“БҮС БА ЗАМ”-ЫН ГОЛ ГУРВАЛЖИН: Хятад, Монгол, Оросын коридор

Админ | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Казахстаны экс удирдагч Нурсултан Назарбаев зэрэг томоохон тоглогчдыг Бээжинд цуглуулсан “Бүс ба Зам” чуулганаар хөндөн ярилцсан сэдвүүдээс “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор”-ын асуудлыг Хятадын хэвлэлүүд №1-т онцолж байна-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д төрийн айлчлал хийж, үргэлжлүүлэн Бээжин хотноо “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анхны төрийн айлчлалаа БНХАУ-д хийсэн нь монголчуудын анхаарлыг татсан бол олон улсын анхаарал “Бүс ба Зам” чуулга уулзалтад төвлөрсөн өдрүүд байлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Казахстаны экс удирдагч Нурсултан Назарбаев зэрэг томоохон тоглогчдыг Бээжинд цуглуулсан “Бүс ба Зам” чуулганаар хөндөн ярилцсан сэдвүүдээс “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор”-ын асуудлыг Хятадын хэвлэлүүд №1-т онцолж байна. Монголын төрийн тэргүүний айлчлалын үнэ цэнийг өргөж буй энэ сэдвийг Ерөнхийлөгч Х.Баттулга чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцох үеэр хэлсэн үгэндээ мөн онцолжээ.

Тэрбээр “Гадаад орчны хувьд бүс нутгийн улсуудтай эдийн засгаар холбогдох чиглэлээр хамтран ажиллахаар ойлголцолд хүрч, зарим улстай тодорхой гэрээ, хэлцлүүд байгуулсан. Үүний нэг тодорхой жишээ нь, Орос, Хятад хоёр хөрштэйгөө хамтран хэрэгжүүлэх “Гурван улсын эдийн засгийн коридор” хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр миний бие ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Зиньпин нартай өнгөрсөн онд болсон гурван улсын тэргүүн нарын дөрөв дэх уулзалтын үеэр тохиролцсон болно” хэмээн мэдэгдсэн байна. Бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлууд дунд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор хэмээх шинэ гурвалжин цаашид илүү том, тодоор яригдах юм байна гэдэг дохиог Төрийн тэргүүний энэ удаагийн айлчлал болон цаг хугацааны хувьд айлчлалын араас залгасан “Бүс ба зам” чуулга уулзалтын үеэрх талуудын байр суурь дахин бататгаж байна гэж ажиглагчид дүгнэж буй. Хятадын өнөөгийн удирдагч Си Жиньпиний санаачилга болох “Бүс ба зам” хөтөлбөр дээрээ дээвэр байгууллагагүй явж ирсэн бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтын дараагаас дүрэм журам, олон улсын стандарттай болж үргэлжлэхээр болж буй юм байна.

Бүс нутагтаа хамгийн олон хөрштэй Хятад улс хөршүүдтэйгээ хамтдаа хөгжих бодлогыг сүүлийн жилүүдэд тунхаглаж ирсэн. Бүс ба зам санаачилгын хүрээнд хамтран ажиллах асуудалд бодитой нэг бэрхшээл тулгарч ирсэн нь хөрш улсуудын эдийн засаг, хөгжлийн харилцан адилгүй түвшин, хамтын ажиллагааны санхүүжилт байсан гэхэд болно.

“Бүс ба зам”-ын хүрээнд хийгдэх бүтээн байгуулалт, хамтын ажиллагаанд Хятадын талаас гаргахад бэлэн байгаа санхүүжилт нь өрийн дарамт үүсгэнэ гэсэн болгоомжлолыг хөгжлийн түвшин бага улс орнууд илэрхийлж ирсэн. Цаашид үүнтэй холбоотой санхүүжилтийг Хятад улс дангаар биш олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр болсон нь уулзалтын нэг үр дүн гэж болохоор аж.

“Бүс ба зам” төслийн санхүүжилтын талаарх дээрх мэссэж олон улсын санхүүгийн байгууллага, банк, хөрөнгө оруулагчдын сонирхлыг Хятад руу татлаа. Уг хөтөлбөрт гол нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор хэмээх гурвалжин байх болно гэдгийг ч Хятадын хэвлэлүүд илэрхийлэв. Харин энэ гурвалжин дунд Монголын байр суурь, амбици, эрх ашиг хэр том байх нь одоохондоо бүрхэг үлдэж байна. Учир нь “Бүс ба зам” чуулга уулзалтын өнгийг Хятад-Си Жиньпин, Орос-В.Путин, Казахстан-Н.Назарбаев нарын хоршил тодорхойлсон гэхэд болно.

Хятадын мэдээллийн хэрэгслүүд өөрийн орны удирдагч Си Жиньпин, түүний хоёр гар талд яваа В.Путин, Н.Назарбаев нарын хослолыг түлхүү харуулж буйг ажиглагчид онцлов. “Бүс ба зам” санаачилгын гол гурвалжин нь Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засгийн коридор байх нь гэсэн таамаг төлөвтэй зэрэгцэн үүнийг сонирхож буй олон улсын хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчдийн итгэл В.Путин, Н.Назарбаев нар дээр жин дарахаар харагдаж байна. Нэг үгээр бол Хятад, Орос, Казахстаны хоршил илүү тогтвортой харилцаа, хамтын ажиллагаа гурвалжин гэсэн хэтийн төлөв дээр санхүүжүүлэгчид найдвар тавихуйц дүр зураг энэ удаагийн “Бүс ба зам” чуулга уулзалтыг өнгөллөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулга уулзалтын үеэрх дугуй ширээний уулзалтад хэлсэн үгэндээ “...хатуу болон зөөлөн дэд бүтцийн “Бүс ба зам”-уудаар холбогдох нь ирж буй цагийн шаардлага мөн.

Ийм цаг үед “Хамтдаа ашгийг нь хүртэх” зарчим, уриа хэрэгжсэнээр өөр өөрийн улсынхаа иргэн бүрийн амьжиргааг дээшлүүлэх боломж бий болгоно гэдэгт итгэж байна” гэж мэдэгдсэнээс гадна “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх саналаа илэрхийлсэн байна. Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр оновчтой холбох, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын үр ашигтай шийдэл бий болгох энэ саналыг Хятадын тал дэмжих байр суурь илэрхийлсэн.

“Бүс ба зам” чуулга уулзалтын өмнө болсон Монголын Төрийн тэргүүний айлчлалын хүрээнд хоёр Монгол Улсын “Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсныг энд онцлох нь зүй. Энэ удаагийн БНХАУ-д хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүн болон түүний оролцсон “Бүс ба Зам” чуулга уулзалт бүхэлдээ Монгол Улсыг бүс нутгийн алтан гурвалжингийн нэг өнцөг болох ирээдүй байгааг харууллаа.

З.БОРГИЛМАА

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.229.121.231) 2019 оны 04 сарын 29

Oilgomjgyi yum bichih yum. Tavag hoolnii tulburt am haasan maygiin hyamd bichver bn. Ekh survalj todorhoi bish.

0  |  0
Иргэн(202.70.34.70) 2019 оны 04 сарын 29

НӨГӨӨ МОНГОЛ НЬ ТЭГЭЭД ХААНА БАЙНАА? ХАРАГДАХГҮЙ БАЙНА.

0  |  0
ondor nastan(182.160.37.58) 2019 оны 04 сарын 29

mongolin mini talin sanalig Burhan uneheer eroon sahin hamgaalah boltugai.

0  |  0
ххх(202.9.42.135) 2019 оны 04 сарын 29

Хоосон горьдлого

0  |  0
Top