ЭМЯ: ХӨСҮТ-д сэжигтэй 14 тохиолдлыг шинжилж байна

2020 оны 01 сарын 31

ЭМЯ-наас коронавирусийн халдвар, түүнээс сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица болон ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нар цаг үеийн шинэ мэдээллийг өгөв.


ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица:

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын шуурхай хурал  хуралдаж, шинэ коронавирусийн халдварыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлалаа. 

Нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, хүнээс хүнд халдварласан. Хоёрдугаарт, Африкаас бусад тивд тохиолдол бүртгэгдлээ. 

Коронавирусийн халдвар цаг тутам нэмэгдэж буй ч коронавирусийн тархвар зүй, дэгдэлтийн муруйг ажиглахад тархалт оргил үедээ хүрээд буурах шинжтэй байна. Гэхдээ дүгнэн хэлэхэд арай эрт байгаа.

БНХАУ-аас бусад 18 улсад бүртгэгдсэн. Энэ нь нийт халдварын 1 хувьтай тэнцэж байна. Одоогоор 9774 тохиолдол бүртгэгдэж, БНХАУ-аас бусад улс оронд 89 тохиолдол бүртгэгдсэн байна. Коронавирусийн халдвараар 213 хүн нас барсан.

Онцгой байдлын зөвлөмжийг дүгнэж харвал, ДЭМБ-аас Олон Улсын аялал жуулчлал, худалдаанд саад болох ямар нэг арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж байна. Хятадтай хийх худалдаа, жуулчлалд хязгаарлалт тавих хэрэггүй гэж зөвлөсөн. Мөн эрүүл мэндийн тогтолцоо сул улс оронд тусламж үзүүлэх хэрэгтэйг онцолсон. Мөн эмчилгээний вакцин гаргаж авах ажлыг яаравчлах хэрэгтэй байгааг анхааруулсан. 

Мэдээлэл болгондоо би давтан хэлж байгаа. Худал цуурхал, буруу мэдээлэл гаргахгүй байх хэрэгтэй. Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандахыг анхааруулъя.


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

-Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол гэж хянагдаж байгаа 14 хүн байна. Халдвар судлалын асуумж тогтоож, давхар шинжилгээ хийж байна. ДЭМБ-ын удирдах байгууллага хуралдаж, зохих зөвлөмж гаргалаа. 

Коронавирусийн үүсгэж буй аюул нь энгийн ханиад шиг шинж тэмдэг илэрдэгт байгаа юм. Шинэ вирус судлагдаж байна. Далайн гаралтай бүтээгдэхүүнээс гарсан гэж үзэж байгаа.

Нэг таатай мэдээ гэвэл нэгдүгээр сарын 25-ны өдрийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 30-ны өдөртэй харьцуулахад Монгол, БНХАУ-ын хилээр гарч буй иргэд, тээврийн хэрэгслийн тоо буурсан.

Тээврийн хэрэгслийн тоо гэхэд 2.5 дахин буурсан үзүүлэлттэй байгаа нь сайн юм.

Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг иргэд хэрэгжүүлж буй нь сайн жишээ гэж үзэж байна.

ХӨСҮТ тусгай дуудлагын дугаар ажиллуулж байгаа. Өдөрт 100 гаруй дуудлага ирж байна. Нийт дуудлагын 50 хувь нь коронавирусээс сэргийлэх зөвлөмж авах гэсэн дуудлага байгаа нь сайн хэрэг. Харин 25 хувь нь онцын ач холбогдолгүй мэдээлэл асууж залгасан байна. Тийм учраас онцын шаардлагагүй бол шуурхай утсанд холбогдох хэрэггүйг анхаарах хэрэгтэй.

ВИДЕО:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top