Курсын ялгаа оюутны аминд хүрлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

Өнгөрсөн амралтын өдрүүдэд архи хэтрүүлэн хэрэглэж танхайрсан бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 326 хүнийг эрүүлжүүлжээ. Мөн бусдын биед гэмтэл учруулсан хэрэг 14, хулгайн арав, булаалтын нэг, дээрмийн таван хэрэг бүртгэгдсэн байна. Тухайлбал, АНУ-ын иргэн 59 настай эрэгтэй Эдвин Дали Вэйрзбикийг хоёр монгол залуу ухаан алдтал нь зодож, биед нь байсан эд зүйл, бичиг баримтыг нь дээрэмджээ.

Мөн иргэн А өөрийн эзэмшлийн УНБ 62-19 дугаартай Портер маркийн машинд 120 литрийн 15 сав, 25 литрийн гурван саваар спиртийн шаар гэх тунгалаг өнгөтэй зүйл бичиг баримтгүй ачиж явж байхыг нь цагдаагийн ажилтнууд илрүүлсэн байна.

КУДС-ийн Д согтуурсан үедээ хоёрдугаар дамжааны Г гэх оюутанг толгойн тус газар нь хүчтэй цохиж амь насанд нь хүрчээ. Тэрээр мэдүүлэгтээ "Ах нараа хүндлэхгүй байсан учраас уурлаж, зодсон" хэмээн мэдүүлжээ. 

"Улаанбаатар гурил" компанид савлагчаар ажилладаг 28 настай Б нь ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй нөхцөлд ажилласнаар гурван хуруугаа тасалсан харамсалтай хэрэг гарлаа. Одоогоор дээрх хэргүүд харьяа цагдаагийн хэлтсүүддээ шалгагдаж байна.

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top