Эрчүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх БҮХ САНААЧИЛГЫГ ДЭМЖИНЭ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 18

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэлсэн юм.

Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Бид өмнөх чуулганаас хойш олсон ололт, амжилтаа улам бататгаж, эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг тал бүрээс нь нухацтай хэлэлцэн, гарц, шийдэл гаргана гэдэгт итгэлтэй байна. Энэ талаарх аливаа санал, санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч бүх талаар дэмжин, хамтран ажиллах болно. Эрчүүд та бүхэн бол улсын тулгуур, өрхийн тэргүүн билээ. “Эр амгалан бол гэр амгалан” хэмээн манай ард түмэн ярьдаг. Бидний өвөг дээдэс эрчүүдээ “Гэрийн эзэн, өрхийн тэргүүн” хэмээн хүндэтгэж ирсэн сайхан уламжлалтай. Өрхийн тэргүүн, улсын тулгуур болсон эрчүүдэд маань багагүй асуудал тулгамдаад байгааг бид анхаарах ёстой. Энэ бүхэн хувийн зохион байгуулалт, ёс суртахуун, сахилга бат, зөв амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаална гэдгийг эр хүн болгон сайтар ухамсарлаж, амьдралынхаа зам мөр, чиг хандлага болгох учиртай” гэлээ.

 

Я.Пүрэвдорж: Эрчүүд, эмэгтэйчүүдийн асуудал гэж тусдаа зүйл байдаггүй, гэр бүл цул байх ёстой

 

/Монголын Эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн, бэлтгэл Хошууч генерал/

 

-Бид анх эрчүүдийн эрүүл мэндийн асуудлаар судалгаа явуулж, Эрэгтэйчүүдийн холбоо байгуулах хэрэгтэй юм байна гэж үзэж албан ёсоор байгуулж байлаа. Энэ холбоог байгуулснаар асуудлыг төр, засгийн түвшинд хүргэх боломжтой юм байна гэж үзсэн. Түүнээс хойш Ерөнхий сайдын ивээл дор хурал зохион байгуулж байсан. Эрчүүд бол бүхнийг чаддаг, даван туулж чаддаг юм шигээр төсөөлж, бүх ачааг үүрүүлдэг жишиг манайд  явж ирсэн. Энэ удаа эрчүүдийн эрүүл мэнд, гэр бүл, өрх гэрийн асуудал, үр хүүхдийн асуудлыг ярьж байгаа нь сайн талтай. Гэхдээ миний бодоход, эрчүүд, эмэгтэйчүүдийн асуудал гэж тусдаа зүйл байдаггүй, гэр бүл гэдэг нэгэн цул байх ёстой.

 

Д.Батхишиг: Эрчүүд яавал чанартай урт насалж, аз жаргалтай амьдрах тухай хэлэлцлээ 

 

/Жендерийн үндэсний хорооны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн/

 

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн санаачилсан “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо-2” чуулганд хот, хөдөөгийн 800 эрэгтэй нийгмийн бүх салбарыг төлөөлж оролцлоо. Төрийн байгууллагууд, эрэгтэйчүүд олноороо ажилладаг батлан хамгаалах салбар, Онцгой байдлын газар, мөн хөдөө орон нутгийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагынхан ирж тулгамдсан асуудлаа ярилцлаа. Анхны чуулган  2022 онд болсон. Энэ чуулган чухал ач холбогдолтой. Монгол эрчүүдийн амьдралын чанар, тулгамдсан олон асуудлыг хэлэлцэж хэрхэн яаж шийдвэрлэх тухай арга замыг тодорхойлж, монгол эрэгтэйчүүдийг цаашид чанартай урт наслах, аз жаргалтай амьдрахын тулд ямар асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар гарц гаргалгаа, шийдэх замыг тодорхойлох ач холбогдолтой.

 

О.Билэгтөр: Ажлаа хийхдээ аюулгүй байдал, эрүүл мэндээ анхаарч байх ёстой

 

/ИНЕГ-ын аюулгүй байдлын үзлэгийн  шалгагч/

 

-Чуулганаар эрчүүдэд тохиолддог асуудлууд, мэргэжлийн онцлогоос шалтгаалах өвчлөлүүд, зам тээврийн осол гэх мэт эрэгтэйчүүдийн эрсдэлд орох нөхцөл байдлыг тодорхойлон ярилцлаа. Мөн үүнийг засаж сайжруулах гарц, гаргалгааг хэлэлцлээ. Зохион байгуулагчдад баярласнаа илэрхийлье. Эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурь сүүлийн жилүүдэд нэлээн тулгамдаж байгаа. Эрүүл мэндийн асуудал ихээхэн анхаарал татаж байна. Хүн эрүүл байж л ямар ч ажлыг хийж бүтээнэ. Гэхдээ тэр ажлыг хийгээд дараа нь ямар үр дүн гарах вэ гэдэгт ямагт анхаарч аюулгүй байдал, эрүүл мэндээ анхаарч байх ёстой. Монгол эрчүүд маань эрүүл байж Монгол өрх гэр, Монгол Улс маань  өөдлөн дэвжих учиртай.

 

Д.Доржготов: Биеэс гадна сэтгэлзүйн эрүүл мэндэд нь анхаараасай 

 

/Соёлын гавьаяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч/

 

-Эрчүүд бол өрх гэрийн өмөг түшиг, ноён нуруу гэсэн сайхан өргөмжлөлтэй. Яг бодит байдалд эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 насаар багассан. Эрэгтэйчүүдийн дундаж нас 66, эмэгтэйчүүдийнх 76 байна гэсэн судалгаа байна. Эчүүдийн эрүүл мэндийн асуудал маш их тулгамдсан. Ар гэрийнхээ амьдрал ахуйг бодоод манай эмэгтэйчүүд хамгийн хүнд хүчир, цалин гайгүй авчих ажил руу зүтгэдэг. Гэтэл эрүүл мэндийн үйлчилгээ манайд тааруухан. Саяхан би эмнэлэгт очиход зөвхөн үзлэг хийх дугаарлалт хоёр сарын дараа байна лээ. Үзүүллээ гэхэд ямар онош гарах вэ, хэтэн эмчлүүлнэ гэхэд дахиад хэдэн сар хүлээх вэ, ийм л байна. Тэгэхээр эрэгтэйчүүдийнхээ эрүү мэндэд анхаарах цаг болжээ. Эмнэлгийн үйлчилгээг шуурхайлмаар байна. Дээр нь эрчүүдийн сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудал бас чухал. Энэ бүхнийг цогцоор хэлэлцэж, төрийн бодлогод тусгуулж байгаад баяртай байна.

 

Р.Энхтүвшин: Эрчүүдийн сэтгэлзүйн байдлыг ойлгож, ярилцдаг соёл манайд дутмаг

 

/Сэтгэл заслын их эмч/

 

-Энэ чуулганаар эрэгтэй хүний асуудлыг нээлттэй ярьж байгаа нь чухал ач холбогдолтой гэж харж байна. Эрэгтэй, эмэгтэй хүний онцлог байдаг. Эмэгтэйчүүд стрессдэх, хоорондоо маргалдах, ямар нэгэн асуудал тулгарахад сэтгэл мэдрэмжээ бүгдийг нь шууд илэрхийлэн гаргадаг. Дараа нь асуудлынхаа голыг хайж, боддог. Эмэгтэйчүүд ярих тусам окситоцин нь нэмэгдэж стресс нь тайлагддаг. Зүгээр л ярьснаараа стрессээ тайлчихаж байна. Эрчүүд яриад стресс нь тайлагддаггүй. Ихэвчлэн “агуй руугаа” орж, чив чимээгүй бодож байж стресс нь тайлагддаг. Сэтгэл хөдлөлийн тархийг тайвшруулж дардаг зүйл нь эрчүүдийн хувьд чимээгүй болох, юу ч бодохгүй байх, анхаарлаа өөр зүйлд хандуулах байдаг. Тиймээс зөв хариулт олохын тулд, стрессээ тайлахын тулд, сэтгэл зүйн байдлаа тогтворжуулахад тэдэнд өөртэйгөө байх, чимээгүй байх цаг хэрэгтэй. Харин эмэгтэйчүүд ийм цаг олгодог болов уу? Бодож бодож "энэ л зөв байх" гэсэн бодлогын хариултаа гаргаад танилцуулахаар түүнийг нь бас л үгүйсгэж няцаадаг. Энэ нь эцэстээ эрчүүдийг туйлдуулдаг. Манайд энэ байдлыг ойлгож, ярилцдаг соёл байхгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.55) 2024 оны 03 сарын 18

Дэмжинэ анхаарна гэсэн үгэнд итгэхээ больсоон хүүкээ

0  |  0
Top