СЭДЭВ: Үндэсний контент, одоо утга зохиолдоо анхаарах цаг нь болжээ

2020 оны 02 сарын 05

Үүгээрээ аливаа хөгжил дэвшил, технологийн давуу талыг буруутгах гэсэнгүй. Гагцхүү Монгол үндэстэн төв Азийн өндөрлөгт ертөнцийн төгсгөл хүртэл өөрийнхөөрөө оршоосой гэж туйлаас хүсдэг хүмүүсийн л нэг. Гэхдээ хагас галзуу англи хэлтнүүд мэдээллийн орон зайд байгаагаа өндөр боловсрол хэмээн ойлгож, өөрсдийгөө дэлхийн хэмжээний харагдуулах гэсэн дүр эсгэгчдийг бол буруутгахаас өөр аргагүй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэсний контент явуулж байхыг уриаллаа. Оройтсон ч гэсэн энэ зөв зүйтэй санааг учир мэдэх хүмүүс ихэд дэмжиж байгаатай санал нэг байна. Монголчууд даяаршлын шуурганд анзаарагдахгүйгээр олон зүйлээ алдахад хүрсэн ийм цаг үед амьдарч байгаа нь үнэн.

Зах зээлийн нийгэмд шилжиж ахуй цагаас хойш эгэл иргэд амьдрал ахуй, амин зуулга хэмээн мөлхөж, ихэс дээдэс хувийн өмчтэй болох гэж нэг хэсэг манаргав. Төрийн өмчит объект байгууламжаас уул уурхайд хөл тавьцгааж, чамгүй мөнгөтэй болсон ч илүү ихийг олох гэсэн шуналд автсаар өнөөдөртэй золгов. Нөгөө талд дэлхийн хэмжээний хүн болох гэж хөгөө хөлдөө чирсэн ийм цаг хугацаа нь өөрөө үндэсний уламжлалт ёс заншил, соёл урлагаас асар холдуулсан ийм орон зайд нэгэнт авчирчээ.

Дэлхийн хэмжээний хүн болж харагдах гэсэн өвчин илаарьших нь бүү хэл хорт хавдрын шинжтэй болж тархлаа.

Ийм цаг үед Гүйцэтгэх засаглалын тэргүүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэсний контентыг илүү явуулах уриалга гаргаж байгаа нь сайшаалтай. Радио, телевиз хэмээн онцгойлон хэвлэл мэдээллийн байгууллагуудаа алагчилсан болохоос биш дунд нь уралдаан зарлачихаж. Энэ бол төрийн хэмжээнд авч үзэж байгаа эхний алхам юм. Одоо үндэстэн оршихын хамгийн том шалтгаан болсон эх хэлээ хамгаалах зорилгоор уран зохиолд анхаарал хандуулах цаг нь бас болсон. Өнөө цагт уран зохиолыг төр мэдэлдээ авах нь юу юм, бодлогын хүрээнд авч үзэх зайлшгүй шаардлага бий. Шаардлага байгааг доорх зүйлээс харж болно.

Эх хэлний нэгэн арвин баялаг сан болсон уран зохиолоор дамжин нэрд гарах гэсэн бүлэглэл өөртөө зохиолч, яруу найрагч гэсэн нэр хаяг нааж, бусдыг буруу зүгт уриалж байгаа нь уламжлалт хэл соёлд дэндүү харшилж байгааг анзаарч байна. Өнөөх л дэлхийн хэмжээний зохиолч болж харагдах гэсэн авьяас билэггүй нөхдүүд  харь уран зохиолоос хумсалсан санаа оноогоо жижүүрийн хэдэн үгэнд багтаан өөрийгөө тунхагласаар гучаад жилийн нүүр үзлээ. Орцноос орцонд, гудамжнаас гудамжинд, орчуулгаас ядуухан сэтгэлгээнд гэсэн цомхон орон зайд уламжлалт уран зохиол асар их хэлмэгдэлд өртөв. Тэдэнд авьяас билэг байхгүй учраас дэлхийн хэмжээний бүү хэл Монгол Улсын хэмжээний ч болж чадсангүй. Гэхдээ тэдний балаг багадаагүй, уран зохиолд хөл тавьж байгаа авьяас билэгтэй олон залуусыг хэн ч биш болгосон. Энэ ороо бусгаа цагт Монголын уран зохиолыг даяаршлын хөлд бүрэн гишгүүлчихэлгүй авч үлдсэн зохиолчид олон байгааг энд дурдах нь илүүц хэрэг.

Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлье, илүү сэтгэн бодож амьдаръя гэж байгааг огтхон ч буруутгасангүй. Гагцхүү өөрийнхөө авьяас чадвар, хөдөлмөрөөр дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байж дэлхийн хүн хэмээн нэрлэгдэнэ үү гэхээс биш дэлхийд нэрд гарсан зохиолчийг дуурайн бичээд өөрийгөө “Дэлхийн хүн” хэмээн нэрлэх нь учир дутагдалтай. Виллиам Шекспирыг дуурайгаад хэзээ ч “Дэлхийн хүн” болохгүй гэдгээ ухаарах хэрэгтэй. Шекспирын “Лир ван”-г дуурайлгаад Шекспир л харагдана уу гэхээс хэн нэгэн Дондог харагдахгүй биз дээ. Харин ч талын монголчуудын тэр уламжлалт амьдралыг уран сайхны аргаар авьяас билгээрээ зодож бичиж чадвал чамайг дэлхий биш юм гэхэд монголчууд уншина. Магадгүй, дэлхий ч сонирхох өдөр ирж таарна. Өдгөө манай “шинэчлэлийн төлөөх дайн” эхлүүлсэн гэх нэрт зүтгэлтнүүд Чарлз Диккэнс, Габриал Гарсиа Маркэс нарыг дуурайгаад ч хол явахгүй. Шүтэж болно дуурайж уусаж, түүнээс болоод үндэсний утга зохиолоо үгүйсгэж болохгүй. Мэдээжийн хэрэг хэн ч дуурайх аргагүй замналтай учраас сонгодог болсон хэрэг шүү дээ. Ардын уран зохиолч Б.Догмид нэгэнтээ “Дэлхийн сонгодгууд өөрийнхөө үндэстнийг, ус нутгаа, хүн ардаа бичиж байж алдаршсан байдаг юм” хэмээн хэлсэнтэй би ихэд санал нийлнэ.

Энд би уран зохиолоор төлөөлүүлж байгаа болохоос биш манай бүхий л  салбарт хуулбарлагчид бий. Тэд өөрсдийгөө “Дэлхийн хүн” хэмээн нэрлэж, уламжлалт бүхнээ үгүйсгэн сууна. Үнэн хэрэгтээ өнөөдөр шинжлэх ухааны салбарт дэлхий шүүрээд авах юу бүтээсэн юм. Бүгд л дагасан дуурайсан, хуулсан учраас тэр. Боловсролын салбарт олон улсын анхааралд орчих юу хийсэн юм, дандаа гаднын хөтөлбөр, хуулбар гээд яривал их зүйл бий.

Миний ойлгож байгаагаар бол  Монголын их утга зохиолд нэг анхаарал хандуулах цаг нь болсон. Үнэхээр Монгол хэмээх аугаа их түүхт үндэстнийг даяаршлын шуурганд хэн ч биш болгохгүй гэж байгаа бол эх хэлний аргамжаа болсон уран зохиолд зайлшгүй анхаарал хандуулах хэрэгтэй. 

Үүнээс гадна дэлгэцийн бүтээл бол яах аргагүй нийгэмд асар гүнзгий нөлөөлдөг зүйл. Одоогоос хэдэн жилийн өмнө Хэнтий, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдын модон байшин шатаад учир нь олдохгүй нэлээд хугацаа өнгөрсний дараа гэмтнүүд баригдсан байдаг. Тэдгээр нь  арваад насны бүлэг хөвгүүд байсан бөгөөд байшин шатаасан учраа ердөө л гадаадын кино үзээд дуурайсан гэж хариулсан байдаг. Кино урлаг тэгэхээр ямар хүчтэй байгааг энэ жишээ харуулж байна.

Холлиувууд битгий үз гэсэн үг биш. Гагцхүү бид түүнийг битгий дуурайгаад байгаач ээ. Өнөөдөр олны хүртээл болж байгаа кинонууд гол төлөв барьцаалсан, буу шийдэм тулгасан, алсан хядсан дүр зурагт нэгэнт буужээ. Нийгмийн араншин, цагийн салхийг яах аргагүй ч төрөөс энэ тал дээр бодлого гаргаж, энэ хүрээндээ дэмжлэг үзүүлэх шаардлага бий. Муу нэртэй ч социализмын үед бүтээсэн хэдэн уран сайхны кино өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй, үзэгчдийн оюуны цангааг тайлж байна гэхэд л хэтийдсэн хэрэг болохгүй.

Хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор С.Байгалсайхан нэгэн ярилцлагадаа “Хойд хөрш ОХУ-д тусгай дунд сургуулийн сурагчид бие бие рүүгээ буу гарган нэгийгээ хөнөөсөн хэрэг гарахад Ерөнхийлөгч В.Путин тэр дариуд нь зарлиг гаргажээ. Ингэхдээ  ОХУ-ын Ерөнхий боловсролын сургуулиудад оросын утга зохиол заах цагийг хоёр дахин нэмэгдүүлсэн байдаг. Мөн 2017-2018 он шилжих мөчид ард түмэндээ зориулж хэлсэн үгэндээ ХХI зууны орос орныг авч явах шинэ орос хүнийг хүмүүжүүлэхэд утга зохиолын үүрэг асар их, үүнд кино, театр, музей, телевиз зэрэг бусад урлагийн байгууллага туслах ёстой хэмээн тунхагласан байдаг” хэмээжээ. Тунхаглаад зогсохгүй тусгай сангуудаар дамжуулан дэмжлэг үзүүлсэн тухай сонссон байна. Харин бид эсрэгээрээ тусгай сангаа татан буулгаж байх жишээтэй. Оросын утга зохиол өөрөө аугаа. Нэгэнтээ бид дэлхийн сонгодгуудыг оросоос дамжуулан уншиж, орос хэлнээс орчуулан уншиж байв. Хойд хөршийн Ерөнхийлөгч үндэснийхээ уран зохиолыг арвин баялаг аугаа гэдгийг мэдэхийн зэрэгцээ тэнд л үндэстэн орших нэгэн том шалтгаан байгааг эрт олоод харчихаж.

Бид Монгол ардын үлгэр, аман зохиол, оньсого таавар, түргэн хэллэг, зүйр цэцэн үг, ертөнцийн гурав гээд дэлхийн хаана ч байхгүй үндэсний өвөрмөц баялагтай улс. Энэ бол тэр чигээрээ сургамж, философи, ухаарал, уярал, хайр, зэмлэл гээд бүгдийг багтаасан аугаа ертөнц. Үүн дээр суурилж бий болсон Монголын шинэ үеийн уран зохиол ч өөрөө хүүхэд залуусын хүмүүжилд асар их зөв төлөвшил суулгаж байсан бөгөөд эх хэлээ сахин хамгаалж өнөөдөрт авчрахад том үүрэг гүйцэтгэж ирсэн. Үндэстний уламжлалт бүхэн, хамаг үнэ цэнтэй бүхэн гагцхүү уран зохиолоор л дамжиж нийгэмд хүрдэг шүү дээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uyhan muchirnuud(66.181.178.95) 2020 оны 02 сарын 05

Ene methen n sur Danzang modon jorlongoo hamgaalj uldii gehed tegii geed l namirah muchirnuud bgn.

0  |  0
Top