П.Өлзийнаран: Хувьцаа эзэмшигчид Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулалт ер хийгээгүй

2023 оны 12 сарын 19

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой дараах 6 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалж буй. Үүний нэг нь Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл юм.

(2023.12.19)


Тус төслийн явц бодит байдал дээр ямар байгаа талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан П.Өлзийнаран гэрчээр оролцуулж, асууллаа.

Тэрээр "Би ТУЗ-д 2016 оны 11 дүгээр сараас хойш суусан. Ийм том төслийг ямар ч судалгаа шинжилгээгүйгээр, яг нинжа шиг ухаж ирсэн байсан.

Анх орсноосоо эхлээд суурь судалгааны ажлыг эхлээч ээ, ахуйгаар ярьвал сүүтэй саалийн үнээгээ малын эмчид үзүүлээч ээ гэдэг саналыг байнга тавина. Үүний нэг хэсэг нь Нүүрс баяжуулах үйлдвэр байгаа юм. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэнэ. Бүтээгдэхүүний чанар дээшилнэ, дагаад нүүрсний үнэ доод тал нь 2 дахин өсөх өндөр магадлалтай гэх мэт олон ач холбогдолтой байсан учраас 2016 оноос хойш нүүрс баяжуулах үйлдвэр, бусад судалгаа шинжилгээний ажлыг өөрт нь хийгээч ээ гэдэг шаардларгыг тавьж ирсэн.

Харамсалтай нь энэ төсөлд саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид маань энэ төслийн тогтвортой байдлыг хангах хөрөнгө оруулалтуудыг ер нь хийгээгүй. Шууд бус стратегийн ач холбогдолтой өөр төслүүдэд бүх хөрөнгө оруулалтыг хийж ирсэн. Үүний нэг хэсэг нь бидний ярьж байгаа Нүүрс баяжуулах үйлдвэр.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн гэрээ, нэмэлт өөрчлөлтүүдийг намайг ТУЗ-өөс гарснаас хойш хийсэн байна.

Салбарын мэргэжилтний хувьд хэлэхэд гэрээг дан нүүрсээр хийхээр гүйцэтгэгч компаниуд маань захиалагч компанийнхаа үнээс багаар зарах, эргээд захиалагч компанийнхаа бүтээгдэхүүний үнийг унагаах магадлал байдаг учраас мөнгөн дүн оруулж хийсэн болов уу? гэж бодож байна. Ер нь бол иймэрхүү байдлаас болоод би ТУЗ-өөс гарах саналаа өгсөн. Ер нь дарга цэрэг нарын хүүхдүүд, найзууд, туслахууд нь ТУЗ-ийн хуралд иймэрхүү байдалтай ханддаг.

Нэгдүгээрт мэргэжлийн бус, хоёрдугаарт төслөө ойлгохгүй, гуравдугаарт уурхай руугаа явж үзэхгүй. Уурхайн тоос идэж үзээгүй хүн яаж уурхайн хөгжил цэцэглэлтийг бүтээж төсөөлөх юм бэ. Технологийн нарийн хөрөнгө оруулалтуудыг яаж хийлгэхийг шаардах юм бэ. Ер нь шаарддаггүй байсан. Тиймээс өнөөдөр Эрдэнэс Тавантолгойн шаардлагатай хөрөнгө оруулалтууд хийгдээгүй. Суурь судалгааны ажлыг шахаж байж арай гэж хийлгэсэн” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(98.181.118.33) 2023 оны 12 сарын 19

Баяжуулах үйлдвэр барина гээд одоо болтол 1072 хувьцааны ноогдол ашиг өгөөгүй байгаа энэ хөрөнгө оруулалт биш бол бид буцааж авья хатингаршсаг тархинууд аа!!!

0  |  0
Top