Мөнгөний бодлого: Инфляцыг зургаан хувь руу бууруулж чадах уу

2022 оны 10 сарын 26

УИХ-аар Төрөөс мөнгөний талаар 2023 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна. Мөнгөний бодлогын эхний хэсгийг харахад юуны өмнө жолоог нь хэчнээн татаад дийлдэхгүй байгаа хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2023 онд нэг оронтой тоонд оруулан хумьж, зургаан хувийн орчимд тогтворжуулахыг зорино гэжээ. Өдгөө инфляцын түвшин 14 орчим хувьтай байгаа юм.

Ийм өндөрт гарсан инфляцыг зургаан хувь хүртэл буулгана гэдэг асар том зорилт. Өмнөд хөршийн цар тахлын нөхцөл байдал хэзээ сайжирч, тэрбум илүү хүний дундах өвчлөл “Тэг-КОВИД”  болтлоо буурахыг бид таашгүй. Хойд хөрш хэдий хүртэл Украинтай дайтаж, геополитикийн сөргөлдөөн хаа хүрч зогсохыг мөн л хэлж чадахгүй. Томоохон гүрнүүдийн хооронд үүссэн худалдааны дайн, эдийн засгийн хоригууд, бие биедэ сөргүүлэн тавьж буй элдэв төрлийн занга, сөргөлдөөнийг даамжруулахаас бусдаар тус болохгүй зэр зэвсгийн нийлүүлэлт сэлт нь бидний өндрөөр төсөөлж буй инфляцын бууралтад чөдөр болохоос бус ташуур өгөхгүй.

Аз болж Монголд налгар урт намар болж тариа ногоогоо ая тааваараа хурааж базааж авч байна. Гэхдээ хадлангийн хувьд хэцүү. Баруун чигийн аймгуудаар гантай зуссан тул хадлан бэлтгэнэ гэдэг бараг худлаа болсон. Ирэх өвөл хэр хатуурхахыг бид бас л мэдэхгүй.

Илүү сартай зунтай байснаас намар, өвөл “Арагшаа ухарч” 2023 оны хоёрдугаар сарын хорьд гаргаж байж цагаан сартайгаа золгоно. Тэр хэрээр хавар уртсаж, ядарсан мал нүд аних нь олширно. Ногоотой залгах оройтно. Гурил, ногоогоо базаагаад авлаа гэхэд түлш шатахууны үнэ хэрхэхийг бас л одоогоор хэлэхэд хэцүү. Ингэхээр инфляцыг зургаан хувьд буулгана гэдэг их чармайж байж хүрэх үү, үгүй юү гэсэн төсөөлөл.

Үүнийг ч Монголбанк  Мөнгөний бодлогын төсөлдөө тусгаж  “Монгол Улс өнгөрсөн хоёр жил хагасын хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хосолсон хүндрэлийг даван туулж байна. Дэлхий нийтийг хамарсан хүндрэл нь глобал эдийн засагт тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, эрсдэлийг бий болгосоор байна. Энэхүү нөхцөл байдал нь дэлхийн эдийн засгийн төлөвийг муутгаж, бүрэн сэргээгүй нийлүүлэлтийн сүлжээг доголдуулснаар хүнс, эрчим хүчний үнэ хурдтай өсөж олон улсад инфляц огцом нэмэгдлээ. Цаашид инфляцын өсөлт алгуур буурч, дэлхийн эдийн засаг тогтворжих хүлээлттэй хэдий ч үүнд хамгийн багадаа 1-2 жилийн хугацаа шаардагдахаар байна” гэжээ.

Сүүлийн хоёр жилд гадаад нөхцөл байдал, цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт саарч, инфляц нэмэгдсэн нь дотоод тэнцвэргүй байдлыг үүсгэж экспортын орлого буурч, үйлчилгээ, орлогын дансны алдагдлууд тэлжээ Ингэснээр  урсгал дансны алдагдал 2022 оны эхний зургаан сард хоёр тэрбум ам.долларт хүрч гадаад тэнцвэр алдагдсан байна.

Валютын нөөц халаасаа эргүүлж сэгсрэхдээ битгий л тулчихаасай гэсэн бас нэг айдас бий. Нөхцөл байдлыг сайжруулах үүднээс валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн зорилтыг тусгажээ. Юуны өмнө уул уурхайн болон уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, түүнд учирч буй саад тотгорыг арилгахыг чармайна гэлээ.

Эдийн засгийн төрөл­жилтийг дэмжихийн тулд уул уурхайн бус экспортлогчдын бизнесийн орчныг сайжруулах, Засгийн газрын зүгээс экспортыг төрөлжүүлэх, импортыг орлоход чиглэсэн төслүүдийг шийдвэрлэж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлыг эрчимжүүлэхээр хөтөлбөрүүд гаргаж байна. Тээвэр, ложистик, агуулах зэрэг хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг сайжруулж хөгжүүлэх зорилтыг дэвшүүлээд байна.

Гэхдээ үүнд саад тотгор хангалттай бий. Тухайлбал, Монгол Улсад гуравдагч орноос ирдэг нийт ачааны 90 орчим хувь нь зөвхөн БНХАУ-ын Тяньжин боомтоор дамждаг ажээ. Эрээн - Замын-Үүдийн боомтоор Монгол Улсын нийт барааны импортын 70 хувь, чингэлэг тээврийн 94 хувь нэвтэрч байна.  Ийнхүү Монгол Улсын ачаа эргэлт гадна талаас Тяньжин боомт, дотооддоо Замын-Үүдийн боомтоос ихээхэн хамаарч буй. Эдгээр боомтод гацаа үүсэхэд л нийлүүлэлт доголдож, дотоодод хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх томоохон шалтгаан болж байгааг Мөнгөний бодлогод дурджээ. Жишээ татсанаас үзвэл 2021 оны сүүлийн улирал, 2022 оны эхний улиралд Эрээн- Замын-Үүдийн боомтын ачаа тээвэр удаашрахад импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх улирлаас 3.8, 5.7 хувиар өссөн нь 2018-2020 онуудын улирлын дундаж өсөлттэй харьцуулбал даруй 3-4 дахин өндөр өсөлт болсон байна.

Орос, Украины сөргөлдөний улмаас ОХУ-д тавьж буй хоригууд нь Монголоос алсуур мэт санагдавч манай гадаад худалдаанд шууд болон дам байдлаар нөлөөлсөөр буйг Мөнгөний бодлогод мөн тусгажээ. ОХУ, Беларусаар дамждаг болон тэдгээр улсын тээвэрлэгчдийн оролцоотой хийдэг авто, төмөр замын тээврүүдэд хоригоос үүдэлтэй төлбөр тооцоо, тээвэрлэлтийн саад учрах болжээ Хориг чангарч тухайн бүс нутгаар тээвэр хийж чадахгүйд хүрвэл илүү хол, тойруу замаар тээвэр хийх чиглэл сонгох, цөөн чиглэлд тээврийн ачаалал, дараалал ихсэж тээвэрлэлтийн үнэ өсөж, Монголд бараа татаж авч ирэх хугацаа нэмэгдэх эрсдэлтэй байгааг мөн тооцжээ. Ийнхүү ирэх жил инфляцыг зургаан хувь болгон бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд дотоодоос илүү гадаадаас шалтгаалах саад тотгор давамгай байгаа нь харагдаж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(43.242.243.7) 2022 оны 10 сарын 26

Бууруулах нь битгий хэл АН ын анх хэрэгжүүлсэн ажил учир 2023 онд бүрэн зогсооно гэж.хэлсэн шүү дээ\nМАНгарууд манийгаа Магтуулж 2023 оноос ипотекийн зээлээ 100% зогсооно гэсэн шүү.

0  |  0
Тони(192.82.89.68) 2022 оны 10 сарын 26

Мөнгөний бодлогоо ойлгохгүй, инфляци гэж зөв хэлж чадахгүй ерөнхий сайд байдаг гэнээ. ДЭЛХИЙН ШИВШИГ

0  |  0
Top