Хонин тоодог шувууг хамгаалах төлөвлөгөөг батлахаар шийдвэрлэлээ

2024 оны 02 сарын 20

Хонин тоодог (Оtis tarda) нь зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах конвенцын I ба II хавсралтад орсон, монгол орны нэн ховор шувуу юм.

Монгол Улс Азийн хонин тоодог хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлуулахад тэргүүлэн ажиллаа.

Узбекистан Улсын Самарканд хотод болсон Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын талуудын 14-р бага хурал (CMS COP14) амжилттай үргэлжилсээр байна. Хурлын үеэр манай улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны танилцуулсан Азийн хонин тоодог хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг талууд хэлэлцэн, батлахаар шийдвэрлэж, мөн хэрэгжилтийг дэмжин ажиллахыг хонин тоодог бүхий улс орнуудад уриалав.

Монгол Улс энэ зүйлийн хамгаалалд байнга тэргүүлэх үүрэгтэй оролцож ирсэн бөгөөд 2011 онд Эквадор улсад болсон Конвенцын талуудын 11-р бага хурлын үеэр хонин тоодгийг Хавсралт I-д оруулах ажлыг амжилттай хийсэн. Мөн улмаар Конвенцын дэмжлэгээр Азийн улсуудтай хамтран хамгааллын үйл ажиллагааг хийх, уг зүйлийн ховордлын талаарх олон нийтэд сурталчлан таниулах мэдээлэл, сурталчилгааны ажлуудыг үргэлжлүүлэн хийж иржээ.

Уг Конвенцын Талуудын хурлын үеэр болсон Тоодог хамгааллын талаарх эрдэм шинжилгээний бага хурал дээр Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал доктор Б.Нямбаяр Азийн хонин тоодог хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар болон бүс нутгийн хүрээнд сүүлийн үед хийгдэж буй тоодог судлал ба хамгааллын ажлуудын талаар товч илтгэл тавив.

Азийн хонин тоодог хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөө англи, монгол, орос, хятад хэл дээр хэвлэгдэн гарах бөгөөд одоогоор англи хувь бэлэн болж хэвлэгдээд байна, мөн тун удахгүй монгол хувилбар бэлэн болно.

 
 
 
Дэлгэрэнгүй мэдээллийг https://met.gov.mn/.../mongol-uls-azijn-honin-toodog.../mn авна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top