Д.Ганболд: Бид Монголын нэрийн хуудас болдгоороо бахархдаг

2019 оны 06 сарын 05

Дэлхийн сонгодог урлаг, ардын урлагийн хэмжээлшгүй арвин сан хөмрөг, түүнийг бүтээгч уран бүтээлч болоод урлагийн хамт олны ажил үйлсийн тухай сурвалжлан хүргэдэг “Сэтгэлийн гоо” булангийн энэ дугаарын зочноор Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын ерөнхий найруулагч Д.Ганболд уригдлаа.

 


-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгатай хувь заяагаа холбосон түүхээсээ манай уншигчидтай хуваалцана уу?  

-1991 онд дунд сургуулиа төгсөөд хуучнаар Улсын ардын дуу бүжгийн чуулгад туслах зураачаар анх ажилд орж байлаа. 17 настай өсвөр насны хүүхэд байсан учраас нэг сар туршилтын журмаар цалингүй ажиллаж 10 сарын 15-нд тушаал гарч албан ёсоор жинхэлж байлаа. Түүнээс хойш тайзны ажилтан, мужаан хавсарч хийж байгаад, нэг жилийн дараа Улсын ардын дуу бүжгийн чуулгын ерөнхий зураач байсан “буурал” Очироо багшийнхаа шавь болж, 4-5 жилийн дараа туслах зураачаар ажиллаж эхэлсэн. 1996 онд “Алтан ураг” бүжгэн жүжгийг С.Сүхбаатар багш дэглэн тавихад анх удаа хувцасны зураачаар ажилласан. Сэвжидийн Сүхбаатар багш маань намайг урлагийн хүн болоход голлон тусалсан ачтан. С.Сүхбаатар багш, ёочинчин Мэнд- Амар гуай нарыг дагаж хөдөө аймаг, сумдаар судалгаа, уран бүтээлийн чиглэлээр их явсан нь амьдралын маш том сургамж болсон. Урлагийн хүнд байвал зохих мөн чанар, оршин тогтнохуйн гүн ухаан зэрэг гол зүйлсийг хоёр багшаараа заалган эзэмшсэндээ өөрийгөө их азтайд тооцдог. 2002 онд СУИС- ийн театрын найруулагчийн ангид элсэн орж, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн “буурал” Сугар гээд алдартай багшийн унаган шавь болсноор мэргэжлийн найруулагч болох гараагаа эхэлж байлаа. 2008 оноос Үндэсний эрдмийн чуулга нэртэй байхад нь найруулагч, ерөнхий найруулагчаар ажиллан, дараа нь ерөнхий найруулагч- ерөнхий зураач хавсран гүйцэтгэсээр өнөөг хүрч байна.

Нарийн мэдрэмж, өндөр ур чадвар шаардсан хоёр ажлыг зэрэг гүйцэтгэхэд бэрхшээл нэлээн гардаг биз?  

Ерөнхий найруулагч-ерөнхий зураач гэсэн хоёр албан тушаалыг хашихад хэцүү юу гэж хүмүүс их асуудаг. Энэ хоёр мэргэжил хоорондоо харьцангуй уялдаа холбоотой учраас төдийлөн бэрхшээл тулгардаггүй. Аливаа уран бүтээл найруулагч, зураач, хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч, зохиолч гэсэн таван хүний хоорондын харилцан ойлголцлоос хамаардаг. Тийм учраас найруулагч-зураач бол зохиолоо уншиж байхдаа л тайз, хувцасныхаа дүрслэлийг оюундаа төсөөлөөд, тавилтуудаа ургуулан боддог. Энэ үүднээс авч үзвэл, хоёр мэргэжлээр зэрэг ажиллана гэдэг миний хувьд давуу тал болдог.

-Энэ театртаа л дагнан ажилласан уу?  

-Дунд нь би хувийн хэвшлийн “Сарны чулуу” театрт дөрвөн жил ажилласан. Тэр сайхан чуулгад би найруулагч, урансайхны удирдагч, зураач гэсэн гурван албан тушаалыг зэрэг хашсан нь надад том сургуулилт болж үлдсэн. Өөртөө итгэх итгэл, найруулагч болох хүсэл тэмүүлэл, зүрх зориг, эрч хүчийг тэр чуулгаас олж авсан. Энд ажиллаж байхдаа би СУИС-д найруулагчаар суралцсан. Энд ажиллаж байсан он жилүүд миний амьдралын онгодтой, эрч хүчтэй байх эхлэлийг тавьж өгсөн учраас би дурсалгүй өнгөрөх ёсгүй юм. 2008 онд найруулагч болсны дараа “Сарны чулуу” чуулгаас энэ театртаа “Хөөмийн түрлэгтэй эх орон” концертыг найруулахаар урилгаар ирж, ерөнхий найруулагч-ерөнхий зураачаар ажиллаад, түүнээс хойш тасралтгүй эндээ ерөнхий найруулагч- ерөнхий зураачаар ажиллаж байна. Энэ хугацаанд “Нүүдэлчдийн аялгуу”, “Оройн дээд” гэх мэт олон уран бүтээлийн ерөнхий найруулагчаар ажиллалаа. Мөн хүүхдэд зориулсан анхны багц бүтээлүүдийг энэ театртаа найруулан тавилаа. “Ишиг хөөрхөн” хүүхдийн уран бүтээл, “Эрх цагаан унага” дуулалт жүжгийн найруулагчаар ажилласан. Мөн 6-7 том уран бүтээлийн ерөнхий зураачаар ажиллалаа. Өнгөрсөн онд БСШУЯ-ны шилдэг уран бүтээлч шалгаруулдаг уламжлалт “Мөнгөн мод” наадмын Шилдэг зураачийн шагналыг хүртсэн. Мөн “Оройн дээд” жүжгээрээ “Гэгээн Муза” наадмаас манай баг таван номинацид шалгарахад Шилдэг зураачаар онцлогдсон юм. Ингэж би зураачаар ажилласан хугацааны үнэ цэнээ энэхүү хоёр шагналаар баталж чадлаа гэж бодож байгаа. 1991 оноос хойш тасралтгүй 26 жил урлагт зүтгэж байна.

-Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид 2017 оны шинэхэн уран бүтээл болох “Ижил хоёр ботго” хүүхдэд зориулсан дуулалт бүжгэн жүжгээ саяхан үзэгчдэд толилуулсан. Энэхүү уран бүтээлийн онцлогийн талаар сонирхуулбал?  

-Энэ нь өнчин цагаан ботго болон тэмээ, 12 жилийн тухай монгол ардын домгуудаас сэдэвлэн бүтээсэн хүүхэд багачуудад зориулсан дуулалт бүжгэн жүжиг юм. Энэхүү бүтээл нь байгаль дэлхий, ан амьтнаа хайрлан хамгаалах ухааныг хүүхэд ахуй цагаас сэтгэл зүрхэнд нь суулгадаг байсан эрт үеийн уламжлалыг сэргээхэд бага боловч нэмэр болох өргөн ач холбогдолтой хэмээн бид үзэж байгаа. Энэ дуулалт бүжгэн жүжигт Үндэсний урлагийн их театрын Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай уртын дууч, Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, Зууны манлай бүжиг дэглэгч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид зэрэг 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид оролцсоноороо онцлог юм. Анх 2010 онд 60 жилийн ойдоо зориулаад хүүхдэд зориулсан цогц уран бүтээл хийе гэж залуу уран бүтээлчдээ уриалж “Ишиг хөөрхөн” гэдэг уран бүтээлээ хийгээд, 2013 онд “Цуутын цагаагч гүү”-нээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” дуулалт жүжиг тавьсан. Бид эхний ээлжинд хүүхдүүдээ таван хошуу малын үр төлтэй танилцуулъя гэсэн зорилго тавиад ажиллаж байгаа. Дараагийн ээлжинд бид залууст зориулсан үндэсний мюзикл бүтээхээр төлөвлөж байгаа. Одоо зохиолын түвшинд байгаа ч, магадгүй 1-2 жилийн дараа залууст зориулсан үндэсний мюзикл үзэгчдийн хүртээл болох биз ээ.

АСЕМ-ын үеэр Монголын урлагийн шилдэг бүтээлүүдийг үзүүлсэн

-Хоёр жилийн өмнө таны нэг өдрийн зураглалыг дүрсэлсэн сонирхолтой сурвалжлага нийтлэгдэж байсан. Үзэгчдийн танхимын долдугаар эгнээний наймдугаар суудал таны хувьд ихээхэн ач холбогдолтой гэж ярьсныг санаж байна. Энэ тухай сонирхуулбал?

-Тэр бол найруулагчийн суудал. Тайзан дээр болж байгаа үйл явдлыг хянаж гэрэл, тайз, жүжигчдээ харахад хамгийн зөв байрлал буюу Хүндэтгэлийн эгнээний яг голын суудал байгаа юм. Тэнд суусан найруулагч өөрийгөө мартдаг. Тэндээс тайзан дээрх амьдралыг найруулагч биш, үзэгчийн байр сууринаас хардаг гэсэн үг. Тиймээс тэр суудлыг өөрийгөө мартдаг буюу өөрийгөө олж хардаг суудал гэж хэлж болох юм. Би тэр суудлыг маш их хүндэтгэдэг.

-Олон хүний бүрэлдэхүүнтэй шинэ уран бүтээл хийхэд нүсэр ажил өрнөдөг байх. Театрын зураачийн мэдрэмж, сонголт чухал биз?

-Тухайн уран бүтээлийн зохиолоос хамаараад бүх хувцас хэрэгслээ шинэчлэх шаардлагатай болдог. Зохиолд дүрслэгдэж буй үйл явдлын он цаг, утга агуулгаас шалтгаалаад хувцас хэрэгслүүд, материалууд хүртэл өөрөөр сонгогддог. Бидний амьдрал дээр өмсөөд байдаг жирийн хувцасны материал тайзны гэрэлд ороод ирэхээрээ өөрчлөгддөг. Өмсөөд гадуур явж байхад өнгөлөг харагддаг материал тайзны гэрэлд орохоороо бүдэг болж, харин амьдрал дээр доожоогүй харагддаг зарим материал тайзны гэрэлд ороод ирэхээрээ маш өнгөлөг гоё болох жишээний. Тиймээс материал сонголт бол өөрийн гэсэн онцлогтой. Тайз, хувцасны зураач бол тухайн уран бүтээлд найруулагчийн бодож санасан зүйлсийг хэрэгжүүлэхийн тулд эрэл хайгуул хийж, оюуны бүтээл туурвина гэсэн үг. Театрын ерөнхий зураачийн хувьд, би хувцасны материалаа өөрөө гадуур явж сонгодог.

-Ачаалал ихсээд, өдөр бүр тоглолт хийх үед дундаа нэг тайзтай урлагийн хоёр том байгууллага хэрхэн зохицож үйл ажиллагаагаа саадгүй явуулдаг вэ?

-Ерөнхийдөө, өвөл, хавар, намрын улиралд тайзны асуудал их хүндэрдэг. Яагаад гэвэл, Драмын театрын уран бүтээл эдгээр улиралд ихээхэн ачаалалтай байдагтай холбоотой. Харин манай театр зун 6-9 сарын хооронд байнгын ачаалалтай байдаг учраас энэ хугацаанд Драмын театр амардаг. Ингэж зөрсөн зохицуулалт хийгддэг ч жилийн дөрвөн улирлын гуравт нь үйл ажиллагаа давхацдаг болохоор тайзны асуудал үнэхээр хүндрэлтэй. Хоёр том театр тайзаа булаацалдах, цаг хугацаагаа зөрүүлж зохицуулах гээд ихээхэн асуудал үүсдэг нь уран бүтээлийн чанарт сөргөөр нөлөөлдөг гэхэд хилсдэхгүй. Мөн техник, аюулгүй ажиллагааны дүрэм журам, стандарт алдагдах явдал энүүхэнд. Ер нь, манай хоёр театрын хувьд, хамгийн хүндрэлтэй том асуудал бол байр, тайзны шийдэл байна.

-Аялал жуулчлалын улиралд Үндэсний Урлагийн Их Театр уран бүтээлийн ямар төлөвлөгөөтэй ажилладаг вэ?

-Аялал жуулчлалын улирлын нээлтээ 6 сарын 15-нд хийж 9 сарын 20 хүртэл 100 хоногийн тасралтгүй тоглолтыг өдөр бүр 18 цагт хийдэг. Наадмын үе буюу 7 сарын 5-наас 15-ны хооронд хамгийн оргил ачаалалтай, зарим өдөр хоёр удаа тоглолт хийх тохиолдол ч гарна. Дээр нь, Төрийн хүндэтгэлийн ёслолын ажиллагаануудын бэлтгэл сургуулилт гээд тоглолтын хажуугаар оролцох арга хэмжээ их. Манай театр 2016 онд Засгийн газрын 129-р тогтоолоор Үндэсний урлагийн Их театр хэмээн нэрлэгдэх болсонтой холбогдуулан бид энэ жил “Үндэсний урлагийн гайхамшиг” сэдвээр тоглолтоо нэрлэн, хөтөлбөртөө илүү их даацтай үзүүлбэрүүдийг оруулсан. Мөн энэхүү 100 хоногийн хугацаанд манай том бүрэлдэхүүн болох үндэсний их найрал байгуулагдсаны 55 жилийн ойн цуврал арга хэмжээнүүд явагдаж 6 сарын 10-нд Үндэсний их найрал хөгжмийн залуу гоцлол хөгжимчдийн концерт амжилттай болж, олон сайхан шинэ бүтээлүүд тайзнаа эгшиглэлээ. 7 сарын 12-нд буюу Наадмын хоёр дахь өдрийн орой “Наадмын эгшиг” хэмээх үндэсний их найрал хөгжмийн тоглолтоо үзэгчдэд толилуулсан. Энэ бол 55 жилийн ойн цуврал арга хэмжээний нэг хэсэг юм.

-Төрийн хүндэтгэлийн тоглолтод голлох үүрэгтэй оролцдог биз дээ?

-Үндэсний урлагийн Их театр жил бүр л төрийн хүндэтгэлийн, баяр наадмын нээлтийн ёслол болон томоохон арга хэмжээнүүдэд оролцдог. 2010, 2015 оны үндэсний их баяр наадмын тоглолтыг манай театр голлон хариуцаж ажиллахад найруулагчийн үүргийг би гүйцэтгэж байлаа. Мөн 2016 оны Наадмын хүндэтгэлийн тоглолт болон АСЕМ-ын арга хэмжээний гол үзүүлбэрийг манай Үндэсний урлагийн Их театр хариуцан ажилласан. АСЕМ-ын том арга хэмжээний урлаг соёлын гол тоглолтыг манай театр бараг дангаараа гүйцэтгэсэн гэж болно. Харин энэ жилийн төрийн хүндэтгэлийн тоглолтыг өөр найруулагч хариуцсан хэдий ч манай хамт олон бүрэлдэхүүнээрээ оролцсон. “Sounds of Mongolia” компани төрийн хүндэтгэлийн тоглолтыг, Төв цэнгэлдэхийн урлаг соёлын хөтөлбөрийг Драмын театрын найруулагч Наранбаатар хариуцан ажилласан. Харин 7 сарын 11-ний орой 19 цагт Их Тэнгэрийн аманд болдог хүлээн авалтын урлаг соёлын арга хэмжээг энэ жил манай театр дангаараа хариуцсан.

-Монголын нэр нүүр болдог хүмүүс бол урлагийнхан. Үүний тод жишээ нь АСЕМ.

-Тийм ээ. АСЕМ-д оролцохоор Монголд ирсэн дэлхийн 50 гаруй орны төрийн тэргүүн манай үндэсний урлагийн гайхамшгийг л үзэж сонсох хүсэлтэй байсан. Уртын дуу, морин хуур, бий биелгээ, хөөмий, уран нугаралт гээд Монголын урлагийн шилдэг бүтээлүүдээ бид үзүүлсэн. Манай Ерөнхийлөгч бахархаж, монгол дээлээ гайхуулангаа эгнээний голд суугаад, гэрийн эзэн шиг байсныг та бид сайн санаж байгаа. Ерөнхийлөгч маань тайзан дээр тоглогдож байгаа уран бүтээлүүдийг бусад орны зочдод тайлбарлаад бахархалтай суухыг хараад, бид ямар их үнэ цэнэтэй хүмүүс вэ гэдгээ мэдрээд ихээхэн цээж тэнэгэр байсан шүү. Бид бас Давосын чуулга уулзалтад байнга явж, Монголын нэрийн хуудас болдгоороо бахархдаг. Гадагшаа томоохон арга хэмжээнүүдэд оролцох, баяр наадмын нээлтийн үеэр, мөн бусдад өөрсдийгөө улам аятайхан болгож харагдуулахаар рекламдах үедээ л төр засгийн дарга, сайд нар маань биднийг санадаг гэх үү дээ.

Театр бол сэтгэл зүрхээ зориулан ажиллах газар

-Уг нь Үндэсний урлагийн ордонтой болгочихдог бол?

-Өнгөрсөн жил бидэнд Их Театр гэсэн эрхэм нэрийг Соёлын Төв Өргөөний хүндэтгэлийн тайзан дээр ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Нямдорж зэрэг төр засгийн өндөр албаны хүмүүс гардуулж, манай хамт олон магнай хагартал баярлаж билээ. Тухайн үед тэд танай шинэ байрны шавыг тавьж өгнө хэмээн амлаж байсан нь бидний хамаг хүсэл мөрөөдөл биелэх мэт сэтгэгдэл төрүүлж, бид итгэл найдвар тавин хүлээсээр байгаа. Театрын шинэ байрыг барьсан тохиолдолд, манай улс соёл урлагийн салбартаа хэчнээн их анхаарал тавьж байгаагийн тод илрэл болж чадах юм. Зөвхөн манай Үндэсний Урлагийн Их Театр төдийгүй соёл урлагийн бусад салбарынханд ч томоохон боломж нээгдэх нь мэдээж. Театр маань орчин үеийн техник технологитой, орчин үеийн үзэгчдийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн сайхан газар болно гэдэгт манай хамт олон итгэж байгаа.

-Танай театр ардын урлагийн чиглэлээр уран бүтээл туурвидаг учраас түүх судлах хэрэг гардаг байх. Түүхчид, эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна уу?

-Ямар ч уран бүтээл хийхэд хамгийн түрүүнд судалгаа хийдэг. Жишээ нь, энд байгаа номнууд гэхэд, “Оройн дээд” түүхэн дуулалт жүжгийг тавихад ашиглахаар цуглуулсан баримтууд /номын тавиур дээр байгаа том оврын зузаан олон номыг заан үзүүллээ/. Бид тэр уран бүтээлээ хийхийн тулд 2014 оны 11-р сард эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд Богдын түүх судлаачид, Богд гэгээнтний судлалаар дагнан мэргэшсэн таван том судлаач, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн хоёр доктор, Олон улс судлалын хүрээлэнгийн Батсайхан доктор, мөн Пунсалдулам, Урангоо доктор, соёл талаас СУИС-ийн доктор, профессор, судлаач Н.Ганхуяг оролцсон. Тухайн үеийн хүмүүсийн өмсгөл зүүсгэл, ахуй амьдралын онцлог гээд олон зүйлсийг бид судалгаагаар олж авдаг. Зөвхөн судалгаанд бид хагас жил орчмыг зарцуулдаг. Одоо бид “Лигдэн хаан” үндэсний дуурь тавихаар төлөвлөөд түүний судалгаанд гурван жил зарцуулаад явж байна. Түүхэн уран бүтээл туурвихад их хугацаа шаардагддаг.

-Ойрын үед уран бүтээлийн ямархуу төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Түүхэн уран бүтээлүүд, бүжгэн жүжиг, дуулалт жүжгүүд, мөн үндэсний дуурь тавихаар ойрын жилүүдийн төлөвлөгөөнд орчихсон явж байгаа. Бид 2014 онд “Монголын их хатад” нэртэй бүжгэн туульсыг маш амжилттай бүтээж, төр засгийн олон арга хэмжээнд оролцсон, мөн Давосын чуулга уулзалтад энэ бүтээлийн хэсгээс байнга явж байгаа. Өнгөрсөн онд МУГЖ цол хүртсэн, манай залуу бүжиг дэглээч Баярбаатар энэ бүтээлийг дэглэн найруулж, хөгжмийн зохиолчоор Төрийн соёрхолт Мөнхболд ажилласан. Мөн 2015 онд бид “Оройн дээд” хэмээх үндэсний түүхэн дуулалт жүжгийг тавилаа. Энэ бүтээлд маань 1911 оны Монголын ард түмний эрх чөлөөний хөдөлгөөний тухай өгүүлдэг. Энэ жил бид оркестрын 55 жилийн ойн хажуугаар нэгэн цоо шинэ тоглолт хийх гэж байгаа. Тэр концертод зүүн болон төвийн бүсийн аймгуудад оршин суудаг үндэстэн ястнуудын дуу хуурын хамгийн шилдэг бөгөөд ховордсон бүтээлүүдийг толилуулахаар зорьж байна. Бид 2011 онд “Хөх Монголын эгшиглэн” гээд баруун бүсийн уран бүтээлээр тоглолт зохион байгуулсан юм. Монгол оронд аж төрөн амьдарч буй олон ястнуудын ховордон цөөрч буй нарийн нандин өв соёл, урлагийг эргэн сэргээх, тайзны урлагт шинээр оруулж ирэн үзэгчдийн хүртээл болгож авч үлдэх зорилготой хийж буй бүтээлүүд гэж ойлгож болно.

-Найруулагч хүний хувьд, урлагийн сургуулиудаас бэлтгэгдэн гарч байгаа залуу уран бүтээлчдийн талаар ямархуу бодолтой явдаг вэ?

-Төгсөгчдийн ур чадварын хувьд мэргэжил мэргэжлээрээ өөр. Миний өөрийн ажил мэргэжилтэй холбоод үзэхэд, театрын зураач мэргэжлээр төгсөж байгаа оюутнуудад ялимгүй сэтгэл дундуур байгаа. Театрын зураачаар улсын хэмжээнд жилдээ 10 гаруй залуус төгсдөг. Гэвч тэд театрт орж ирж ажиллах чин хүсэл эрмэлзлэл багатай нь ажиглагдаж байна. Тэд голдуу янз бүрийн кино, телевизийн студи хавиар, хувиараа ажил эрхлэх маягаар явцгааж байна. Театрын зураачийн мэргэжил бол нэлээн хүнд ажил л даа. Энэ мэргэжилдээ үнэхээр сэтгэлээрээ дурлахгүй л бол хийж чаддаггүй онцлогтой. Гэхдээ нэг амтанд нь орчихвол үнэхээр гайхалтай сайхан мэргэжил. Харин бусад мэргэжлүүдийн хувьд ярихад, СУИС-ийн дуулаач, драмын жүжигчний мэргэжлүүдээр их сайн төгсгөж байгаа. Мөн хөгжмийн мэргэжлүүд гэх мэт бусад олон мэргэжлээр төгсөж буй боловсон хүчний чанар сайжирсан гэж боддог. СУИС дэргэдээ Лицей сургуультай болсон нь сайнаар нөлөөлж байна. СУИС жилээс жилд чадавх нь сайжирч байгаа сургууль гэж би ойлгодог. Хөгжим бүжгийн дунд сургууль бол ууган сургууль. Манай Үндэсний урлагийн Их Театрын мэргэжилтэй боловсон хүчний бараг 70 хувь нь энэ сургуулиар бэлтгэгдсэн. Тэнд бүр багаас нь бэлтгэдэг болохоор мэргэжлийн ур чадварын хувьд маш сайн төгсдөг. Гэвч сүүлийн үед ажиглаад байхад, нийгмийн чиг хандлагаас ч шалтгаалж байна уу, сэтгэлзүйн хувьд бэлтгэл тааруу залуус төгсөж байна гэхэд болохоор. Тиймээс театрт ороод чин сэтгэлээрээ ажиллая гэсэн хүсэлтэй залуус ховордоод байгаа мэт санагддаг. Иймд мэргэжлийн сургуулиуд оюутнуудаа энэ тал дээр түлхүү анхаарч, сэтгэлзүйн бэлтгэлийг сургалтын хөтөлбөртөө оруулж өгвөл бүр сайн болохоор байна.

-Театр бол жинхэнэ сэтгэл зүрхээрээ бэлтгэгдсэн хүмүүсийн хөдөлмөрийн талбар юм байна. Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд их баярлалаа. Танай хамт олны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.

Ярилцсан Д.Мягмарсүрэн

2017 он 10,11 сар "Зиндаа" сэтгүүл №07/507

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(176.158.21.29) 2018 оны 05 сарын 09

Mongol ulsiin ner nyyr bolson ene teatriin xaluun togoond chanagdaj xamar amidralaa zoruilj bui egel negen uran byteelch tanid ajliin amjilt xysie Tanai baiguullaga udaxgyi eerin gesen bairtai bolno gej naidaj baina

0  |  0
Top