Н.Буянбаатар: Сор болсон бүтээлийг удирдан тоглуулна гэдэг ховор завшаан

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 29

 

“ЗИНДАА” СЭТГҮҮЛИЙН №14/514 ДУГААРЫН “СЭТГЭЛИЙН ГОО” БУЛАНГААС ОНЦОЛЖ БАЙНА.


Нэгэн цагт Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулга гэгдэж байсан үеэсээ Урлагийн Эрдмийн их театр хэмээн нэрлэгдэх болсон энэ байгууллага өнөөг хүртэлх урт хугацаанд цөөн ерөнхий удирдаачтай явж иржээ. Хамгийн олон жил ерөнхийлөн удирдсан хүн нь МУГЖ С.Сүндэд бөгөөд түүний туслахаар удирдаачийн ажлын гараагаа эхэлсэн хүн бол Н.Буянбаатар юм. Тэр өдөр бүр өөрөөсөө, хөгжимчдөөсөө суралцаж байдаг нэгэн. Дохих бүртээ шинэ юм олж мэдэж, багш нарынхаа зааж зөвлөсөнтэй нийлүүлэн бодож хөгжимчдөө, хөгжмөө удирдан тоглуулж Монголын үндэсний хөгжмийн их найрлыг дуу, дуугаралтын өндөр түвшинд авч яваа удирдаач билээ.

Амьдралынхаа 40 гаруй жилийг Хөгжим бүжгийн сургуулийн гурван давхар шар байшин, Чуулгын ягаан байшинд өнгөрүүлээд буй удирдаач эрхэм хөгжмөөр амьсгалж, хөгжмийг “идэж, ууж”, хөгжимчин бүсгүйтэй гэрлэж, хөгжмөөр олж авч, мэдэрч ойлгосноо ажил уран бүтээлдээ тусган дуу хөгжим, бүжгийн олон сайхан бүтээлүүдийг удирдан тоглуулж, монгол түмнийхээ сонорыг мялаан сэтгэлийг баясгаж явна.  

Тэрбээр 1978 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас хотод ирж Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурчийн ангид элсэн оржээ. Тэднийх Өмнөговийн угшилтай айл хэдий ч аав нь  удирдах ажил хийдэг байсан болохоор тухайн үед  Дорноговьд амьдарч байсан аж. Аав нь ямар ч ардын дууг мандолинаар маш сайхан тоглодог, ээж нь шанз, мандолин тоглодог урлагт элэгтэй хүмүүс байсан болохоор хүүхдүүд нь ч багаасаа хөгжим тоглож сурсан байна. Н.Буянбаатар Хөгжим бүжгийн дунд сургуульд ороод Г.Жамьян, П.Буян хэмээх мундаг хоёр хуурчийн шавь болсон бөгөөд сүүлийн 4 жилд нь хуурч, МУГБ Ё.Батбаяр түүнд багшилжээ. Тухайн үед сурагчдаас хэнийг нь цаашаа сургуульд явуулах, судлаач болгох вэ гэдгийг маш нарийн бодлоготойгоор шийддэг байсан цаг. Соёлын яамнаас Н.Буянбаатарыг гадаадад сургуульд явуулахаар болж шалгалтдаа тэнцсэн хэдий ч эрүүл мэндийн шалтгаанаар явж чадалгүй, 1985 онд Хөгжим бүжгийн дунд сургуулиа төгсөөд Соёлын яамны томилолтоор тухайн үеийн Ардын дуу бүжгийн чуулгад морин хуурчаар ажихллаж эхэлснээр энэ байгууллагатай хувь заяагаа холбожээ. Оюутан байхад тэдний ангид морин хуурын дөрвөл байсан бөгөөд  1985 онд Москва хотод болох дэлхийн залуучууд оюутны их наадмыг угтан Монголд мөн оюутан залуучуудын урлагийн их наадам болоход тэд оролцон тэргүүн байр эзэлж, төгсөх жилээ Москва руу их наадамд оролцохоор явсан байна. Ингээд үргэлжлүүлээд Улсын Ардын дуу бүжгийн чуулгадаа морин хуурын дөрвөлд тоглож эхэлжээ. 1983 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд удирдаачийн чиглэлээр сонгон суралцсан  1987 онд “Бид нэг орчлонгийн хүмүүс” хэмээх уран бүтээлд удирдаачаар оролцон, олон үндэстний хөгжмөөс толилуулсан байна. Энэ тоглолтоор Л.Идэрбатын “Манай залуус” бүжиг, Э.Чойдог багшийн “Жок” бүжгийг удирдсан аж. Удирдаачийн анхны гарааныхаа талаар:  “Би тэр үеийг огт мартдаггүй, хамаг бие салгалж, өвдөг чичрээд, хөгжим тоглож дуусахад хар хөлс цутгачихсан байж билээ” хэмээн дурсан өгүүлж сууна.

Тэрбээр 1988 оны “Хаврын дуу” уран бүтээлд бие дааж Ж.Мэнд-Амар, Х.Билэгжаргалын хөгжим “Торгууд” бүжгийн сюитийг тоглуулснаар туслах удирдаач болж,  хөгжимчин, морин хуурын дөрвөлийн гишүүн, туслах удирдаач зэрэг ажлыг давхар хийсээр 1995 оноос эхлэн удирдаачийн ажлаа дагнаж, 2006 оноос эхлэн Чуулгын ерөнхий удирдаачаар ажиллаж байна. Ингээд үндэсний хөгжмийн их найрал хэмээх авьяастнуудын чуулгын түүхэн замнал, өвөрмөц онцлогийн талаар түүнтэй хөөрөлдсөнөө толилуулья.


-Монгол Улсад Үндэсний хөгжмийн их найрал үүссэн түүхэн замналаас манай уншигчдад  толилуулна уу. Найрал хөгжмийг үүсгэн байгуулах санал санаачлагыг анх яаж гаргасан юм бол?

-Манай орон түүх, соёл урлаг, уран бүтээлийн арвин их өв баялагтай бөгөөд үүний нэгээхэн хэсэг нь Монголын ард түмний оюуны дархлаа, өвөрмөц өнгө хэмнэлийн илрэл болсон Үндэсний хөгжмийн их найрал билээ. Элэнц хуланц, эцэг өвгөд, их хаадын маань өвлүүлэн бидний үед хүргэсэн найрал хөгжим хүн төрөлхтний соёлын дэвшилтэт ололтоор баяжигдан хөгжсөөр өнөө цагтай золгоод байна. Улсын ардын дуу бүжгийн чуулга байгуулагдсанаас хойш 12 жилийн дараа Төрийн хошой шагналт Л.Мөрдорж тэргүүтэй уран бүтээлчид найрал хөгжим байгуулъя гэсэн санаачилга гарган тэр үеийн авьяастай, алдартай хүмүүсийг цуглуулан үндэсний хөгжмийн их найрлыг байгуулсан түүхтэй. Их найрал байгуулагдахтай зэрэгцэн Хөгжим бүжгийн коллежид уран бүтээлчдээ бэлтгэж, 1960-аад оны эхэн, дунд үеэс анхны хөгжимчид төгсч ирсэн. Мөн энэ үеэс хөгжмийн зэмсгээ арвижуулах шаардлага бий болсон. Тиймээс 1963 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгын дэргэд хөгжмийн багаж туршилтын газар бий болгон, Монгол Улсын алдартай хөгжим урлаачдыг урьсан. Үүний үр дүнд бишгүүр хөгжмийг баяжуулан баялаг бишгүүр болгож, их бишгүүрийг гаргаж ирж, цордон бүрээ, их бүрээг хөгтэй болгосон. Энэ мэтчилэн маш олон хөгжмийн зэмсгүүдийг бий болгож, үндэсний найрал хөгжмийн дуугаргац шинэчлэгдэн, хөг аялгууны бүрдэл бүтэц баяжин боловсронгуй болж одоогийн их найрлын бүтэц бүрэлдэхүүн үүссэн түүхтэй. 1962 оны 12-р сарын 26-нд бүрэн хэмжээний хөтөлбөр боловсруулан анхны бие даасан бүтээлээ ард түмэндээ өргөн барьсан үеэс үндэсний хөгжмийн их найрлын орчин цагийн он тооллыг тэмдэглэж эхэлсэн. Үндэсний хөгжмийн их найрал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны соёрхол дор “Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал” хэмээн нэрлэгдэх хүртлээ Хүннү Сүннү, Эзэн богд Чингис, түүний үр хойчийн үе залгамжлалаар замнан орчлонгийн ороо бусгаа бүхнийг даван туулсаар өнгөрсөн зууны хоёрдугаар хагастай золгож, өрнө дорнын шилдэг, шилмэл бүхнээс шимтэн, шинэ цагийн бүтэц бүрэлдэхүүнийг бий болгож чадсан юм.

Үндэсний хөгжмийн их найрал нь дууны аянаас дуулалт жүжиг, бяцхан аязаас бүжгэн жүжгийг бүтээн, гадаад дотоодын хөгжмийн сор болсон 200 гаруй бие даасан томоохон бүтээлийг урын сандаа багтаагаад байна.

-Үндэсний хөгжмийн их найралд зориулсан хамгийн анхны бүтээлийн талаар сонирхвол?

-Үндэсний хөгжмийн их найралд зориулан бүтээсэн хамгийн анхны бүтээл нь Л.Мөрдорж гуайн “Цэнгэлийн эгшиг” гэсэн бүтээл байдаг. Энэ жил Л.Мөрдорж гуайн мэндэлсний 100 жилийн ойгоор түүний бүтээлийг сэргээн тоглох төлөвлөгөөтэй байна. “Цэнгэлийн эгшиг”-ээс өмнө нэлээд хэдэн бүтээлүүд бичсэн байдаг. Гэхдээ яг үндэсний их найрлын бүрэлдэхүүнд зориулан бичсэн бүтээл бол “Цэнгэлийн эгшиг” юм.

-Танай урын санд одоогоор хэчнээн уран бүтээл байгаа вэ. Өөрийн хөгжимчид зохиол бүтээл хэр туурвидаг вэ?

-Монголын сор болсон хөгжмийн зохиолчдын бүхий л бүтээлүүд манай урын санд бий. Тодруулбал, Ардын жүжигчин Л.Мөрдорж, Гавьяат жүжигчин Ж.Мэнд-Амар нар үндэсний их найралд хамгийн олон бүтээл найруулж, хөрвүүлсэн. Ёочин, шанз, хуучрын гоцлол гэх мэт. Сүүлийн үеийн хөгжмийн зохиолчдоос гэвэл Үндэсний урлагийн их театрын хөгжмийн зохиолч М.Бирваагийн бүтээлүүд  их байгаа.  “Жороон жороо”, “Оройн дээд” дуулалт жүжгийн хөгжмийг бичсэн.  Сүүлийн жилүүдэд чуулгын найрал хөгжмийн урын сан нэлээд баяжсан. Бид дэлхийн сонгодог хөгжмөөс суралцсаар байна. Гэхдээ хамгийн гол нь уламжлалаа хадгалж, баяжуулах хэрэгтэй. Манай найрал хөгжмийн бүтээлүүд дотор ховордсон, мартагдсан хөгжмийн зэмсгээр тоглосон бүтээлүүд их гарч ирж байгаа. Манай залуучууд морин хуураа тоглохын хажуугаар хөөмийлнө, цоор үлээнэ. Иймд тухайн хөгжимчний онцлогт тохируулсан бүтээлүүдийг хийн, хосломол авьяастнуудын ур чадварыг гаргаж ирэх боломжийг бүрдүүлж байна. Жишээ нь, “Тосонгийн орой” гээд хөөмийлдөг морин хуурчид зориулсан бүтээл байгаа. Манай байгууллага мэргэжлийн хөгжмийн зохиолчдын зэрэгцээ үндэсний найрал хөгжимд ажилладаг туршлагатай хөгжимчдөөр бүтээл туурвиулах уламжлалтай. Дотор нь ажиллаж, амьдарч, уран бүтээлд оролцож , тоглож байдаг хөгжимчид бол байгууллагын уран бүтээлийн бодлого, өвөрмөц онцлогийг тээгчид байдаг. Тэдэнд  итгэж, үүрэг, даалгавар өгч ажиллуулахад шинэлэг, баялаг уран бүтээл төрж, урын сан арвиждаг сайн талтай. Нөгөө талаар хүний нөөцөө ашиглаж байгаа, мөн уран бүтээлчдэд хөгжиж, дэвжих боломж өгч буй хэлбэр ч гэж болно. Үндэсний хөгжмийн их найрал нь дууны аянаас дуулалт жүжиг, бяцхан аязаас бүжгэн жүжгийг бүтээн, гадаад дотоодын хөгжмийн сор болсон 200 гаруй бие даасан томоохон бүтээлийг урын сандаа багтаагаад байна.

-Үндэсний найрлын өнөөгийн бүтэц бүрэлдэхүүн ямар байгаа вэ. Монгол үндэстний ховор хөгжмийн зэмсгүүд их бий биз?

-64 хүний бүрэлдэхүүнтэй. 2005 онд Үндэсний хөгжмийн их найрлын бүтэц дээр тулгуурлаад Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрлыг байгуулах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.  Зарлигийг дагаж гарсан Засгийн газрын тогтоолын дагуу нийт 120 хүний бүрэлдэхүүнтэй болох ёстой ч улс орны эдийн засгаас шалтгаалан орон тоо өдийг хүртэл нэмэгдээгүй л байна.  Ер нь манай оркестр үндэсний ховор хөгжмийн зэмсгүүдээ сэргээхийг нь сэргээж, хэвээр үлдээхийг нь үлдээж уламжлал шинэчлэл хоёроо зэрэг хадгалж яваа. Морин хуур гэхэд, ширэн царыг нь модон цар болгосноос бус өнөөг хүртэл хоёр чавхдастай хэвээрээ л байгаа. Лимбэ зургаан нүхтэй хэвээрээ, бишгүүр гэхэд одоо Ганданд лам нар үлээгээд байдаг бишгүүртэй яг адил байх жишээтэй. Мөн манай үндэсний найралд байдаг чавхдаст хөгжмүүд бүгд л хоёрхон утастай, морин хуур, хуучир, их хуур гэх мэт. Үндэсний найрал хөгжимтэй улс орон дэлхий дээр тийм ч олон байдаггүй. Манай хойд урд хоёр хөрш, хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд гээд, ерөнхийдөө социалист системтэй байсан улс орнуудад үндэсний найрал хөгжим ихээхэн хөгжсөн байдаг.  Харин симфони найрал хөгжим бол бүх улсад, ялангуяа Европын бол бүх хотууд, тэр ч байтугай, томоохон тосгон суурингуудад ч байдаг.

УРЫН САНГАА ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭР БАЯЖУУЛАХЫН ТӨЛӨӨ ҮЕ ҮЕИЙН УДИРДААЧИД БИЕ СЭТГЭЛЭЭ ЗОРИУЛСААР ИРСЭН

-Үндэсний хөгжмийн их найралд хамгийн их хувь нэмэр оруулсан хүмүүсийг дурдвал. Тэдний ажлын арга барил, уран бүтээлийн онцлог ямар байсан бэ?

-Бүрэн хэмжээний найрал хөгжимтэй болох нөр их үйлсэд олон ахмад уран бүтээлчдийн уйгагүй хөдөлмөр зүтгэл, бүтээлч оюун шингэсний дотор Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн гавьяа зүтгэл онцгой байрыг эзэлдэг. Манай хөгжим бол байгаль, ёс заншилдаа тохирсон уламжлалт урлаг. Жишээ нь хойд зүгийн уулынхан гэхэд морин хуурын татлага нь хүртэл өөр. Төв халхад бас өөр. Хөвсгөлд нэг өөр. Ийм олон ястны өвөрмөц эгшиг, аялгуу, хэмнэлийг нэг стандартад оруулж мэргэжлийн сургалтын дэг жаягийг дэлхийн хөгжмийн боловсролын түвшинд хүргэж чадсан нь манай ахмад үеийн алдарт хуурчид, алтан үеийнхний гавьяа юм. Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдог, Гавьяат жүжигчин Ж.Мэнд-Амар, Л.Идэрбат, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цэрэндорж, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров нар найрал хөгжмийг хөгжүүлэх, урын санг баяжуулахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн.  Их найрлын бүрэлдэхүүнийг мэргэжлийн өндөр ур чадвартай хөгжимчдөөр бүрдүүлэн, урын сангаа шилдэг бүтээлээр байнга баяжуулахын төлөө үе үеийн удирдаачид бүхий л бие сэтгэлээ зориулсаар ирлээ. Ерөнхий удирдаачаар ажиллаж байсан Д.Дагважамц, Э.Чойдог, С.Сүндэд, Ц.Баатаржав, удирдаач М.Батбаяр, М.Булган, Л.Бямбадорж, Т.Сэр-Од, А.Цэдэн-Иш, Р.Ганбат нарын найрал хөгжимд оруулсан гавьяаг мартахын аргагүй. “Монгол төрийн найрал хөгжимд тохируулав” хэмээн зохиол бүтээл, найруулга, хөрвүүлгийнхээ нүүрэнд бичиж тэмдэглэж, их найрал хөгжмийнхөө ирээдүйг бэлгэдэж байсан. Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн мөрөөдөл хүслийг үргэлжлүүлэх олон авьяас билигт хөгжмийн зохиолчид манай найрал хөгжмөөс төрөн гарсан.

-Үндэсний их найрал хөгжмийнхөө өмнө дохиураа бариад зогсож байхад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Удирдаач гэдэг бол найрал хөгжмийн удирдагч, чиглүүлэгч нь гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн хөгжмийн утга санааг нэг цэгт төвлөрүүлж, хөтөлж явдаг нь удирдаач хүн. Найрал хөгжмийн бүтэц бүрэлдэхүүнд сууж буй тэр олон арван уран бүтээлчид хэрэв өөр өөрийнхөөрөө тоглох юм бол гэрлэн дохиогүй, тэмдэг тэмдэглээгүй, цагдаагүй дөрвөн замын уулзварын түгжрэл шиг л юм болно шүү дээ. Иймээс оркестрын өмнө зогсоод удирдана гэдэг маш том хариуцлага. Найрал хөгжмийн өмнө гарч, сор болсон хөгжмийн зохиолчдын бүтээлийг удирдан тоглуулна гэдэг хэн бүхэнд олддоггүй ховор аз завшаан хэмээн өөрийн хувь заяагаа бахархан бодож явдаг даа.

Удирдаач гэдэг бол найрал хөгжмийн удирдагч, чиглүүлэгч нь гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн хөгжмийн утга санааг нэг цэгт төвлөрүүлж, хөтөлж явдаг нь удирдаач хүн.

-Үндэсний хөгжмийн их найрлын бусад оркестроос ялгагдах онцлог шинж, өөрийн гэсэн өвөрмөц “араншин” байдаг л байх даа?

-XIII зуунд Хубилай хааны үед хөгжлийнхөө оргилд хүрч Төрийн ёслолын хэрэг үүргийг гүйцэтгэж ирсэн найман аялгууны аймаг, төрөл зүйлийн ялгарамжит хөгжмийн их найрлаар үлгэрлэн, өрнөдийн симфони найрал хөгжмийн бүтцээр жишиглэн, сүм хийдэд ашиглаж байсан үлээвэр хөгжмийн хөг, дуугаралтыг баяжуулан, хийц хэлбэрийг боловсронгуй болгон дорнын дэлгэрмэл ижил төст болон нүүдэлчин ардынхаа язгуур, уламжлалт хөг барилд суурилсан хөгжмийн олон төрөл зэмсэг сэлтээр хүрээгээ өргөжүүлж, найрал хөгжимчдийн бүрэлдэхүүнээ мэргэжлийн хөгжимчдөөр бүрдүүлсэн нь Үндэсний хөгжмийн их найрлын онцлог юм.  Үндэсний их найрлын бусад орны оркестроос ялгаатай бөгөөд давуу тал нь утсан, үлээвэр, товшуур, цохиур хөгжим гэх мэт бүх төрлийн хөгжим байдаг. Утсан хөгжимд морин хуур, их хуур, хуучир, Товшуур хөгжимд ёочин, ятга, шанз багтах бол Үлээвэр хөгжимд бишгүүр, их бүрээ, цордон бүрээ, эвэр бүрээ, Цохивор хөгжимд цан, хэнгэрэг зэрэг багтдаг. 55 жилийн ойд зориулсан тоглолтод Үндэсний урлагийн их театрын хөгжмийн зохиолч М.Бирваагийн “Нүүдэл” бүтээл орсон бөгөөд энэхүү бүтээлийг эгшиглүүлэхдээ эртний хөгжмийн зэмсгүүд болох нэг утастай суухан хуур, нуман хуур, Баянхонгор аймгийн дуут чулуугаар хийсэн цохивор хөгжим зэргээр тоглон үзэгчдэдээ хүргэсэн билээ.

УУЛ БҮХЭН ДУУЛДАГ, УС ГОЛ БҮХЭН БҮЖИГЛЭДЭГ УЧРААС ТОГЛОЛТОО “УУЛ УСНЫ ШИВНЭЭ” ГЭЖ НЭРЛЭСЭН

-Саяхан үзэгчдэдээ өргөн барьсан “Уул, усны шивнээ” тоглолт нэлээн өвөрмөц болсон. Энэхүү уран бүтээлийнхээ талаар сонирхуулна уу.

-Үндэсний урлагийн их театр 2019 оны анхны уран бүтээлээ "Уул усны шивнээ" хэмээх цоо шинэ бүтээлээр нээсэн билээ. Энэхүү тоглолтонд Боржигон, Буриад, Дархад ардын аялгуу, хөгжмийн өв соёл, бүжиг, мөн эртний судар бичигт бичигдсэн аргалан бүрээ, янгирын эвэр бүрээ, ямаан бүрээ, хулсан болон төмөр хуур зэрэг сонин содон хөгжмийн зэмсэг эгшиглэсэн. Уул бүхэн дуулдаг, ус гол бүхэн бүжиглэдэг, газар юм хэлдэг, байгальтайгаа зүй бусаар харилцаж болохгүй, тахин шүтэж явах ёстой юм шүү гэдгийг сануулах үүднээс тоглолтоо “Уул усны шивнээ” гэж нэрлэсэн бөгөөд найруулагчаар МУГЖ А.Даваахүү ажилласан. “Уулын шивнээ” гэсэн нэгдүгээр хэсэгт төв Халх, боржигончууд тэнгэр хангай, уул усаа хэрхэн тахин шүтэж, хишгийг нь хүртэн амьдарч ирэв, хоёр дахь хэсгээс Буриадын яруу тансаг дуу хуурыг сонсож, тойрон бүжгийг нь харж болохоор. Гурав дахь хэсэгт Дархад-цаатнууд газар шороогоо тахин хэрхэн бүжиж нааддаг байсан тухай өгүүлнэ. Эхний хэсгийн хөгжмийг театрын хөгжмийн зохиолч М.Бирваа, хоёр дахь хэсгийнхийг Консерваторын багш Х.Алтангэрэл, дархад, цаатны хэсгийн хөгжмийг эвэр бүрээч Н.Жүрмэддорж бичсэн. Бид энэ уран бүтээлээрээ дамжуулан эртний мартагдсан өв соёлоо сэргээн үзэгчдэд толилуулсан.

-Уран бүтээлчдийн ажлын ачаалал их байдаг уу? Мэргэжлийн боловсон хүчний хангамж одоо ямархуу байгаа бол?

-Үндэсний найрал хөгжмийн уран бүтээлчид маань зуны гурван сард буюу 6-р сарын 15-наас 9-р сарын 25 хүртэл тасралтгүй 100 хоног өдөр бүр 18 цагт тоглолт хийн, өндөр ачаалалтай ажилладаг. Гэрээт жуулчны баазууд өөрсдийн үйлчлүүлэгчдийг авчирдаг, мөн дангаараа үүргэвчтэй аяллаар амарч яваа гадаадын жуулчид ч тасалбар худалдаж аваад үзэж сонирхох тохиолдол цөөнгүй байдаг.  Манай салбарын мэргэжлийн боловсон хүчний асуудал өөрийн гэсэн онцлогтой. Бид бүр багаасаа бэлтгэгддэг. Ийм ч учраас өөр салбар руу холбирох боломж буюу чадвар нь хомс гэж болно. Бидний үед Хөгжим бүжгийн дунд сургууль төгсгөөд 10 жилийн гэрчилгээ аттестат өгдөггүй байсан учраас хөгжмөө орхиод өөр сургуульд орох боломжгүй байсан. Тэгээд ч 8-р анги төгссөн хүүхдийг МУИС, Багшийн дээдэд авахгүй шүү дээ. Бидний хувьд шат ахилаа гэхэд, хөгжмийн удирдаач, найруулагчийн мэргэжлээр Урлагийн дээд сургуульд л явах боломжтой байлаа. Уг нь бид тухайн үедээ ерөнхий эрдмийн бүхий л хичээлүүдийг яг адилхан судалдаг, нэмэлтээр урлагийн хичээлүүд гээд маш их зүйл ордог, ачаалал асар өндөр байсан. Одоо бол харин бүгд ЭЕШ өгөөд өөр сургуульд явах бүрэн боломжтой болчихсон учраас 12 жил хөгжим суралцсан зарим хүүхдүүд хүмүүнлэг, гадаад хэл гээд өөр сургууль руу орчихоод байгаа. Тухайн хүүхдэд 10-12 жилийн турш хөгжмийн боловсрол олгох гэж асар их хөдөлмөр зүтгэл зарцуулсан атал ингээд өөр салбар руу алдчихаар нэг бодлын харамсмаар. Хөгжимчин хүнийг тийм ч амархан сургадаггүй юм шүү дээ.

-Үндэсний урлагийн их театрын хөгжимчдийн дунд мэргэжлийн түвшин тогтоох шалгалтыг ямар шалгуур, нөхцөл болзолтойгоор явуулдаг вэ? Мэргэжлийн шалгалт авдаг нь хөгжимчдийн ур чадварын хөгжил дэвшилд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байх даа?

-Манайх мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалт гэж явуулдаг. Ингэхдээ эрэгтэй хөгжимчид өөрийн мэргэжил дээр нэмээд цоор тоглох, эмэгтэй уран бүтээлчид нэмэлтээр суухан хуур эсвэл хулсан хуур тоглож чаддаг байх ёстой гээд шалгалтын болзолд оруулаад өгдөг. Энэ нь оноо болж тухайн хөгжимчний ур чадварын нэмэгдэл, цалин хөлсөнд сайнаар нөлөөлдөг талтай.  Иймд  манай хөгжимчдөөс маш хөөрхөн юм гараад ирдэг. Морин хуурч, хөгжмийн зохиолч М.Бирваагийн “Нүүдэл” хэмээх найрал хөгжимд зориулсан аялгуу, Р.Бат-Эрдэнийн “Тайгад дурсагдах хэнгэргийн дуу” байна. Эд бүгдээрээ манай чуулгын залуу хөгжимчид. Монгол үндэсний язгуур урлагаа мэргэжлийн түвшний бүтээл болгож байна.

Даяарчлалын энэ үед, импортын урлагийн довтолгоо, мэдээлэл технологийн эрин үед үндэснийхээ хэл, соёл, урлагийн дархлааг бий болгох нь нэн чухал. Ингэж байж л Монгол Улс, Монгол үндэстэн хэл, соёлоо авч үлдэнэ.

-Үндэсний их найрал хөгжмийн цаашдын хөгжил дэвшилд салбарын яам болон шийдвэр гаргах түвшний эрх баригчид хэрхэн анхаараасай хэмээн хүсч байна вэ? 

-Соёл урлагийн салбарыг боловсролын том салбартай нэгтгээд нэг яаманд харьяалуулж байгаа нь учир дутагдалтай санагддаг. Боловсролын салбар бол нүсэр том учраас түүний хормой доор соёл урлагийн салбар үлдчихээд байх талтай. Иймд соёл урлаг, аялал жуулчлалыг нэгтгэн бие даасан яам үйл ажиллагаа явуулбал арай илүү үр дүнтэй мэт. Үндэсний өвөрмөц соёл урлагаараа дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж манайд байгаа. Манай салбарын яамны сайд 2016 оноос хойш дөрөв дэх удаагаа солигдоод байна. Энэ нь бидний ажилд бас сөргөөр нөлөөлж байгааг үгүйсгэхгүй.

-Хөгжимчдийн маань уран бүтээлийн орчин ямархуу байгаа вэ?

-Манайх Драмын театрын байранд олон жил хамт байрлан, тайзаа хуваан ашиглаж байгаа. Хоёр өөр төрлийн уран бүтээлчид болохоор манайханд гэхэд дуу акустик чиглэлийн техник тоног төхөөрөмж их шаардагддаг учраас түүнийг зөөж байрлуулах гээд нэлээн ажиллагаа шаардагддаг. Үндэсний найрал хөгжмөө хөгжүүлье гэвэл уран бүтээлчдийн ажлын орчин, нийгмийн баталгааг хангачихад л өөр дааж давшгүй зүйлс бид шаардахгүй шүү дээ.

УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙН НҮҮР ЦАРАЙГ ТЕАТРААР НЬ ҮНЭЛЭХ ХЭМЖҮҮР Ч БАЙДАГ

-Үндэсний урлагийн их театраас нэлээд хэдэн хамтлаг өрх тусгаарлан гарсан. Тэднээс хамгийн амжилттай яваа нь ямар хамтлаг байгаа бол?

-Үндэсний хөгжмийн их найрлаас олон хамтлаг төрөн гарсан. Морин хуурын дөрвөл, “Таван эгшиг”, “Найрамдал”,  “Аялгуу”, “Хөсөгтөн” гэх мэт хамтлагууд байна.    Монгол ардын язгуур урлагийг орчин үеийн хэв маягтай хослуулан тоглодог  "Хөсөгтөн" хамтлаг нь дэлхий даяар 1,8 тэрбум хүн сонирхон үзсэн, олон улсад нэр хүндтэй "Авьяаслаг Азичууд"  шоунд 15 улс, 7000 гаруй уран бүтээлчдээс шалгаран 2-р байрын шагнал хүртэж байсан. Мөн АНУ-ын "Netflix" компанийн бүтээл болох "Марко Поло" киноны "Тал сайхан нутаг" дууг шинээр зохиож дуулсан бөгөөд 2011 онд Английн Хатан Хааны "Royal Albert Hall"-д BBC Телевизийн урилгаар симфони найрал хөгжмийн хамт тоглолтоо толилуулсан билээ. Ардын язгуур урлагийн "Хөсөгтөн" хамтлаг нь Монгол улсаа, гайхамшигт язгуур урлагаа дэлхийд сурталчлан таниулж буй чадварлаг хамтлаг.

-Гадаадын улс орнуудаар аялан тоглолт хийж явахад гайхалтай гоё театр, тайзууд их байгаа. Тэр үед танд ямар санагддаг вэ?

-Бид гадаадад аялан тоглолт хийж явахад тэндхийн театрууд нь үнэхээр гайхалтай. Тэдгээрийн архитектор дизайн, акустик тоноглол гээд үгээр хэлэхийн аргагүй. Заримдаа ч бүр атаархаад, бараг уйлмаар санагддаг шүү /инээв/.  Хятадад “Усан дээрх сувд” хэмээх театр байна. Харахад яг л уснаас сувд таллан цухуйж буй мэт дизайнтай. Тиймэрхүү стандартын өндөр зэрэглэлтэй театр барьчихаар гадны мундагууд очиж тоглодог юм байна. Гэтэл манайд тэднийг авчирч тоглуулъя гэхээр шаардлагыг нь хангачихаар стандартын театр алга. Хонконгийн дуурийн театрыг очиж бас сонирхлоо. Тэнд манайх шиг цалин хангамж авдаг уран бүтээлчид гэж алга, өөрөөр хэлбэл, зүгээр л уран бүтээлчидгүй театрын барилга байна. Барилгын доторх шийдэл, акустик нь гайхалтай. Суудал, тайзыг нь ямар ч хэлбэртэй болгож болохоор.  Дэлхийн хамаг л шилдэг театрууд тэнд ирж тоглодог, захиалга нь бүр бүтэн жилээр хийгдэж дуусаад, хөтөлбөр нь тавигдчихсан байсан. Би их гайхсан шүү. Улс орнуудын хөгжлийн нүүр царайг соёлт ертөнцийнхөн театраар нь үнэлэх хэмжүүр ч байдаг. Дэлхийн хотууд театр, музейгээрээ ихээхэн алдаршдаг. Москвагийн Большой театрыг бараг тэрбум орчим доллараар сэргээн засварласан, Марийнскийн хуучин театрынх нь дэргэд шинэ театр барьсан зэрэг нь Орос улс урлаг соёлдоо онцгойлон  анхаардагийг илтгэж байна.

Миний бодлоор, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор маш том сул зай талбай байдаг учраас тэнд театрын цогцолбор, 2-3 музей байж яагаад болохгүй гэж.

Тэнд амарч, хүүхдээ салхилуулж яваа хүмүүс ороод, юм үзээд гардаг байж болно шүү дээ. Жишээ нь, уран зургийн галерейг тэнд байгуулахад тийм ч сүртэй хүндрэлтэй бус мэт.  Саяхан Ерөнхий сайдын захирамжаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, Улаанбаатар хотод Үндэсний урлагийн их театрын шинэ барилга барих ажлыг эрчимтэй эхлүүлж байгаа явдалд манай хамт олон ихэд талархаж байна.

-Чин сэтгэлийн илэн далангүй яриа өрнүүлсэн танд баярлалаа. Танай хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.46.250) 2021 оны 08 сарын 30

Ацны яинь евермонгол тэнэг china ацаа

0  |  0
china(66.181.190.151) 2021 оны 08 сарын 29

uvur mongol yum baihda

0  |  0
zochin(202.179.27.238) 2021 оны 08 сарын 29

chezeeniil bor zurcheeree zutgedegdee manai urlagiinchan , ene mundag urlag aviiasiig bid toochgui baij bolochgui.!!!, tand urlagiin tomoos tom amjilt chusei

0  |  0
Top