАУ арай өөрөөр дүгнэж буй. 2030 он гэхэд африк тивийн улс гүрнүүд европын оролцоо давамгайлсан эдийн засгаасаа хагацаж хуучин колони улсуудаас бүрэн хараат бус болно гэж дүгнэж буй билээ. Африк тивийн удирдагчид ч БНХАУ-ын амлалтыг биелээсэй гэж бодож байгаа нь дамжиггүй. “Бүс ба Зам” санааичлга аль хэдийнээ таван жилийг үдээд байна. Эхний таван жилдээ зорьсон зорилгодоо хүрсэн гэж БНХАУ-ын Коммунист нам үзэж буй. Цаашлаад 2025 он хүртэл шинэ бодлого боловсруулж, олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагуудын үзэл санаатай уялдуулах тал дээр анхаарна гэдгээ хоёр дахь чуулганы индэр дээрээс мэдэгдлээ. Удахгүй “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг Дэлхийн эдийн засгийн чуулганы зохион байгуулагчидтай хамтран хэлэлцэхээр болсон. Хэлэлцээрийн дараа олон улсын хамтын ажиллагааны бусад байгуулагуудад хөтөлбөрийн үр дүнгийн талаар нэгдсэн тайлан өгөх гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top