#Review: "ХҮ" өнөөдөр УЛААНБААТАРТ маргааш ДЭЛХИЙ ДАХИНД

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 02

Олон улсад сүлжээтэй "Buro" сайтын Их Британийн салбар "bristol247"-т "The Hu" хамтлагийн тухай бас нэгэн шүүмж гарчээ. 

"The Gereg" цомог нь Америкийн "Биллбоард"-ын жагсаалтыг тэргүүлж, түүхэн амжилт үзүүлээд байгаа нь Монгол ч гэлтгүй олон улсын хараанд өртөж байна.

Шүүжмийг ЭНД дарж унших боломжтой. 


Шүүмж: "ХҮ" ХАМТЛАГ

Review: THE HU, SWX

РОБИН ЭСКЬЮ

2019 оны зургаадугаар сарын 18



АНГЛИАР БАРАГ ЯРЬДАГГҮЙ ЭНЭ ХАМТЛАГ ДЭЛХИЙГ БАЙЛДАН ДАГУУЛЖ БАЙНА

Орчуулсан Г.Дэлгэрмаа

Европоос бусад улс орны уран бүтээлчид энэ улсад дуу хөгжмөө дуулгая гэвэл их сайндаа WOMAD (Хөгжим, урлаг, бүжгийн ертөнц) хэмээх явцуу хүрээллийн хөгжмийн наадамд оролцож, дур сонирхлоороо нэгдсэн тодорхой тооны үзэгчдэд нь дуулж хуурдахаас өөр арга байдаггүй. Гэтэл дэлхийн метал хөгжмийн ертөнцөд хахир дуугаралт, яхир хүчдэл гэхээсээ соёлын бүрдвэр, хөгжмийн зэмсгийн хамсрал бүхий рок хөгжим илүүтэй амжилт олж, нээлттэй сэтгэлгээтэй, бие даасан метал хөгжмийн дэвжээнээ тодрон гарч байна.

Манай Бристолд сүүлийн жилүүдэд Тайванийн улстөрийн симфони блэк метал "ChthoniC" хамтлагаас Тунисын ориентал прогрессив метал "Myrath" хүртэлх хамтлагуудыг үзэж баяссан маань хэвлэл мэдээллийнхний анхааралд өртөлгүй өнгөрсөн юм. Тэгтэл, Монголоос "Хү" хамтлаг цолгорч, хоёр ч видео клип нь цахим "халдварлан" тархаж, Youtube сувгаар 28 сая хандалт дагуулсан нь метал хөгжмийн ертөнцийг өнөөг хүртэл төдийлөн сонирхож байгаагүй "Жи-Кю" (GQ) сэтгүүл болон "Метро" хэмээх (Их Британийн хамгийн өндөр эргэлттэй үнэгүй сонин)-ы хүртэл анхаарлыг татаж чадлаа.

Нэгэн цагт Мотли Крьюг хамаарч байсан хөгжмийн мангастай хамтрах болсноороо "Хү" хамтлаг ийнхүү Европ дахь зуны метал хөгжмийн наадмууд болон тасалбар нь борлуулагдаж дууссан Download тоглолтыг бут ниргэхээр дайлаар мордсон нь энэ. Англиар бараг ярьдаггүй энэ хамтлагийнхан бүтэн цаг хагасын тоглолтоороо үзэгчдийг шахцалдсан чихцэлдүүлж, шаагилдан бужигнуулж чадаагүй шахуу хөгжмийн үзүүлбэрийг оройллоо. Учир юу болов гэвэл?

 

 

Тоглолтын үдэш төв тайзан дээр нэгэн залуу бичлэг тоглуулж байхыг олж харсан маань зөвхөн "үлгэн салган" эхлэл байжээ. Ди-жэй залуу урдах хоёр зээрэнцгээ зогсоо зайгүй самчин машид хичээнгүйлэн гавшгайлах авч үнэндээ өсгөгчөөс гарч байгаа дуугаралтаас нэг их ялгарах юм байсангүй. Ашиглаж байгаа дэвсгэр хөгжим нь үүргийн худалдаанаас авсан "20 шилдэг хард рок сонгодгууд" мэтийн нью-метал хавчуулсан цомог бололтой. Яагаав, өнөө Оззи, Бон Жови, Деф Леппард, Аэросмит, Эй-Си Ди-Си, Куин гэх мэтэс л дээ.

Ингээд "Хү" хамтлагийн хоёр цогц бөмбөр бүхий хөгжмийн зэмсгийн баялаг жагсаалыг харваас чухамдаа тэдэнд урьдатгал бие халаалт хэрэггүй л байлтай. Гэвчиг энэ урьдач үзүүлбэр нь хэдэн цаг болов оо. Нээрэн би бүр цагаа харсан шүү, үнэхээр хэдэн цагаар сунжирсан юм.

Ингээд түүнийг ашгүй нэг тайзнаас буухад хүмүүс талархан шуугилдсаны эцэст, Монгол овогтон дайчид маань тайзнаа гарч ирэв. Харьцангуй цөөхүүлээ энэ баг бүрэлдэхүүний сонгодог боловсролтой дөрвөн үндсэн гишүүн нь үндэсний цахилгаан бус (акустик) хөгжмийн зэмсгийг тоглож, нөгөө дөрвөл нь хос бөмбөр, гитар, басс гитар хөгжмөөр хүч хавсардаг ажээ. Дууны инженерт эдгээр зэмсгүүдийн дуугаралтыг тэнцвэржүүлэх нь хар дарсан зүүд баймаар атал нүргэлсэн хэмнэл, цахилгаан хөгжимдөлтөөрөө төгс зохирон хосолж, рок хөгжмийн түрэмгий довтлогоог нь үлэмж цэнэглэн хүчжүүлэхийн зэрэгцээ дуугаралт нь ч жишээ нь Эрик Клэптон 17 хөгжимчинтэйгээ тайзнаа гарсан шиг илүүдсэн дуугаралт өчүүхэн ч сонстохгүй аж.

Эхлэл дуу "Шөөг шөөг" нь тэдний удахгүй мэндлэх анхдагч цомог "Гэрэг"-ийн гурав дахь уран бүтээл бөгөөд дууны эхлэлтэй зэрэгцэн толгой савах, рок мутарлагаар агаарт чичих, нударга зангидан хий жанчих зэргээр даруй түрхрэн үерлэх нь үзэгчдийн хүсэн хүлээж байсныг илтгэнэ. Хархираа хөөмэй, метал хөгжим хоёр ийнхүү төгөлдөр хослохыг үзээд Монгол яагаад өдий болтол рок метал хөгжмийн ертөнцөд магнайлаагүйг хачирхан гайхаш тасрах зуур хамтлагийн ахлаач Ц.Галбадрах, Б.Энхсайхан нарын цахилах мэт хуурын аялгуу адуу янцгаах мэтсийн хачин сонин ая эгшгийг сэтгэлд сийлэх мэт. Яг үнэндээ, тийн ихээр янцгаах нь метал хөгжимд байгаад байдаггүй юм.

 

 

"Хү" хамтлаг өөрсдийн хөгжмөө "Хүннү рок" хэмээн нэрийдсэн бөгөөд энэ төрөлдөө цорын ганц нь. Хэдийгээр дуу нь гойд онцгой боловч, эдүгээ хүч түрэн гарч буй ардын-метал урсгалын дэд төрөл Вардрюна, Эльвэйти, Корпиклани зэрэг хамтлагийн таацалд аятайяа зохирно. Мөн дуунуудын "есөн шидийн" зохиомж, хөгжмийн зэмсгийн олон янз байдал нь туйлаас өвөрмөц олон талт бөгөөд урт гэзэгт Г.Нямжанцан гарамгай рок од байхын зэрэгцээ хэл хуур, цуур тоглож өнгө аяс нэмнэ. Аажуу намуухан дуунууд нь олонлог хөөмэйн эгшгээр сүлэлдэж гүн гүнзгий, ховсдом уур амьсгалыг үүтгэх нь хачирхалтайгаар эртний Маяачуудын домог дуртгалыг санагдуулах болой. Үнэхээр, зовхио дорогш буулган дууг сонсох аваас Херцогийн кинонд гардаг шиг Перугийн ширэнгэн ойд урдах моддоо тас цавчлан зам гаргасаар урагш давшиж буй испанийн эзлэн түрэмгийлэгчид нүднээ тодрох шиг болно.

Энэ нь гишгэц хурдацыг ончтой тааруулсан цомог бөгөөд эрчийг тааруулан өрнөх тусмаа улам хүнд болж байна. Хоёр морин хуурчийн хуур зэрэг цурхиран дуурьсах тусам финляндын "Апокалиптика" хэмээх морин хийлт метал хамтлаг санаанд орохгүй байхын аргагүй. Үүнтэй хамжин, нэг нь ардын цохивор хөгжмийн, нөгөө нь орчин үеийн бөмбөрийн цогцоор улангасан довтолгох нь хэзээ мөдгүй /Металлика-гийн/ "Enter Sandman" дууг хадууран тоглохоор заналхийлэн буй мэт.

Тэд хүн бүхний мэддэг "Юу вэ, юу вэ, юу", "Чонон сүлд" хэмээх хоёр дуугаа хамгийн сүүлд дуулахаар нөөсөнгүй, харин ч нэг их удалгүй, тоглолт эхлээд цаг шахам болсны дараа толилуулсан бөгөөд үзэгчдийн "ХҮ! ХҮ! ХҮ!” хэмээн даган уухайлах нь мэдээж таатай.

Ийм огцом хурдаар зогсоож хүчиршгүй алдаршиж байгаагийн шалтгаан нь тов тодорхой бөгөөд "Хү" хамтлаг багадаа хоёр цомог гаргахуйц чанарлаг бүтээл хэдийнээ туурвижээ. Мэдээж, тэдний ард ухаалаг зохион байгуулалт байгаа нь илтэд агаад метал хөгжмийн үнэнч үзэгчдийг онилж, нийтлэг хөгжим сонсогчдыг хуугаар нь онцлог хөгжим рүүгээ татаж байгаа нь ийнхүү амжилтад хүргэжээ. Өнөөдөр Улаанбаатарт, маргааш дэлхий дахинд.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bi(188.120.42.115) 2019 оны 11 сарын 18

YAMAR SAIN ORCHUULSAN BAINAA

0  |  0
Монгочууд(89.91.254.86) 2019 оны 10 сарын 03

Монголчууд бүгдээрээ бахархаж баярлаж байгаа даа. Бид ХҮ гээ сонсоод нэгийг бодож 2-г тунгаах ёстой. Их Хааны Жанжид ч сэрээд эхэллээ. Монгол маань нэг их сайхан болох цаг ирлээ. Өөдрөг байгаарай манайхаан. ХҮ бол Их Хааныг сэрээх дохио. Дашка ба түүний нөхөд бол бидэнд дамжуулж буй сэрэл. Нэгдээд эх ороноо манангаас салгаад хөгжих ойрхон бнаа. Хөгжиж буй орон гэж алийн болгон дуудуулж бхв. Монгол мандан бадраг! ХҮ дээ хайртай мундаг!

0  |  0
Монгочууд(89.91.254.86) 2019 оны 10 сарын 03

Монголчууд бүгдээрээ бахархаж баярлаж байгаа даа. Бид ХҮ гээ сонсоод нэгийг бодож 2-г тунгаах ёстой. Их Хааны Жанжид ч сэрээд эхэллээ. Монгол маань нэг их сайхан болох цаг ирлээ. Өөдрөг байгаарай манайхаан. ХҮ бол Их Хааныг сэрээх дохио. Дашка ба түүний нөхөд бол бидэнд дамжуулж буй сэрэл. Нэгдээд эх ороноо манангаас салгаад хөгжих ойрхон бнаа. Хөгжиж буй орон гэж алийн болгон дуудуулж бхв. Монгол мандан бадраг! ХҮ дээ хайртай мундаг!

0  |  0
Зочин(64.119.26.219) 2019 оны 10 сарын 02

Орчуулагч Г.Дэлгэрмаа

1  |  0
Irgen(203.169.50.232) 2019 оны 11 сарын 27

Orchuulagch tun ch aihtar surhii hun bna, bishirlee.

3  |  0
зочин (66.181.190.9) 2019 оны 11 сарын 27

Бахархмаар залуус байна.Ийм болохоор л манай урлагын тогооныхон зөвшөөрч чадахгүй гадуурхах гээд байдаг байж. Өнөөдөр Улаанбаатар т маргааш Дэлхийд

1  |  0
Top