UFC: Илон Маск, Марк Цукерберг хоёр халз тулалдана

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 27

Дэлхийн том баячууд хоорондоо улаан гараараа цус асгаруулан үзэлцэх гэж байна. Марк Цукерберг нь Meta буюу фэйсбүүкийн Ерөнхий захирал бол Илон Маск нь Twitter-ийн эзэн. Тэд Лас-Вегаст халз үзэлцэхээр бэлтгэж байгаа мэдээ батлагдлаа.

Юу болов? Яагаад?

Ер нь бол сөргөлдөөн жиргээнээс үүджээ. Meta компани яг Twitter шиг үүрэгтэй Threads гэгчийг гаргах болсноо зарласан. Энэ оны нэгдүгээр сараас боловсруулж эхэлсэн бөгөөд ойрын саруудад ашиглалтад орох ёстой. Анхны хэрэглэгчдэд нь Далай лам, DJ Slime, хөтлөгч Опра Уинфри нар байна. Threads бол дизайн, үүрэг, ажиллагаа нь тэр чигээрээ Твиттер гэсэн үг. Өөрөөр хэлбэл бусдын салбарт хүчээр дайран орж, хэрэглэгчдийг нь булаацалдах гэж байна гэсэн үг. Энэ нь мэдээж Илон Маскад таалагдсангүй. Маск “Дэлхий тэр чигээрээ Цукийн эрхшээлд орох цаг ирэх ёсгүй. Өөр сонголт байх ёстой” гэж хариу өгсөн.

Яагаад тулалдах гэж?

Ингээд цахим ертөнцийн хоёр том босс халз тулаанд бэлтгэж эхэлсэн юм. Ер нь бол Маск тулаанд дуудаж, Цук “Газар, цагаа хэл” гэж хариу өгсөн. Цукерберг жижицүгээр хичээллэдэг гэж хүмүүс анхааруулсан ч Маск зүгээр гээд тоохгүй байлаа. Илон Маск “Лас-Вегаст торон дотор нударга зөрүүлье. Надад “Далайн морь” гэдэг дархан мэх бий.  Өрсөлдөгчийнхөө дээр нь юу ч хийхгүй хэвтсээр байгаад ялдаг мэх. Ер нь бол би спортоор хичээллэхгүй байгаа. Хүүхдээ тэвэрч, дээш нь шидэж л биеэ хааяа хөдөлгөдөг” гэж хэлсэн юм. Цукерберг, Маск хоёулаа тулааны урлагаар хичээллэж байсан. Маск кёкүшинкай каратэ, таэквондо бол Цукерберг саяхнаас жижицүгээр эрчимтэй хичээллэж, хэд хэдэн тэмцээнээс медаль авсан.

UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт “Би Марк, Илон хоёулантай нь ярилцсан. Хэн хэн нь үнэнээсээ зодолдоно гэж байна. Энэ бол түүхэн дэх хамгийн том тулаан. Төлбөртэй дамжуулалт, зар сурталчилгаа гээд олон зуун сая ам.доллар цугларна. Энэ мөнгийг хүмүүнлэгийн үйлст зарцуулна. Би хүмүүст үзэхийг хүсэж байгаа юмыг нь өгдөг хүн. Хүмүүс худлаа тулаан болно гэж яриад байна. Худлаа тулаан гэдэг бол холимог тулаанчид боксоор тулалдаад ялагдахыг хэлж байгаа юм. Харин энэ удаад дэлхийн хамгийн баян, нөлөөтэй эрхмүүд тулалдах гэж байна. Урьд өмнө ийм юм үзэж байсан уу? Үгүй, хэн ч харж байгаагүй” гэж мэдэгдлээ. Холимог тулаанчид ч хоёр хуваагдан, “Зууны тулаан”-д бэлтгэж эхэллээ.

Марк Цукербергийн баг

• Жон Жонс: Намайг Цукербергийн багт орно гэдгийг бүгд мэдэж байгаа. Марк, бэлтгэл хангагч хэрэгтэй бол дуудаарай.

• Гилберт Бернс: Би Цукерберг ялна гэдэг дээр байшингаа тавихад бэлэн байна.

• Чарльз Оливейра: Марк! Хамтдаа бэлтгэл хийе. Надтай хамт тулаандаа бэлтгэ. Би Вегаст нисээд очьё.

Илон Маскийн баг

• Шон Стриклэнд: Марк Цукерберг гэсэн бохир коммунистыг чөтгөр аваасай. Түүний хөгийн цензур хэнд ч хэрэггүй. Илон Маск Вегаст хүрээд ир, бэлтгэлдээ орьё.

• Эдди Альварес: Би Маскийн багт орно. Илон, бэлтгэлд бэлэн болохоороо хэлээрэй.

• Хорхе Масвидаль: Илон Маск, хоёуланд чинь ажил гарах шиг боллоо.

• Жорж Сен-Пьер: Илон Маск, би таны фэн. Цукербергийн эсрэг тулаанд таны бэлтгэл хангагч болох нь нэр төрийн хэрэг.

• Доминик Круз: Би Илон Маскийн бэлтгэл хангагч болоход бэлэн. Энэ залуугийн дэлхийн төлөө хийж байгаа юм бүхэнд нь би дуртай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
222(202.179.27.7) 2023 оны 06 сарын 28

Энэ жоохон өрөөсгөл тулаан. Насны хувьд бараг 12 насны зөрүү байгаа байх. 40 болон 52 гэдэг спортын хүнд ч чанга нас

0  |  0
Top