Орос Танк Абдулрашид Садулаев 27 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 10

Абдулрашид Булачевич Садулаев 1996 оны тавдугаар сарын 9-нд Дагестаны Цуриб тосгонд төржээ. Садулаев олимпын хошой аварга (2016, 2020), дэлхийн 5 удаагийн аварга (2014, 2015, 2018, 2019, 2021), ДАШТ-ий мөнгөн медальт (2017), дэлхийн Цомын аварга (2020), Европын 4 удаагийн аварга (2014, 2018, 2019, 2020), Европын наадмын хошой аварга (2015, 2019), ОХУ-ын 5 удаагийн аварга (2014, 2015, 2017, 2018, 2020). 2016 он хүртэл 86 кг, 2017 оноос эхлэн 97 кг-ын жинд барилдаж байна.

ОХУ-ын Гавьяат тамирчин Абдулрашид Садулаев бол Оросын олимпын гол найдвар, чөлөөт бөхийн хамгийн том од.

БАГА НАС

Абдулрашидын бага нас Цуриб тосгонд өнгөрсөн. Авар үндэстэн. Багаасаа л зөрүүд, бууж өгдөггүй зантай, хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан тул эрч хүчийг нь зөв тийш нь чиглүүлэхийн тулд аав ээж нь спортын секцэнд оруулжээ. Садулаевыг 10 нас хүрэхэд Зумрад ах нь чөлөөт бөхийн дасгалжуулагч Магомед Магомедовт хүргэн өгснөөр Абдулрашидын бөх болох агуу замнал эхэлсэн түүхтэй. Чөлөөт бөх түүнд үнэхээр тохирсон төрөл байлаа. Гуравхан жилийн дараа хүү Дүүргийн аварга болж, анхны шагнал болох 300 рублиэ авлаа. Шагналаа ээждээ өгөхдөө Садулаев чөлөөт бөх бол жирийн нэг хобби биш амьдралынх нь гол зорилго гэдгийг ухаарсан гэдэг. Үеийнхэн нь тоглон, зугаацаж явахад хүү бүх цагаа бэлтгэлд зориулж байв. Өөрийн шүтээн Махач Муртазалиев шиг болох зорилго өмнөө тавьжээ.

Тэмцээн уралдаан төдийгүй бэлтгэл дээр ч ялагдах дургүй. Ялах хүсэл, сэтгэлийн хүчийг нь үнэлэн, идэрчүүдийн нэгэн тэмцээн дээр түүнд “Орос танк” хоч өгсөн нь одоо түүний хоёр дахь нэр болон хувирчээ. Абдулрашид Дагестаны шилдэг спортын сургууль болох Гамид Гамидовын нэрэмжит Махачкалагийн сургуульд Шамиль Омаровын удирдлага дор хичээллэх боллоо. Сургуульдаа очих гэж хоёр цаг явдаг байсан ч хүү шантарсангүй. Учир нь тэр чөлөөт бөхөөр амьдралаа залгуулна гэдгээ мэдэж байсан юм.
 

ЧӨЛӨӨТ БӨХ

Абдулрашид Садулаев 2012 онд идэрчүүдийн дотоод, гадаадын бүх тэмцээнд түрүүлж, чөлөөт бөхийн ертөнцөд өөрийгөө чанга гэгч нь зарлан тунхаглалаа.

Залуучуудын тэмцээнийг орхиж, 2013 оноос насанд хүрэгчидтэй барилдаж эхлэв. Томчуудтай барилдаад авсан анхны шагнал нь Али Алиевийн нэрэмжит тэмцээн, Баку Гран Пригийн хүрэл медаль байв.
 


2014 онд Дагестаны шигшээ багийн дасгалжуулагч нар залуу хүүг Иван Ярыгины тэмцээнд сонголоо. Тэнд Садулаев жингийнхээ бүх томчуудыг ээлж дараалан ялж, шуугиан тарилаа. Хоёр сарын дараа насанд хүрэгчдийн Европын аваргын тэмцээнд тивийнхээ бүх шилдгүүдтэй ноцолдож, ихэнхийг нь цэвэр ялав. Энэ амжилтынхаа ачаар Абдулрашид 2015 онд оны шилдэг тамирчны “Золотой пьедестал” шагнал авсан юм. “Сумма” компанийн Захирлуудын зөвлөлийн тэргүүн Зиявудин Магомедов түүнд Mercedes-Benz Geländewagen машин бэлэглэж байв. 2016 оны Риогийн олимпын чөлөөт бөхийн шигшээ багийн сонгон шалгаруулалтаас Садулаев ганцаараа чөлөөлөгдсөн. Дасгалжуулагч нар залуу хүүд их итгэл найдвар хүлээлгэсэн, хариуд нь тэр алтан медаль эх орондоо авчирсан.

Олимпын аварга болсныхоо дараа Садулаев ялагдашгүй цувралаа үргэлжлүүлэв. 2017 онд улсынхаа аварга болсон ч ДАШТ-ий 97 кг-ын финалд Америкийн Кайл Снайдерт ялагдсан нь түүний замналын анхны ялагдал байлаа гэхэд болно. Хариугаа тэр 2018 оны ДАШТ-ий финалд авлаа. Энэ удаад Снайдерийг ганц минутад далаар нь цэвэр дарсан юм. Нурсултаны ДАШТ, Ромын Европын АШТ, Сербийн Дэлхийн Цом гээд түүнийг зогсоох бөх гарсангүй. 2021 оны олимпын өмнө Орос танк гэмтлийн улмаас тэмцээн уралдаанд цөөхөн оролцсон ч итгэл төгс түрүүлж чадсан. Абдулрашид Азербайжан, Гүрж, Кубын тамирчдыг цэвэр ялж, финалд Кайл Снайдерийг даван, олимпын хошой аварга боллоо.

Энэ ялалтыг нь үнэлэн, Төрийн Думын депутат Магомед Гаджиев нэг сая ам.доллароор шагнаж байв.
 


ХУВИЙН АМЬДРАЛ

Абдулрашид Садулаев 2016 оны Риогийн олимпод түрүүлэх зорилго тавиад хичээн зүтгэж байхдаа хувийн амьдралаа бодох цаг байсангүй. Гадаад дотоодын тэмцээн, уралдаан, бэлтгэл сургууль гээд бүсгүйчүүдтэй уулзах зав ч хомс байлаа. Харин Риод олимпын аварга болж ирээд өөрөө ч, хамаатан садан нь ч сүйт бүсгүй хайх аянд мордсон юм.

Садулаев ярицлага өгөхдөө хурим хийх хүсэлтэй, олон хүүхэдтэй болох мөрөөдөлтэй, ээждээ ач, зээг нь харуулмаар байна гэх зэргээр ярьж байв. Ар тал баталгаатай бол тамирчин хүний амжилт өндөр байдгийг бодолцсон биз ээ. Удалгүй Садулаевт тохирох бүсгүй “олдлоо”. 2017 онд тэр Заиратай хуримласан юм. Заира тэр үед 21 настай, Дагестаны их сургуулийн оюутан байв. Махачкала хотын хамгийн шилдэг ресторанд ёслол болж, залуу хос цагаан лимузинээр морилон ирсэн. 2018 онд Амина охин нь төрлөө. Садулаев нэгэн ярилцлагадаа “Айлын гэргий хүн амьдралаа гэрбүлдээ зориулдаг кавказ заншлыг дэмждэг” гэж ярьж байсан билээ.
 


СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
 

Садулаев олон бэлэг авч байсны дотор хурдан хүлэг морь бий. Семендер нэрт хүлгээ аваад тэр дор нь нэрийг нь Танк болгон өөрчилсөн. Тэр морь унах дуртай.

2019 оны ДАШТ-ий шагнал гардуулах ёслол дээр имам Шамилийн зурагтай цамцтай гарч ирээд барилдах эрхээ 4 сараар хасуулж, 5 мянган швейцар франкийн торгууль хүлээсэн.

Улстөр сонирхдог. Төрийн Думын депутатын туслахын албан тушаалтай. Олон нийтийн сүлжээгээр хурал, цуглаанд оролцож байгаа зургаа тавьдаг болоод байгаа.

Энэ сарын 18-нд эхлэх ОХУ-ын бөхийн мэргэжлийн лигт оролцоно.

ОХУ-ын Үндэсний Гвардийн Хойд Кавказ тойргийн цэргийн албан хаагч. Бага түрүүч цолтой.
 


Олон улсын VII Азийн хүүхдүүд наадмын элчин төлөөлөгч.

Дагестаны хамгийн том цол болох “Ардын Баатар” хэргэмийг хүртсэн.

Садулаев чөлөөт цагаараа бильярд цохиж, PlayStation тоглох дуртай. Телевизээр сагсан бөмбөг, хөлбөмбөгийн тоглолт үздэг.

Садулаев онц сайн сурдаг байлаа. Ахлах ангиа төгсөхөд нь спорт, анагаах ухааны аль нэгийг сонгох болоход мэдээж бөхөө сонгосон юм.

БЛИЦ АСУУЛТЫН ХАРИУЛТУУД
 

-Дуртай улирал?

-Зун.

-Караокэ юу, бүжгийн талбай юу?

-Бүжиг.

-Амьдрахад хамгийн сайхан газар?

-Дагестан.

-Дуртай кино?

-Туркийн түүхэн цуврал  "Эртугрул".

-Хамгийн амттай хоол?

-Аварын хинкал.

-Кофе юу, халимаг цай юу?

-Кофе.

-Хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ?

-Тав.

-Шүтдэг тамирчин?

- Александр Карелин, Бувайсар Сайтиев, Александр Медведь.

-Хэрэв чөлөөт бөх барилддаггүй байсан бол?

-Хөл бөмбөг.

“Таны хүчтэй тал?

-Бусад хүмүүс хариулах байх.

-Сул тал?

-Хувиа хичээсэн. Гэхдээ зангаа засаж байгаа.

-Таны мөрөөдөл?

-Би мөрөөддөг насыг хэдийн туулаад гарсан. Зорилго тавиад биелүүлэх хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top