#Review: “Учрал” контемпорари бүжигтэй үдшийн бодрол

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 08

Уламжлалт хэв маягийг шингээсэн, гэр оройтой, орчин үеийн театрт хүмүүс суудлаа эзэлжээ. Заал анир чимээгүй. Зөвхөн тайзны голд хөх гэрэл тусаж, хоёр талаас гарах саарал утаа улам л анхаарал хандуулахыг хүсэх мэт. Удалгүй ер бусын тайван мэдрэмжийг төрүүлэх хөгжим алсаас намуухан эгшиглэж эхэлснээ аажмаар чангарч, хэмнэлийг нь дагаад зүрх хүчтэй цохилж эхлэв. Тайзан дээр өгөхөд хамаг биеэ хар даавуугаар хулдсан бүжигчид тайзан дээр цагариглан хэвтэх нь нэгэн тойргийг үүсгэсэн харагдана.

Аажмаар бүжигчдийн гар хөл татганан, атиралдаж, хачиг жигтэй хөдөлгөөн хийж, тайз амь орж эхэллээ. Хар даавуун дороос царай төрхөө ил болгосон бүжигчид тайзан дээр яг л далавчаа дэлгэн нисэхийнхээ өмнө байдаг чадлаараа арвалзаж буй авгалдай шиг сэтгэгдэл төрүүлнэ. Энэ эхлэл багагүй удаан үргэлжлэв. Нэг талаар контемпорари бол хүний тэвчээрийг шалгадаг урлаг. Аливаа контемпорари бүтээлийг ойлгохын тулд цаг гарган анхаарлаа төвлөрүүлж, удаан бодохыг шаарддаг. Заримдаа зүгээр л тухайн бүтээлийн уур амьсгалд уусан нэгдэж, мэдрэхэд л  хангалттай.

Харин энэ удаагийн “Encounters” буюу “Учрал” контемпорари бүжгийн тоглолтыг үзээд мэдрэхэд л хангалттай байлаа. Тэргэнцэртэй иргэд, уран бүтээлчид хамтран бүтээсэн гэдгээрээ л контемпорари болчхож буй учир. Нэрээсээ авхуулаад л хэлэх гэсэн санаа нь ч мөн ил байв. Бүжиг дэглээч Фабиан Кон “Учрал” тоглолтыг бүжигчидтэйгээ хамтран боловсруулж, бүжигчдийн өөр өөр ур чадвар дээр суурилан тэдний хоорондын харилцан ойлголцол болон зохицлыг бий болгожээ.

Тайзан дээр зөвхөн нүдэнд сайхан харагдах үйл хөдлөлийг хийдэггүй. Тайзан дээр үргэлж хийсвэр, хоосон үйл явдал, гял цал бүхнийг үзүүлэх нь утгагүй. Үнэндээ бидний бодохыг, харахыг, ярихыг хүсдэггүй зүйлсийг бүжигчид үйл хөдөлгөөнөөрөө илэрхийлчих шиг. Амьдрал үргэлж өнгөлөг байдаггүй. Магадгүй энэ амьдралын харанхуй хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс илүү мэдэрдэг юм шиг.

 

 

Үйл хөдлөлийн урлагийг хүн бүр таашаан үзээд байдаггүй. Мөн монголд тийм ч сайн хөгжөөгүй. Тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцсон, контемпорари  урлагийн тоглолт байнга болох нь ховор. Энэ бичвэрт би аль болох уран бүтээлчид, тэргэнцэртэй иргэд гэж заалгахыг хүссэнгүй. Тэд нэгдэж нэгэн бүтээлийг бүтээсэн. Тэд нэгдэж нэгэн цогц болсон. Эцэст нь тэд чадсан. Энэ л чухал.   

Тайзан дээр хүмүүс холхино. Алхаагаа нэг түргэсгэж, нэг удаашруулах нь эмх замбараагүй. Алхах явцдаа хоёр гурваараа хоорондоо харц тулгарч, зогтусна. Амьдралд олон учрал, олон хагацал тохиолддог тухай “Учрал” тоглолтоос уншиж байлаа. Бүжиг дэглэх явцад харилцан үйлдэлт импровизаци, орон зай хуваарилалтын туршилтууд хийх, урьдчилан бэлдсэн бүжгийг суралцах зэргээр ажилласан нь үр дүнгээ өгсөн харагдана. Тус бүжгийн дэглээч Фибиан Кон нь биеийн илэрхийллийн театр, үггүй жүжгийн чиглэлээр суралцсан аж.

Тэрбээр тэргэнцэртэй болон мэргэжлийн бүжигчид хоорондын нэгдэн уусах процессыг зохиолын гол шугам хэмээн үзэж уран бүтээлчдийн дотоод зураглал болон дүрслэлийн элементүүд (ус, агаар, гал, шороо) мөн бие махбодын (яс, булчин, арьс, тунгалаг, мэдрэл) системд суурилсан хөдөлгөөний онцгой хэллэгийг боловсруулсан ба дээрх аргачлалуудыг ашиглан “нэгэн цогц” бүтээл бий болгохоор ажилласан байна. Иймээс “Учрал” бүжиг нь төгс гүйцэтгэл бус бүжигчдийн дотоод хүн, тэдний өвөрмөц илэрхийлэл дээр тулгуурласан гэв. Ийм төрлийн илэрхийлэл нь төгсийг бус, харин дахин давтагдашгүй, цор ганцыг эрэн хайдаг билээ. Энэ нь дотоод зураглал, төсөөллөөс үүдэн гарч, бүжигчид тус бүрээс хамааран илэрхийлэл нь өөр байсан юм.

Зарим учрал биднийг нээж, зарим нь шархлуулж, зарим учрал амьдралыг илүү гэрэл гэгээтэй гэдгийг мэдрүүлдэг. Зарим учрал бидэнд амьдралын ухааныг зааж өгдөг. Хагацал ч мөн адил. Хүн болж төрсөн л бол бид бүгдэд сэтгэл бий. Харагдах талаасаа ямар ч бай хамаагүй.

Эцэст нь Монголд анх удаа тус төслийг санаачлан, амжилттай зохион байгуулсан бүжиг дэглээч Фабиан Кон болон “Эргэлдэн бүжих тэргэнцэр” төслийн санаачлагч, “Бид Чадна Эм Эн Нэгдэл” ТББ-ын тэргүүн Б.Отгонтуяа, “Учрал” бүжгийн тоглолтын гол дүрүүд болох бүжигчид, тэргэнцэртэй иргэдэд баяр хүргэх нь зүйтэй.

Тайзан дээр хөх гэрэл өгөхөд бүжигчид цагариглан тойрог болон хэвтэв. Тайзны цаанаас хар даавуугаар хамаг биеэ хулдсан нэгэн мөлхөн гарч ирэх нь яг л авгалдай мэт. Хормын дараа  гар хөл нь татганан, атиралдаж, хачиг жигтэй хөдөлгөөн хийж байсан тэд эхлэл цэг дээрээ эргэн очив. Заал анир чимээгүй. Үзэгчид зөвхөн алга таших мөчөө л чимээ даран хүлээнэ... 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top