Тэдний нэр төр, эрх мэдлийн дэргэд коронавирус юу ч биш

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Дэлхийн улс гүрнүүд аюулт өвчнөөс сэргийлэн хаалга үүдээ бахиж, хаяа хатавчаа битүүлж байхад монголчууд бидэнд санаа зовсон шинж алга. Өмнөд их гүрнийг далайн чанад бөөгнүүлэн “түймэрдэхдээ” тулсан коронавирус бидэнд хамгийн ойр байгаа. Ерөөсөө үүдэн дээр зогсож байгаа гэхэд болно. Гэтэл бид ер зовсон шинжгүй, дээр доргүй улстөржиж, айсуй сонгуульд хэрхэн оноо цуглуулах тухай аянд морджээ.

Энд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,салбар яамны үйл ажиллагаа, эрүүл энхийн манаанд өдөр шөнөгүй зогсож буй алба хаагчдыг хэлээгүй гэдгийг онцлон дурдъя. Төрийн гурван өндөрлөг захирамж, шийдвэр гарган уриалж, цагийн байдлыг бодитой үнэлэн ажиллаж байгааг бид харж байна. Гэхдээ өнөөдрийн энэ аюулт өвчний дуулиан, хөл хориог далимдуулан улс төрийн рейтинг өндөртэй намууд түүнийгээ хадгалах, зарим нь унасан рейтингээ босгох төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа гэх баттай бус ч эх сурвалжийн мэдээлэл өөрийн эрхгүй хирдхийлгэнэ. Арай ч үгүй байх гэж найдъя. Гэтэл мэдээллийг бататгах мэт үйл явдал улс төрийн хүрээнд шил даран өрнөсөөр байгаа нь найдлага тасрахад хүргэлээ.

Аюулт өвчнөөс ард иргэдээ хэрхэн сэргийлэх тухай ухуулга тунхаг гаргаж байх ёстой улс төрийн 13 нам нэгдэж байгаагаа орон даяар зарлан тунхаглалаа. Чухам юуны тулд тэр вэ гэхээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал туйлын хүнд явж ирлээ. Ард иргэдийн амьдрал ядуурч туйлдлаа. Бидний хувьд нийгэм эдийн засгийн байдлаа өөд татах, иргэдээ ядуурлаас гаргаж Монгол Улсаа аврах гэж эвсэн нэгдлээ хэмээн элийрнэ. Уг нь тэдгүйгээр унахдаа унаж, босохдоо босож өнөөдөрт ирсэн улс. Хамгийн сүүлийн жишээ татахад хоёр их гүрний дундаас зах зээлийн шуурганд тэсэж үлдсэн Монгол.

Муу зүйл зөгнөж байгаа юм биш. Хэрвээ та нарыг энд сонгууль бодон нэгдлээ эвслээ хэмээн улстөржиж байх араар аюулт өвчин ороод ирвэл ямар ард түмнээ ядуурлаас гаргаж, хаана хэнд зориулагдсан эдийн засгаа өөд татах болж байна. Тэд өвчний эсрэг кампанит ажил өрнүүлэх нь бүү хэл энэ тухай иргэддээ ухуулга ч хийгээгүй байж ийнхүү сонгуульдаж байна.

Тодотговол, Хамаг Монголын хөдөлмөрийн нам, БНН, Үнэн ба зөв нам, Ард түмний олонхын засаглал, Хөгжлийн хөтөлбөр нам, ШИНЭН, Монголын үндэсний ардчилсан нам, ХҮН зэрэг намууд “Эв нэгдлийн тунхаг бичиг”-т  гарын үсэг зурж, ирэх сонгуульд эвсэж, Монгол Улсаа аврах юм байх. Болзошгүй аюул хаалга тогшиж байхад юун эдийн засаг, ядуурал вэ. Энэ үйл явдлыг цагийн байдалтай уяхад маш хэцүү. Бас дэндүү мэдрэмжгүй.

Нөгөө талаас ард түмэн, эх орныхоо төлөө явж, хал үзэн халуун чулуу долоосон хэмээн өөрийгөө дөвийлгөх Н.Энхбаяр Ногоон намтай эвсэхээ зарлав. Юуны тулд гэхээр аанай л туйлдсан ард түмнээ ядуурлаас гаргана, нийгэм эдийн засгаа өөд татаж, Монгол Улсаа мандуулах юм байх. Дээр дурдсан зүг чигээ олоогүй арван хэдэн намтайгаа яг адилхан. Н.Энхбаяр төрийн бүх л өндөрлөгт заларч, Монгол Улсын хаан явахдаа улсаа мандуулахгүй яасан юм. Та нарыг хувийнхаа телевизээр өдөр шөнөгүй улстөржиж суух араар аюулт өвчин ороод ирвэл ядуурлаас хэнийгээ гаргах вэ. Та нараар авруулах гэж байхаар ядуу ч гэсэн амьд мэнд байх нь чухал болоод байна. Өвчин тахалд нэрвэгдсэн иргэдтэй хаанахын ямар улс гүрэн мандаж байсан юм.

Ялангуяа МАХН, Н.Энхбаяр ба түүний нөхөд орой болгон хувийнхаа телевизээр ирээдүйн сайн сайхан Монгол Улсыг бүтээх тухай яриагаар өнгөлөн далдалж, өрсөлдөгч бүрээ муучлах аж. “Улсаасаа баян Ерөнхийлөгч” асны бүлэглэл тэр чигтээ энхийн цагаан тагтаа. Гэсэн хэдий ч коронавирусээс ингэж хамгаалъя гэсэн яриа нэг ч орой өрнүүлэхгүй. Тэр ч бүү хэл үг, өгүүлбэр ч цухуйлгахгүй. Хорио цээртэй холбоотойгоор төдөн төгрөг хандивлалаа, иргэд олон нийтэд маск, ариутгах бодис өглөө гэсэн мэдээ мэдээлэл бол хайлтгүй. Н.Энхбаяр үнэхээр л хэлмэгдэж муугаа үзсэн үндэсний том удирдагч юм бол яагаад ганц удаа хувийнхаа телевизээр ард иргэддээ өвчнөөс сэргийлэх арга замын тухай уриалж болохгүй байгаа юм. Өвчин ирвээс Н.Энхбаяр ч үхнэ, муулаад байгаа Ц.Элбэгдорж чинь ч үхнэ. Энэ өвчин хэнийг ч ялгахгүй. Ц.Оюунбаатар, Э.Эрдэнэжамъян нарын нөхөд тойрч суучихаад л үдэш болгон бусдыг муучилж, өөрсдийгөө үндэсний баатар мэт ярина. Яагаад нэг орой тойрч суугаад болзошгүй өвчний талаар ухуулга сурталчилгаа хийж болохгүй байгаа юм.

Сүүлийн хоёр өдөр гэхэд АН-ын дарга С.Эрдэнэ Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ байгуулагдсаны ойн баярын мэндчилгээг өдөр тутмын сонин бүхний нэгдүгээр нүүрэнд сүр жавхлантайгаар заллаа. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын дарга хүн МоАХ-ны ойд баяр хүргэлгүй яахав. Гэтэл яагаад болзошгүй аюулын тухай нэг ч сэрэмжлүүлэг мэдээлэл гаргахгүй байгаа юм. Бид ийм л улстөрчидтэй орон аж. Тэр ч бүү хэл нэгэн шинэхэн намын данстай гэх нөхөр цахим сүлжээнд “Цагаан сарын өмнө ахмадуудад гурван сая төгрөг өг, эс тэгвэл жагсана тэмцэнэ, жагсаал цуглаан хийх гэхээр хорьчихсон. Тэгвэл бид өлсгөлөн зарлана. Улмаар биеийн дархлаа муудаж, коронавирус дархлаагүй биед амархан халдварлана” хэмээн заналхийлж байна. Яачихсан улс төр гэхээрээ ийм байдаг байна вэ. Тэгэхээр намынх нь удирдлагууд энэ мэт гишүүн эгнээнд чинь байгаа бол үтэр түргэн хөө, бүр “цаазла”. Улс үндэстэнд заналхийлсэн ийм нөхдийг үнэхээр цаазалсан ч яадаг юм. 

Гэтэл жирийн нэг оёдолчин бүсгүй албан газарт үнэгүй маск өгч өвчнөөс сэргийлэхийг уриалж байх юм. Хамгийн наад захын жишээ гэхэд улс орноо аврах тухай өдөр шөнөгүй амтгүй яриагаар залхааж байдаг тэрбумтан Ш.Сайхансамбуу хаана явна вэ. Тэр хаана хэнд юу өгөв, ямар арга хэмжээ авсан юм. Хорио цээрийн дэглэмтэй хугацаанд зээлийн хүүг тэглэн зогсоох тухай УИХ-ын гишүүнээсээ эхлээд өдөр шөнөгүй ярьж байгааг буруутгах гэсэнгүй. Зүй ёсны хэрэг. Гэтэл тэд хорио цээрийн дэглэмийн хугацааг хэдий хүртэл үргэлжилж зогсоно гэж хаанаас мэдээд байгаа юм. Мэдэж байгаа юм бол яагаад энэ тал дээр дуугарахгүй байгаа юм. Зүгээр л өөртөө оноо авах гэсэн улс төрийн акц төдий явуулж байгаагаас манайд энэ өвчний төлөө зовж байгаа улстөрч байна уу.

Өнөөх сүрхий Б.Жаргалсайхан яав, тэр хэзээ энэ өвчний эсрэг бодит болон бодит бус ажил хийв гэхээр бас л байхгүй. Нэг л их ард түмэн, эх орондоо хайртай дүр эсгэсэн нөхдийн үнэн төрх ийнхүү харагдаж байна. Энэ мэт улс төрд донтогсдыг өдөр шөнөгүй улстөржиж байхад нэг сумоч Д.Дагвадорж онц ноцтой тахлын үед хэрэглэх 400 ширхэг битүү хувцас Эрүүл мэндийн яаманд бэлэглэж байна. Тэр тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүл, зээлийн хүү зогсоо гэж бусад шиг агсам тавьсангүй. Уг нь далимдуулбал далимдуулах л хүн. Цагийн байдлыг бодитоор үнэлэн хэрэгтэй үед хэрэгтэй зүйлээ өгч байгаа нь энэ. Гэтэл эх орон, ард түмэн хэмээн цээжээ дэлдэгчид үнэн нүүр царай, мөн чанараа харуулж байна. Тэдний нэр төр, эрх мэдлийн дэргэд дэлхийн нийтийг айлгаж байгаа коронавирус юу ч биш бололтой.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хол байцгаа.(103.111.68.3) 2020 оны 02 сарын 20

Хужаа данжаад Бу Янь овогт Жаргалсайхан Хятад руу тусламжаа явуулаад байгаа шдээ.

0  |  0
Дарь(103.57.95.22) 2020 оны 02 сарын 20

Жаргалсайхан татвараа төлсөн. Тэр мөнгөнөөс нь улс ямар нэг юмандаа зарж байгаа биздээ. Ямарч байсан эх оронч хүн шүү,Өвчин гарлаа гээд ердийн графикаараа явах ажил зогсох юмуу. Муу эр дайнд хөөрнө гэдэг шиг халдварт өвчнөөр битгий далимдуулаад бай. Төр хийх ёстой юмаа яг таг сайн хийж байгаа.

0  |  0
mgl(103.9.90.98) 2020 оны 02 сарын 20

Нэг л их ард түмэн, эх орондоо хайртай дүр эсгэсэн нөхдийн үнэн төрх ийнхүү харагдаж байна. Энэ мэт улс төрд донтогсдыг өдөр шөнөгүй улстөржиж байхад нэг сумоч Д.Дагвадорж онц ноцтой тахлын үед хэрэглэх 400 ширхэг битүү хувцас Эрүүл мэндийн яаманд бэлэглэж байна. Тэр тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүл, зээлийн хүү зогсоо гэж бусад шиг агсам тавьсангүй. Уг нь далимдуулбал далимдуулах л хүн. Цагийн байдлыг бодитоор үнэлэн хэрэгтэй үед хэрэгтэй зүйлээ өгч байгаа нь энэ. Гэтэл эх орон, ард түмэн хэмээн цээжээ дэлдэгчид үнэн нүүр царай, мөн чанараа харуулж байна. Тэдний нэр төр, эрх мэдлийн дэргэд д

0  |  0
Top