Монголчууд аж үйлдвэрийн IV хувьсгалд хэр бэлэн бэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

АЖ ҮЙЛДВЭРИЙН ДӨРӨВДҮГЭЭР ХУВЬСГАЛ ГЭЖ ЯГ ЮУГ ХЭЛЭЭД БАЙНА?

 

XVIII зуунд Англид эхэлсэн аж үйлдвэрийн үсрэнгүй дэвшлийг Ф.Энгельс анх өөрийн бүтээлүүддээ “Аж үйлдвэрийн хувьсгал” хэмээн нэрлэснээр энэ нэр томъёо түгэн тархсан гэж үздэг.

XVIII зууны сүүл үеэс XX зууны эхэн үе хүртэл үргэлжилсэн Аж үйлдвэрийн I хувьсгалыг уурын хөдөлгүүр бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлсэнтэй холбодог. Энэ үед уурын хөдөлгүүр бий болж тээврийн салбар эрчимтэй хөгжжээ. Аж үйлдвэрийн I хувьсгал үйлдвэрлэлд хүчтэй нөлөөлөөд зогсохгүй түүний үр дүнд хүн амын төвлөрөл эрчимжиж, олон шинэ мэргэжил бий болох зэргээр хүний нийгэмд огцом өөрчлөлтүүдийг авчирсан.

ХХ зууны эхэн үеэс эхэлсэн Аж үйлдвэрийн II хувьсгалаар цахилгаанжуулалт, үйлдвэрлэлд конвейер нэвтэрснийг нэрлэдэг байна. Энэ хувьсгалын үр дүнд хөдөлмөрийн бүтээмж огцом өсч, үйлдвэрлэлийн процессийн удирдлага үндсээрээ өөрчлөгдөв. Бидний өнөөгийн амьдрал ерөнхийдөө энэ хувьсгалын үр дүн гэж хэлж болох байх.

III хувьсгалыг электронжуулалт, үйлдвэрлэлийн автоматжуулалт, мэдээллийн технологитой холбодог бөгөөд үндсэндээ өнгөрсөн зууны 70-80-аад оноос эхэлсэн гэж үздэг юм билээ.

Харин IV хувьсгалыг дижитал буюу цахим хувьсгалын эрин гэж нэрлэж болно. Хэрэв өмнөх хувьсгалууд эдийн засгийн тодорхой салбаруудыг хамаарч байсан бол энэ хувьсгал нь бүх салбарыг хамрах гэнэ. Ухаалаг (өөрөөр хэлбэл хүний оролцоогүй буюу хүний оролцоо туйлын бага) үйлдвэр, хөдөө аж ахуйн ферм, үйлчилгээ, тээврийн хэрэгслүүд бий болж, цоо шинэ материалууд амьдралд нэвтэрч, нано болон биотехнологи, анагаах ухаан үсрэнгүй хөгжсөнөөр хүний амьдрах орчин эрс өөрчлөгдөнө гэж үзэж байна.

Сөрөг тал нь, ирэх 20 жилд нийт ажлын байрны 47 хувь нь автоматжсанаар олон сая хүн ажилгүй болохын дээр хөгжилтэй болон буурай хөгжилтэй орнуудын ялгаа улам бүр нэмэгдэх гэнэ. Үйлдвэрүүдийг автоматжуулах, роботжуулах процесс явагдаж байгаа тул ажиллах хүч хямд Хятад болон Азийн орнуудад байгуу­лагдсан үйлдвэрүүд хаагдаж  хөгжингүй орнууд өөрсдөө үйлдвэрлэл эрхлэх хандлага байгаа гэдгийг мөн тэмдэглэж байна.

 

Дөрөвдүгээр хувьсгалаар хүн төрөлхтөнд ирэх боломжууд

Аж үйлдвэрийн гурав, дөрөвдүгээр хувьсгал бүрэн хэрэгжсэнээр ашигт ажиллагааны түвшин нэмэгдэж, амьдралын чанар сайжирна.

Хүн гэрийн роботын бэлтгэсэн өглөөний цайгаа уугаад үүднээсээ цахилгаанаар, эсвэл устөрөгчөөр ажилладаг ухаалаг (жолоочгүй) машинаар хэрэгтэй газар руугаа хүргүүлнэ. Ихэнх хүмүүсийн хувьд албан ажлаа байгаа газраасаа интернетээр амжуулна, мөн интернетээр хоол хүнс, бусад зүйлээ худалдан авч шаардлагатай бүх үйлчилгээг хийлгэнэ. Таны эрүүл мэндийг гарт байгаа бугуйвч байнга хянана. Хэрэв өвдвөл компьютер өвчний чинь оношийг нарийн тогтоож шаардлагатай бол 3D-гээр бүтээсэн хиймэл эрхтнээр өвчтэй эрхтэнг ямар ч төвөггүй солино. Хүний дундаж наслалт 100-120 болно гэх зэргээр шинэ эрин үе дэх хүний амьдралыг төсөөлөн бичиж буй.

Эдийн засгийн чадамжтай, тоон ертөнцөд нэвтрэх боломжийг өөртөө бүрдүүлсэн өнөөгийн хүмүүс Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үр шимийг аль хэдийнэ хүртээд эхэлчихсэн гэсэн үг юм.

Энгийн тоон технологиос /Гуравдугаар хувьсгал/ инноваци, зохион байгуулалт дээр суурилсан /Дөрөвдүгээр хувьсгал/ шинэ түвшинд шилжсэнээр бизнесийг цоо шинээр харж төлөвлөх шаардлага урган гарч байна. Энэ үеийн хамгийн гол трэнд нь хэрэглэгч, нийлүүлэгчийг нэгтгэсэн мэдээллийн платформ үүсгэх явдал бөгөөд хэр олон үйлдвэрлэгч, хэрэглэгчийн платформд нэгтгэж чадна, тэр компани хүчтэй болж байна. Эдгээр компаниудад өөрийн гэсэн үйлдвэр, худалдааны сүлжээ байгуулах шаардлага байхгүй. Платформ үүсгэн маш бага зардлаар өндөр ашигтай ажиллаж байна гэсэн үг юм.

“Форбс” сэтгүүлээс зарладаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг программ хангамжийн “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс олон жилийн турш тэргүүлж ирсэн. Тэгвэл энэ жил “Амазон” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос илт тасархай тэргүүлж эхэллээ. Энэ бол аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгал, дөрөвдүгээр хувьсгалд байраа тавьж өгч байгаагийн нэгэн баталгаа гэж харагдаж байгаа юм. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын онцлогийг шингээсэн “Амазон”, “Алибаба” гэх мэт ком­паниуд цаашдаа улам томорно гэдгийг одоо зоригтойгоор хэлж чадахаар болжээ.        

 

АЖ ҮЙЛДВЭРИЙН ДӨРӨВДҮГЭЭР ХУВЬСГАЛ БА МОНГОЛ УЛС

 

Эдийн засгийн дөрөвдүгээр хувьсгалын талаар манайхан дээр доргүй ярьж эхлэв. Манай нэртэй улстөрч нэгэнтээ “Ярих нь хийхийн тал” хэмээн номлож байв. Ярьж эхлэх нь мэдээж чухал, гэхдээ хийх нь түүнээс ч илүү чухал билээ.

Монгол Улс энэ онд баталсан “Хөгжлийн гурван тулгуурт бодлого”-доо 2020 он гэхэд Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг эхлүүлэх бааз суурийг бэрдүүлэх зорилт дэвшүүлсэн.

Энэ зорилтын хүрээнд Үндэсний хөгжлийн газраас мэдээллийн платформ үүсгэх зорилгоор аж үйлдвэрийн салбарын бүхий л мэдээллийг агуулсан цахим системийг ашиглалтад оруулжээ. Одоогоор энэхүү платформд үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй 2600 аж ахуйн нэгжийг хамруулсан бөгөөд энэ оны эхний хагас жилдээ багтаан бүрэн байгуулж дуусахаар зорьж байгаа юм байна.Энэхүү платформ байгуулагд­санаар үйлдвэр эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж, хэрэглэгч мэдээллээр хангагдан, гадаад харилцаа холбоо сайжирна гэсэн хүлээлттэй байгаа ажээ. Мөн энэхүү платформыг ашиглан бодлогын зээл олгох, хөрөнгө оруулалт хийх, татах, санхүүгийн зах зээлд гарах, төр засгаас аливаа шийдвэр гаргахаасаа өмнө хувийн хэвшилтэй зөвлөлдөх гэх мэт асар өргөн боломжууд нээгдэх юм.

Гэхдээ үүнд Засгийн газраас гадна хувийн хэвшлийнхний идэвх зүтгэл чухал гэдгийг Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр нийтлэлдээ онцлон дурдсан байв.

 

Шинжлэх ухааныг чөдөрлөсөн “Үл үзэгдэх гар”

Том гүрний түшмэг болсон жижиг улс хөгждөггүй гэсэн ойлголт бий. Энэ нь Монгол Улсад ч мөн хамаатай. Бид өнөөдөр Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай хөл нийлүүлэх талаар ярьж, тодорхой алхмууд хийж буй нь сайшаалтай хэрэг. Гэвч шинжлэх ухаан, технологийн салбарт урьд өмнө нь тохиолдож байсан шиг ухралт гарч, ажил таг зогсчих вий гэсэн болгоомжлол байна. 

Шинэ сэргэн мандсан Монгол Улсын Ардын Засгийн газар 1921 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор “Судар бичгийн хүрээлэн” байгуулснаар Монгол Улсад шинэ үеийн шинжлэх ухааны төв байгуулага бий болж, хожим нь Шинжлэх ухааны хүрээлэн, Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн болон өргөжин тэлсээр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны тавдугаар сарын 16-ны өдрийн зарлигаар ШУА-ийг байгуулсан түүхтэй.

Шинжлэх ухааны төв байгуул­лагатай болсноор монголчуудын хүрсэн дэвшлийг өгүүлж баршгүй. Гэхдээ судалгааны чиглэлд нэг гажуудал байсан нь суурь шинжлэх ухаанд хэтэрхий их ач холбогдол өгөөд салбар шинжлэх ухааныг орхигдуулдаг явдал байв. Ирвэс дээр жишээ авч ярихад, суурь шинжлэх ухаан бол ирвэсээ л судална. 40 хэмийн хүйтэнд элгэн хадан дээр хэвтдэг онцлогтой гэх мэтээр судлаад тэмдэглээд л болоо. Харин “Яагаад ийм хүйтэнд элгэн хадан дээр хэвтдэг хэрнээ ханиад хүрдэггүй юм бэ. Ямар учир шалтгаан байна. Түүнийг нь олж тогтоогоод ханиадны эм хийхэд ашиглая” гэдэг ажлыг салбар шинжлэх ухаан гүйцэтгэдэг юм байна. Гэтэл яагаад ч юм, суурь шинжлэх ухаандаа л аж холбогдол өгсөөр ирсэн нь гадны бодлого байсан гэлтэй. Монголчууд суурь судалгаагаа хийгээд явдаг, тэр ололтыг оросууд салбар шинжлэх ухаандаа ашигладаг зүй тогтол ажиглагдаж байсан. Дубна дахь цөмийн судалгааны институтэд ажилласан монгол эрдэмтэд ЗХУ-ын энэ салбарын хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэсэн жишээ ч үүнийг харуулдаг.

Гэтэл ЗХУ задарч, гадны ямар нэг нөлөөгүй болсон гэх Монгол Улс 2012 онд Инновацийн тухай хууль баталж, бүтээгч сэтгэхүйтэй хүмүүсээ баярлуулчихаад ганцхан жилийн дараа буюу 2013 онд инновацийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй Венчур капиталын сан байгуулахтай холбоотой бүлгийг нь хасч хаясан. Ингэснээр их дээд сургуулиуд дээр хуримтлагдсан мэдлэгийг баялаг болох үйл ажиллагаа доголдсон. Хэрвээ Венч капиталын санг байгуулаад өгчихсөн бол их сургуулиудын судалгааны чадавх эрс сайжирч, мэдлэгт суурилсан эдийн засаг бодитоор бий болох, түүнд их дээд сургуулиудын оруулах хувь нэмэр нь ихсэх байв. Энэ өнцгөөс харвал энэ бол Монгол Улсын хөгжлийг удаашруулсан хорлонтой ажил болсон.

Гарааны компаниудыг дэмжлэг “Coworking Space” буюу дундын оффисууд ажиллаж байгаа ч хууль эрхзүйн орчинг нь бүрдүүлж өгөөгүй байх жишээтэй. Одоо Эрсдлийн санг нь байгуулах хууль боловсруулж байгаа ч хувийн хэвшилд даатгаад хаях юм байна. 

Манайхан аутсорсинг хийнэ гэж нэг хэсэг явсан. Гадны компаниудын ажлыг хийж өгөөд түүнийхээ хөлсийг аваад явна гэсэн үг. Гэтэл энэ нь маш олон хүн амтай улс л амжилт олдог салбар. Цөөн тооны компани тодорхой чиглэлд ажиллах боломж бий ч 2.7-хон сая хүнтэй манай улс аутсорсингоор Хятад, Энэтхэгтэй өрсөлдөөд барахгүй шүү дээ. Тэгээд ч Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал нэвтэрснээр робот ажилчныг орлож, аутсорсинг байхгүй болно гэдгийг К.Швабаас авахуулаад эрдэмтэн мэргэд зөгнөсөөр байгаа. Тиймээс бусдын ажлыг хийж өгдөг, гүйцэтгэгч улс байхаас татгалзаж, цөөн хүн амтай ч хүчтэй өрсөлдөгч брэндтэй, бүтээгч улс болох нь хөгжлийн хамгийн зөв гарц. Гэтэл гарааны компаниудыг төрөөс санхүүжүүлэх нь зохимжгүй гэж үзэж байгаа нь сонин.

Яг амьдрал дээр байдал хүнд байна. Гарааны компаниудыг хоёр жил гаруйн хугацаанд бүртгэж байгаа. Одоогоор БСШУСЯ-нд бүртгэлтэй 30 гаруй компани байдаг юм байна. Гэвч санхүүгийн дэмжлэг байхгүй. Гарааны компаниудад инновацын грант олгох журмыг хоёр сар гаруйхны өмнө баталсан, энэ жилийн тухайд санхүүжилт огт байхгүй гэнэ.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, арилжааны банкуудад хандах боломжтой ч тэндхийн ажил танил талаар явдаг, банкууд төсөлд зээл өгдөггүй зовлонтой. Хувийн хэвшлээс хөрөнгө татах бололцоо байдагч хөрөнгө оруулагч нь 80-аас дээш хувийг эзэмших болзол тулгадаг гээд бэрхшээл дүүрэн байна, энэ салбарт.

Шинжлэх ухааны академи нь мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих нэг тулгуур болох боломжтой ч бүтцийн хувьд асуудалтай /төрийн байгууллага ч биш, ТББ ч биш/. Үүнээс гадна? Үйл ажиллагаа бодлогодоо өөрчлөлт хийх ёстой гэсэн шүүмжлэл арилаагүй хэвээр. Энд нэг жишээ дурдмаар байна. Улс эх орондоо хэрэгтэй бүтээл туурвих санаа олсон 10 эрдэмтэн ШУА-иас санхүүжилт хүсчээ гэж бодоё. Төсөл тус бүрийг хэрэгжүүлэхэд 100 сая төгрөг хэрэгтэй. 10 төсөлд тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн үг. Гэтэл ШУА-д 500 сая төгрөг байжээ. Тиймээс хамгийн чухал тавыг нь сонгож аваад бүрэн санхүүжүүлэх нь зүй мэт. Гэтэл манайхан тэгдэггүй, 10 төсөлдөө 50, 50 саяыг хуваагаад өгчихдөг байна. Дутуу санхүүжилттэй төсөл мэдээж, зогсоно. Тэгээд үлдсэн санхүүжилтээ авья гэхээр “Үр дүн” нэхдэг аж. Дутуу хэрэгжсэн төсөл мэдээж үр дүн гаргаж өгөх боломжгүй. Ингээд зөв зүйтэй, өндөр үр ашигтай төсөл цаасан дээрээ үлддэг ажээ. Ийм маягаар шүүгээнд хэвтэж байгаа эрэмдэг төслүүд зөндөө гэнэ. Шинжлэх ухааны хөгжлийг чөдөрлөж буй энэ мэт бодлогыг л “Үл үзэгдэгч гар” гэж байгаа санаатай юм.

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал урьд өмнөх хувьсгалуудаасаа ялгаатай. Асар хурдан өрнөхийн зэрэгцээ оюун ухаан, мэдлэгт суурилах болно. Өндөр технологид ашиглагддаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд маш хортой учир Бангладеш,Энэтхэг зэрэг оронд үйлдвэрлэдэг. Тэднийг ашиглаад юу хийх нь зөвхөн зохион бүтээгчийн авьяас чадвараас шалтгаална. Төрийн соёрхолт зохион бүтээгч Н.Нацагням энэ талаар “Дэвшилтэт технологийн бүтээгдэхүүний нэг хувь нь түүхий эд, 99 хувь нь оюуны бүтээл” хэмээн маш оновчтой тодорхойлсон. Тиймээс Монгол Улсад Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг өөрт ашигтай эргүүлэх боломж бүрэн байна. Зарим эдийн засагч үүнийг дэлхий нийт нэг гараанаас зэрэг эхэлж байгаа гэж тодорхойлсон байна лээ. Гагцхүү үүнд хөрөнгө, алсын хараа хэрэгтэй. Хөрөнгө гарггаж чаддаггүй юм гэхэд ядаж боловсрол тал дээр зөв бодлого явуулж чадвал гадны хөрөнгө оруулагчид балан дээр цуглах зөгий мэт л шавчихна. Өдгөө өндөр технологийн шилдэг гүрэн болсон жижигхэн Эстоны жишээ үүнийг нотолно.    

Эстон нь мөн Playtech-ийн томоохон төв бөгөөд хүний сэтгэл хөөрлийг дээд зэргээр гаргаж, олны хэлдгээр “азарт”-уулсан олон тоглоомыг “эх барьж” авчээ. Энэ төрлийн программ хангамжийн жинхэнэ “уурхай” гэж Эстоныг нэрлэдэг байна. Одоогийн байдлаар амжилтад хүрэхээр тэмүүлж буй 1,3 сая “авьяас” гадуур тэнэж буй гэсэн тоо байна. Магадгүй тэдний нэлээдгүй хэсэг нь дэлхий дахинд “тэсрэлт” хийх программ, аль эсвэл тоглоомыг аль хэдийнэ хийчихээд хөрөнгө оруулагч хайн бэдэрч яваа ч юм бил үү. Барууны хөрөнгө оруулагчид энд хэдийнэ суурьшаад авцгаасан. Тэдний нэг болох Аллан Мартинсон гэгч эр “Хэрвээ өндөр технологийн гоц авьяастнууд байдаггүйсэн бол хэн ч Эстоныг зүглэхгүй байсан” хэмээн өгүүлж буй нь Эстон улсын боловсролын салбартаа хэрэгжүүлсэн бодлогын үр дүн юм.

Үүнээс гадна, ард иргэдийн хандлага өөрлөгдөх нь аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд тэсч үлдэх маш том нөхцөл гэдгийг жирийн иргэд бид ойлгох ёстой. Монгол залуусын дунд "Би монгол хүн" гэсэн бахархал   тэртээ зуун руу хальт үсрээд буруу явчих гээд байдаг зовлонтой. Гэтэл хөгжингүй орны залуус бол би үүнийг л хийдэг, бүтээдэг, тэрнийгээ л хэрэглэдэг, сэтгэл хангалуун байдаг гэсэн энгийн ойлголттой явдаг. Энэ нь эдийн засгийг нь хүчирхэгжүүлж байдаг. Бид аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгалын үр шимийг хүн бүртээ хүртээж амжаагүй үедээ /Эрчим хүч, интернэтгүй сум байсаар/ ийнхүү дараагийн хувьсгалыг яриад эхэлж байна. Гэвч үүнд бид хэр бэлэн бэ?

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(153.173.26.2) 2020 оны 02 сарын 17

Аж үйлдвэрийг хөгжүүлэх гэсэн хүмүүсийг нуга дарж байхад юун хувьсгал ярина вэ? Байхгүй юманд хувьсгал ч, хувьсал ч үгүй шүү дээ.

0  |  0
Зочин(153.173.26.2) 2020 оны 02 сарын 17

Юун аж үйлдвэр, юун хувьсгал вэ? Социализмын үед хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон байж чадаж байсан бол капитализмд ороод аж үйлдвэр үгүй болсон гэж хэлж болно. Сайн цагт аймаг бүр хүнсний үйлдвэртэй, барилгын материалын үйлдвэртэй, өмсөх гутал хувцсаа өөрсдөө хийдэг, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэртэй, тариа ногоогоо өөрсдөө тарьж хэрэгцээгээ хангчихдаг ер юм юмтай байсан. Одоо юутай байна? Аж үйлдвэрийн хувьсгал биш харин сэтгэлгээний хувьсал гэж болох юм. Харамсалтай нь монголчуудын сэтгэлгээ ядуурч сөрөг болоод байгааг яана даа яана.

0  |  0
ААН(103.57.95.17) 2020 оны 02 сарын 17

”Бүх татвар нэмэгдчихсэн, татвараа төлөхгүй бол зөрчилийн хуулиар Чи ялтан” ийм нөхцөлд аж үйлдвэрийн хувьсгал хийхгээд үз дээ.

0  |  0
Top