АЛДАРТУУД | Гангстер киноны "ноён оргил" найруулагч Мартин Скорсезе

2024 оны 03 сарын 04

 

"Эрхэт Монгол Медиа Холдинг"-ийн харьяа ТВ8 телевизийн бүтээл "Найруулагчдын түүх" цуврал нэвтрүүлгийг Zindaa.mn сайт онцлон хүргэж байна. Алдарт кино найруулагч хийгээд жүжигчид ямар замыг туулан өнөөгийн шилдгүүдийн эгнээнд багтсан бол? Тэдний амьдрал, уран бүтээлийн замдал хэрхэн өрнөсөн бэ? Энэхүү асуултын хариултыг мягмар гараг бүр ТВ8 телевизээр цацагдах "Найруулагчдын түүх" нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Энэ удаагийн дугаарт бид найруулагч Мартин Скорсезег онцоллоо.


Америкийн кино найруулагч Мартин Чарльз Скорсезе 1942 оны арваннэгдүгээр сарын 17-нд Чарльз Скорсезе, Кэтрин Скорсезе нарын гэр бүлд мэндэлжээ. Түүний эцэг, эх хийгээд эмээ, өвөө нь Сицилээс ирсэн Итали цагаачид байсан ба тэд католик шашинтай гэр бүл байв. 

Хүүхэд байхдаа астма өвчтэй байсны улмаас бусад хүүхдүүдтэй спортоор хичээллэх, аливаа үйл ажиллагаанд оролцох боломжгүй байсан тул эцэг эх нь болон түүний ах кино театр руу байнга дагуулан явдаг байсан нь кино урлагт дурлах гол шалтгаан болжээ.

Өсвөр насандаа тэрээр Пауэлл, Прессбургер нарын "Хоффманы үлгэр" хэмээх номыг байнга түрээслэн уншдаг байв. Тэрээр энэхүү номыг байнга түрээслэн уншдаг хоёрхон хүний нэг байсан ба нөгөөх нь алдартай кино найруулагч Жорж А.Ромеро байжээ.

 

 

Скорсезе залуу байхдаа дуртай жүжигчнээрээ Сабу, Виктор Матур нарыг нэрлэж байсан удаатай. Тэрээр мөн 1947–1948 оны Пауэлл, Прессбургер нарын "Хар Нарцисс", "Улаан гутал" зэрэг кинонуудын шинэлэг арга барил нь түүний кино бүтээх арга барилд ихээхэн нөлөө үзүүлсэн хэмээн дурдсан байдаг. 

Найруулагч, зохиолч, продюсер, жүжигчин, кино судлаач зэрэг олон ажлыг хослуулан ажилладаг тэрээр 1968 онд Нью-Йоркийн Их Сургуулийн Стейнхартын нэрэмжит Соёлын сургуульд урлагийн чиглэлээр магистр хамгаалжээ. Түүний найруулагчаар ажилласан анхны кино болох “Who's That Knocking at My Door” кино 1967 оны Чикагогийн кино наадамд оролцох эрх авч байжээ.

1970-1980-аад оны хооронд туурвисан бүтээлүүдэд Итали-Америк гарал угсаа нь ихээхэн нөлөө үзүүлсэн байдаг. Голдуу эрчүүдийн тухай өгүүлэх эдгээр кинонууд нь гэмт хэрэг, махизм, нигилизм, католик шашны гэм буруугийн тухай өгүүлэх бөгөөд хараал, хүчирхийллээр дүүрэн байв. 

Скорсезегийн “Taxi Driver”, “Нью-Йорк, Нью-Йорк”, “Ажлын дараа”, “Raging Bull”,  “The color of money”, “The Last Temptation of Christ”, “Goodfellas”, “Capefear”, “The Age of Innocence”, “Казино”, “Кундун”, “Gangs of New York”, “The Departed” болон  “Shutter Island” зэрэг кино бүтээлүүд нь дэлхийн кино урлагийн сод бүтээлүүдийн тоонд зүй ёсоор тооцогддог билээ.

 

 

Мартин Скорсезе анхны “Оскар”-аа дөнгөж 2007 онд “The Departed” киногоороо авсан. Үүнээс өмнө тэр 6 удаа нэр дэвшсэн ч тухай бүр хасагдаж байлаа. “Raging Bull”, “The Last Temptation of Christ”, “Goodfellas”, “The Age of Innocence”, “Gangs of New York”, “The Aviator” кинонууд нь эзэндээ “Оскар” авчирч чадаагүй. Кино академийнхан түүний гангстер кинонуудыг хараад яагаад энэ найруулагч нэр дэвшигчдийн дунд байна вэ хэмээн гайхдаг байв. Гэхдээ тэр “Оскар”-аас гадна 105 шагнал, цомтой. Түүний бүтээл дэлхийн өнцөг булан бүрд хүлээн зөвшөөрөгдсөн. “Алтан бөмбөрцөг”, “Эмми” гээд захаас нь дурдахад нэг иймэрхүү.

 

 

Алдарт “Raging Bull” киногоо 1980 онд  найруулж байхдаа тэрээр хар тамхинаас үүдэн үхэх шахсан гэдэг. Энэ тухайгаа тэрээр “1980 онд Raging Bull киног найруулж байхдаа би хар тамхинаас болоод үхэх шахсан. Азаар зураг авалтаа бүрэн дуусгасан. Кино амжилт олох эсэх надад хамаагүй байлаа. Миний уур хүрч, дахиж кино найруулахгүй гэж бодож байсан” гэжээ.

 

 

Тэрээр Марвелийн зурагт номоос сэдэвлэсэн кинонуудыг “кино биш” хэмээн үздэг нэгэн. Тус кино компанийн кинонууд ердөө л ашиг олох гэсэн арга ядсан дүрсний эвлүүлэг хэмээн үздэг тэрээр “Би Марвелын нэг ч кино үзэж байгаагүй. Үзэх гэж хичээсэн. Гэхдээ ердөө болж өгөөгүй. Юу гээч, энэ бол кино биш. Хүнсний бүтээгдэхүүнтэй зүйрлэвэл хөлдөөсөн мах ч юм уу, бэлэн хоол юм уу даа. Кино гэдэг бол хүн хоорондын харилцаа, сэтгэл хөдлөл илэрхийлсэн биеийн хэлэмжүүд, үгээр хэлж болохгүй сэтгэлийн хөдлөлүүд, жүжигчний нарийн мэдэрсэн тоглолт байдаг юм. Ний нуугүй хэлэхэд орчин үеийн кино урлагийг Марвелын кинонууд сүйдэлж байна” хэмээн ярьж байсан удаатай.

 

 

Холливудын шинэ эриний гол дүрүүдийн нэг гэгддэг Скорсезе таван киног Конгрессын номын сангийн Үндэсний киноны бүртгэлд "соёл, түүх, гоо зүйн ач холбогдолтой" хэмээн үнэлж, бүртгэн авсан байдаг.

Кино урлагийн түүхэнд түүний оруулсан хувь нэмэр олон бий. Киноны хадгалалт, сэргээн засварын төлөө тэмцэгч тэрээр 1990 онд “Кино сан”, 2007 онд “Дэлхийн киноны сан”, 2017 онд “Африкийн киноны өвийн төсөл” гэсэн гурван ашгийн бус байгууллагыг байгуулсан нэгэн.

Жүжигчин Роберт Де Ниро, Леонардо Ди Каприо, Харви Кэйтель нарыг түүнээс салгаж ойлгох боломж бараг л үгүй. Түүний шилдэг кинонуудад эдгээр жүжигчид дүр бүтээсэн байдаг билээ.

 

 

Ингээд Америкийн хамгийн “том” гангстерийн амьдралын дүрэмтэй танилцъя.

“Нас ахих тусмаа чи хэнтэй тулалдах вэ гэдгээ сонгох хэрэгтэй болдог. Залуудаа чи бүх хүнтэй дайтаж чадна. Рингэнд гарч ирсэн бүхнийг цохих тулаанч л гэсэн үг. Гэвч хөгшрөөд эхлэхээр “За энэнтэй зодолдож, эрч хүчээ үрээд яах вэ, тэсье” гэж боддог болдог”

 

“Цаг хугацаа өнгөрөхөд хүн үйлдэл хийхээсээ өмнө боддог болж сурдаг”

 

“Би “Казино” киноны зургаа авч байхдаа Лас Вегасыг үзэн яддаг байсан. Танд Вегас таалагдаж болно. Гэхдээ энэ хот үргэлж Холливудын тусгал, америк соёлын тусгал байсан. Rolling Stones хамтлагийн “I can’t get no satisfaction” гэж дуулдаг шиг. Үнэхээр харамч, хахир газар. Энэ хотод дургүй минь киноноос харагдана”

 

“Би баруун зүүнээ ялгадаггүй. Зургийн талбай дээр жүжигчнийг зүүн талд зогсоох гэвэл би зүүн мөрөө заадаг. Хэлэхээр алдчихаад байдаг юм. Энэ бол дислексик өвчин. Зочид буудал гэж хэлэх гээд эмнэлэг гээд хэлнэ”

 

“Уур хилэн хүнд байгалиас заяасан зүйл. Хэрэв чи амьд байгаа бол дотор чинь уур байгаа гэсэн үг. Энэ уур чинь чамайг алж, хүн алуулж болно. Гэхдээ үр бүтээлч уур хилэн гэж бас байдаг”

 

“Би кино найруулж, зураг авч, монтажлаж чадна. Харин гэрэлтүүлэг л хийж чаддаггүй. Багадаа гэрэлгүй байшинд өссөн болохоор тэр байх”

 

 

“Таксины жолооч” киног “Оскар”-т шилдэг кино гэж нэр дэвшүүлэх ёстой байтал харин шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг эмэгтэй туслах дүр, шилдэг хөгжим гэсэн шагналд нэр дэвшээд найруулга нэр дэвшилгүй үлдсэн. Би өөртөө “Ингэх л ёстой байж” гэж хэлсэн. Ямар хариад уйлалтай биш”

 

“Мэдээж би ардчилсан хүн. Гэхдээ миний өссөн орчин улс төр сонирхдоггүй, улстөрчдөд итгэдэггүй байсан. Италийн сицили арлынхан бид Америкт идэх хоолтой байхын тулд л ирсэн. Юун улс төр. Манай аав Америкт ирээд янз бүрийн юм үзсэн. Тэгээд нэг засгийн газар юм уу ерөнхийлөгчид бүрэн итгэж болохгүй гэдгийг ойлгосон хүн”

 

“Би далаад оноос эхлээд 11-ийн тооноос зугтдаг болсон. Зочид буудлын 11 давхар, 11 номерын өрөөнд орохгүй, 11 сард том ажил эхлэхгүй, 11-ний өдөр гадагш явдаггүй”

 

“Би амьдралдаа хоёр л зүйлд харамсдаг. Залуудаа маш бага ном уншсан, нөгөөх нь хоол хийж сураагүй”

 

“Би католик шашинтан ч 4 удаа салж, 5 удаа гэрлэсэн. Гэхдээ миний өссөн хороололд хурим болохоосоо илүү оршуулга бодог байлаа. Тиймээс би үхлээс хамгаалах ганц арга нь хурим гэж боддог болсон юм”

 

 

Скорсезегийн хувийн амьдралын тухайд тэрээр 1965 онд анхны эхнэр Ларейн Мари Бреннантай гэрлэжээ. Зургаан жилийн хугацаанд хамт байсан тэд Скорсезегийн ээжийн нэрээр нэрлэгдсэн Кэтрин хэмээх охинтой.

1976 онд Скорсезе зохиолч Жулиа Камеронтой гэрлэж Доменика Камерон-Скорсезе хэмээх охинтой болжээ.

Тэдний гэрлэлт удаан үргэлжилсэнгүй. Нэг жил хамтран амьдарсныхаа дараа тэд хоёр тийш болсог бөгөөд салалтын шалтгаан нь Скорсезегийн кино байсан гэдэг. Тэдний охин Доменика Камерон-Скорсезе аавынхаа хэд хэдэн шилдэг бүтээлд дүр бүтээж байсан бөгөөд өдгөө зохиолч, найруулагч, продюсерээр ажиллаж байгаа ажээ.

1979 оны сүүлээр найруулагч Скорсезе жүжигчин Изабелла Росселлинитэй гэрлэсэн бөгөөд тэд дөрвөн жил хамт байсны эцэст 1983 онд хоёр тийш болжээ.

1985 онд Скорсезе продюсер Барбара Де Финатай гэрлэсэн нь түүний дөрөв дэх гэрлэлт байлаа. Хосууд 1991 онд хоёр тийш болсон бөгөөд Скорсезе жүжигчин Иллеана Дугластай 1989-1997 оны хооронд хайр сэтгэлийн холбоотой байсан нь салалтын гол шалтгаан болжээ.

1999 онд Скорсезе хорь гаруй жил ханилсан одоогийн эхнэр Хелен Шермерхорн Морристай гэрлэжээ. Тэдний охин жүжигчин, кино найруулагч Франческа аавынхаа бүтээл болох “The Departed”, “Hugo”, “The Aviator” зэрэг кинонуудад дүр бүтээжээ.

 

 

2020 оны “Алтан бөмбөрцөг” наадмаас шагнал хүртсэн найруулагч Сэм Мендес шагнал авах үедээ Скорсезегийн кино урлагт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, "Энэ өрөөнд нэг ч найруулагч, нэг ч найруулагч байхгүй. Тэд Мартин Скорсезегийн сүүдэрт ч хүрэхгүй. Би үүнийг л хэлэх гэсэн юм" хэмээсэн бол “Parasite” киноны найруулагч Бун Жүн Ху "Намайг залуу, кино урлагийн тухай суралцаж байх үед тэнд байсан "Хамгийн дотогшоо хүмүүс хамгийн бүтээлч нь байдаг" гэх үг миний зүрх сэтгэлд гүн шингэн үлдсэн. Дараа нь энэхүү эшлэл нь Скорсезегийн хэлсэн үг байсныг мэдсэн” хэмээн хүндэтгэл үзүүлсэн нь танхим дүүрэн үзэгдийн талархлыг хүлээсэн билээ.

Энэ жил 81 нас хүрч байгаа тэрээр ийнхүү дэлхийн шилдэг найруулагчдын дунд амьд домог болон хүндлэгдэж, шилдэг бүтээлүүд нь өнөөг хүртэл кино сонирхогчдыг байлдан дагуулсаар байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(92.88.170.186) 2024 оны 03 сарын 18

Aguu nairuulagch daa Urt nasalj udaan jargaarai

0  |  0
Top