Б.Баатарсүх: 700 гаруй төрлийн вирус шүлсээр дамжин халдварладаг

Ө.Уранзаяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

Нийслэлийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний тандалт, урьдчилан сэргийлэлтийн албаны дарга Б.Баатарсүхтэй ярилцлаа.


-Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд иргэдэд ямар зөвлөмж өгч ажиллаж байгаа талаар эхлээд тодруулъя?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх гурван төрлийн зөвлөмж гаргасан. Нэгдүгээрт, гарын эрүүл ахуйг хангаж, халуун бүлээн усаар тогтмол савандаж угаах, халдваргүйжүүлэх уусмалаар гараа ариутгах хэрэгтэй. Энэ нь аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үндсэн арга болдог. Хоёрдугаарт, амьсгалын замын халдварт өвчин болон агаарт дуслын замаар халддаг өвчнийг дамжих замыг таслан зогсоохын тулд амны хаалт зүүх шаардлагатай. Гуравдугаарт, өвчлөл гарсан улс, орнууд руу зорчихгүй байх, зорчсон тохиолдолд өөрийн биеийн байдлыг хянаж, ямар нэгэн өвчлөлийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандаж, өөрийн мэдээллийг дэлгэрэнгүй өгөөрэй гэсэн зөвлөмжүүдийг өгч байна.

Үүн дээр нэмээд амьсгалын цочмог халдвартай үедээ ханиаж, найтаахдаа амаа дарах, ил задгай шүлсээ хаяхгүй байх, түүхий болон дутуу боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж байгаа.

-Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд ямар арга хэмжээг авч байна вэ?

-Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зооноз өвчин судлалын үндэсний төв, Онцгой байдлын газар зэрэг байгууллагууд хамтарч эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улс өндөр эрсдэлтэй гэж гарсан. Тийм учраас Монгол Улсын Засгийн газрын шийдвэр болон Улс, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

-Нийслэлийн эрүүл мэндийн газрын хувьд?

-Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх хүрээнд хэд хэд арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал, шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 01 дүгээр албан даалгавар дагуу эрүүл мэндийн байгууллагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө тодотгосон. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж, тусгаарлах болон эрчимт эмчилгээний өрөө гаргасан. Эрүүл мэндийн байгууллага бүр яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хувцас, амны хаалт, оношлуур болон халдваргүйтлийн бодисын нөөцөө бүрдүүлэн ажиллаж байна. Шинэ коронавирусийн халдвараас гадна томуу, томуу төст өвчний тархалтаас сэргийлж, иргэдийг олон нийтийн газар зорчуулахгүй байх үүднээс дүүргийн Эрүүл мэндийн газруудад 24 цагийн зөвлөгөө өгөх утас ажиллаж байна. Нийт 133 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд иргэдэд зөвлөгөөг өгөх утас ажиллуулж эхлээд байна. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 29 Эрүүл мэндийн байгууллага байдаг. Эдгээр байгууллагууд бүгд өндөржүүлсэн бэлэн байдалд буюу ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байна. Тухайлбал, бямба гаригт дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн хүүхдийн кабинет 10:00-16:00 хүртэл, ням гаригт өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.

-Халдвар бүртгэгдсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Шинэ коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрвэл сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлаж байна. Лабораторийн шинжилгээгээр халдварласан нь тогтоогдвол тухайн хүнд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эмчилгээ хийнэ. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу гамшгийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөөгөөр ажиллана. Шинэ коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд ажиллах эмч, мэргэжилтэн, эмнэлгийн ажилтны судалгааг гаргаж, 360 эмч, ажилтныг шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах сургалтад хамруулсан. Эдгээр эмч ажилтнууд өвчний голомтын халуун цэг дээр ажиллана гэсэн үг.

-Орон нутгийн эрүүл мэндийн газруудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Орон нутгийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт үзлэгийн 60 хувийг гэрийн эргэлтэд шилжүүлсэн. Бага насны хүүхдүүд болон суурь өвчтэй хүмүүс, өндөр настан, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрт нь очиж, тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах чиглэл өгсөн.

-Орон нутгаас нийслэл рүү ирж буй иргэдэд хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Нийслэлийн эрүүл мэндийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран орон нутгаас нийслэл рүү нэвтрэх авто замын найман постод эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд 24 цагаар хяналт, тандалт хийж байна. Ингэхдээ нийслэл рүү нэвтэрч буй иргэдэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч, биеийн халууныг нь хэмжиж, халуунтай байвал өвчний асуумж авч байна. Хэрвээ сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлах юм.

-Нийслэлийн хэмжээнд томуугийн тархалт ямар түвшинд байна вэ?

-Нийслэлийн эмнэлгүүдийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн томуу, томуу төст өвчний тархалтыг үзэхэд хоёрдугаар сарын 3-ны байдлаар 97 мянга 433 үзлэг хийгдсэнээс 11 мянга нь томуугаар оношлогдсон. Томуугийн тархалт долоо хоногийн дундаж түвшнээс 2.9 хувиар буурч, нийт үзлэгийн 11.3 хувийг эзэлж байна. Томуугаар өвчлөгчдийн 80 хувь нь 0-9 насныхан, 60 хувь нь 0-5 насныхан байна. Нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн 1033 ор байдаг бөгөөд одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 165 ортойгоос хоёрдугаар сарын 6-ны байдлаар 132, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг 230 ортойгоос 139 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томуугийн өвчлөлийн оргил үе буюу арванхоёрдугаар сарын сүүлч, нэгдүгээр сарын эхээр орны ачаалал 1600-1700 хүртлээ нэмэгдэж, эмнэлгүүд хүүхдээ том хүний орон дээр авч ачаалал ихэссэн. Харин одоо хөл хорио тогтоосон, хүмүүс амны хаалт зүүх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сахиснаар өвчлөл эрс буурч байна. Цагаан сарын дараа томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байдаг. Удахгүй цагаан сар болно. Хөл хорио тогтоосон энэ үед аль болох гэр бүлийнхээ хүрээнд, интернэтээр мэнд дэвшүүлэх зэргээр олон нийт цугласан газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг анхааруулмаар байна. Учир нь томуу, томуу төст өвчин, улаан бурхан зэрэг 700 гаруй төрлийн вирус шүлсээр болон агаараар дамжин халдварладаг.

-Томуугийн тархалт буурсан нь ямар шалтгаантай холбоотой вэ. Хөл хорио тогтоосонтой холбоотой юу?

-Тархалт буурахад нөлөөлсөн хэд хэдэн шалтгаан бий. Томуугийн дэгдэлттэй зэрэгцэн шинэ коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд манай улс багтаж байгаа тухай мэдээ, сэрэмжлэг тасралтгүй явуулж байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоосон нь халдварын тархалт буурахад нөлөөлсөн гэж үзэж болно. Халдварт өвчний дэгдэлтийг зогсоох гол арга нь олон нийтийн нягтаршил, бөөгнөрөл үүсгэхгүй байх юм. Мөн шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд амны хаалтаа тогтмол зүүж, гарын ариун цэвэр сахисантай холбоотой. Урьдчилан сэргийлэх нь халдварт өвчний хамгийн том дархлаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top