Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед АВАХ 17 АРГА ХЭМЖЭЭ

Ө.Уранзаяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 13

“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг"-т шилжүүлэхээр болсонтой холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас өнөөдөр /2020.02.13/ мэдээлэл хийлээ.

Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан "Шинэ коронавирусийн халдвар Монгол Улсын тойрон тархаж буй энэ үед аюулыг хэрхэн даван туулах, сэтгэлзүйгээ зөв удирдах талаар зөвлөмж өгнө. Ард иргэд тайван байх хэрэгтэй. ЭМЯ болон ДЭМБ-аас өдөр бүр шинэ коронавирусийн талаар мэдээлэл өгч байна. Айдас түгшүүр асуудлыг хүндрүүлэхээс биш сайн дүн өгөхгүй. Тиймээс онцгой байдлын үед мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээ, мэдээллийг дагаж мөрдөх нь зүйтэй юм" гэв. 

ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Ц.Ганзориг "ОБЕГ-аас шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Засгийн газраас гаргасан штйдвэрийг танилцуулъя. Засгийн газрын 62 дугаар тогтоолд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10-р зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.2, 11.3-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь, Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх,  эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2-р сарын 13-ны өдрөөс гуравдугаар сарын 20-ныг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсүгэй” гэж заасан.

Өндөржүүлсэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан 17 дугаар жарны хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсэн. 

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4-т заасан арга хэмжээг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед авч хэрэгжүүлэх, арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Гамшгаас хамгаалах алба, бүх шатны Засаг дарга, ААН байгууллагуудын удирдлагад үүрэг болгосон. Мөн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгасан. Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж гарсан" гэв. 


Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /Хэсэгчлэн/ шилжсэн үед АВАХ АРГА ХЭМЖЭЭ
 

  1. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, шуурхай штаб байгуулах,
  2. Гамшгаас хамгаалах улс болон орон нутгийн албадыг ажлын тусгай горимд шилжүүлэх,
  3. Шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдол хорио цээрийн дэглэм тогтоох,
  4. Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг томилгоожуулан, бэлэн байдлыг хангах, 
  5. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэлбэрээр иргэдэд шуурхай хүргэх, 
  6. Хэвлэл мэдээллийн байгууллагад шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах мэдээллийг дараалал харгалзахгүй зохион байгуулах, 
  7. Цагаан сарын баяртай холбоотой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхийг зогсоох, 
  8. Хот хоорондын нийтийн тээврээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавих, тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийх, 
  9. Гамшгийн нөөцийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, 
  10. Төрийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх ажиллах,
  11. Цагаан сарын баярын хүнс, барааны үзэсгэлэн худалдааг хориглох, 
  12. Баар ресторан, нийтийн хоолны газрын үйлчилгээнд хязгаарлалт тогтоох,
  13. Олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, урлаг, спортын арга хэмжээг зогсоох,
  14. Шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд, олон нийтийг оролцуулахгүй байх, 
  15. ААН, байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах, 
  16. Бараа үйлчилгээний үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх,
  17. Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдээ харж байгаа эцэг, эх, асран хамгаалагчид тав хоногийн цалинтай чөлөө олгох зэрэг 17 чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 

Эдгээр 17 чиглэлийн хүрээнд бүх шатны байгууллагууд дагаж мөрдөнө. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэндэ(66.181.161.2) 2020 оны 02 сарын 14

Өдөрт 10 мянган цугладаг барааны захуудаа яахиин үхсэний өндөхжүүлсэн байдагиин

0  |  0
зочин(122.201.22.48) 2020 оны 02 сарын 14

Монголд орж ,ирээгүй ,,байгаа ,,үед ,хилээ ,онцгой , анхаараа , чээ. Өндөржүүлсэн ,бэлэн ,байдал ,бол ,газар ,хөдөлсөн ч ,хэрэгтэй ,дадлага ,болно. Гол нь ,хил. Одоо ,бол Баянөлгий ,Хөвсгөл гэх ,шиг ,төөрч ,болохгүй. Хариуцлага ,хатуу ,шүү.

0  |  1
Top