Миторюү: Удаан дэвшсэндээ уучлалт хүсье

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 30

Японы сүмо бөхийн холбооноос өчигдөр Намрын тэмцээний банцүкэг зарласан билээ. Манай бөх Миторюү Б.Төрболд Нагояд 9 давсан амжилтаар дээд зиндаанд дэвшихээр боллоо. Түүний харьяалагддаг Нишикидо дэвжээнд одоогийн байдлаар түүнээс өөр бөх байхгүй. Ояката нь давс их цацдагаараа алдартай байсан сэкивакэ Митоизүми. Митоизүми 2002 онд дэвжээгээ нээснээс хойш анхны дээд зиндааны бөх нь манай Миторюү. Дэвжээндээ хамт бэлтгэл хийчих нэг ч бөхгүй дэвжээнээс дээд зиндааны бөх төрлөө. Коронагийн үед өөр дэвжээнд бэлтгэл хийхийг хориглоход дэвжээндээ ганцаараа үндсэн дасгалуудаа л хийгээд суудаг байж. Жюүрёо сэкитори байсан гэхэд туслах бөх байхгүй. Японы оюутны ёкозүна, сонирхогчдын сүмо бөхийн ёкозүна гэсэн хоёр том цолтой тэр макүшитагийн 15-аас барилдах эрхтэй мэргэжилд орсон. Ердөө дөрвөн башёд жюүрёод гарч, цолтой бөх болсон ч харин тэндээ дээд зиндаанд гартлаа 4 жил хагас барилджээ. Өчигдөр Миторюү дэвжээндээ онлайнаар хэвлэлийн хурал хийлгэхдээ хэлсэн эхний үг нь “Удаан дээшилсэнд уучлаарай” байлаа.

Нагояд анхны түрүүгээ авсан Ичиножёо, ёкозүна Тэрүнофүжи нартай хамт Монголоос нэгэн онгоцоор Японд ирж, Тотторү Жёохокү сургуульд суралцсан андууд. Найз нар нь дээшлэн, ёкозүна хүртэл болж байхад “Атаархсан удаа нэг ч байхгүй” гэж хэллээ. Гэхдээ “Арай гэж нэгэн ижил дохён дээр барилдах цаг ирлээ. Хоёр андтайгаа барилдах хүртэл чансаагаа нэмэх болно” гэж тэр ярьсан юм.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.153) 2022 оны 09 сарын 01

Одоо энэ сумо хэнд сонин байх вэ дээ, ингэж сумо гэж үглэж, сэтгүүлч статусаа ашиглан өөрийнхөө гаж донг бусдад тулгах хэрэг юун

0  |  3
Top