З.Хосбаяр: Филармони өөрийн гэсэн үзэгчидтэй болсон

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 23

ГУРВАН ТОМ ОРКЕСТРЫГ НЭГЭН ТАЙЗНАА НЭГТГЭСЭН ХӨГЖМИЙН ӨРГӨӨ

МОНГОЛ УЛСЫН ФИЛАРМОНИ

1972 онд концертын байгууллагуудыг төвлөрүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор байгуулагдан, тухайн оны 10 дугаар сарын 25-нд Улсын хөгжимт драматик /дуурь бүжгийн/ театрт нээлтийн тоглолтоо хийж байсан билээ. Улсын филармони нь Симфони найрал хөгжим, “Баян Монгол” жазз найрал хөгжим, “Морин хуурын чуулга”-ыг эгнээндээ нэгтгэсэн 180 гаруй ажилтан албан хаагчидтай концертын томоохон байгууллага бөгөөд жилд өөрийн болон олон улсын тайзнаа 100 гаруй тоглолт, арга хэмжээг зохион байгуулдаг. Улсын филармонийн даргаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Даваасүрэн ажиллаж байна.

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖИМ

1957 онд Улсын яруу тунгалаг найрал хөгжим нэртэйгээр байгуулагдаж, 1958 оны 2-р сарын 25-нд анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгожээ. Симфони найрал хөгжим нь түүхэн жаран жилийн хугацаанд Монголын болон дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлийг үзэгч олны хүртээл болгохын зэрэгцээ Монголын Телевиз, радиогийн сан хөмрөгт бичүүлсэн олон төрлийн нэвтрүүлгийн чимэг хөгжим, Монгол кино үйлдвэрийн бүтээсэн баримтат болон уран сайхны олон арван киноны хөгжим зэрэг бүтээл, туурвил нь улс орны нийгэм соёлын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тус найрал хөгжим нь 80 гаруй хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй бөгөөд удирдаачаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаш. Б.Батбаатар нар ажиллаж байна.

МОРИН ХУУРЫН ЧУУЛГА

Монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болсон морин хуураа өвлөн уламжлах, дээдлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэн түгээх зорилгоор Монгол улсын ардын жүжигчин Ц.Батчулууны санаачлагаар 1992 онд байгуулагдсан тус чуулга нь дэлхийн болон Монгол хөгжмийн зохиолчдын бүтээсэн шилмэл сонгодог хийгээд орчин үеийн бүтээлүүдийг хөгжимчдийнхөө ур чадвар, авьяас билиг, оюуны чадамж, хөгжмийн зэмсгүүдийн техникийн боломжид тулгуурлан, эх орондоо төдийгүй тив дэлхийд түгээж буй юм. Морин хуурын чуулгын бүрэлдэхүүнд үндэсний уламжлалт (морин хуур, ёочин, ятга, их хуур), өрнийн сонгодог (төгөлдөр хуур, флейт, дунд хуур, цохивор), хөгжмийн зэмсэгүүд багтдаг. Эдгээр зэмсгийн дуурьсгал, эгшиглээ нь дорно өрнийн болон орчин цагийн шинэ хөгжмийн бүтээлүүдийг хөгжимдөхөд тохиромжтой бөгөөд дуунаас дуурь, бие биелгээнээс бүжгийн жүжиг, уламжлалт морин хуурын татлагаас гоцлол, сонат, концерт, симфоннета зэрэг том хэмжээний бүтээлүүдийг хөгжимдөхийн зэрэгцээ, тайз дэлгэцийн болон баримтат кино, теле кино, жүжгийн хөгжмийн 250 гаруй бүтээлийн уран сантай. Морин хуурын чуулга нь 2001-2016 онуудад АНУ-ын Нью-Йоркийн “Карнеги Холл”, НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-гийн танхим, Австрийн Вена хотын филармони “Musicverion” Швейцарийн НҮБ-ын танхим, ХБНГУ-ын Берлиний Филармони, ОХУ-ын Москва хотын “ Их театр” , “БНХАУ- ын Бээжин хотын Үндэсний их театр, Японы Suntory Hall, Across Orchard Hall, Osaka Symphony Hall, Sapporro Symphony Hall , Yokohama Cultural Center , БНСУ-ын Үндэсний театр, Тайваний Чан Кай Шигийн Memorial Hall, Итали, Канад, Турк, БНАСАУ зэрэг олон улсын алдартай тайзнаа уран бүтээлээ толилуулсан. Морин хуурын чуулгын удирдаачаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайхан ажиллаж байна.

З.ХОСБАЯР: ФИЛАРМОНИ ӨӨРИЙН ГЭСЭН ҮЗЭГЧИДТЭЙ БОЛСОН

Улсын филармонийн үндсэн үйл ажиллагаатай гүнд нь орж танилцахаар тус байгууллагын Уран бүтээлийн албаны дарга З.Хосбаяртай цөөн хором хөөрөлдлөө.


-Филармонийн хувьд өнгөрсөн жил тэмдэглэлт олон ой давхацсан. Мэдээж, уран бүтээлийн арвин хуртай өвөрмөц жил өнгөрөв үү?

-Симфони найрал хөгжмийн 60 жил, Морин хуурын чуулга 25 жил, Филармони байгуулагдсаны 45 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүллээ. Филармони гэдэг бол өөрөө концертын байгууллага учраас хөгжим голлодог. Доторх бүрэлдэхүүний хувьд, ардын хөгжим, сонгодог, орчин үеийн жазз, эстрад төрлөөр тоглодог учраас Монголдоо хөгжмийн хамгийн том хамтлаг. Симфони оркестрийн бүрэлдэхүүн 70 орчим уран бүтээлчидтэй учраас дэлхийн стандартад нийцэх талаараа бусад найрлаас маш давуу талтай. Ер нь манайх ойгоо тэмдэглэхдээ тогтсон нэг өдөр гала тоглолт хийгээд өнгөрөөдөггүй. Тоглолтоос гадна сайн дурын үйл ажиллагаа, элдэв төрлийн хандив гээд ерөнхийдөө бүтэн жилийн турш ойдоо зориулаад төлөвлөгөө хөтөлбөр гаргаад, түүнийхээ дагуу олон талт үйл ажиллагаа зохион байгуулж явуулдаг. Ялангуяа Симфони найрал хөгжмийн хувьд голчлоод ярихад, симфони найрал хөгжмийг үүсгэн байгуулж өдий хэмжээнд хүргэхэд том хувь нэмэр оруулсан эрхэм хүн болох Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Намсрайжав гуайн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Түүхт ойн хүрээнд ном, баримтат кино болон симфони найрал хөгжимтэй холбоотой баримтат кино, түүхчилсэн ном, зургийн үзэсгэлэн гээд олон зүйлс хийгдсэн. Морин хуурын чуулгын хувьд ч гэсэн мөн ялгаагүй.

“Баянмонгол” чуулгын түүх бол Монголын эстрадын түүх гэхэд бараг хилсдэхгүй шүү.

-“Баянмонгол” эстрад-жазз хөгжмийн хамтлагийн өнгөрсөн үеийн түүхийг хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байна вэ?

-Бид өнгөрсөн хугацаанд хийсэн бүхнээ нэгтгэн эмхэлж байна. Анх үүсгэн байгуулж байсан хүмүүсийг олон түмэнд таниулах, тэр дундаа жазз хөгжим хэзээнээс бий болсон гэх мэтчилэн. Жазз хөгжим Монголд орж ирсэн түүхийг сөхөөд үзэхэд, “Баянмонгол”-оос өмнө жижиг хамтлагууд янз бүрээр тоглодог байсан юм билээ. 4-5 хамтлаг байсан. Харин яг мэргэжлийн түвшинд хэзээ гарч ирсэн бэ гэвэл Баянмонголын түүх болоод явчихна. Энэ талаас нь одоогоор нэлээн олон ажил төлөвлөчихөөд явж байна даа.

-“Баянмонгол” чуулгын анхны уран бүтээлчдээс одоо амьд сэрүүн хүмүүс хэр олон байгаа бол?

-Одоо ер нь гарын 5 хуруунд багтахаар л хүмүүс үлдсэн дээ. Анх Радио хорооны дэргэд эстрад хамтлаг байгуулагдаад, тухайн үеийн сайдын тушаалаар филармонид нэгтгэгдээд орж ирснээс хойш хүмүүс нь цөөрсөн шүү дээ. Тэр үед 30-40 уран бүтээлч байсан. Түүнээс хойш 50 жил өнгөрсөн гэж бодохоор тун цөөрч таарна. Одоо миний мэдэж байгаагаар 2-3 хүн л байх шиг байна. Бидний сайн мэдэхээр, дуучин Х.Төмөрбаатар ах урд хөршид багшилж байгаа. Энд байгаа ахмадуудтайгаа холбоо тогтоож байна. Ерөнхийдөө “Баянмонгол” чуулга одоо 100 хувь шинэчлэгдэн ихэнх нь залуучууд болсон. Эдгээр залуучууд маань өнгөрсөн үеийн түүхээ хожим хойчдоо хадгалж үлдээх тал дээр их санаачлагатай ажиллаж байгаа.

-Одоо “Баянмонгол” чуулга хэдэн уран бүтээлчтэй байгаа вэ?

-Үндсэндээ ВIG BAND оркестрийн стандартын дагуу 20 гаруй хүнтэй байгаа. Филармони дотроо бас дуун ангитай болохоор дуутай, хөгжимтэй янз янзаар л ажиллаж байна даа.

-“Соёл-Эрдэнэ” хамтлаг одоо байгаа юу? Хаана харьяалагддаг юм бол?

-Байдаг шүү дээ. Нийслэлийн Соёлын төв өргөөнд байрлаж байгаа. Бие даасан чуулга болсон.

-“Баянмонгол” чуулгын уламжлал болгон зохион байгуулдаг “Сити свинг” жазз хөгжмийн тоглолт анх хэзээнээс эхэлсэн бэ?

-Улсын филармонийн уран бүтээлүүд тодорхой төслүүдийн хүрээнд зохион байгуулагдаж байдгийн дотроос “Их хотын залуус” төслийн тоглолтын нэг нь энэ юм. 5 жилийн өмнөөс эхэлсэн манай уламжлалт тоглолт. “Сити свинг”-ийн хувьд, орчин цагийн залуус ер нь ямархуу боловсролтой байх, ямар дуу хөгжим сонсож байх ёстой юм гэдэг талаас нь маш их сонголттойгоор дэлхийн жазз хөгжмийн чиг хандлага ямархуу түвшинд явж байгааг өнөөгийн үзэгчдэд сонсгох, ойлгуулах, мэдрүүлэх зорилготойгоор хийгддэг.

-Манай үзэгчдийн жазз хөгжим сонирхох чиг хандлага жилээс жилд ямархуу болж байна вэ, өөрчлөлт ажиллагдаж байна уу?

-Жаззыг анх гудамжинд хэдэн нөхдүүд тоглож үүсгэсэн гэх ойлголт хүмүүсийн дунд байдаг. Жазз бол одоо сонгодог хэлбэрээ олж, үүнийг сонсдог ойлгодог хүмүүс нь нөгөө “гудамжны хүмүүс” байхаа больсон. Ер нь урлаг гэдэг маань энгийн зүйл биш шүү дээ. Энэ бүхний цаана маш том соёл, дархлаанууд явж байдаг. “Баянмонгол” чуулгыг сонсдог, дагадаг хүмүүс бас өөрчлөгдөн, байнгын үзэгчидтэй болж, тоглолтуудыг нь сураг ажиг тавьдаг хүмүүс хүртэл бий болсон. Тийм учраас бид тогтмол уламжлал болсон тоглолтууд хийж байгаа. Эдгээрийн хөтөлбөр нь жил бүр байнга шинэчлэгдэж байдаг. Хамгийн багадаа гэхэд л, 40-50 хувь нь шинэчлэгдэж байна. Ерөнхийдөө нэг үеэ бодвол Филармони өөрийн гэсэн үзэгчидтэй болсон. Тиймээс ч тоглолтын билетээ “шахдаггүй”, кассаараа борлогдоод л дуусдаг. Тоглолтонд ямар бүтээлүүд тавигдах тал дээр уран бүтээлчид маань өөрсдөө маш их анхаарал тавьж, шийдвэрийг дан ганц удирдлагын түвшинд бус, уран бүтээлчдээсээ санал авч, ардчилсан зарчмаар гаргадаг. Уран бүтээлчид маань тэр талаар өөрсдөө маш их эрэл хайгуул хийж, түүнийгээ тоглохын тулд маш их цаг зарцуулна, хөдөлмөрлөнө. Хүмүүс харахад нэг цаг тоглолт хийгээд л болчихож байгаа мэт. Гэтэл тийм биш. Тэрний цаана хэчнээн өдөр, ямар их хичээл зүтгэл, хөдөлмөр шингээж байна гэж бодно! Тэгж байж тэр уран бүтээл тайзан дээр амилж, хүмүүсийн сэтгэл зүрх, нүдийг нь баясгадаг.

-Гурван оркестроо нэгтгэж тоглолтын хөтөлбөр гаргахад нэлээд бэрхшээлтэй байдаг уу?

-Гурван оркестр дотроо Ангийн зөвлөл, Оркестрын зөвлөл гэж байна. Тэд нар маань уран бүтээлчидтэйгээ харьцан санал хүсэлтийг нь сонсоно. Тэгээд захиргаа, уран сайхны зөвлөлтэй ярилцаж байгаад хөтөлбөр нэгдсэн байдлаар гардаг. Онцлог тоглолтууд дээр гурван оркестр нэгдэж тоглодог. Жишээ нь, жил бүрийн 10 сарын 15- нд ихэвчлэн хийгддэг Филармонийн шинэ улирлын нээлтийн тоглолтууд байна. Үүн дээр манай 3 оркестр нэгдэж тоглодог. Ер нь ардын, жазз, сонгодог хөгжимчид нийлж тоглоно гэдэг сонирхолтой.

Тайзан дээр 150 гаруй хөгжимчин нэг аян дор янз янзын хөгжмийн зэмсгээр тоглоно гэдэг маш өвөрмөц бөгөөд сонсголонтой байдаг. Тэр хэрээр үзэгчид уг тоглолтыг маш сайн хүлээж авдаг.

-Ойрын үед ямар тоглолт болов? Гаднаас хүмүүс их ирэв үү?

-Ойрд ОХУ-аас хөгжимчид, удирдаач нар ирж тоглолтоо толилуулна. Саяхан манайд Японоос удирдаач ирж, дан компьютер тоглоомын хөгжмүүдийг тоглосон. Энэ нь олон улс дамжиж тоглож байгаа цуврал тоглолт юм. Их л өвөрмөц тоглолт болсон хэдий ч зар сурталчилгаа тааруухан хүрсэн юм болов уу, үзэгчид цөөхөн талдаа байсан. Ер нь, төр засгийн зүгээс бодлогоор дэмжээд, хүмүүсийг улс төр гэхээс илүүтэй урлаг соёл, сонгодог урлаг руу хандуулах арга хэмжээ авах хэрэгтэй мэт. Энэ жил ийм тийм юм хэрэгжүүлнэ гээд л байнга яриад байдаг. Бодлогын түвшинд ийм ийм төслүүд хэрэгжинэ гээд л яриад байдаг мөртлөө яг хэрэгжүүлэх арга зам нь тодорхойгүй. Ерөнхийдөө нэг амлалт маягийн хоосон зүйл болоод байна.

-Одоогийн байдлаар төр засгаас Филармонийг хэр их анхаарч байгаа вэ? Та нарын санаанд нийцэхүйц бодлого явуулж байна уу?

-Хөгжим, зэмсэг гээд боломжоороо шийдвэр гараад хэрэгжээд явж байгаа юм бол бий. Гэтэл үүний цаана уран бүтээлчид гэдэг хүмүүс байна. Тэд маань бас л хүн учраас нийгмийн талын хэрэгцээ шаардлага их гардаг. Энэ тал дээр анхаарч байгаа зүйл гэхээр юм бараг алга гэж болно.

-Уран бүтээлчдийн цалин ерөнхийдөө ямархуу байдаг вэ?

-Дунджаар 540-600 мянга шүү дээ. Үндсэн цалин ийм болохоор татвар суутгалын дараа гар дээр хэд ирэх нь ойлгомжтой. Манай Филармони нийтдээ 170 гаруй уран бүтээлчидтэй, тэдэн дотор цалингийн зээлгүй хүн бараг байхгүй. Гэр, орон сууц, түрээсийн байр гээд судалгаа тооцоо гаргавал өрөвдмөөр үзүүлэлт харагдахаар. Ер нь дан ганц манай Филармони гэлтгүй, урлагийн бүхий л хүмүүс амьдралаа зольж байгаа шүү дээ. Манай салбарынхан цалин хөлс, хангамж муутай хэдий ч сэтгэл зүрхээрээ, өөрийн дур сонирхлоороо л амьдралаа хөглөж явдаг гэж болно.

-Урлагийнхантай уулзаад ярилцаж байхад байр сав, тайзны асуудал хурцаар хөндөгддөг. Танайд ч мөн ийм зовлон байдаг уу?

-Манай нийслэлд байгаа 5 театраас Дуурь бүжгийн театрыг эс тооцвол нөгөөдүүл нь бүгд байргүй. Бидний ярилцаад сууж буй энэ байр гэхэд, Филармонийн өөрийн байр биш, манайх түрээсэлдэг. 3 оркестр энэ тайзаа хуваана, цагаа хуваана, заримдаа давхцана. Хэрвээ тайз заал нь байсан бол ямар ч асуудал байхгүй шүү дээ. Ер нь сүүлийн 20 жил концертын зориулалтаар баригдсан барилга нэг ч байхгүй. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, нийлээд нэг яаманд харьяалагдаж байна. Спортынхон ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцоод амжилт гаргаад ирэхэд шагнал зөндөө атлаа урлагийнхан ямар нэгэн тэмцээн уралдаанд байр эзлээд ирэхэд тоохгүй байх жишээний. Ямар нэгэн гадна дотны томоохон арга хэмжээ болоход манай уран бүтээлчид оролцон улс орныхоо нэр алдрыг өргөөд гардаг боловч тэр хэрээрээ үнэлэгдэх тал дээр сэтгэл дундуур байдаг.

-Ер нь манай урлаг соёлынхон дэлхийн түвшинд аль хэр үнэлэгдэж байна вэ? Ялангуяа Филармонийн оркестр, хөгжимчдийн ур чадвар ямархуу түвшинд байгаа бол?

-Манай хөгжимчдийн ур чадвар маш өндөр түвшинд үнэлэгддэг. Гэвч тэднийг дэмжих хөшүүрэг ховор байна. Гадны улс орнуудаас хүрэлцэн ирж, манайхантай хамтран тоглолт хийсэн уран бүтээлчид хөгжимчдийн маань ур чадварыг шагшин магтдаг юм.

-Энэ жилийн наадмаар танай хамт олон ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Энэ жилийн хувьд, баяр наадмын төв комиссоос гаргасан төлөвлөгөөний дагуу оролцож, тоглолтоо хийнэ. Мэдээж, манай Филармонийн төлөвлөгөөт тоглолтууд явагдана. 7 сарын 11-нд Морин хуурын чуулга жил болгон явагддаг “Монголын сайхан орон” тоглолтоо хийнэ. Их тэнгэрийн аманд очиж Ерөнхийлөгчийн хүлээн авалтанд тоглоно. 7 сарын 12-нд төв талбай дээр зохион байгуулагдах “Монгол сонгодог” тоглолтод Симфони найрал хөгжим оролцоно. Энэ бол бидний үүрэг. Харин бидний эрх тал дээр жаахан анхаарал хандуулмаар байна. Энэ жилийн баяр наадмын нээлтийг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна. Өнгөрсөн жил мөн найруулсан. Баяр наадмын ерөнхий найруулагчийг ямархуу арга замаар шалгаруулдаг нь бидэнд эргэлзээ төрүүлдэг. Төслөө явуул гэдэг, тэгээд яаж шалгаруулсан талаар эргээд мэдээлэл байхгүй, тэр шалгарсан л гэдэг. Урлагийг ер нь дэмжинэ гэсэн үгээр л халхавчлаад, яг яаж дэмжих нь ойлгомжгүй байдаг. Ямар арга замаар хэрэгжүүлэх нь тодорхойгүй. Хөрсөн дээрээ буухгүй зүйл маш их. Төсөл дотор уран бүтээлчдийн урамшуулал тусгагддаггүй. Эд нар маань “махаа барж, оюунаа зулгааж” ажиллаж байна. Жишээ нь, үлээвэр хөгжим дээр авч үзье. Төмөр гуулиар хийсэн зэмсгийг үлээвэр хөгжимчин тасралтгүй хэдэн цаг үлээхэд уруул, ам сулардаг нь шинжлэх ухаанаар тогтоогдсон зүйл. Гэтэл тэр талаар манайд ямар ч ойлголт байхгүй. Оркестрт нэг хөг дутлаа гэхэд л орон тоо байхгүй гээд хүн авахгүй болохоор дуугаралт гээд бүх зүйл нь дутуу болно. Гэтэл тэр талаар мэдэх хүнгүй болохоор орон тоо баталж өгөхгүй. Эрх баригч байгууллагуудад саналаа илгээхээр аль нэг газрын шүүгээнд мартагддаг гээд яриад байвал зовлон бэрхшээл их. Жишээ нь, Сонгодог хөгжим дээр л гэхэд хөгжмийн зэмсэг их дутуу байна. Мөн манай Филармонид 170 гаруй хүн 12 энгийн багавтар өрөөнд хуваагдан үйл ажиллагаа явуулж байна. Тэгсэн мөртлөө мэргэжлийн урлагийн байгууллагад үйлчилгээний стандартыг мөрд гээд бичиг ороод ирдэг. Нэг хүнд тэдэн мк талбай байх ёстой, тэдэн хүний дунд нэг 00 байх ёстой, түүнийг мөрд гээд байдаг, мөрдөх нөхцөл байхгүй. Ялангуяа мэргэжлийн урлаг гэдэг бол огт өөр түвшинд, маш өндөр түвшинд байх ёстой.

Салбар болгонд асуудал байгаа хэдий ч урлагийг жаахан ч гэсэн анхаармаар л байна.

-Урлагийн салбарын зовлон, жаргалаа харамгүй хуваалцсан танд их баярлалаа. Танай хамт олонд уран бүтээлийн өрнүүн амжилт хүсье.

Ярилцсан Д.Мягмарсүрэн

"Зиндаа" сэтгүүлийн 2018 оны №10/510 дугаарт нийтлэгдэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top