Улаанбаатарт УРАН БАРИЛГЫН ӨВ хэрэгтэй

2023 оны 11 сарын 08

“Москваг нэг өдөрт бариагүй” гэдэг үг бий. Нью-Йорк, Парис, Лондонгийн түүхийг ч бас ийн зүйрлэдэг. Ямар ч их хотын чулуун цадиг түүхийг зуун зууныг дамнуулан тоосго тоосгоор өрж бүтээдэг билээ. Улаанбаатар хот ч ялгаагүй. Нийслэл хот 384 жилийн түүхийнхээ 243 жилд нь Хүн чулууны хонхорт оршин тогтносныг зөвхөн түүний уран барилгын түүхүүд л гэрчлэх учиртай. Гэвч...

 

Үгүйсгэл, үгүйсгэл, үгүйсгэл...

 

Монгол Улсын нийслэл хотын уран барилгын түүхийг харахад өмнөхөө үгүйсгэж буулгасаар 2000 оноос хойш л энэ газарт шаваа тавьж төвхнөсөн мэт сэтгэгдэл төрүүлэхээр шахам боллоо. Хэлмэгдэгсдийн музейг 2019 оны аравдугаар сарын эхээр буулгав. Оронд нь 22 давхар оффисын гоё барилга барина. Тэгээд хуучин байшинг дуурайлгасан бяцхан хуулбарыг дотор нь байршуулна хэмээн шуугисан. Хэлмэгдлийн шуурга, социализмын үе, зах зээлийн эхний бужигнааныг ажралгүй давсан энэ модон байшин ийнхүү цаг төвхнөхтэй зэрэгцэн цаазын тавцанд тавигдсан. Тэгэхдээ бүр хэлмэгдсэн Ерөнхий сайд П.Гэндэн агсны үр сад оролцсон гэхээр сүжиг алдармаар.

МУИС-ийн хичээлийн III байр, Арслантай гүүр хэзээ мөдгүй “арчуулах” төлөвлөгөөнд багтав бололтой. Юм мэддэг хүн бол МУИС-ийн орчмыг дээрээс, дроноор зураг аваад хараасай. Нэг нэгтэйгээ зохирон бүхэл бүтэн ансамбль үүсгэсэн эрдмийн тэр өргөөг өрөөсөн жигүүрийг нь тасдан мухарлах мэт нэг корпусыг нь буулгахад ямар муухай тэгш хэмгүй болно гээч. Урт цагаан хэмээх нийслэл хотын нэгэн содон газар тал нь буугдаад ноорхой тэмээ мэт болсон. Буурин дээр нь цэцэрлэгт хүрээлэн байгуулах уу, орон сууц сүндэрлүүлэх үү гэдэг дээр ард иргэдийн санал авч байна. Гэхдээ санал асуулга нэрийн дор эрх мэдэлтнүүд л шийдвэрээ гаргах нь ойлгомжтой. Хариулт нь тов тодорхой. “Иргэд ингэж шийдсэн” хэмээгээд нэг мэдэхэд өндөр шилэн оффис сүндэрлэж, мөнөөх тушаал захирамжаа гаргасан мэдэлтнүүд дотор нь тухлаад авч мэднэ. Уг нь иргэд авто зогсоолтой ногоон байгууламж хүсээд байгаа юм.

Нийслэл хотын хуучны дурсгалт уран барилгуудыг нураахаа дөхөхөөр андашгүй. Засаж тордолгүй хэсэг байлгаад гадна доторгүй нооройлгоод авна. Тэгэхээр хүмүүс ийм муухай юмыг буулгаж хаях нь зөв гэдэг шийдвэрийг дуртайяа хүлээж авна. Гэхдээ уугуул Улаанбаатарын иргэд бол түүнийг хүлээж авахгүй. Яагаад гэвэл суурин соёл дунд төрж өссөн, бага наснаас нь эхлэн бүх дурсамж нь энэ л байшин барилга, гудамж талбайтай нарийн сэжмээр холбоотой учир ёстой л эс ширхэг бүхнийг нь нандигнан хайрладаг хүмүүс. Харин хожим, ялангуяа 1990 оноос хойш орж ирсэн суугуул иргэдэд огтхон ч хамаагүй. Байшин барилгын үүх түүх, үнэ цэн, нарийн нандинг мэдэхгүй тул нэгийг буулгаж нөгөөг босгоход сэтгэл өвдөх зүйлгүй. Тэр тусмаа хот төлөвлөлт, барилга хоорондын зохирол, ансамблийг ойлгохгүй тул нурааж хаях нь падгүй шүү дээ.

Буулгах гээд байгаа Урт цагааны баруун талд 1946 онд баригдсан 77 настай “Туул” ресторан өнөөдөр ч шинэ барилгуудаас дутахгүй өнгөтэй байгаа. 1930 оноос баригдсан 93 жилийн настай Монголбанкны  барилгыг бас хараарай. Нэг тийм чамин эртний хийц харагдахгүй байна гэж үү.  Гагцхүү хуучны түүх хүүрнэсэн барилгууд ашигтай байршлаасаа болж олон хүний хорхойг хөдөлгөн “төрөл арилжиж” нийслэлийн уран барилгын түүх хуудас хуудсаар тасран хийссээр.

 

Хуучны барилгууд харин ч чанартай

 

Зуу гаруй жилийн настай хуучин Хэвлэх үйлдвэрийн барилгыг буулгах гэж 2005, 2006 оны үед цөхөөд, тэр бүү хэл нэг хүний аминд хүрсний дараа зогсоож, хожим “Таван богд”-ынхон авч одоо Галерей хэмээх худалдаа, үйлчилгээний газар болоод гялалзаж байна. Дутуу буулгаж нооройлгоод байхад нь үзэхэд ханын тоосгонуудын бат бэх, нягт өрөлттэй нь гайхалтай байж билээ. Одоо түүнийг гүйцэх  чанартай барилга бараг үгүй. Хуучны цагт нүд хуурах, аргалаад өнгөрөх сэтгэлтэн байгаагүй, барилын материалын чанар ч дээд зэргийнх байсан учир дээр үеийн хоцрогдсон гэх барилгууд харин ч өнөөдрийн хээнцэрээс цаашгүй хэврэгхэн цамхгуудын дэргэд байшин гэмээнэ байшин юм билээ.

Сүхбаатарын хөшөөг буулгах гэж тэр жил яаж зүдэрлээ. Өндөр торны цаана юу болж байсан нь тэр бүр мэдэгдэхгүй. Харин Төрийн ордны цонхоор харахад баахан олон техникээр татаад, зүсээд хөрөөдөөд байдаг, доторх төмөр шонгууд нь тасардаггүй, шавар нь бууж өгөхгүй зовоож буй нь үзэгддэгсэн. Уран барималч С.Чоймбол тэргүүтэй монгол урчуудын сэтгэлээ шингээж, эх нутгийнхаа улаан буурал боржингоор бүтээсэн тэр их өвийг нурааж, урд хөршид хүрэлдүүлж, тосон бор арслангуудыг нь монгол хүний таашаадаггүй өлөн цагаан зүсмийн арсланцаруудаар сольж, олон жилийн турш түмний сүсэг шингэсэн өмнөх “дүрийг” эвдлэн хог дээр хаяснаар тэр үлгэр дууссан. Харин сүүлд Осгонбаяр ламтан Сүхийн хуучин хөшөөг Дундговийн Дэлгэрцогт суманд байгуулсан хийддээ залсан билээ.

Үгүйсгэх дуртай зарим хүмүүсийн сэтгэлгээгээр манай хуучны барилга, хөшөөнүүд гаднын уран барилгын шедеврүүдтэй дүйхгүй ч Монголдоо л түүх, архитектурын үнэт өв юм. Орчин цагийн олон тансаг барилга, цамхагтай болох нь манай нийслэлийн өнгө зүс, нэр алдар, харагдах байдалд нэн тустай. Гэм нь сонгодог уран барилгын нарийн нандин элементүүд, түүн дотроо монгол хэв шинжийг агуулсан төрх төлөв, хээ угалз шигтгэсэн хуучны байшингуудаа голж шоодон нураах тоолонгоор Монголын нийслэлийн түүхэн ой санамж дундарч нимгэрсээр байгаа нь гачлантай. Нэг үгээр хэлбэл нийслэл хотынхоо уран барилгын түүхэнд санаатай, санамсаргүйгээр халдан бүдэгрүүлэн үгүйсгэх байдал үргэлжилсээр.

БАРОН УНГЕРНИЙ ШТАБ, БАНЗАНД НЬ ГАМИНГИЙН СУМНЫ НҮХ ҮЛДСЭН ХАШАА ХААНА БАЙДГИЙГ МЭДЭХ ҮҮ?

Өмнөх үеийн бүх байр савыг түүхийн дурсгал гэх гэсэнгүй. Гагцхүү соёлын өвд тооцогдох, үе улирах тусам үнэ цэнд орох цөөн тооны барилгыг хэлээд байгаа хэрэг. Саяхан 384 жилийн ойгоо тэмдэглэсэн нийслэл хотын тийм удаан оршин тогтносныг гэрчлэх нэг баримт нь уран барилгын өв соёл л байх учиртай.

Нэгэнт хуучны хүрээ хийдүүд хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд үгүй болсон, муу дээрээ муухай гэгчээр өнгөрсөн зууны дунд үеэс баригдсан хуруу дарам сонгодог загварын байшингуудаа нурааж орхивол гаднынхны нүдээр Улаанбаатар хотын барилгажилт ердөө 21 дүгээр зуунаас эхэлж, 2000-д оноос л сая мөнөөх эсгий хот, чайна таунаасаа салж шилэн барилгууд овоолж эхэлсэн шиг үзэгдэх болно.

Ялангуяа төв хэсгээ тойрсон цогц чуулга неоклассик маягийн барилгуудаа нурааж шилэн цамхгууд өрвөл урт удаан настай түүхэн хот биш, цоо шинээр байгуулсан газар мэт болон бүр мөсөн төрөл арилжина.

Дэлхийн томоохон хотууд түүхэн дурсгалт хуучны хэсгээ нандигнан тордож, гаднын жуулчид чухам түүнийг үзэх гэж тал талаас цуглардаг нь жам ёсны хэрэг. Түүнээс биш өнөөдөр хаана ч харж болох шилэн байшингууд сонин биш. Аль ч хотын зүрхэн төв хэсэг хуучин түүхээ хадгалж үлдсэн байдгийг хэн хүнгүй мэднэ. Манайд Сүхбаатарын талбай тойрсон хэсэг ч ялгаагүй, уран барилгын цогц чуулбар бүхий бас ч хуучны түүхтэй хот, ХХ зууны дунд үе гэхэд хот газрын монголчууд суурин амьдралын хэвшилд шилжсэн гэдгийг энэ бүхэн илтгэдэг.

Гадаадын өндөр дээд хэмжээний айлчид гийчдэд үзүүлж нүүр тахалдаг эртний барилгын ганц үл хөдлөх дурсгал нь Гандантэгчинлэн хийд. Цаашилбал үсрээд л Богд хааны ордон музей, Дашчойлин буюу зүүн хүрээ, Гэсэр сүм, Дамбадаржаалин хийд гэсхийгээд зогсоно.

Дэлхийн хөшөө дурсгалын сангаас 2019 онд хэрэгжүүлсэн "World Monuments Watch 2020" хөтөлбөрт Монголын Урлагийн зөвлөлөөс дэвшүүлсэн Чойжин ламын сүм музей олон улсын 250 дурсгалт газартай өрсөлдөж,  25 ийм газрын нэгээр сонгогдсон. Энэ бол бидний бахархал. Хэлмэгдүүлэлтийн үед нураагаад хаячихсан бол юуных нь дэлхийд нэрлэгдэх дурсгалт газар Улаанбаатарт байх билээ. Бараг ингээд л “Миний мэддэг орос хэл дууслаа” гэгчээр нийслэл хот дахь арай бүрэн бүтэн үлдсэн гэх хуучны Их Хүрээний уран барилгын дурсгалууд шувтарч байгаа юм.

Сайн “нэгжвэл” Амгалангийн Дарь эхийн сүм, Сайн ноён хан Намнансүрэнгийн бариулсан  гэх өнөөдөр балгас болсон “Гоожингийн өндөр”, Бөхийн өргөөний ард Нийслэл хотын музей байрлаж буй дээвэр дээрээ хөлийг нь дээш харуулан хадсан ширээ бүхий Цогт Бадамжавын байшин, түүний дэргэдэх анхны холбооны жижигхэн ногоон байр, Отгонтэнгэр их сургуулийн хашаан дотор Оросын алдарт зураач Н.Рерихийн сууж, уран бүтээл туурвиж байсан Шамбалын орон нэрт гэр музей, түүнээс холгүй Консулын дэнж нэрийн утгыг хадгалсан Консул сайдын яамны жижиг байшин, мөн зүүн тийшээ Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын замын хойно Барон Унгерний штаб байсан Хүрээний анхны европ хийцийн хоёр давхар чулуун барилга /Английн худалдааны банкны хөрөнгөөр 1902-1905 онд баригдсан, одоо “Монг-эм” ХХК байрлан засварласан/ гэх мэт золоор хагас дутуу үлдсэн ганц нэг түүхийн өв бий.

Энэ хоёр давхар саарал байшин л гэхэд Англи банкны барилга, Гротын улаан, Барон Унгерны штаб, Бароны шорон, Улаан өмдтөний сургуулийн байр, Цэргийн госпиталь хэмээгдэн 100 гаруй жилийг элээж, ямар ч шинэ барилгаас дутахгүй эдлэгдэн Монгол-Төвөд жороор эм үйлдвэрлэдэг ардын уламжлалт Монг-эм эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байв. Цаг цагт нэрлэгдэж байсан түүхээс нь үзэхэд л зөвхөн тэр байшинд ямархан үйл явдал өрнөж, хэн хэн эзэмшиж байсан нь харагдана. Ярьдагсан бол асар их түүх өгүүлэх гэрч гэлтэй. Английн банкны салбараас орос худалдаачинд, түүнээс Барон Унгернд, дараа нь улаан халзтай өмд бүхий цэргийн сургуулийн сонсогчдод, тэндээсээ цэргийн эмнэлгийн мэдэлд шилжсэн байна. Тэгэхээр энэ барилга өөрөө  бодит түүхийн гэрч юм. “Гоожингийн өндөр”-т гамингууд наймдугаар Богд хааныг хорьж байсныг Барон Унгерний цэргүүд  чөлөөлсөн гэдэг.

Сургуулийн сурагч, оюутнуудад Барон Унгерн тэнд энд тэгсэн гэж ярихын сацуу түүхэн барилгыг нь үзүүлбэл ой санамжид үйл явдалтайгаа хамт хадагдан үлдэнэ. Ингэхэд Богдын ногоон ордны хашааны банзанд гамин цэргүүдийн буудсан бууны сумны нүх үлдсэн байдгийг мэдэх хүн цөөрсөн байх. Нэг л мэдэхэд үүнийг шинэ банзаар сольж, түүхийн баримтыг устгаж магадгүй гэж эмээнэ. Яг л Чойжин ламын сүмийн хашаа хэрмийг сэлбэхдээ хуучны хөх тоосгоны оронд өнөө цагийн улаан туйпуу хавчуулж орхисон шиг.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.243.35) 2023 оны 11 сарын 09

Түүх өгүүлсэн сайн нийтлэл байна.

1  |  0
Top